Онцлох, Ярилцлага|(2018-08-16 10:37)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Д.Нямсүрэн: Биеийн аль нэг хэсэгт идээт голомт байвал заавал эмчлүүлэх шаардлагатай

6b3738_66_x800

Төрийн шагналт, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Нямсүрэнг  “Эрүүл мэнд”-ийнхээ эрхэм зочноор урив.  Бөөр өвдөх шалтгаан хийгээд бөөрийг хэрхэн гамнаж хайрлах, бөөрний дутагдал юунаас үүсдэг тухай ярилцлаа.

БӨӨРНИЙ ӨВЧНИЙГ ЦАГ ТУХАЙД НЬ ЭМЧЛЭХГҮЙ БОЛ ИХ АЮУЛТАЙ

–Энэ удаа хоёулаа их энгийн яриа өрнүүлье. Эрүүл мэндийн салбарын асуудал, Донорын хууль, эсвэл бөөрний эмгэг өөрчлөлтүүд гээд хэтэрхий албажсан асуултаа түр орхиод, зөвхөн бөөр яръя. Монголд өнөөдөр бөөрний өвчлөл хэр байна вэ?

-Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэдэг. Өөрийнх нь амьдралын хэв маяг, хоол хүнсний хомсдол, архидалт, тамхидалт, биеэ үнэлэлт, бэлгийн замбараагүй байдал, эмийн замбараагүй хэрэглээ хаана байна, тэнд л өвчин байдаг. Өнөөдөр, Монгол Улсын нийт өвчлөлийн гуравт, хэвтэн эмчлүүлэгсдийн 4-5 дугаар байрт бөөр шээс, бэлгийн замын өвчин орж байна. Сүүлийн үед эрчүүдийн дунд түрүү булчирхайн архаг үрэвсэл, хортой, хоргүй хавдар оношлогдох болсон. 

Мөн янз бүрийн бэлгийн замын халдварт өвчнөөс шалтгаалаад шээсний сүвний өвчин үүсэж байна. Мөн бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл ихэсч байна. Энэ нь голдуу шүд хорхойтох өвчин, чихнээс булаг гоожих, идээлэх, үүнийгээ удаан хугацаанд эмчлүүлэхгүй явснаас болдог. Хоёр бөөрийг хоёуланг нь өвчлүүлж, бөөрний түүдгэнцэрийн сувгууд хатингаршаад, жижгэрэн, сорвижоод, алга болсон тохиолдолд бөөр шилжүүлэн суулгуулахаас өөр замгүй болдог.

Тун арга ядвал хиймэл бөөрний аппаратад орж байж амьд гарах боломжтой. Өдгөө бөөр шилжүүлэн суулгасан иргэдийн 99 хувь нь бөөрний архаг түүдгэнцэрийн үрэвсэлтэй байна. Нэг, хоёр хувь нь л бөөрний судасны хатуурал, чихрийн шижин өвчин болон төрөлхийн гажигтай байна даа.

– Бөөрний өвчин залуужиж байна гэж сонссон. Энэ үнэн үү. Ер нь хүүхдэд том хүний бөөрийг суулгаж болдог уу?

-Залуужиж байгаа гэсэнтэй санал нийлэхгүй байна. Сүүлийн үед оношилгоо, эмчилгээ сайжир­сан. Статистик мэдээ, бүртгэл тооцоо, дэд бүтэц хөгжсөн учраас янз бүрийн өвчин эмгэгийг цаг алдалгүй оношилж, эм­чилж байна. Агаар, хөрсний бохирдол, хоол хүнс гээд гаднах хүчин зүйлээс шалтгаалсан өвчлөл байж болох юм. Монголд анх удаа 2006 онд хүүхдэд бөөр шилжүүлэн суулгасан. Аавынх нь бөөрийг хүүхдэд нь суулгасан. 

Монгол Улсын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгах баг хамт олны чадвар жилээс жилд нэмэгдэж байгаа шүү дээ. Тэр дундаа сүүлийн 4-5 жилд чадвар нь маш сайн болсон. Одоогоор 170 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна. Улсынхаа ууган эмнэлэгт, Монголынхоо чадварлаг хамт олонд итгэж найдаж, хандаж болно.

– Хиймэл бөөрний аппаратад орж, цусаа шүүлгэж байгаа залуусыг хараад санаа зовох юм. Дандаа л нөхөн үржихгүйн, хөдөлмөрийн насныхан харагдах юм?

-Бөөрний өвчин ихэсч байгаа нь олон шалтгаантай. Өвдөөгүй байсан ч шинжилгээ өгч, эрүүл мэндээ байнга анхаарч байх хэрэгтэй. Бөөрний өвчнийг цаг тухайд нь эмчлэхгүй бол их аюултай. Эцсийн бүлэгт бөөрөө солиулахаас өөр аргагүй болно.

БӨӨР БОЛ БИЕМАХБОДИЙГ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ, ДОТООД ШҮҮЛТҮҮР ЮМ

–Энэ өвчнөөр ямар нас, хүйсний хүмүүс их өвчилж байгаа вэ?

Бөөрний өвчин хүүхэд наснаас эхэлж явсаар бөөрний үйл ажиллагааны дутагдалд орох нь гол төлөв 20-40 насны идэр залуус байдаг. Ид хөдөлмөрийн чадвартай нас. Хүйсийн хувьд судалгаа хийж үзэхэд нийт эмчлүүлэгчдийн 60-70 хувь нь эрэгтэйчүүд байна.

–Тэгвэл энэ насныхан эрүүл мэнддээ бага анхаардаг гэсэн үг үү. Ер нь бөөр ингэж өвчлөөд байгаа нь юутай холбоотой юм бэ? 

-Хувь хүний эрүүл мэнддээ тавих анхаарал дутмагаас болж байна. Эрчүүд өвчнөө тоохгүй яваад байдаг. Нөгөө талаар, тэд хөдөлмөрийн насны, хүнд хүчир хөдөлмөр хийдэг улс. Үүнээс гадна гадны нөлөөтэй буруу зуршил, бэлгийн ариун цэвэр, хувийн ариун цэврийн дэглэм, хоол ундны зөв хэрэглээ, төрөлхийн болон олдмол гажиг эмгэгүүд их таргалалт, чихрийн шижин гэх мэт шалтгаанаас үүдэлтэй байна.

-“Бөөр өвдөөд” гээд яваад байдаг хүн олон байдаг.  Хүндэрсэн хойноо эмнэлэгт ханддаг. Магадгүй энэ нь бөөрийг үхэлд хүргэх өвчин биш гэж боддогтой холбоотой байх. Нөгөөтээгүүр, хүн болгон хоёр бөөртэй гэдгээ мэддэг.  Харин үүрэг ролийг нь тэр бүр нарийн мэдэхгүй. Тиймээс та хэн хүний заавал мэдэх ёстой нарийн зүйлсийг нь хэлж өгөөч?

-За, тэгвэл эрүүл болон өвчтэй үеийн бөөр ямар байх вэ гээд хэдэн зүйл хэлж өгье. Эрүүл хүн байгалиас заяагдсан хоёр бөөртэй байдаг. Тэдгээр нь ууц нурууны дээд хэсэгт, хэвлийн гялтангийн арын зайд, хавирганы цаана байрладаг. Насанд хүрсэн эрэгтэй хүний бөөр 12 см урт, 6 см өргөн, 3-4 см зузаантай, ойролцоогоор 180 грамм жинтэй байдаг. Бөөрний үндсэн үүрэг бол биемахбодийг цэвэрлэх дотоод шүүлтүүр юм.

Гол үүрэг нь, бөөрний артерийн судсаар ирж буй цусыг цэвэрлэж, түүнд агуулагдаж буй уургийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох креатинин, мочевин зэрэг бусад хорт бодисуудыг зайлуулдаг.  Өөрөөр хэлбэл, бид хоол тэжээлээрээ олон төрлийн давс, хүний амьдралд нэн чухал шаардлагатай эрдэс бодисуудыг авдаг. Гэвч хүний биед эдгээр давс бүгдээрээ хэрэгтэй байдаггүй. Тиймээс бөөр нь уургийн задралын эцсийн бүтээгдэхүүн азотын нэгдлүүдийг шээсээр дамжуулан биеэс зайлуулах үүрэгтэй.

Бодисын солилцооны үлдэгдэл бодисууд, илүүдэл давс зэргийг шээсээр ялгаруулснаар бөөр нь бие махбодийн усны тэнцвэрийг зохицуулж байдаг. Мөн бөөр нь бусад хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэнэ. Даавар боловсруулдаг дундын холбогч бодис, судсан дахь цусны ерөнхий эзлэхүүн, цусны даралт зэргийг зохицуулдаг. Мөн Д амин дэм үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь ясны эрүүл байдлыг хангадаг. Энэ мэтчилэн бөөрний гүйцэтгэх үүрэг их. Тийм болохоор бөөрөө гамна, хайрла гээд хэлээд байгаа хэрэг.

–Сүүлийн үед хүмүүс бөөрний дутагдалд их орж байна. Ялангуяа, залуус. Энэ өвчин юунаас болж үүсч байна вэ. Удаан хугацаанд өвчилсөн бөөр архагшихаараа бөөрний дутагдалд ордог уу?

-Бөөр бол тасралтгүй, зогсолтгүй ажилладаг тэсвэр сайтай эрхтэн. Гэмтэж өвчилсөн байсан ч ядаж 15 хувьд нь эрүүл эд үлдсэн байхад ч үүргээ биелүүлэх чадвартай байдаг. Гэвч  хэзээ нэгэн цагт өвчилсөн  бөөр өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадахгүй болж, хортой бодисуудыг шээсээр зайлуулж амжихгүй болсноор эдгээр хортой бодисуудын агууламж хүний цусанд өндөрсөж бөөрний дутагдал хэмээх хүнд өвчин үүсдэг. Бөөрний дутагдалыг цочмог ба архаг явцтай гэж хоёр ангилдаг. Бөөрний цочмог дутагдал  нь төрөл бүрийн гэмтэл эсвэл түр зуурын эмгэг өөрчлөлтөөс шалтгаалан бөөрний үйл ажиллагаа нь богино хугацаанд алдагдсанаар үүсдэг.

–Эмчилгээ хийгээд ч үр дүн байдаггүй хэрэг үү. Мөн бөөрний дутагдал нь ямар нэгэн хавсарсан өвчнөөс шалтгаалж үүсдэг үү. Жишээ нь, сахрын өвчин ч юм уу?

-Эмчилгээний үр дүнд бөөрний үйл ажиллагаа нь  бүрэн болон хэсэгчлэн сэргэдэг. Бөөрний архаг дутагдал нь байнгын урт удаан хугацааны,  үе шаттай олон жил үргэлжилсэн өвчин эмгэгийн улмаас бөөрний эд эс эргэшгүй өөрчлөлтөд орсны үр дүнд үүсдэг. Мөн бөөрний дутагдал  нь халдварт өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, удамшлын эмгэгийн үр дүнд үүсэх боломжтой. Бөөрний архаг дутагдал нь  эцсийн буюу терминаль шатандаа хүрэхэд л бөөр үйл ажиллагаагаа явуулж чадахаа больдог.

БӨӨРӨӨ ЯАЖ ЭРҮҮЛ БАЙЛГАХ ВЭ?

–Бөөрний дутагдалд орсон үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ. Бөөр өвдөхөөс гадна шээс гарахаа болих зэрэг илэрхий мэдэгдэх шинж тэмдэг юу байх бол?

-Өвчтөнд ихэнхдээ бие сулрах, нойрмоглох,амархан ядрах зэрэг зовиур илэрдэг. Хоолны дуршил муудаж, хоол ундны амт өөрчлөгддөг.Бөөрний дутагдлын үед  зонхилон тохиолдох шинж тэмдгүүд гэвэл загатнаа үүсэх, өдрийн шээсний  хэмжээ багасч, шөнийн шээсний хэмжээ нэмэгдэх, дотор муухайрах, бөөлжих, арьс нөсөөтөх, хөхрөлт үүсэх хандлагатай болох, бэлгийн үйл ажиллагаа сулрах,  хөл хавагнах, амьсгаадах, чээжээр өвдөх, булчин шөрмөс татах, чангарах зэрэг шинж тэмдэг үүснэ.

Бөөр үйл ажиллагаагаа явуулж чадахаа больсон үед түүний үйл ажиллагааг орлуулан хиймэл бөөрний аппарат гемодиализ эсвэл хэвлийн гялтан хальсаар дамжуулан бөөр орлуулах эмчилгээг хийж, цуснаас хорт бодисыг нь зохиомлоор цэвэрлэдэг.Дээрх  аргаар цус шүүсэн ч энэ нь хүний бие махбодод бөөрний  гүйцэтгэх бусад чухал үүргийг гүйцэтгэдэггүй. Тухайлбал ясны чөмгөнд улаан эс эритроцит боловсрох үйл ажиллагааг идэвхжүүлэхгүй.

Эргэлт буцалтгүй эдгэршгүй өвчтэй бөөрийг бүрэн орлох орчин үеийн эмчилгээний арга бол зөвхөн донорын бөөр юм.  Өнөөдөр бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 800 гаруй хүн байна. Үүний 600 гаруй нь хиймэл аппаратад орж байна.

–Тэгвэл ярилцлагынхаа төгсгөлд уншигчдадаа зориулаад зөвлөгөө авъя. Хүйтэн сэрүүний уур удахгүй орно. Урин дулаан цагт  хүмүүс бөөрөө хэрхэн яаж гамнаж хайрлах ёстой вэ?

-Бөөрөө эрүүл байлгая гэвэл эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Даарч хөрөхөөс сэргийлэх. Ялангуяа чийглэг, жиндүү орчин бөөрний далд явцтай өвчлөлийг сэдрээдэг. Мөн доргилтоос сэргийлэх хэрэгтэй. Бөөрний түүдгэнцэр, шээс боловсруулах сувганцар зэрэг нь доргилтыг маш эмзэг хүлээж авдаг.  Доргилтоос гэмтэл үүсч, бөөрний ноцтой өвчлөлийн шалтгаан болно.

Хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Хурц амттай хоол, утсан хүнс зэрэг нь бөөрний түүдгэнцэр, сувганцарын салслаг бүрхэвчийг цочроож гэмтээдэг. Мах, амьтны гаралтай хүнсийг их хэрэглэх нь бөөрөнд хортой азотлог бодис ихээр үүсгэдэг аюултай. Кофе их ууж болохгүй. Хэтрүүлбэл бөөрөнд хортой шүвтрийн хүчил биед үүсэх болно.

Амьтны бөөр идвэл бөөрөнд сайн гэдэг нь худлаа. Дээд зэргийн цэвэр ус ууж байх хэрэгтэй.Зарим булаг, шандны болон худгийн  усанд бөөрөнд хортой хүнд металлын давс их байдаг. Архи, согтууруулах ундаа бөөрөнд маш хортой. Архи уудаг хүний бөөр байнга хордож байгаа учир ямар өөдтэй байх вэ.

–Бусад өвчлөлөөс үүдэж өвдөх тохиолдох их биз. Жишээ нь ямар өвчлөлүүд байх уу?

-Биеийн аль нэг хэсэгт идээт голомт байвал заавал эмчлүүлэх шаардлагатай. Жишээ нь, хоолойны мах, шүдний өвчин, архаг идээт голомт зэрэг. Өөрийн дураар элдэв янзын эм хэрэглэх нь бас л аюултай. Эм таарч тохирсон тунгаараа эм болно, таарч тохирохгүй бол бас л химийн хор шүү дээ. Эцэст нь хэлэхэд хүүхэд ахуйд нь хүүхдүүдийнхээ хоолой, шүдийг эрүүл байлгаж, шаардлагатай дулаан, тохирсон хувцас өмсгөж, эрүүл ахуйн наад захын дэглэмийг хангаж, чанартай хоолоор хооллож, шаардлага гарсан үед эмчид яаралтай үзүүлж, зөвлөгөө авч байх нь нэн чухал шүү.

Ялангуяа, зөв хүмүүжүүлж, зөв зуршилд сургах нь юу юунаас илүү чухал. Жишээ нь, эмэгтэй хүүхдийн бөгсийг багаас нь зөв арчуулж, угаалгаж сургах нь юу юунаас илүү чухал. Эцэст нь хэлэхэд хүн бүр өөрийгөө хайрладаг, эрүүл мэнддээ анхаардаг байх хэрэгтэй.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 2 =