Мэдээ, Онцлох|(2018-10-25 09:03)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эмчийн дайтай сувилагч

1. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нэгдүгээр багийн хөдөөгийн малчин айлын найман сартай хүүхэд идсэн ууснаас бөөлжиж, доошоо суулган шингэн алдаж, тэвдүүлээд сумынхаа эмнэлэгт дуудлага өгөхөд нь сумын эрүүл мэндийн төвийн их эмч түргэний машинаараа анхны төрөлтөөр яаралтай төрөх болсон эх аваад аймагт хүргэхээр явсан байв. Ингээд хувийн машинаар аав ээж, өвөө, эмээ нар нь шингэн алдсан охиноо аваад эмнэлэг дээр ирэхэд орой 18.00 цаг өнгөрөөд ажил тарчихсан, залуухан сувилагч Г.Ариунаа ээлжид гарч байв. Сувилагч Ариунаа өвчтэй хүүхдийг үзээд багийн эмчийг утсаар дуудчихаад шууд л эмчилгээ хийж эхлэв. Арваад минутын дараа багийн бага эмч Ц.Мөнхзаяа ирж үзээд сувилагчийн онош зөв болохыг батлаад албан ёсоор эмчилгээ хийж эхлэв. Сувилагч Г.Ариунаа хүүхдийг гардан эмчилсээр маргааш өглөө болоход хүүхдийн шингэн алдалт зогсч, тайвширч есөн цагийн үед их эмч Цэдэндулам хүүхдийг үзээд сувилагч бага эмч нарын онош зөв байсныг батлаад тариа шингэн хийгээд орой болтол, ажиглаад гарч болно гэв. Сувилагч Ариунаа эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээг гардан хийгээд 24 цагийн дотор хүүхдийн бие бүрэн эдгэрч хэвийн байдалдаа ороод аав, ээж, өвөө, эмээ нар нь хүүхдээ аваад баяр талархал дүүрэн буцацгаав. Ажил мэргэжилдээ өсч яваа эмчийн дайны сувилагч нарын мэдлэг, мэргэжлийг нь ахиулахад удирдах дээд байгууллагууд нь анхаарч ажиллаж баймаар байна. Манай Гучин-Ус суманд 1960-аад оноос Өвөрхангай аймгийн говийн бүсийн сум дундын эмнэлэг байх үеэс сувилагч хийж, говийн бүсийн зургаан сумын хумуусийн талархлыг хүлээж, 20-30 жил тасралтгүй ажиллаж байгаад 1980-аад оны сүүлээр тэтгэвэрт гарсан Д.Хачиндолгор Ю.Хурган гээд 80 нас давсан ахмад буурлууд Улаанбаатар хотод амьдарч байна. Түүний дараа үеийн 1980-1990 оны үеийн сувилагч Ц.Дуламжав, Д.Өлзийсүрэн Ч.Оюунцэцэг, Ю.Нангилдулам гээд Гучин-Ус сумын ард олноос хайр хүндэтгэлийг хүлээсэн сувилагч тэтгэвэртээ гарчихсан, орон нутагтаа амьдарцгааж байна. Түүний дараа үеийн сувилагч И.Отгонцэцэг, Б.Оюунзул Л.Пүрэвдулам нар 20 гаруй жил ажиллаж мөн л эмчийн дайны болсон тэд одоо ч ажиллацгааж байна. 60 жилийн хугацаанд говийн нэг суманд сувилагчаар тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж эмчийн дайны мэдлэгтэй болсон сувилагч нарын талаар товчхон дурдахад ийм байна. Сувилагчдын цалин, хангамж урамшууллыг нэмэгдүүлэхээр зарим байгууллага, иргэнээс гаргаж байгаа тэмцэл, хөдөлгөөн шаардлагыг дэмжиж, төр засгаас сувилагчдын цалинг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасанд талархаж байна. Үүний зэрэгцээ өвчтөн хүн бүрт байнга анхаарал, халамж тавьж асарч бохир муухай болгоныг угааж, цэвэрлэж байдаг асрагч, цэвэрлэгч, угаагч нарыг анхаарлын гадуур үлдээж болмооргүй санагдана.

2. Сувилагчаас эхэлж мэргэжил ахисан хүн сайн эмч болдгийн тод жишээ бол саяхан Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болсон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Гончигийн Батсуурь гуай юм. 1940-өөд оны сүүлээс сум бүрт малын эмчийн салбарууд байгуулагдсан. Баг бүрт малын санитартай болоход бага сургууль төгсөөд хөдөө ажиллаж байсан. Г.Батсуурийг мал эмнэлгийн курст суралцуулаад 1950 оноос багийн малын санитараар томилогдон арваад жил сайн ажилласан тул 1958 онд аймгийн мал эмнэлгийн газраас мал эмнэлгийн техникумд суралцах урилга авахад нь сумын удирдлагууд нь анхаарч үзээд манай суманд малын эмчээс, хүний эмч чухал байна гээд Архангай аймагт хүн эмнэлгийн сувилагчийн хоёр жилийн сургуульд явуулжээ. 1959 онд сувилагчийн сургуулиа төгсөөд ирэхэд Баруунбаян-Улаан сумын хүн эмнэлэгт эх баригчаар томилон ажиллуулжээ. 1960-аад оноос баг бүрт хүний бага эмчийн салбар байгуулагдахад Г.Батсуурийг Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалаар Баруунбаян-Улаан сумын нэгдүгээр багт хүний бага эмчээр томилон ажиллуулав. Бригадын бага эмчээр 30 гаруй жил ажиллахдаа сүүлийн 10 гаруй жилд нь анагаахын эмчилгээг ардын эмчилгээтэй хослуулан хэрэглэж, анагаахаар яваад эмчилгээгүй гэсэн олон хүнийг аюулт өвчнөөс ангижруулж, 1993 оноос 60 нас хүрч тэтгэвэрт гарсан ч аврал эрж ирэх хүмүүсийн тоо улам нэмэгдэж өөрийн аймаг төдийгүй Өмнөговь, Баянхонгор, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот гээд бараг Монгол орон даяар олон хүнийг хамрах болж өдгөө 86 нас хүртлээ хүний төлөө зүтгэсээр 2018 онд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан гэдэг хүндэт алдар цолыг төр засгаас олгосонд түмэн ояноороо талархаж байна. Арваад жилийн өмнөөс ард олон өөрсдөө шийдээд “Ард түмний гавьяат эмч” гээд зарласан тэр үеэс Монгол Улсын гавьяат эмч алдар цолыг олгож болохоор байв. Учир нь, Г.Батсуурь эмч шиг 86 нас хүртлээ алдар цолыг хүлээх насны буянтай ахмадууд ховор шүүдээ. Одоо Баруунбаян-Улаан суманд л гэхэд 85 наснаас давж насалсан эрэгтэй хүн ганцхан Батсуурь эмч л байна. Манай Гучин-Ус суманд хамгийн өндөр настан нь 1956 онд ХАА нэгдэл байгуулахаас 1992 онд хувьчлал тарах хүртэл 30 гаруй жил нэгдлийн хонь маллаж амжилт гарган сум аймгийн аварга тэргүүнээр удаа дараа шалгарч, ард олны итгэлийг хүлээж аймаг сумын депутатаас Ардын Их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан Доржийн Янжинлхам гэдэг ахмадыг Алтан гадас одонгоор шагнуулахаар сүүлийн найман жил сум, орон нутгаас 3-4 удаа тодорхойлоод одоогоор сураггүй байна. Иймд улс, эх орондоо хийж бүтээдгээ хийчихсэн хоног, хоногоор хорогдож, цөөрсөөр байгаа ахмадууддаа олговол зохих алдар, цол одон медалийг тер, засаг удааж гацаалгүй олгоод байх нь зүйтэй санагдана.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ахмад настан, өндөр овогт Со.ПҮРЭВ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 6 = 10