Онцлох, Ярилцлага|(2018-09-12 10:32)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Д.Даваадорж: В, С вирусийн халдвар 20-30 жилийн дараа элэгний хавдар, хатуурлаар илэрдэг

01ed6a_dr_davaadorj_x800

“Монгол Улсад сүүлийн 10 жил элэгний өвчлөл ихсэж байна. Ялангуяа вирусийн гаралтай өвчлөл өндөр бүртгэгдсэн. Тэр дундаа В, С, дельта, В вирусийн хавсарсан халдвар их тохиолдож буй.

2013 онд Монголын эрдэмтэд  АНУ-ын СТС-ийн эрдэмтэдтэй хамтран судалгаа хийхэд нийт монголчуудын 400 мянга орчим нь В болон С вирусийн халдвартай гэж бүртгэгдсэн. Энэ нь нийт хүн амын 10 гаруй хувь юм. Иймээс элэгний үрэвсэл, элэгний хатуурал, түүний хүндрэл болох элэгний хавдар өндөрсөж, сүүлийн 4-5 жилд Монгол Улс элэгний өвчлөлөөрөө дэлхийд тэргүүн байранд бичигдэж байна.

Дэлхийн дунджаас дөрөв дахин өндөр бүртгэгдсэн. Энэ бол аюул гамшгийн дохио” гэж “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор Д.Даваадорж хэлсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Элэгний өвчлөл өндөр байгаагийн гол шалтгаан нь юу вэ? 

-Өнгөрсөн зууны 60, 70, 80-аад оны үед манай улсад нийгэм тогтвортой байсантай холбоотой хүн амын өсөлт нэмэгдсэн. Үүнийг дагаад хүүхдийн өвчлөл ч мөн нэмэгдсэн байдаг. Эрс тэс уур амьсгалтай учраас амьсгалын замын болон бусад вирусийн халдвар тархаж байсан. Энэ үед эмнэлгийн тусламж иргэн бүрт хүрч чадаагүйгээс иргэд өөрсдөө тариур буцалгаж хэрэглэдэг байсныг хүн бүр мэднэ. Үүний үр дагавар нь 2000-аад оноос хойш илэрч буй. Мөн үүн дээр 1990-ээд оны хямралын үед нийгэм хямралд орж, архидалт нэмэгдсэнээр вирусийн халдвараа идэвхжүүлж, улам хүндрүүлсэн.

Вирусийн халдвар 20-30 жилийн дараа элэгний хавдар, хатуурлаар илэрдэг. Үүнээс шалтгаалж 2000 оноос хойш элэгний өвчлөл огцом өссөн мэт харагдаж байгаа юм. 2007 оноос эрүүл мэндийн салбарынхан уг өвчний талаар эрчимтэй судалж, анхаарлаа хандуулан ажиллаж буй.

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу, тэр дундаа элэгний өвчлөлийн талаар ойлголт багатай нь өвчлөл даамжрахад нөлөөлсөн болов уу?

-Орчин үеийн залуус эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаа нь олон зүйлээс ажиглагдаж байна. Жишээ нь, шивээс хийлгэх, гоо сайхны газруудад хөмсөг, уруул шивүүлэх, хумсаа янзлуулах тохиолдол цөөнгүй. Мөн шүдний болон эмэгтэйчүүдийн эмнэлэгүүдийн ариутгалын ажил дутмаг байгаагаас шүдний болон эмэгтэйчүүдийн эмнэлгээс халдвар авах тохиолдол буурдаггүй.

Элэгний өвчлөл ихсэх бас нэг хүчин зүйл нь иргэдийн хавтгайрсан архидалттай холбоотой.Ер нь ямар нэгэн тохиолдлоор шалтаг гаргаж архи уух нь ихэссэн. Дээр үед нэг сард хоёр удаа архи уусан хүнийг архичин гэж дууддаг байсан бол өнөө цагт ийм хүнийг “уудаггүй хүн” гэж нэрлэх болж. Гуравдугаарт, 1990-ээд оноос хойш нийт хүн амын дунд таргалалт нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж элэгний өөхлөлт ихсэж байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд төрөөс уг өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх тал дээр их анхаарч байгаа. Үр дүн хэр байна вэ? 

-Засгийн газраас 2015 оноос элэгний өвчлөлд анхаарч эхэлсэн. Элэг шилжүүлэн суулгах технологи нэвтрүүлэхэд хөрөнгө болон бусад зүйлсээр маш их дэмжлэг үзүүлж, 2016 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөр нь элэгний В, С вирус болон бусад эмгэгийг бууруулахад чиглэсэн. Тиймээс вирус илрүүлэх шижилгээг үнэгүй хийж, хэрэглэх эмийг даатгалаар олгодог болсон зэрэг олон ажил хийж байна. Энэ нь өвчнийг тодорхой хэмжээнд бууруулж байгаа. Гэвч тогтолцоондоо ч юм уу эсвэл удирдлага болон хэрэгжүүлэгч байгууллагаасаа шалтгаалаад хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна.

-В, С вирустэй хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ? 

В, С, дельта вирус нь цус, цусан бүтээгдэхүүнээр, арьс гэмтсэн үед арьсаар дамждаг вирусийн халдвар юм. В вирусийн халдвар нь дангаараа тохиолдвол өвчлөл харьцангуй удаан, уршиг багатай байдаг. Харин дельта вирустэй хавсарвал өвчлөлийг хурдасгаж, хурц хэлбэртэй болгодог. Манайд хийсэн судалгаагаар В вирустэй нийт иргэдийн 50-60 хувь нь дельта вирустэй хавсарсан байдаг. Энэ нь богино хугацаанд элэгний хатуурал, хавдар болох үндсэн шалтгаан болж буй.

В вирусийн оношилгоог улсын болон хувийн том эмнэлгүүдэд хангалттай хийж байгаа. Үүгээрээ дамжуулан эмчилгээний хяналт, үр дүнг тодорхойлдог. В вирусийг бүрэн устгана гэж байхгүй тул эсрэг хоёр төрлийн эмийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг. Энэ нь вирусийг тогтмол бага түвшинд барина гэсэн үг. Тиймээс уг эмчилгээ хийлгэж байгаа хүн насан туршдаа эм хэрэглэнэ гэсэн үг. Харин В болон дельта вирус хавсарсан тохиолдолд уртасгасан үйлчилгээтэй интерфро эмчилгээг 48-72 долоо хоногийн турш хийлгэдэг. Гэхдээ үр дүн нь 50 хувьтай. Уг эмчилгээг хийлгэснээр элэгний хатуурал болон хавдар үүсэх магадлал 5-10 жилээр хойшилдог. Тэгэхээр тодорхой хэмжээний үр дүнтэй гэсэн үг.

С вирусийн хувьд 2015 оноос “Харвони” эмийн эмчилгээ хийж байна. Түүнээс хойш 20 мянга гаруй хүнд уг эмчилгээг хийж, 90-ээс дээш хувийн үр дүнтэй ажиллаж буй. Энэ үр дүнгийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ, Европ, Азийн элэгний томоохон хуралд мэдээлэгдэж, үүний төлөө ажилласан залуучууд эхний үр дүнгээ сонсоод баяртай байгаа. Манай улсад энэхүү эмчилгээг хийхэд миний бие болон ЭМЯ, “Оном” сан, манай үндэсний мэргэжилтнүүд болох АШУҮИС, Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг байгууллага идэвхтэй оролцсон. Энэ бол 2020 он хүртэл үргэлжлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлын нэг юм.

Хамгийн сүүлийн шатны эмчилгээ болох элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2007 оноос хойш дотооддоо хийх тухай яригдаж, үндэсний баг байгуулсан. Энэ багийг тэр үед Эрүүл мэндийн сайд байсан С.Ламбаа маш их дэмжиж, 2011 онд солонгос эмч нартай хамтарч элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийж байсан.

 

Элэг шилжүүлэн суулгах 44 мэс засал амжилттай хийж, үр дүн 95 хувьтай байна.

Одоогоор элэг шилжүүлэн суулгах 44 мэс засал амжилттай хийж, үр дүн 95 хувьтай байна. Элэгний хатуурлын үед гардаг нэг хүндрэл бол улаан хоолойн цус алдалт. Үүнээс сэргийлэх ажлыг 2008 оноос АНУ-ын эмнэлэгтэй хамтран сургалт хийсний үр дүнд манай томоохон эмнэлгүүд улаан хоолойн цус алдалтыг зогсоох эмчилгээг амжилттай хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, элэгний хатуурлаас болж цус алдаж, хүний амь эрсэддэг байсан бол одоо тийм хүндрэл гарахгүй болсон гэсэн үг. Бусад эмчилгээний тухайд олон улсын удирдамжийг монголын хөрсөнд буулгаж 2008, 2012 , 2017 онд баталж, үүний дагуу эмчилгээ хийж байна. Энэ нь дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоо хийж байна гэсэн үг юм. Хэдий эмч, мэргэжилтнүүд дэвшилт технологиор дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ хийж байгаа боловч иргэд рүү чиглэсэн эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал. Тиймээс хүүхдүүдэд цэцэрлэгт байхаас нь эхлэн эрүүл мэндийн боловсрол олгоход онцгой анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

-Заавал өвчилсний дараа асуудал үүсгэх бус, өвчнөөс урьдчилэн сэргийлэхийн тулд хэрхэх ёстой вэ?

Өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн боловсролыг ярих хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсрол гэдэг хамгийн түрүүнд амьдарч буй орчноос эхэлдэг.  Манай улаанбаатар гэр хороолол ихтэй, хамгийн их хөрсний бохирдолтой хот. Угаадас, муу усаа асгаснаар хөрсийг ихээр бохирдуулдаг. Энэ нь хавар ууршиж газрын хөрсөнд ил гарснаар тухайн орчинд амьдарч буй иргэдийг өвчлүүлэх үндэс суурь нь болдог.

Энгийн жишээгээр тайлбарлахад, угаадас асгасан хөрсөн дээр гишгэсэн гутлаараа гэртээ орж, хүүхэд нь түүн дээр мөлхсөнөөр халдвар авч эхэлдэг. Иймээс хавар шар өвчний халдвар ихэсдэг шүү дээ.

Дараагийн нэг шалтгаан нь намар самар их дэлгэрч, цэвэрлээгүй самрыг угаагаагүй гараар иддэг нь элэгний өвчлөлийн суурь болдгийг ойлгох хэрэгтэй. Уг нь хүний дархлааны систем сайн бол ямар ч халдварыг тусахгүй байх боломжтой. Гэтэл бидний дархлааг бууруулдаг хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, агаарын бохирдол хүний биеийн дархлааг маш ихээр бууруулдаг. Хоёрдугаарт, илүүдэл жинтэй үед хүний дархлаа хүссэн хүсээгүй буурдаг учир халдвар авах магадлал өндөр.

Ярилцсан: Ж.Уранмандал, Өнөөдөр сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 6 = 10