
Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293,610 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 2-ны байдлаар хамрагдалт 69.2 хувьтай байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2026 оны 10 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд дараах гурван чиглэлээр ажиллаж байгаа аж.
-
НЭМГ-ын шуурхай удирдлагын баг болон ХӨСҮТ-ийн Томуугийн харуулан тандалт, дархлаажуулалтын албатай хамтран дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд дэмжлэгт хяналт хийж байна.
-
Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө дүүргийн Засаг даргын Тамгын газарт танилцуулж, дархлаажуулалтыг хамтран зохион байгуулж байна.
-
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдүүдийн томуугийн дархлаажуулалтын хамрагдалтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарт танилцуулж, дархлаажуулалтыг дэмжин ажиллах хүсэлт хүргүүлэн ажиллаж байна.
Иймээс эцэг эх, асран хамгаалагчид 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, өөрийгөө болон гэр бүлээ, мөн бусдын хүүхдүүдийг халдвараас сэргийлэн, томуугийн хүндрэлээс хамгаалахыг уриалж байна.

















































