Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


С.Өнөрсайхан: Чихмэл тоглоом хүүхдийн уушгийг гэмтээж, харшил үүсгэх эрсдэлтэй

15215676185ab1478293366

Химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхантай хорт бодисын өндөр агууламжтай хүүхдийн тоглоом хүүхэд, багачуудын эрүүл мэндэд ямар эрсдэл учруулдаг талаар ярилцлаа. Доктор С.Өнөрсайханы хувьд химийн бодисын агууламжтай тоглоомыг 2009 оноос хойш судалсан судлаачдын нэг юм.

Хорт бодисын агууламжтай хүүхдийн тоглоомыг анх судалж эхэлсэн үеэс ярилцлагаа эхлэх үү?   

Анх 2009 онд АНУ-д хүүхдийн тоглоомоос хорт бодис илэрч Хятад улсад үйлдвэрлэсэн тоглоомуудыг зах зээлээс татаж авч байсан. Мөн энэ үед Монгол улсад хүүхдийн тоглоомд тавигдах стандарт, шаардлагагүй байдаггүй юм байна гэсэн асуудал хөндөгдөж гарч байлаа. Тухайн үед ЭМЯ-аас ажлын хэсэг гарч Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид хоёр цуврал судалгааг хийж байсан юм. Ингээд олон улсад мөрдөгддөг ISO 8124 гэсэн стандартыг орчуулж цуврал 4 стандартыг гаргаж, хүүхдийн тоглоомд агуулагдаж буй хуванцар болон хүнд металлын бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг хатуу тогтоож өгсөн. Үүний дараа Монгол улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоомуудыг судалж байлаа. Эхний ээлжид хуванцар тоглоомуудыг судлахад хавдар үүсгэгч бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрч байсан. Энэхүү судалгаа явагдсанаас хойш 4 жилийн дараа дахин судалгаа явуулж, ISO 8124 стандарт манай улсад мөрдөгдөж байна уу гэдгийг судалсан. Гэтэл хром, никель, хөнгөн цагаан, кадьми гэх мэт хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-5 дахин их илэрч байсан юм.

Яагаад хүүхдийн тоглоомыг анхаарч үздэг вэ гэхээр тоглоом бол хүүхдийн хөдөлмөрийн багаж юм. Тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлдэг. Олон улсад ингэж үздэг. Гэтэл ээж аав нар хүүхдийн тоглоомыг цаг өнгөрөөх хэрэгсэл гэж ойлгодог. 0-3 насны хүүхдүүдийг хуванцар тоглоомоор тоглуулахгүй байхыг зөвлөдөг. Бага насны хүүхдүүд тоглоомоо гол төлөв амандаа хийдэг учир хуванцар тоглоомын өнгө будагт орсон бодис шүлстэй урвалд орж биед орох эрсдэлтэй. Харин 3-5 насны хүүхдүүдийг зайтай тоглоомоор тоглуулахгүй байхыг зөвлөдөг. Энэ насны хүүхдүүд тоглоомын хуруувчин зай залгих явдал гардаг.

Чихмэл тоглоом аюултай юу?

Чихмэл тоглоом бас аюултай. Тоосыг өөртөө их хэмжээгээр татдаг. Бага насны хүүхдийн хамарт үс байдаггүй учир тоос шууд нэвтэрч уушгийг гэмтээдэг. Харшил үүсгэх эрсдэлтэй.

Манай улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоомын импортын байдал дээр судалгаа хийж байсан уу?

2012 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр хүүхдийн тоглоомын импортын байдалд судалгаа хийж үзсэн. Тэрхүү судалгаагаар манай улсад худалдаалагдаж буй нийт тоглоомын 90-95 хувь нь БНХАУ-ын тоглоом байсан. Хятад улсад үйлдвэрлэсэн тоглоом химийн хортой бодис болох хар тугалга, хром, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг металлыг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-5 ихээр агуулсан байсан. Хүүхэд тоглоомыг идэхгүй юм чинь аюулгүй гэж томчууд боддог. Гэтэл гар, хөл, шүлсээр дамжаад хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх аюултай байдаг.

Хорт бодисын агууламжтай хүүхдийн тоглоом хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж, яаж  илэрдэг юм бэ?

Хорт бодисын агууламжтай хүүхдийн тоглоомоос хурц хордлогын тохиолдол шууд илэрдэггүй. Зай залгисан тохиолдолд хурц хордлого илрэх нь бий. Хор судлалын шинжлэх ухаанд бага хэмжээгээр удаан хугацаанд хорт бодис авснаар архаг хордлого болно гэж тодорхойлдог.

Модон тоглоомыг аюул багатай гэж ойлгодог?

Модон тоглоомыг харьцангуй аюул багатай гэж үздэг. Модон тоглоом нь өртөг өндөртэй учир үнэтэй байдаг. Хямд үнэтэй, хуванцар тоглоом шаардлага хангахгүй тохиолдол элбэг. Гэхдээ цавуу агуулсан модон тоглоом нь хорт хавдар үүсгэгч химийн бодис формалдегид агуулж байх магадлалтай. Лак болон хүнд металл түүний дотор хар тугалга агуулж болох модон тоглоомоос болгоомжлох хэрэгтэй. Жишээ нь хар тугалга хүүхдийн тоглоомын будагч бодисын найрлагад ордог. Гялалзсан, өнгөлөг хараа булаах тоглоомыг үйлдвэрлэхэд хар тугалгын найрлагатай будагч бодисыг ашигладаг.

Эцэг эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

Үнэрлэж үзэх хэрэгтэй. Чанарын шаардлага хангахгүй тоглоом их үнэртэй байдаг. Үнийг бас анзаарах хэрэгтэй. Миний авч өгсөн тоглоом ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг сайн бодох нь зөв. Та өөрөө худалдан авч үр хүүхэд дээ өгч байгаа шүү дээ. Эд анги нь олон салдаг тоглоомыг аюултай гэж үздэг. Хаяг, шошгын сайн харах хэрэгтэй. Харин цэцэрлэгүүдийн тоглоомын чанарт улсаас анхаарах ёстой.

Тоглоом худалдан авч өгөхдөө тоомжиргүй хандуул ирээдүйд учрах эрсдэл ямар байх бол?

Хор судлалын шинжлэх ухаанд хүний өдөрт авах тун хэмжээг гаргадаг. Жишээ нь хар тугалга их хэмжээгээр агуулсан тоглоомоор хүүхэд удаан хугацаанд тоглоход сэтгэн бодох чадвар нь муудна. Хүүхэд хэт их хөдөлгөөнтэй байх нь хар тугалгатай холбоотой байж болно. Хром их хэмжээгээр агуулсан тоглоомоор удаан хугацаанд тоглох юм бол хавдартай болдог.

Хуванцар тоглоомд агуулагддаг бодис мөн хавдар үүсгэнэ. Гэхдээ хүүхдийн дархлаанаас хамаарна. Хүүхэд бүр өвдөхгүй. Хүний бие, организм хорт бодисыг биеэс гадагшлуулж байдаг.

Ярилцсанд баярлалаа.

ТОГЛООМ СОНГОХДОО АНХААРАХ ТЭМДЭГЛЭГЭЭ

36 сараас доош насны хүүхдэд тоглуулж болохгүй.

Европын стандартад нийцсэн гэсэн тэмдэглэгээ. Түүнчлэн эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгийг илтгэнэ. Гэвч яг үүнтэй адил Хятадын тэмдэглэгээ байдаг бөгөөд хүмүүсийн ихэнх нь энэхүү хоёр тэмдэглэгээг андуурах тохиолдол байдаг.

Полифенил хлорид гэх химийн бодис агуулаагүй гэсэн тэмдэглэгээ.

Lion mark гэсэн энэхүү арслангийн тэмдэг нь таны хүүхдийн тоглоомын шошго нь дээр байвал эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлага хангасан гэсэн тэмдэглэгээ юм.

Г.Дугар

Zaluu.com



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



7 + 5 =