Мэдээ, Онцлох|(2018-08-20 10:23)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эрүүл бус хүнсний сурталчилгаа хүүхдийн хооллолтын мэдлэг хандлага, дадалд нөлөөлөх нь

emch

Хүн амын дундаж наслалт,эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний үндэс суурь энэ насанд тавигддагыг судлаачид тогтоожээ.

НЭМҮТ-ийн 2013 онд хийсэн “ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” судалгаагаар 12 ба түүнээс доош насны сурагчдын илүүдэл жин 3.6 хувь,таргалалт 15.9 хувь байсан бол 2016 оны “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар 6-11 насны хүүхдийн 28.6 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай буюу 2 дахин нэмэгдсэн байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.Мөн 6-11 насны хүүхдийн 99% нь 7 хоногт нэгээс илүү удаа эрүүл бус хүнс,өсвөр насныхны  80.9 хувь нь чихэрлэг ундаа,77.3 хувь нь их тосонд шарж болгосон хоол хүнс, 97.8 хувь нь амтлаг чихэрлэг хүнсийг 7 хоногт нэгээс илүү удаа хэрэглэдэг байна.

Хүүхдүүдийн хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйл байгаа хэдий ч хүүхдийн хооллолт, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд зар сурталчилгаа чухал нөлөө үзүүлдэг байна. Хүүхэд 12 хүртлээ аливаа нөлөөнд автамтгай, итгэмтгий байдаг тул зар сурталчилгаа тэдний сэтгэцэд нь сөрөг нөлөөлдөг аж.2015 онд хийсэн “ЕБС, түүний орчинд борлуулагдаж буй хоол хүнсний чанар,аюулгүй байдал” судалгаагаар 12 хүртэлх насны сурагчдын 10.1 хувь нь хоол хүнсний сонголтод зар сурталчилгаа нөлөөлсөн гэж хариулжээ.

“Суруулийн хоол хүнсний орчин, зар сурталчилгаа, түүний хүртээмж-2012” судалгаагаар сургуулийн орчин дахь 250 м зайд байрлах зар сурталчилгааны нягтрал 100м2 тутамд 0.9 ш байсан ба эрүүл бус хоол хүнсний сурталчилгаа дийлэнх хэсгийг эзлэж байжээ. Сургуулийн гадна орчинд байрлаж буй хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл бус хоол хүнсийг сурталчилж байсан ба дунджаар 2.1 ш сурталчилгааны зурагт хуудас сургууль дотор байрлаж, эрүүл хоол хүнсний сурталчилгаа 1.0ш, эрүүл бус хүнсний сурталчилгаа 1.8ш байжээ.

Дэлхийн улс орнууд хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, халдварын бус өвчин (ХБӨ)-өөс сэргийлэхийн тулд юуны түрүүнд сургуулийн орчинд сурагчдын хэрэглэж байгаа болон худалдаалж буй хоол хүнсний нэр төрөл, шим тэжээллэг чанарт стандарт тогтоон хяналт тавьж ажилладаг.

Манай улсад ч мөн адил сургууль цэцэрлэгийн орчинд хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан журам /ЭМ-ийн сайдын 2013 оны 207 дугаар тушаал, “Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”/-ыг баримталж ажилладаг.

Судалгаанаас харахад сургууль дотор журмаар хориглосон хоол, хүнснийг худалдаалах нь харьцангүй цөөн боловч сургуулийн ойролцоох хүнснимй дэлгүүр,цэгээс хориглосон бүтээгдэхүүнүүдийг худалдан авах тохиолдол түгээмэл байна.Иймд сургууль цэцэрлэгээс 150-200 м-т байрлаж буй хүнсний дэлгүүрүүдэд худалдаалахыг хориглох, хязгаартай худалдах бүтээгдэхүүний жагсаалтыг шинэлэн боловсруулах,эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах асуудлыг илүү өргөн цар хүрээг хамруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.Тухайлбал телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслэл болон гудамж талбайд байгаа эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаанд тавих хяналтыг сайжруулах, хязгаарлах, хориглох шаардлага байгааг дээрх хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд батлан харуулж байна.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



4 + 3 =