Мэдээ, Онцлох, Хүүхэд|(2018-08-16 09:38)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


2-12 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ

0896d2060cd8a42egreat

 Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ үндэсний хөтөлбөрийг баталлаа. Ингэснээр 2-12 насны хүүхдийн шүдийг улсын эмнэлгүүд үнэ төлбөргүй эмчилж байхаар боллоо. Засгийн газраас уг ажлыг эхний ээлжид таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр баталж, уг ажилд 50 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Энэхүү хөтөлбөр нь ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалсан маш чухал арга хэмжээ гэж Засгийн газар үзлээ.

Өнөөдрийн байдлаар 18 нас хүртэлх хүүхдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй. Эдгээрээс бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хэмжээ 67.5 хувьтай байна. Шүд цоорох өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчлөлийг үүсгэдэг, улмаар амь насанд аюултай өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхдийг хамруулна. Үүний үр дүнд 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Амны хөндийн эрүүл ахуйг сахих зан үйлийг ард иргэддээ төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажил гол байр суурь эзэлнэ. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд шүдээ угаадаг байх, амны хөндийн эрүүл ахуйг сахих орчныг бүрдүүлж ажиллана. Мөн хүний нөөц, тоног төхөөрөмж, эмнэлгийн боломжийг бүрдүүлэх дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн 17 чухал ажлыг хийнэ“ гэлээ. Засгийн газар бэлтгэл ажлаа хангаж дууссанаар буюу ирэх оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх юм байна.

М.ӨНӨРӨӨ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + 4 =