Эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар тусах магадлалыг урьдчилан тооцоолох технологийг Массачусетсын технологийн их сургуулийн эрдэмтэд боловсрууллаа. Маммограф буюу хөхний дүрс оношилгооны зурагт үндэслэн дүгнэлт гаргах чадвартай хиймэл оюуны систем нь эмэгтэйчүүдэд хожим үүсэж болзошгүй хорт хавдрын эх үүсвэрийг урьдчилан тодорхойлж чадна.
Тус их сургуулийн эрдэмтэд мамографийн шинжилгээ хийлгэснээс хойших таван жилд хөхний хорт хавдраар өвчилсөн 60 мянган өвчтний дүрс оношилгооны зургийг компьютер тооцооллын аргаар нарийвчлан судалсан байна. Судалгааныхаа өгөгдөлд түшиглэн хөхний эдийн нарийн бүтцийг ялгаж танин, хорт хавдар үүсэх шинж тэмдгийг эрт илрүүлэх чадвартай хиймэл оюуны систем бүтээжээ.
Урьд өмнө хөгжүүлж байсан ижил төрлийн систем ихэвчлэн цагаан арьстай эмэгтэйчүүдийн эмнэл зүйн статистик өгөгдөлд тулгуурладаг байжээ. Харин энэхүү шинэ систем нь арьс өнгөний ялгааг харгалзахгүйгээр нарийн оношилж чаддаг болсон нь гол давуу тал болж байна. Статистикаас үзвэл хар арьст эмэгтэйчүүд хөхний хавдрын улмаас эндэх нь европ төрхтэй эмэгтэйчүүдийнхээс 34 хувиар их байгаа юм. Афро америк, латин америк, ази эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдар харьцангуй залуу насанд үүсдэгийг эрдэмтдийн судалгаанд анхааруулжээ.
Одоогоор туршилтын шатандаа байгаа шинэ системийг ойрын хугацаанд эмнэлгүүдэд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа Массачусетсын технологийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдэв.
"Засгийн газрын мэдээ" сонин