Дэлхий нийтээр аравдугаар сарын 29-ны өдрийг “Тархины цус харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдөр” болгосон. Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь тархины харвалтаар өвчлөх эрсдэлтэй байдаг аж. Монгол Улсын хувьд тархины харвалт түүний нас барaлтын төвшнөөр дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Ялангуяа тархины цус харвалтын нас баралтын төвшин өндөрт тооцогддог.
Мөн тархины цус харвалт жил ирэх тусам залуужиж байгаа гэдгийг эмч нар хэлж байна. Уг өвчинд өртсөн нийт хүний 20-иос багагүй хувийг 50 хүртэлх насныхан эзэлж байна. Гол шалтгаан хөдөлгөөн бага, хотжилт, стресс ихтэй байгаатай холбоотой. Эдгээр хүчин зүйл нь харвалтад хүргэх хөрс, суурийг бэлдэж байна. Харвалтын хамгийн гол шалтгаан цусны даралт ихэссэнээс болдог. Тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлж байна. Ерөнхийдөө энэ өвчнөөр өвдөх гол шалтгаан нь стресс, амьдралын буруу хэвшилтэй холбоотой гэж хэлж болох гэнэ.
Тэгвэл, тархины цус харвалтаас яаж урьдчилан сэргийлэх ёстой вэ гэдгийг эмч нар зөвлөснийг хүргэж байна. Тархины харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг юм. Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хорт зуршлаа хаях, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, өөх тос, давсны хэмжээг багасгах, архи согтууруулах ундаанаас татгалзах зэрэг амьдралын зөв хэв маягт шилжих хэрэгтэй гэлээ. Ингэснээр өөрийгөө тархины харвалтаас урьдчилан сэргийлж чадна. Харин гэр бүлийн хэн нэгэн нь зүрх судасны өвчтэй, даралттай бол харвалтад өртөх магадлал өндөр бөгөөд даралтаа өдөр бүр, шаардлагатай бол хэдэн ч удаа үзэж болно гэв.