Монгол эмч нар умайн хавдрыг түлэх эмчилгээг амжилттай нутагшууллаа


Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/ нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт Монгол улсад анх удаа өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлж /Radiofrequency myom ablation/ өсөлтийг зогсоож, хавдрын хэмжээг багасгах эмчилгээг 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс хийж эхэлсэн.
Энэхүү эмчилгээг 50 гаруй эмэгтэйд амжилттай хийж, хянах явцад эмчилгээний үр дүн сайн байгаа аж. Эмчилгээний дараа хавдрын хэмжээ багасах, нөхөн үржихүйн эрхтэн умай хадгалагдан үлдэх, өвчтөнд зовиур бага, эмнэлгийн ор хоног богино зэрэг олон талын ач холбогдолтой юм.
ААГТМЭ нь 2018 оноос БНСУ-ын “RF Medical” төвд Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээний технологит эмч нараа сурган бэлтгэж, уг төвийн эмч нартай хамтарсан сургалтыг Улаанбаатар хотод 2 удаа зохион байгуулж байв. Монгол улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг авч, эмчилгээний арга - үр дүнгээ онол практикийн хурлуудад танилцуулан хэлэлцүүлж, хэвлүүлж байна.
Мөн 2023.04.14-ний өдөр умайн хоргүй хавдартай 2 тохиолдолд хэт авиан хяналтан дор хавдрыг түлэх эмчилгээг ААГТМЭ-ийн захирал, АУ-ны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболд ахлан клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Долгоржав, ахлах зэргийн эмч Н.Ганболд, П.Бат-Ирээдүй, Б.Алтанцэцэг, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, Ц.Оюунчулуун, техникч Д.Нацагдулам нарын баг хийлээ.
Эмчилгээний явцад БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Robert Yoo оролцон эмч нарын ур чадварыг сайшааж, энэхүү эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэн, нутагшуулсан багт талархаж, хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Мөн умайн салстыг богино долгионоор түлэх /Microwave endometrial ablation/ эмчилгээний талаар ярилцаж, Монгол-Солонгос эмч нар мэдлэгээ солилцож, цаашдын хамтын ажиллагаандаа амжилт хүссэн байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан