Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна.Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.
Халдвар хэрхэн дамжих вэ?
- Бохир гар, өтгөн-амны замаар
- Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
- Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
- Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар
Илрэх шинж тэмдэг
- Халуурах
- оолой өвдөх, хоолонд дургүй болох
- Амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах
- Гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
- Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
- Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.
- Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.
Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу
- Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх
- Хүүхэд шингэн ууж чадахгүй болох
- Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
- Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
- Унтаарах, сулрах, сэрэхдээ муудах
- Амьсгаадах, татах, хүзүү хөших
- Тууралт идээлэх, шархлах, улайж хавдах
- Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.
Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?
- Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах
- Ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах
- Бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх
- Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх
- Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх
- Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх
- Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх
- Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
Урьдчилан сэргийлэх энгийн аргууд
- Гараа савандаж сайтар угаах
- Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
- Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
- Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
- Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
- Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
- Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
- Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах
















































