Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд насанд хүртэл нь төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд тухайн өвчний эсрэг вакциныг хийдэг. Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч ялгаагүй амьдралынхаа туршид нэг бус төрлийн вакцинд хамрагдах шаардлагатай болдог. Үүнийг дархлаажуулалт хэмээн дэлхий нийтээрээ нэрлэдэг билээ.
---------------------------------------------------------------------------------------------------
НЯРАЙ ҮЕД НЬ ДАРХЛААЖУУЛАХ ЧУХАЛ
Монгол Улс 1923 оноос цагаан цэцэг өвчний эсрэг, 1962 оноос полиомиелитийн эсрэг, 1966 оноос сахуу татран хөхүүл ханиадын эсрэг, 1974 оноос улаан бурхны эсрэг, 1987 оноос сүрьеэгийн эсрэг, 1991 оноос В хепатитын эсрэг вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлсний үр дүнд 1940 оноос цагаан цэцэг, 2000 оноос полиомиелит өвчний 100 хувь дархлаатай болж бүрэн устгасан гэж үздэг.
Дөнгөж төрсөн нярайг дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу үнэ төлбөргүй вакцинд хамруулснаар олон халдварт өвчнөөс насан туршид нь хамгаалах, бусдад өвчин тараахаас сэргийлэх олон ач холбогдолтой юм. Ялангуяа дөнгөж төрсөн нярайд хийж буй вакцинуудыг яг товлолт хугацаанд нь хийлгэх нь хүүхдийн өсөлт бойжилтод хүртэл эерэгээр нөлөөлдөг тухай мэргэжлийн эмч нар онцолж байсан билээ. СХДийн наймдугаар хорооны ӨЭМТ-ийн хүүхдийн сувилагч Н.Сарантуяа “Вакцины тал дээр манай эцэг эхчүүд жаахан хариуцлагагүй хандах гээд байдаг тал бий. Товлолт хугацаа нь өнгөрчихөөд байхад ирэхгүй байх, эмч нь дуудаад байхад тоохгүй жишээтэй. Юуны төлөө товлолт гээд хугацаа заагаад байгаа билээ. Яг л цагт нь хийвэл хүүхдэд илүү нөлөөлнө шүү дээ. Ялангуяа нярай үед вакцинд заавал хамрагдах нь чухал юм шүү. Энэ үед хийж байгаа дархлаажуулалт таны хүүхдийг насан туршид нь хамгаална” гэсэн юм.
Нярайд:
Халдварт саагийн эсрэг вакцин Энэхүү вакцин нь халдварт саа өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга:
Хоёр дуслаар уулгана.
Вакцины товлол:
1-р тун төрсний дараа 24 цагийн дотор
2-р тун хоёр сартайд
3-р тун гурван сартайд
4-р тун дөрвөн сартайд
Вируст гепатит В-ийн эсрэг вакцин
Энэхүү вакцин нь вируст гепатит В өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга:
Гуяны булчинд тарина.
Вакцины товлол:
1-р тун төрсний дараа 24 цагийн дотор
2-р тун хоёр сартайд
3-р тун 8-11 сартайд
Сахуу татрангийн эсрэг вакцин
Энэхүү вакцин нь сахуу, татран өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Хийх арга:
Бугалганы булчинд тарина.
Вакцины товлол:
1-р тун долоон настайд
2-р тун 15 настайд
Улаан бурхны эсрэг вакцин
Энэхүү вакцин нь улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Хийх арга:
Вакциныг тусгай уусгагч шингэнээр найруулж бугалганы булчинд тарьна.
Вакцины товлол:
1-р тун есөн сартайд
2-р тун хоёр настайд
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДАРАА ХАВДАЖ, УЛАЙХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ
Харин долоо ба 15 настай хүүхдийн дархлаажуулалтыг сургууль дээр нь хийдэг тул тухайн насны хүүхэдтэй эцэг эхчүүд нь вакцинд хамрагдсан эсэхийг асууж, заавал хянаж байхыг ӨЭМТ-үүдээс анхааруулж байгаа юм. Дархлаажуулалтын дараа 30 минутын хугацаанд хүүхдийн эрүүл мэндийн байдлыг хянах хэрэгтэй ажээ. Дархлаажуулалтын дараах процессын тухайд СХД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Б.Булган “Дархлаажуулалтын дараа хүүхдээ дааруулахгүй, тайван байлгах нь чухал. Тарьсны дараа халуурах, тарьсан газар улайх, хавдах, өвдөх, чинэрэх зэрэг хариу урвал илэрч болно. Үүнээс болж вакцин хийлгэхээс татгалзаж болохгүй. Мөн вакцин тарьсан газарт эм түрхэж боолт хийх хэрэггүй. Харин хөндөж, маажихгүй байснаар зовиур нь хурдан эдгэрэх болно. Хэрэв хүүхэд тань 39 хэмээс дээш халуурах, тасралтгүй чангаар уйлах болон бусад эмгэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай” гэж зөвлөсөн юм. Энэ үед эмчийн зөвлөмжийн дагуу өвдөлт намдаах зорилгоор халуун бууруулах эм, лаа хэрэглэж болно. Хүн амьдралынхаа туршид зургаан төрлийн вакцинд заавал хамрагдах ёстой. Эдгээр нь таныг аюулт 10 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлэх юм. Ялангуяа хүйтний улиралд ханиад томуу ихэсдэгтэй холбогдуулан Монгол Улс даяар томуугийн вакциныг тогтмол хийж, бүх насны хүн амыг хамруулдаг. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан билээ. Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусын эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлж, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын “GCFLU” дөрвөн цэнт вакциныг хийсэн байна.
Заавал хийгдэх дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн вакцин багтдаг.
- Сүрьеэ,
- Халдварт саа,
- Гепатит В,
- Сахуу,
- Хөхүүл ханиад,
- Татран,
- Хемопелиус инфлюенза,
- Улаан бурхан,
- Гахай хавдар,
- Улаанууд зэрэг