Л.Энхтуяа: EQ өндөртэй хүн стресст бага өртдөг, бусдын нөлөөнд автдаггүй


Хүний амжилт IQ-аас илүү EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас шалтгаалдаг тухай олон судалгаа бий. Тухайлбал, Харвардын эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаагаар хүний амжилтын ердөө 20-25 хувь нь IQ-аас, үлдсэн 75-80 хувь нь EQ (Emotional quotient) буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас шалтгаалдаг гэсэн дүн гарчээ. Тэгвэл EQ буюу сэтгэл мэдрэмжийн боловсролыг хүүхдэд хэрхэн олгох тухай EQ боловсролын төвийн багш Л.Энхтуяатай ярилцлаа.
-EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамж хүүхдэд яагаад чухал талаар тайлбарлахгүй юу?
-Тархинаас гарч байгаа бодол санаа, сэтгэлийн мэдрэмж бол EQ илрэл юм. Бидний тархины герц өндөр байх тусмаа EQ өндөр байгааг илтгэнэ. Хүний сэтгэл буюу тархи хойноосоо урагш хөгждөг. Системчилж үзвэл хамгийн хойд хэсгийг моторны ой санамжтай буюу генийн мэдээллээр ажилладаг тархи гэж хэлж болно. Энэ тархи генийн мэдээллийн дагуу унтах, идэх уух, амьсгалах явцад авоматаар ажилладаг. Нэг ёсондоо тархины хөгжлийн эхлэл үе буюу 0.2 герц ялгаруулдаг. Ийнхүү урагш хөгжсөөр хүний урд тархи 23 нас хүртэл хөгжиж дуусдаг. Урд тархи 40-ээс дээш герцийн хэлбэлзлээр ажилладаг. Маш сайн хөгжүүлж чадвал 207 герц хүртэл ажиллах боломжтой байдаг. Урд тархиа 23 наснаас өмнө хөгжүүлж чадвал бусад хэсгээ зурагтын суваг сольж байгаа юм шиг удирдаад явах боломжтой. Энэ нь сэтгэл мэдрэмжээ удирдах чадварыг хэлж байгаа юм.
Бусдыг өрөвдөх үед тархинаас герц ялгарна. Гэтэл энэрэн нигүүлсэх герц 150-207 хүртэл ялгардаг байгаа юм. Өөрөөр хэлбэл, урд тархины хөгжил өндөртэй хүн энэрэнгүй, бүтээлч сэтгэлгээтэй, ой санамж сайтай, дархлаа сайн, сэтгэл татам, эрүүл байна. Мөн бусдыг мэдрэх мэдрэмж өндөр байдаг. Энэ чадамжууд бол EQ өндөртэйн илрэл юм.
IQ өндөртэй мэдлэг боловсролтой мөртлөө харгис хүмүүс байдаг. Түүнээс гадна нэг төрлийн ажлыг хийж буй хоёр өөр хүнээр жишээ авъя. Хоёулаа бүтээлчээр хөдөлмөр зарцуулаад ажиллаж байна. Гэхдээ нэг нь цаг нөхцөөхийн тулд эсвэл маш ууртай, дургүй байдлаар хийж болно. Нөгөөх нь маш өгөөмөр сэтгэлээр миний хийсэн аяганд бусад хүмүүс ууна ч гэдэг юм уу эерэг хандлагаар хийж байна. Энэ хоёр хоёул аяга хийсэн боловч хандлагын ялгаа энд гарч байгаа юм. Энд EQ утга учир оршиж байгаа юм. Хүн тархиа хэрхэн удирдахаас шалтгаалж нэг булчирхайнаас аз жаргалын гормон, стрессийн гормон хоёр ээлжилж ялгардаг.
Эцэг эхчүүд хүүхдээ бусдыг хүндэл, тэдэнтэй мэндэл, биеэ зөв авч яв гэх зэргээр сэтгэл мэдрэмжийн гадна талын илрэлийг нь заагаад хүчээр хийлгэх гээд байдаг. Дотооддоо ямар мэдрэмж илэрч байгаа, урд тархи нь хэр хөгжсөн зэргээс хамааралтай байдаг.
Хүүхдийн бүтээлч чадварыг нь хөгжүүлнэ гэдэг нэг ёсондоо асуудлыг шийдвэрлэх чадварт сургах юм
-Урд тархиа илүү сайн хөгжүүлбэл стрестэхгүй, стрессийн гормон ялгарахгүй байх боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Урд тархи илүү ачаалж, герцийн өндөр давтамжтай байх үед стресстэхгүй. Гэхдээ урд тархи ачаална гэдгийг зөв ойлгох ёстой. Урд тархи хөгжүүлж байна гээд утга учиргүй их ачааллыг өөртөө аваад өдөр шөнөгүй ажиллаад байж болохгүй. Тэгвэл тархины нөхөн төлжих процесс явагдахгүй. Зөв хооллох, унтах цагаа зөв зохицуулах гээд системтэйгээр хөгжүүлэх нь чухал.
-Сэтгэл санаа тавгүй үед дархлаа сулардаг, өвчинд өртөмтгий байдаг гэж ярьдаг. Тийм байх боломжтой юу?
-Сэтгэл санааны мөн чанар герцийн доод төвшинд очих үед дархлаа сулардаг. Эсрэгээрээ урд тархи хүчтэй хөгжсөн хүмүүсийн дархлаа сайн байдаг. Дархлаажуулалт 835 герц дээр илэрдэг.
-Хүүхдийн урд тархийг хэрхэн хөгжүүлэх вэ, энгийн арга, дасгалууд зөвлөнө үү?
-Бүтээлч чадварыг хөгжүүлэх ёстой. Хийж бүтээхийн төлөө явдаг асуудал гараад ирэнгүүт шийдлийг хайдаг. Тэр сэтгэлгээ байгаа юм. Хүүхдийг бүтээлч байдал хоёр наснаас эхэлдэг. Хоёр наснаас өмнө бол амьд явах, өөрийгөө хамгаалах чадварт суралцдаг. Бүтээлч чадварыг нь хөгжүүлнэ гэдэг нэг ёсондоо асуудлыг шийдвэрлэх чадварт сургах юм. Тухайн хүүхдэд асуудлыг өөрөө шийдвэрлэх, эргэцүүлэн бодох боломжийг олгох ёстой. Сайн мууг харьцуулан тайлбарлаж өгөөд шийдэл гаргах боломжийг өөрт нь олгож болно, эсвэл асуудлыг хэрхэн шийдэж болох тухай өөрийнх бодлыг сонсоно, түүнээс гадна эргэцүүлэн бодох үлгэр, бодлогууд бодуулж болно.
Дуу хөгжим, зураг хүнийг хамгийн хүнэлэг энэрэнгүй, бүтээлч болгодог. Дуу авианы давтамж хүний тархи, сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Туйл хайлах үед ингэ хүртэл уйлдаг шүү дээ. Энэ нь амьтдыг байгалийн давтамжаар нь огшоож байгаа юм. Түүнтэй адил монгол хүн морин хуурын ая, уртын дуу, ардын дуу сонсохоор уярч, сэтгэл сэргэдэг шүү дээ. Учир нь богино долгионы давтамжтай аялгуунууд урд тархийг буюу бүтээлч тархийг сэргээж байдаг. Гэтэл амралтын давтамжтай, сонсоход сэтгэл сэргэдэг ч бүтээлч тархийг сэргээхгүй, бэлэнчлэх сэтгэлгээнд хөтөлдөг дууны давтамжууд бий. Ямар давтамж, хэмнэлтэй дуу сонсож байгаагаас тархины хөгжил, EQ-д нөлөөлдөг байх нь. Мансуурлын болон согтуурлын давтамжтай аялгуунууд ч бий. Энэ нь хүүхэд, залуусын сэтгэхүйг гэмтээж, эвддэг. Бүтээлч тархи биш моторын ой санамжтай буюу “амьтанлаг” хэсгийг нь сэргээгээд байдаг.
Түүнээс гадна сүүлийн үед хүүхэд залуус 13-30 герцийн давтамжтай элдэв янзын харгислалтай, үхэл хагацал, үзэн ядалттай кино ихээр үздэг болсон. Энэ нь урд тархийг хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхгүй эсрэгээрээ хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, харгис болгож байна. Хүүхдээ аль болох ажил хөдөлмөр сурталчилсан нэвтрүүлэг, кино харуулж байх ёстой. Харгислалтай кино үзүүлсэн ч ямар нэг хэцүү асуудлыг шийдэж байгаа утгатай кино харуулах хэрэгтэй. Хүний тархи 13-30 герц дээр байх үед бусдын нөлөөнд автах, эргэцүүлэн бодох чадамж тааруухан байдаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан