Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай өвчтөний тархинд тархи-компьютерийн интерфэйс буюу BCI системийг амжилттай суулгажээ. Энэ нь Европ тивд нугасны гэмтэлтэй хүнд ийм төрлийн мэс засал хийсэн анхны тохиолдол бөгөөд таван цаг гаруй үргэлжилсэн гэнэ. Өвчтөнд нийт 256 ширхэг бичил электрод суулгасан бөгөөд энэ нь нейроны дохиоллуудыг нэгбүрчлэн бүртгэхэд зориулснаараа онцлогтой аж. Хиймэл оюунд суурилсан эл аппарат нь дохионууд болон өвчтөний үе мөчний төгсгөл хэсгүүдийн хөдөлгөөн хоорондын хамаарлыг тогтоож, кодлох зорилготой юм байна. Ингэснээр өвчтөн эхэн үедээ бодлоороо компьютерын курсорыг хөдөлгөж, хулганын тусламжтай дохиог сэргээж сурна. Харин дараагийн удаад ухаалаг утас болон робот гарыг ажиллуулж сурах гэнэ.
Мюнхений эмч нар зүрхний шигдээсний улмаас хэл ярианы чадвараа алдсан эмэгтэй өвчтөний тархинд эл цахилгаан дамжуулагч электродыг 2022 онд анх суулгаж байв. Харин энэ удаагийн мэс засал нь саажсан биеийг бичил цахилгаан электродын тусламжтай сэргээхэд чиглэж буй анагаах ухааны сүүлийн үеийн чухал дэвшил болж буй. Тэгвэл энэхүү шинэ технологийг цаашид хөгжүүлэхэд тэдний гол өрсөлдөгч нь америкчууд байх аж. Тухайлбал, Элон Маскийн “Neuralink” компанийнхан 2024 оны нэгдүгээр сард түүхэнд анх удаа хүний тархинд чип суулгасан бөгөөд уг өвчтөн бодол санааны хүчээр төрөл бүрийн цахим төхөөрөмж ажиллуулж чадсан гэнэ.
Э.Сүйлэн