​Д.Оюунгэрэл: Томуу синтициаль вирустэй хавсарснаас илүү хүндэрч, эдгэрэлт удаан байна



Ойрын өдрүүдэд томуу, томуу төст өвчний дэглэлт эрс ихэслээ. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн хэдэн хувь нь томуу, томуу төст өвчнөөс шалтгаалсан бэ?
-Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 220,000 орчим хүн амбулаторид хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүний арав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийт эмнэлэгт хэвтэгсдийн 22 орчим хувь нь уушгины хатгалгаа буюу амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Өвчлөлийн байдал өнгөрсөн долоо хоногуудтай харьцуулахад тав орчим хувиар нэмэгдсэн. Улсын хэмжээнд нийт өвчлөлийн түвшин одоогоор алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрсэн.
-Томуу, томуу төст өвчин улирлын шинж чанартай байдаг. Өмнөх онтой харьцуулахад энэ жил ямар онцлогтой байгаа вэ?
-Томуу, томуу төст өвчин нь тухай оны арван сараас аажимдаа нэмэгдээд арванхоёр, нэгдүгээр сард оргил үедээ хүрдэг. Ерөнхийдөө гуравдугаар сараас буурдаг. Энэ жилийнх цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад онцлог ялгаа байхгүй. Улирлын томуугийн H1, N1, H3, N2, B вирус дээр нь амьсгалын замын синтициаль вирус давхар орж байна. Энэ нь тухайн хүн томуугаар өвдөөд давхар амьсгалын замын синтициаль вирусээр хавсарч эсвэл давтан халдвар авах эрсдэл байгааг харуулж байна. Өнгөрсөн онд томуугийн вирус, амьсгалын замын синтициаль вирус хүн амын дунд өвчлөлийг үүсгэсэн.
-Энэ жилийн хувьд ханиад, томуугаар өвчилсөн ч эдгэрэх үйл явц нь удаан байна гэдгийг олон нийт хэлж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ?
-Амьсгалын замын халдвар үүсгэдэг 200 гаруй нэр төрлийн вирус бий. Энэ дотроосоо томуугийн вирус хоруу чанар өндөр. Томуу, томуу төст өвчнөөсөө амьсгалын замын синтициаль вирус хоруу чанар илүү өндөртэй. Ялангуяа хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлийг дагуулж байдаг. Тэгэхээр энэ вирус давхар байна гэдэг нь нэг хүн хоёр вирусээр ч өвдөж болно, эсвэл нэг вирусээр ч өвчилж болно. Эсвэл нэг вирусээр өвдсөний дараа өөр вирусээр дахин халдвар авах эрсдэлтэй нөхцөл байдал байна гэсэн үг.
-Тэгэхээр эдгээр вирусүүдийн шинж тэмдэг нь адилхан уу?
-Тийм. Ер нь эмнэл зүйн эхний шинж тэмдэг нь адилхан. Үүнд, халуурах, ханиалгах, хоолой өвдөх шинж тэмдгээр эхэлнэ. Гэхдээ тухайн вирусээс хамаараад хүндрэл бага зэргийн ялгаатай. Эмч нар шууд хараад тухайн хүнийг томуугийн вирусээр өвдсөн үү, синтициаль вирусээр өвдсөн үү гэдгийг хэлэх боломжгүй. Тийм учраас заавал вирус судлалын шинжилгээ өгөх шаардлагатай.
-Синтициаль вирус гэж яриад байна. Энэ нь томуугийн вирусээс ямар ялгаатай юм бэ?
-Амьсгалын замын синтициаль вирус нь томуу, томуу төст вирусийн бүлэгт багтдаг. Гэхдээ бусад томуугийн вирустэй харьцуулахад хоруу чанар өндөртэй. Бага насны хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа болж үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
-Эдгээр вирусийн өвчлөлтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдэд хэрхэн илэрч байгаа вэ?
Вирусийн шинж чанараас шалтгаалаад бага насны хүүхдийн өвчлөл нэлээд хүнд явагдаж байгаа.
-Нийт томуу, томуу төст өвчөөр өвчилж байгаа хүүхдүүдийн хэдэн хувь нь уушгины хатгалгаа болж байна вэ?
-Уушгины хатгалгаа болж эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа. Үүн дотроо 80 орчим хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Тэгэхээр бага насны хүүхдүүд дундах өвчлөл өндөр байна. Хэрэв таны хүүхдэд ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол дур мэдэн эмчилгээ хийлгэхгүй мэргэжлийн байгууллагад хандаарай.
-Томуу, томуу төст өвчнөөс гэрийн нөхцөлд сэргийлэх ямар арга зам байдаг вэ?
-Хамгийн найдвартай арга нь вакцин юм. Эмийн бус аргыг сонгож урьдчилан сэргийлэх боломжтой. Үүнд, маскаа зүүх, гараа тогтмол угаах, аль болох олон нийтийн цугларсан газар очихгүй байх, халуун бүлээн шингэнийг ууж дархлаагаа дэмжих хэрэгтэй.
Бэлтгэсэн Л.Дөлгөөн
http://itoim.mn/article/KEQwj/36219
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан