Амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг. ПГУ арга нь 20 дугаар зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношлогоо, сэргийлэлтэнд гарсан шинжлэх ухаан технологийн хамгийн чухал ололт бөгөөд халдварт өвчний лабораторийн оношлогоонд дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа юм. Ялангуяа өсгөвөрлөх, наац бэлтгэх болон иммунологийн аргаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн шинжилгээний энэ аргаар илрүүлж оношлох боломжтой.
PCR/ПГУ шинжилгээний давуу тал
ПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог. Энэ шинжилгээ нь шинжлэгдэхүүнээс ДНХ, РНХ ялгах, нүклейн хүчлийг олшруулан илрүүлэх гэсэн хоёр үе шаттай хийгддэг, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг учраас цаг хугацаа, өртөг, хөдөлмөр хэмнэдэг давуу талтай. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.
Сүүлийн жилүүдэд лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал ихсэж байгаатай уялдан PCR шинжилгээнд ашиглагддаг төхөөрөмж цаг үеэ даган шинэчлэгдэж байна. Ингэхдээ мэдрэг чанар болон нарийвчлалийн үзүүлэлт сайн болохын зэрэгцээ цаг хугацааг хэмнэсэн төхөөрөмж гарч байна. Үүнээс гадна PCR-ийн давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.
PCR шинжилгээ нь ямарваа нэгэн халдварын үүсгэгчийг найдвартай гаргадаг ба энэ нь эмчилгээг сонгож дүгнэхэд чухал ач холбогдолтой. Мэдрэг чанар нь тус шинжилгээний хамгийн гол давуу тал юм.
Полимераз гинжин урвалын (ПГУ) арга нь:
- Биологийн материалаас үүсгэгчийн өчүүхэн хэсгийг илрүүлэх чадамжтай
- Өндөр өвөрмөц чанар (тухайн үүсгэгчид л байх ДНХ-н фрагментийг илрүүлдэг)
- Өндөр мэдрэг чанар (нян, вирусийн ганц эсийг ч илрүүлж чадна)
- Өсгөвөрлөхөд төвөгтэй, өсгөвөрлөх боломжгүй нянгийн халдварыг илрүүлэх
- Нянгийн нууц халдварыг илрүүлэх
- Нэг био-сорьцонд хэд хэдэн үүсгэгчийг илрүүлэх
- Антигенээ өөрчлөмтхий нян болон эс доторх паразитыг илрүүлэх зэрэг давуу талуудтай, хамгийн орчин үеийн, өндөр нарийвчлалтай арга юм.

ХУУРМАГ ЭЕРЭГ ХАРИУ АВАХ МАГАДЛАЛ
Халдварыг антиобитикууд устгачихсан ч үхсэн эсүүд нь эпителийн эсүүдэд агуулагдаж байгаа тохиолдолд PCR шинжилгээгээр эерэг хариу гарч болно. Жишээлэхэд, халдвар нь эпителийн эсийн дотор /нүд, эсвэл бэлэг эрхтний салст бүрхэвч/ амьдардаг байж гэж бодъё. Халдварыг эмчилжээ. Гэвч эпителийн эсийг бүрэн шинэчлэгдэхэд хугацаа шаардлагатай. Ийм үед эмч эсийг бүрэн шинэчлэгдэхээс нь өмнө материал авбал дотор нь халдварын үхсэн эсүүд үлдсэн байж болно. Халдварын үхсэн эсүүд нь халдвар үүсгэгчийн генийн материал буюу ДНХ эсвэл РНХ-г агуулсан хэвээр байх нь мэдээж. Гэтэл PCR шинжилгээ нь ДНХ-ийн хэсгийг хайдаг. Гэхдээ PCR нь үхсэн эсийг амьдаас нь ялгаж чаддаггүй бөгөөд олсон хэсгээ асар олон тоогоор клонжуулан олшруулдаг. Үр дүнд нь хариулт нь эерэг гарна. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ хариу нь хуурмаг эерэг хариулт юм.
Мөн гарднереллез өвчний оношилгоонд PCR-ийг ашиглах хэрэггүй гэж үздэг. Учир нь энэ өвчнийг үүсгэгч гарднерелл нь эрүүл үед ч үтрээнд бага хэмжээгээр амьдарч байдаг. Иймд эдгээр бактерийн ДНХ нь PCR шинжилгээгээр гарч ирсээр байх болно.
БИЧИЛ БИЕТҮҮДИЙН ХУВИРАМТГАЙ ЧАНАР
Микроб болгон ДНХ-ийн түвшинд өөрчлөгдөх чадвартай байдаг. Үүний нэг тод жишээ нь томууны вирус. Хүн нэг удаа томуугаар өвдсөний дараа тухайн вирусийг эсэргүүцэх эсрэг биетүүд ялгаруулдаг болчихдог. Иймд онолын хувьд амьдралдаа ганц удаа томуугаар өвдсөн хүн цаашид насанд туршдаа ахиж томуу тусах ёсгүй. Гэтэл бид бараг жил болгон л шахуу томуугаар өвдөж байдаг. Яагаад гэвэл вирус нь өөрийнхөө удамшлын мэдээллийн өөрчлөн хувирч, хүний дархлалын системд танигдахгүй болдог. Иймд ахиад л томуугаар өвдөхөөс өөр аргагүй.
PCR-ийн ялгаж таних системийг бүтээхдээ тухайн бичил биетийн ДНХ-ийн хувьсах өөрчлөлтөнд хамгийн бага өртдөг хэсгийг нь ашигладаг. Гэвч бичил биетүүдийн хувиран өөрчлөгдөх чанараас болж шинжилж байгаа өвчин үүсгэгчийн ДНХ-ийн судлагддаг хэсэг нь өөрчлөгдсөнөөр тухайн ялган таних системд танигдахгүй байж болно.