ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 20.2 сая хүн өвчилж, 741.1 мянган хүн нас барж, 13.3 сая хүн эдгэрээд байна. 24 цагийн дотор 216 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. 24 цагийн хугацаанд Энэтхэгт 61, Бразилд 52 АНУ-д 40 мянган хүн коронавирусийн халдвар шинээр авчээ. Манай хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 4131 хүн шинээр өвчилж, 130 хүн эндсэн байна. Японд өвчлөл нэмэгдсээр байна. Өчигдөр 700 хүн шинээр өвчилж, 5 хүн эндсэн байна.
Солонгост худалдааны төвийн 6 худалдагчаас вирус илэрсэн. Энэ халдвар дамжиж, 20 гаруй хүн өвчлөөд байна. Тиймээс худалдагчид амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатайг энэ тохиолдол харууллаа. Ковидгүй 100 хоногоо тэмдэглэж байсан Шинэ Зеланд улсад 102 дахь хоногтоо нэгэн гэр бүлийн 4 хүнээс вирус илэрсэн. Тэдгээр хүмүүс гадаад руу яваагүй. Энэ нь коронавирус тархахгүй гэж тайвшрах цаг болоогүй гэдгийг харуулж байгаа юм.
Германы судлаачид хүн амны хөдийгөө зайлах нь коронавирус дамжуулахгүй байх боломжтой гэсэн судалгаа хийсэн байна. Амаа 3 удаа зайлахад вирус залгиурын хөндийгөөс ор мөргүй устаж байгааг тогтоожээ. АНУ-ын эрдэмтэд хүн амын дунд нийтлэг хэрэглэж байгаа 14 амны хаалтыг судалж. Тэгэхэд хамгийн сайн нь мэс заслын гэгддэг нэг удаагийн амны хаалт байж. Дараа нь даавуун амны хаалт орж.
Манай улсын хувьд өчигдөр 420 хүн тусгаарлалтад орсон. Харин тусгаарлалтаас 311 хүн гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3242 хүн тусгаарлалтад байна. Шуурхай 119 тоот утсанд 118 хүн хандаж, зөвлөгөө авсан" хэмээлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 677 хүний шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Наймдугаар сарын 10-ны өдөр Прагаас ирсэн 250, долдугаар сарын 28-ны өдөр Сөүлээс ирсэн 264 хүний давтан шинжилгээг хийсэн. Мөн ажиглах, тусгаарлах байранд ажиллаж байгаа 21 эмч, ажилтан, тандалтын зорилгоор авсан 8, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 2, ачаа тээврийн 21 жолоочийн гэх мэт 677 хүний сорьцоос шинжилгээ авахад вирус илрээгүй.
Өнөөдөр 6 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч, дараачийн шатны сувилалд шилжлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 293, үүнээс 269 хүн эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 50 нь сувилалын ажиглалтад, 26 нь гэрт, 153 хүний ажиглалт дууссан. Одоо ХӨСҮТ-д 24 хүн эмчлүүлж байна" хэмээлээ.