Онцлох, Ярилцлага|(2018-08-15 10:58)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Г.Наранбаатар: Тарвага хүн, малд халдах 200 гаруй өвчний вирусийг тээж явдаг

88393f76fad48666big

Олон улсын тарвага судлаачдын эрдэм шинжилгээний YII хурлыг ШУА, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар улсын тарвага судлалын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн бага хуралд Австри, Англи, АНУ, ХБНГУ, Итали, ОХУ, Казахстан, Киргиз, Монгол, Украин, Франц, БНХАУ, Япон зэрэг дэлхийн 13 орны нийт 120 гаруй эрдэмтэн судлаач судалгааныхаа ажлын үр дүнг илтгэсэн материалаа ирүүлж, аман болон ханын 52 илтгэлийн хураангуй, 28 илтгэлийг бүрэн эхээр нь нэгтгэсэн эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтэлж олны хүртээл болгох юм. Мөн Монгол Улсад анх удаа энэхүү хурлыг зохион байгуулснаараа онцлог бөгөөд уг ШУА-гийн үйл ажиллагааны талаар ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г. НАРАНБААТАРТАЙ ярилцлаа.

-Монгол улсад хэдэн төрлийн тарвага нутагшиж байна вэ?

-Манай оронд хоёр дэд зүйлийн тарвага байдаг. Алтайн болон монгол тарвага гэж. Алтайн тарвага нь Алтайн уулсаар тархсан байх бөгөөд ерөнхийдөө Баян- Өлгий, Увс аймгийн зарим нутгаар амьдардаг. Харин монгол тарвага нь манай орны төв болон зүүн аймгаар элбэг тархсан байгаа юм.

-Монголчууд тарваганы махыг чанаж, зарим үед түүхийгээр нь эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Ингэж хэрэглэсэн нь ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?

-Тарвага нь амьдралынхаа 70-80 хувийг нүхэнд өнгөрөөдөг учраас өөрийг нь шимэгчилдэг гаднын болон дотоод шимэгчийг зөөвөрлөж, ямар нэг өвчнийг дамжуулах үндсэн эх суурь болдог. Ер нь тарваганы мах эд эрхтнийг шүүрхий болон түүхийгээр нь идвэл тэр халдварт өвчнүүд хүнд шууд болон дам байдлаар халдах боломжтой гэсэн үг. Тарваганы төдийгүй аливаа амьтны цус, эд эрхтэнг түүхийгээр хэрэглэх нь буруу. Хүрээлэн буй орчны бохирдол их байгаа нөхцөлд зэрлэг амьтны махыг боловсруулж идэх зайлшгүй шаардлагатай. Сөрөг талаас хүн, малд өвчин дамжих шууд болон халдвар дэгдэх үндсэн голомт болж байгаа гэсэн үг. Тарваганы агнуурын үе гэж байдаг. Бие гүйцсэн нэг тарваганаас 10- 14 дм талбай бүхий үслэг арьс, олон тооны хүчил, амин дэмээр баялаг 2,3-5,4 см урт дөрвөн соёог гоёл чимэглэлийн зүйлс хийхэд ашигладаг. Мөн ходоодны идэш, махны шөлийг малын тэжээлд, элэг, цөс, зүрх, бөөр зэрэг дотор эрхтнийг ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн уламжлалтай.

-Тарваганы тоо толгойн өсөлт сүүлийн үед хэр байна вэ?

-Хууль бус ан агнуур, байгаль цаг уурын байдал цөлжилт, дулааралт гэх зэргээс шалтгаалж нэг хэсэг ховордож байсан. Сүүлийн жилүүдэд тарваганы тооллого, зарим нэг аймагт хийсэн судалгаагаар тоо толгойн өсөлттэй гарсан. Энэ нь нэг талаас тарвагыг хамгаалах орон нутгийн бүлэг, малчдын нөхөрлөлүүд сайн ажиллаж байна. Мөн ШУА-ийн хүрээлэн, байгаль орчин хамгаалах төрийн бус байгууллагуудын зүгээс монгол тарвагыг сэргээн нутагшуулах ажлыг тодорхой бүс нутагт амжилттай хийж, 2005 оноос Байгаль орчны сайдын тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах хэмжээг “тэглэн” тогтоож, агнахыг хориглосон арга хэмжээ өнөөг хүртэл хэрэгжиж байна.

-Тарваган тахал өвчин нь юунаас болж үүсдэг юм бэ?

-Тарвага нь хүн болон малд шууд дамжих 200 гаруй төрлийн өвчнийг тээж байдаг. Үүнээс хамгийн их тохиолддог нь тарваган тахал юм. Тахлын голомттой бүс нутгаас тарвага агнаж, махыг шүүрхийгээр нь идсэнээс хүнд өвчин халдаж болно. Мөн агнасан тарвагаа өвчих буюу янзалж байхдаа гар хуруугаа эсгэсэн ил шархнаас үүдэлтэйгээр нян вирус тархах боломжтой. Өмнө нь тарваган тахлын голомттой бүс гэж зарладаг байлаа. Энэ нь Завхан, Баянхонгор, Хэнтий аймгийн зарим сумдад байдаг. Харин одоо цаг агаарын өөрчлөлт, тарвагыг нутагшуулах үйл ажиллагаа, нааш цааш зөөвөрлөх явц болон иргэдийн хайхрамж болгоомжгүй байдлаас улбаалан хаана ч өвчин илэрч болохоор болсон.

-Тарвагыг үйлдвэрлэлийн зорилгоор хэрхэн ашигладаг байв. Одоо ийм зорилгоор ашигладаг уу?

-Монголчууд өнгөрсөн зууны сүүлч хүртэл тарвагыг зөвхөн ахуйн хэрэгцээнд цөөн тоогоор агнаж, мах өөхийг нь хүнсэнд хэрэглэдэг байсан. Мөн нэг хэсэг тарваганы ан агнуур эрчимтэй байх үед арьсыг их хэмжээгээр урагшаа буюу Хятад руу гаргаж олон улсын зах зээлд нийлүүлдэг байлаа. Харин манай улсын хувьд одоогоор тарваганы арьсыг боловсруулж ашигладаг газар байхгүй болсон.

Ө.САНЖИД



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



9 + = 15