Мэдээ, Ярилцлага|(2018-10-15 14:27)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Л.Лхагвадорж: Би бол архичин хүн

3620e6_44049468_1843880685666358_6492108806120538112_n_x974

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн донтох эмгэгийн клиникт хэвтэн эмчлүүлж буй Ховд аймгийн оршин суугч Л.Лхагвадоржтой ярилцлаа.

– Та “архичин” хүн мөн үү?

– Би бол архичин хүн.

– Та хэдэн настай вэ?

– 49 настай.

– Та хэдэн настайгаасаа ууж эхэлсэн бэ?

– 20 настайдаа эхэлсэн.

– Согтууруулах ундааны төрлөөс анх юу амссан бэ?

– Шар айраг ууж эхэлсэн.

– Та хаана амьдардаг, юу хийдэг хүн бэ? 

– Би Ховдын аймгийн төвд амьдардаг, стужин хийж зардаг байлаа.

– Анх ямар шалтгааны улмаас, ямар үед уумаар санагддаг байсан бэ? 

– Анх хүүхэд байсан учраас сонирхоод ууж үзсэн. Аав ээж найз нөхдөө архиар дайлдаг байсан, амсаж үзээд гоё санагдсан. Дараа нь найзуудтайгаа нийлж пиво уудаг болсон. Том хүн болоод байгаа юм шиг гоё санагддаг л даа. Уугаал яриал, найз нөхөдтэйгээ хөгжилтэй, дахиад уумаар санагдаад байдаг.

– СЭМҮТ-ийн донтох эмгэгийн тасагт эмчлүүлэхээр ирээд хэд хонож байна?

– Ховдоос ирсэн. Эмчлүүлээд 11 хонож байна.

– Та 29 жил тасралтгүй уусан гэсэн үг үү? 

– Би хорин хэдэн жил өдөр болгон биш юмаа гэхэд архи их уусан. Манай аймагт архинаас гаргадаг код хийдэг эмч ирээд эхнэр намайг аваачиж код хийлгэсний дараа би хоёр жил гаран уугаагүй. Хоёр жилийн дараа манай ангийн 30 жил болсон. Тэгээд хөөрөөд дахиад нөгөө архийг чинь ууж эхэлсэн. Нэг уучихвал тэгээд л учир зүггүй уугаад байдаг. Дунд нь хоёр жил уугаагүйг эс тооцвол ер нь л байнга ууж байсан. Архины хамаарлын өвчин бол байнга сэдэрдэг өвчин гэдгийг мэддэгүй байж.

– Ирээд ямар эмчилгээнүүдэд хамрагдаж байна?

– Хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж байгаа. Цуглаанд сууж хоорондоо ярилцдаг. Тойрч сууж байгаад амьдралдаа болсон бүх юмаа ярьдаг.

– Цуглаан дээр ярьдаг түүхээсээ хуваалцаач? 

– Согтуудаа зодолдоод тархины гэмтэл авч, аймаг дээр сар гаран ухаангүй байж байгаад хотод ирээд таван сар ухаангүй хэвтсэн. Ухаан ороод архи ууснаас болж амьдралаа алдаж байна гэдгээ мэдээд, архинаас гарья гэдэг бодол анх толгойд орж ирсэн. Буцаад аймагтаа очоод бие хаа, ухаан мэдрэл ч гайгүй болж, овоо ярьдаг болсон. Тэгээд код хийлгэж, архи уухгүй хоёр жил болсон. Тэгээд л гэнэт дахиж уумаар санагдаад уугаад эхэлсэн. Тэгээд өдөр шөнөгүй уусан даа.

– Дахиад архинаас гарах бодол хэзээ яаж юунаас болж төрөв? 

– Архи уугаад ирэхдээ согтуу, яаж ирснээ ч мэддэггүй байлаа. Нэг удаа ангийхаа найзтай архи уугаад, нэг их ухаанаа алдаж согтоогүй, халамцуу гэртээ ирлээ. Тэгтэл гэр нэг л хүйтэн хөндий оргиод болдоггүй. Авдар юм уу ор юм уу нэг том юм гэрээс гаргаад хаячихсан юм шиг сонин санагдаад болдоггүй.  Тэр үед анх удаа гэнэт толгой руу нэг юм орж ирсэн, надаас болж амьдрал ийм болсныг ухаарсан. Тэгээд архийг хаяна даа гэж бодоод архинаас гарах эм тан хайж эхэлсэн. Ийм төв байдгийг дуулаад шууд л автобусанд суугаад ирсэн. 

– Ойр тойрныхон чинь таныг яаж хүлээж авч байна?

– Архичин хүнд ямар ч нэр хүнд байхгүй. Ах дүү аав ээждээ ч нэр хүнд бол байдаггүй. Хэн ч үгийг чинь хүлээж авахгүй. Хань ижил, хүүхдүүд ч адил. Аав гэдэг хүн бол амьдралд байхгүй. Архинаас гарч байж л аав болно гэж зорьж явна. Тийм учраас архинаас нэг мөсөн гарч, алдсан амьдарлаа олж авъя гээд тэр холоос сэтгэл шулуудаад зорьж ирлээ. Нөхөж чадахгүй ч гэсэн, үлдсэн амьдарлаа ядаж бодъё.

– Одоо архинаас гарчихаад нэг хоёр жил болоод дахиад уучихвий гэсэн айдас байна уу?

– Архи уудаг хүн өөрөөсөө л хамгийн их айдаг л даа. Дахиад уучихвий дээ гээд л. Одоо бол айхгүй байна, үхэж байсан ч архинаас гарая л гэж бодож байна. Ер нь архи уудаг хүн амьдралаасаа жоохон жоохон хулгай хийгээд л ууж байгаа. Өөрөө өөртөө буруугаа хүлээгээд л  итгэх хэрэгтэй. Би архинаас гарна шүү, гарах ёстой гэж бодоод ийм олон жил алдчихаж. Ер нь хүн өөртөө итгэж чадвал ямар ч өвчинг давж чадна гэж бодож байна. Өөрөө өөрийгөө ялж чадвал тэр хүн архинаас гарна уу гэхээс ямар ч эм тан уугаад нэмэргүй, түр зуурын л асуудал.

– Ямар үед хүн өөрийгөө архинд донтох гээд байна уу даа гэж болгоомжлох ёстой вэ? 

– Анх архи ууж байгаа хүн илүү уухыг боддог. Нэг шил архи хуваагаад уулаа гэхэд бусдаасаа жоохон ч гэсэн илүү уучих гээд л. Архи уугаад бие хаа муудаад ирвэл архинд орж эхэлж байгаагийн л шинж. Шартаж үхэх гээд, шараа архиар тайлах гээд байвал ер нь тэгээд өөрөө өөртэйгээ ярилцах цаг болжээ гэсэн үг гэж бодож байна.

Б.СОЁЛМАА: ТАРХИНД НЬ ҮҮССЭН АРХИНЫ ГОЛОМТ ЖООХОН ИДЭВХЖИХЭД Л ХЯЗГААРГҮЙ ИХ УУХ ХҮСЭЛ ТӨРНӨ

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн донтох эмгэгийн клиникийн наркологийн их эмч Б. Соёлмаатай ярилцлаа.

– Архичин хүн гэдэг ойлголтын талаар та тайлбарлаж өгөөч?

– Энгийн яриагаар бол архичин, эмнэлэгийн хэллэгээр бол архины хамааралтай хүн гэдэг. ДЭМБ-аас архинд донтох эмгэг гэдэг өвчний кодтой, хараат байдалтай, зан үйлийн эмгэг гэж үздэг. Монгол хүнд дунджаар 20 жил даамжирч үргэлжилдэг архаг өвчин юм. Үр дагавар нь бие, сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна нийгэмд аюултай өвчин. Этилийн спирт буюу этанол гэх хиймийн бодис нь сэтгэцэд идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ, донтуулна. Бусадтай нээлттэй харьцана, нүүрэмгий болно, булчингууд суларна.  Ингээд ирэхээр стрессгүй юм шиг санагдаж таашаал өгдөг учраас хүмүүс хэрэглээд байдаг.

– Зөв зохистой хэрэглээ, хэтрүүлэн хэрэглээний ялгааг тайлбарлаж өгөөч?

– Бага зэрэг, эрсдэлгүй хэрэглэдэг хүн байна. Нөгөө талд, нэг уухаараа хэд хоногоор  хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй болоод биеэс, сэтгэцээс нь шаардаад эхлэдэг хүмүүс байна. Биед нь хэрэгцээ шаардлага үүсч, донтох эмгэг болдог. Уугаад бага зэргийн хөөрөлд орж мансуураад, хүмүүстэй илэн далангүй ярилцаад өөрт нь сайхан байгаа учраас хүмүүс эхлээд татгалзаж чадахгүй байна гэсэн үг. Гэтэл ингэж эхлээд хүн яаж бүх амьдарлаа алддаг, архи ямар их хүчтэйг хүмүүс ухамсарлахгүй байна. Мөн ойр тойрны хүмүүст нь их хэцүү.

– Архины хамааралтай хүмүүсийн гэр бүл яаж хохирдог вэ?

– Архинд донтох өвчтэй хүнтэй хоёр жилээс дээш хамт амьдарсан хүмүүс давхар хамаарлын сэтгэл зүйн өвчтэй болдог. Тэр хүмүүс ууж байгаа хүнээ өөрийхөө хяналтанд байлгахыг хичээнэ. Маш их цагддаг, мөрддөг хэлбэр байна. Өөхшүүлдэг хэлбэр байна. Ингэсээр байгаад нөгөө уудаг хүн маань гэр бүлийн дэмжлэгэнд амьдардаг хүн болсон байдаг. Тэгсэн хэрнээ уусаар л байна. Хамтран уух хэлбэр гэж байна. Гэр бүлийн аль нэг гишүүн хамааралтай байлаа гэхэд нөгөөхөө бага согтоох эсвэл энийг уулгахгүй гэсэн үүднээс гэр бүлийн хүн өмнөөс нь архийг нь ууж байгаад сүүлдээ эхнэр нь хамааралтай болчихсон тохиолдлууд ч бий.  Гэр бүлийн бүх гишүүд тэр хүнд сайн хандахаа больдог гөлгөр хэлбэр гэж байна. Яагаад ч нэмэргүй гэж үздэг учраас гэр бүлийн хүмүүс тэвчиж амьдардаг. Гэр бүлийн хүмүүс юу хийж болох вэ гэхээр ямар ч байсан тэр хүнд архинаас гарах сэдэл өгөх хэрэгтэй.

– Яаж сэдэлжүүлэх вэ? Эргэн тойрныхон нь туслах ямар боломжууд байна? 

– Тэр хүнтэй сайхан ярилцах хэрэгтэй. Архинаас гарсан найз нөхдүүд нь нөлөө үзүүлж болно. Олон оролдлого хийгээд ч хэний ч үгэнд яагаад ч орохгүй бол бид нарт хандаад сэдэлжүүлэх ярилцлага хийж болдог. Тэр хүний сэтгэл зүйн байдал ямар байна, яаж ярьвал энэ хүнийг сэдэлжүүлж болох вэ гэж мэргэжлийн наркалогийн эмч нар ярилцлага хийдэг. Энэ нь сүүлийн үеийн хамгийн сайн эмчилгээний нэг болж байна. Яагаад ч өөрчлөгдөхгүй байгаа хүнд эмч нөлөөлөх боломжтой. Эмч нар шинжлэх ухаанаар нотлогдсон 5-6 үе шаттайгаар ярилцана. Бусад оронд сэдэлжүүлэх ярилцлагыг сайн хийгээд гарснаар тэр хүн эмчилгээнд ирэхгүй байсан ч гэсэн цаашаа архинаас гарах боломжтой гэж үздэг.

– Гэр орныхон нь ч ятгаад дийлэхгүй, сэдэлжүүлэх ярилцлаганд ч явахгүй гээд байвал дараагийн шатны арга хэмжээ гэж байгаа юу?

– Байгаа. Хорооныхоо цагдаад өргөдөл гаргаад албадан эмчилгээнд явуулж болно. Тэр хүн үнэхээр эргэн тойрныхондоо гай болоод, олон удаа эрүүлжүүлэгдсэн бүртгэлтэй байвал, Майнтад албадан эмчилгээнд шүүхийн шийдвэрээр явуулна гэсэн үг.

Муу архичин гэж харахаас, энд нэг өвчин тусчихсан, өөртөө туслаж чадахгүй, эмчилгээ хэрэгтэй хүн байна гэж хүмүүс хардаггүй байх л даа… Энэ өвчний үндсэн шинж нь маш хэцүү.  Гэр бүлийн болон нийгмийн өвчин. Өөрөө уугаад зогсохгүй бусад хүмүүст маш их стресс өгч байдаг. Илэрдэггүй, нууцлагдмал өвчин. Гэтэл хавдартай өвчтөн байлаа гэхэд гэр бүлийн бүх гишүүд анхаарал тавина, тэр хүн ч гэсэн өвчнийхөө төлөө эмчдээ яг заасан хугацаанд нь ирж үзүүлнэ. Гэтэл архины хамааралтай хүмүүс эмчид хандахгүй, хандахаасаа ичнэ, айна, нэр хүндээ бодно. Гэр бүлийхэн ч энэ өвчнийг нууж хаацайлна. Архичин эхнэртэй, нөхөртэй гэж хүмүүс муу хэлнэ, найз нөхдийн хүрээнд миний нэр хүнд унана гэж айгаад энэ өвчнийг бүгд нууцалдаг. Нэр хүндээ унагахгүйн тулд архичин биш мэтээр нийгэмд баг үүсгэж амьдарч байна. Тэгээд хамгийн хэцүү юм болоход, бүүр даамжирсан үед л өвчин гэдгийг ухаарч эмнэлэгт ханддаг нь харамсалтай.

– Эрэгтэй эмэгтэй хүмүүст донтох магадлалын хувьд ялгаа бий юу?

– Эмэгтэй хүний онцлог гэвэл илүү богино хугацаанд хамааралд ордог. Монгол эрэгтэй хүнд дунджаар 8-10 жилийн дотор хамааралтай байдал үүсэж байна гэсэн судалгаа байдаг. Гэтэл эмэгтэй хүнд ердөө 2-5 жил. Тэр нь эмэгтэй хүний бие организмтай холбоотой. Эмчилгээ нь эрэгтэй хүний эмчилгээнээс хоёр дахин илүү эмчилгээ хийж байж хамаарал нь эмчлэгддэг. Эрэгтэйчүүдийн архидалтын талаар хүмүүс их ярьдаг ч эмэгтэйчүүдийн архидалтын талаар ярихгүй байна. Хүн хэзээ ч би архичин болно гэж зорилго тавьж хэрэглэж эхэлдэггүй. Улмаар хэрэглээд ирэхээр өөрт сайхан таашаалтай санагдаж байгаад сүүлд биенд нь хэрэгцээ шаардлага үүснэ. Хүмүүс тэрийгээ их өмөөрдөг.

– Яаж өмөөрөх үү?

– Өөрийгөө архичин гэж хэлүүлэх хэн ч дургүй. Би ямар архичин биш гэдэг. Бусад архичин хүмүүстэй зүйрлэж ярьж болохгүй. Би бол тэр хүмүүсийн хажууд нийгэмд эзэлсэн байр суурьтай, тийм ажил эрхэлдэг амжилттай явж байгаа хүн. Би ажлын шугамаар яалт ч үгүй  хэрэглэхээс өөр аргагүй байна. Намайг хүмүүс хүндэлж байгаа учраас архи уулгаад байна. Ингэж л ярьдаг. Энэ өвчний онцлог нь ийм. Маш нууцлагдмал өвчин. Бусад оронд бол нөхөн сэргээх төв гэж нэрлэдэг. Тэр хүний алдагдсан он жилүүд, сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийг нөхөн сэргээж байна гэсэн үг. Олон жил ууснаар хүн олон зүйлээ алдсан байдаг ч тэрийгээ ойлгодоггүй.

– Архи даадаг хүн даадаггүй хүн гэж үнэхээр биологийн хувьд байдаг юмуу? 

– Архийг задалдаг фермент гэж элэгнээс ялгардаг. Тэр фермент нь ази хүмүүст европ хүмүүсээс бага байдаг. Ферментийн идэвхжил багатай хүмүүст бодисын илүүдэл их үүснэ. Энэ нь хүнийг маш их тавгүй байдалд оруулдаг. Дахиж архи уух нөхцлийг нь бүрдүүлнэ. Архинд донтох өвчний үе шатаасаа болоод эхэн үедээ хүмүүсийн архи даах чадвар сайн байдаг. Дараагийн шатанд архи даах чадвар муудна гэсэн үг. Урьд нь уудаг байсан хэмжээнээс бага уугаад согтоно. Төгсгөл шатандаа очсон хүмүүс маш бага хэмжээгээр уусан ч согтоно, өдөрт олон удаа согтоно, сэргэнэ. Ерөөсөө 30-100 гр уугаад согтдог.

– Хүн шууд архины хамааралтай болдоггүй байх. Эрсдэлгүй хэрэглэж эхлэж байгаад донтох хэмжээнд хүрчихдэг юмуу, ямар гадны нөлөөнүүд байна? 

– Нийгмийн нөлөө байна.  Манай нийгэм бүх төрлийн баярыг зан үйлийн хэмжээнд архитай тэмдэглэж байна. Архины худалдаа борлуулалтанд тавих хяналт сул байна. Спиртний градусанд анхаарах хэрэгтэй. Ази хүнд өндөр градусын спирт үнэхээр зохидоггүй учраас улам хамааралд оруулж байна. Улсын, хувийн байгууллагууд ямар ч баярыг архитай холбодог. Тэр дундаас архичин хүмүүс төрж гарч байдаг. Тэр олон баярыг архитай тэмдэглээд уугаад байхаар бие организмд нь хэрэгцээ шаардлага үүсээд тэрийгээ давж чаддаггүй. Архи ууж байж тайвширна,  зовлон шаналал нь арилсан юм шиг болно. Архи уухгүй үед уйтгартай, нэг л юм дутагдаад байдаг. Нөгөө нэг нээлттэй инээж байсан хүн уухгүй үедээ хэнтэй ч ярьдаггүй.

Цонхоор хараад л гиюүрээд намайг хэн дуудах нь уу, хэнрүү утасдах вэ гэж бодно. Тэр үед нь баяр ч юм уу шалтаг гарвал бөөн баяр гараад уучихдаг. Архи уудаг хүмүүсийн тархи уухгүй бол идэвхжихээ больдог. Гэхдээ энэ нь дотроо үе шаттай. Ер нь төгсгөл шатандаа орсон хүн бол бусадтай нийлэхээ больж,  ганцаараа уудаг болдог. Тэр хүнд ганцаараа илүү их дозоор уух нь таалагддаг. Гадуур гараад согтож унаад аваар осол, хөлдөж осгохоос сэргийлээд гэртээ уудаг болдог. Гэртээ ганцаараа ууж эхлэх нь маш хүнд хэлбэр. 

– Төгсгөл шатандаа орсон хүнд архинаас гарах магадлал хэр байдаг вэ?

– Сэтгэл зүйн эмчилгээгээр бол 70-80 хувийн үр дүнтэй. Архинд донтох өвчин бол яг үе мөчний өвчинтэй адилхан. Дандаа сэдэрхээс сэргийлж явах ёстой. Түүнээс нэг эмчилгээнд ороод огт архи уухаа болино гэж байдаггүй. Тодорхой хугацаагаар хэдэн жил уухгүй явж байгаад өвчин сэдэрч ямар нэг шалтгаанаар хөөрч уугаад нөгөө уудгаараа хэдэн хоног сар уулаа гэж ярьдаг. Энэ бол өвчийн сэдэрч байгаа хэлбэр. Дэлхий нийтэд архинд донтох өвчнийг сэтгэл зүйн эмчилгээгээр эмийн эмчилгээтэй хавсраад хийхэд 90 хувийн үр дүнтэй. Эмчилгээнд ороход хамгийн анхаарах зүйл бол мотиваци буюу сэдэл тэр хүнд байх ёстой. Сэдэл үүснэ гэдэг нь үр дүнгийн 50 хувь нь үүслээ гэсэн үг. Өөрт нь сэдэл үүсээгүй хүн дээр хичнээн эмчилгээ хийгээд үр дүн гарахгүй.

– Архины хамааралтай хүмүүс ямар үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд хандаж эхлэж байна?

– Тэр хүний амьдралд болон биеийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар гараад ирэхээр өөрийн эрхгүй ханддаг. Би хүнд зодуулсан, гэр бүл сална гээд байна, минийн ажил бүтэмжгүй боллоо гээд ер нь бүх зүйлээ алдсан хойноо хүмүүс ойлгодог нь харамсалтай.

– Эмчилгээнд явчихаад ч буцаад уугаад яваа харагддаг?

– Гурваас дээш жил архи уугаагүй өвчтнүүдийг ерөнхийдөө бүрэн эмчлэгдэж байна гэж үздэг. Гэхдээ ямар нэг сэтгэл зүйн шалтгаанаар дахилт өгч болно. Баярлаж хөөрнө, гуниг гутралд автана, уй гашуу, зовлон учрахад эргээд өвчин сэдэрдэг. Үүнийг хальтирна гэж хэлдэг. Архины хамааралтай хүмүүс архиныхаа хэрэглээнд хяналт тавих чадваргүй болдог. Эрсдэлгүй бүлгийн, бага хэмжээгээр уучихаад зогсож чаддаг хүнд хяналт байна гэсэн үг. Тэр хүнд угаасаа хүсэл төрөхгүй. Гэтэл хамааралтай хүмүүст бол спиртний хяналт алдагддаг. Тэр хүний тархинд голомт үүссэн байдаг. Тэр голомт жоохон идэвхжихэд л хязгааргүй их уух хүсэл төрнө. Бага хэмжээгээр этилийн спирт уухад, 100 грамм уухад ч, нэг шар айраг уухад ч голомт шууд идэвхжинэ.

– Архины эмчилгээнд яваад олон жил уухгүй явсан хүн, тааруулж ууна гэсэн юм хэзээ ч байхгүй юм байна гэж ойлгож болох уу? 

– Манай нэг эмчлүүлэгчийн түүхийг ярьж өгье л дөө. Тэр хүн 15 жил траншэйнд амьдарч, хүнд  хэцүү амьдрал туулсан. Манай хөтөлбөрт хамрагдаад одоо дөрвөн жил болж байна. Эхний нэг жил тэр хүн уухгүй байж байгаад  тэгж бодсон юм байна. Одоо би нэг жил уугаагүй юм чинь миний хувьд маш том амжилт. Би урьд нь бол нэг өдөр ч уухгүй байж чаддаггүй байсан. Одоо уухаа байсан юм чинь тааруулж ууна гэж бодож л дээ.

Тэгээд эхлээд архи аваагүй нэг шил пиво авсан. Шил пивоо ууж байтал их сайхан болж байна гэнэ. Тэгээд гайгүй байхаар нь гурван шил пиво захиалж ууж гэнэ. Тэгээд гурав дахь шилээ уугаад тэр хүнд архи уух хүсэл төрсөн. За 100 гр аваад ир гэж зөөгчид хэлсэн. Зөөгч их удаад байгаа юм шиг санагдаж гэнэ. За тэгээд 100 гр уусны дараа тэр хүн үргэлжлүүлээд ямар ч хяналтгүй уусан. Өглөө босоод ингэж бодож байна гэнэ. Би ер нь ажил хийхээ больё, архинаас гарахаа ч больё.  Ингээд хийж байсан ажлаасаа үүргэвчээ аваад зугтаад гарсан гэж байгаа юм. Ерөөсөө гарч уух л хүсэл байсан. Гэрээсээ, ажлаасаа зугтаж гараад тасралтгүй 20 хоног архидаад архины солиоролд ороод буцаад ирсэн.

– Архины солиорлын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 

– Унтаж чадахгүй, нойрондоо аймаар юм зүүдэлнэ. Ойр дотны хүмүүс нь тэр хүнд муу хандаад, мэхлээд байгаа юм шиг бодогдоно. Ялангуяа шөнө оройн цагаар унтах гээд нүдээ анихад нь хорхой шавьж харагддаг. Өөрийг нь хазаад айлгаад байгаа юм шиг. Нойрон дунд байнга хар дарж зүүдэлнэ. Тэр зүүднээсээ болоод зарим хүн гэмт хэрэг хийдэг. Гэнэт босож ирээд гэр бүлийнхнийгээ эрсдэлтэй байдалд оруулах, гэмтээх гэх мэт. Хий юм харна. Энэ шинж тэмдгүүд архи уухаа зогсоосон үед гарах гээд байдаг. Олон хоног ууж байгаад эрүүл болсон үед хар дарж зүүдлээд, хөлрөөд, хий юм харна. Эхнэр нь хажууд нь унтаж байхад  нас барсан хүн хажууд нь унтаад байгаа юм шиг. Тэгэхээр гэрийхэн нь буруу байдлаар эмчлүүлээд бөө, лам дээр аваачаад засал ном хийлгээд байдаг. Энэ бол этилийн спиртний хор нөлөө сэтгэцэд нөлөөлсний шинж.

– Уухаа болихоор солиороод байдаг болохоор айгаад уугаад байж болох уу?

– Яагаад уухаа зогсоохгүй байна гэхээр тэр хүнд маш хэцүү байдаг. Унтаж чадахгүй, унтахын тулд, хар дарсан зүүднээсээ ангижрахын тулд ууж байна. Зарим тохиолдолд, цагдаа, тагнуулаас намайг дагаад байна, миний чихний ард камер суулгасан байна гэдэг. Бүр итгэл үнэмшилтэйгээр зарга үүсгээд явдаг. Энэ бол архины солиорол болохоос биш бодитой юм биш. Эмчид хандсаны дараа сэтгэцэд нөлөөлөөд байгаа нөлөөг байхгүй болгоод,  биеэс нь хорыг ангижруулаад, эмчилгээ хийлгээд эхлэхээр хүмүүс их сайхан болдог. Маш сайхан унтлаа амьдралдаа би ингэж унтаж үзээгүй гэх нь ч бий.

– Архиар тайлаад байгаа стрессийг тайлж болох аргуудаас зөвлөөч?

– Хүн өөрөө сэтгэл зүйгээ удирдаж, уугаагүй ч бусадтай нээлттэй ярилцах чадварыг эзэмших ёстой. Найз нөхөдтэйгээ кофе уух, хөдөө аялалд яваад ярьж сууж болно. Чанга дуулж орилохоор стресс тайлагдаж болно. Үнэхээр өөрийг нь ойлгодог найзтайгаа сайхан ярилцаж болно. Өөрийнхөө хоббиг хөгжүүлж болно. Ном уншиж болно. Хамгийн сүүлд үнэхээр аль ч аргаар стрессээ тайлж чадахгүй бол өөрийн сэтгэл зүйчтэй болж болно.Мөн булчин сулруулах өөр аргууд байна. Саунд сууж болно. Ерөнхийдөө өөрийгөө тайвшруулах аргад суралцана гэсэн үг дээ.

Ж.Мандхай



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 7 = 9