Мэдээ, Онцлох|(2018-06-26 12:46)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Чихэрлэг ундаа уухгүй байх үндсэн шалтгаан

1504665106_78262

ДЭМБ-аас Эрүүл бус хүнсний бүтээгдэхүүн болох чихэрлэг ундаанд 20 хувийн татвар ногдуулснаар иргэдийн жилийн хэрэглээг 28 хувиар бууруулах боломжтой хэмээн   тогтоожээ.

Уг судалгааны үр дүнгийн талаар АШУҮИС-ийн НЭМС-ийн Орчны, эрүүл мэндийн тэнхимийн Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Чихэрлэг ундаа нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ. Бусад олон төрлийн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн байгаа. Гэтэл яагаад заавал чихэрлэг ундааг онцолж байна вэ?

 Чихэрлэг ундаа нь ямар ч шимт чанаргүй, энгийн нүүрс ус ихээр агуулсан бүтээгдэхүүн. Элсэн чихэр нь биед өөх болон хуримтлагдаж, илүүдэл жин, таргалалтын эх үүсвэр болдог.

Цаашлаад чихэрлэг ундааны хэрэглээ нь чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Яагаад чихэрлэг ундааг онцолж байна гэхээр хүн өдөрт шингэн зүйл илүү их уудаг. Хоол бол идээд л цадчихдаг. Харин уух ундаа нь хүний хамгийн их хэрэглэж буй зүйл. Ялангуяа, одоо халуун дулааны улирал ирсэн цагт ихэнх хүн ундааг л илүүтэй сонгож уудаг.  Хүүхэд, багачууд тэр дундаа чихэрлэг ундааг маш их уудаг. Багаасаа эрүүл мэндээ хордуулж байна л гэсэн үг юм.

-Таргалалт болон халдварт бус өвчин нь манай улсын эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болоод байгаа шүү дээ?

-Тийм ээ. Халдварт бус өвчний тархалтаараа Монгол Улс Номхон далайн бүсийн орнуудаас долоодугаар байранд орж байна. Тэр дундаа Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчин. Жил бүр дунджаар 57 тэрбум төгрөгийг зөвхөн зүрх судасны өвчнийг эмчлэхэд зарцуулж байна. Энэ нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Тухайлбал, 2018 онд хийгдсэн Хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүнгээр эхчүүдийн 46.2 хувь, 19-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин, таргалалттай байгааг тогтоосон.

Мөн сургуулийн сурагчдын 4 хүүхэд тутмын нэг, тав хүртэлх насны 8 хүүхдийн нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь бага наснаас эхлэн илүүдэл жин, таргалалт үүсч буйг илтгэж байна. Судалгааны зөвлөмжид өндөр илчлэгтэй, шимт бодис багатай хүнс болох чихэрлэг ундаанд татвар ногдуулах шаардлагатай гэж тусгасан байдаг.

-Чихэрлэг ундаанд татвар ногдуулсанаар ямар давуу талтай вэ?

– АШУИС-ийн Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн багш, судлаачид 2015-2017 онд чихэрлэг ундааны хэрэглээнд болон татвар ногдуулснаар ямар ач холбогдолтой байх талаар судалгаа хийсэн.

Энэхүү судалгаагаа шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт танилцуулах, дэмжлэг авах зорилготой уулзалт хэлэлцүүлгийг зургаадугаар сарын 15-нд зохион байгуулсан.

Судалгааны үр дүнгээр Монгол улсад чихэрлэг ундааны үйлдвэрлэлд үндэсний үйлдвэрүүд давамгайлж байгааг тодорхойлсон. Тиймээс ч хэрэглэгчид импортын гэхээсээ өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж байна.Сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30 хувиар, жимсний шүүстэй харьцуулахад хийжүүлсэн ундааны үйлдвэрлэл эрс өсөн, 1.5 дахин нэмэгдсэн.

 Түүнчлэн Монгол улсын 2012 оны өрхийн чихэрлэг ундааны зардлыг 2015 оныхтой харьцуулахад 41 хувиар өсөж, 77.3 сая төгрөгт хүрсэн нь анхаарал татаж байгаа юм. Энэ нь хэрэглэгчийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар хүрэхийг сэрэмжлүүлж байна.

Монгол улсад чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулдаггүй. Тиймээс бид тооцолол гаргахад манай улсад чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулахад татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг байх ба улсын төсвийг 91.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байна.

Мөн чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар тогтоосны үр дүнд жилд нэг хүнд ногдох энэ төрлийн ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой байгааг тооцож гаргасан.

Энэ үр дүнгээ бид шийдвэр гаргагч нарт танилцуулсан. Удахгүй яам, тамгын газрууд бодлогын шийдвэрт хүрэх байх гэж найдаж байна.

-Бусад улсад чихэрлэг ундаанд татвар ногдуулаад үр дүнд хүрсэн жишээ бий юу?

-ДЭМБ-аас гишүүн орнууддаа чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах замаар илүүдэл жин, таргалалттай үр дүнтэйгээр тэмцэхийг зөвлөмж болгосон байдаг. Энэхүү зөвлөмжийн дагуу АНУ-ын ихэнх муж, Австрали, Мексик, Чили, Дани, Финлянд, Норвеги, Франц, Их Британи, Ирланд, Номхон далайн арлын орнууд, БНСУ, Камбож, Бангладеш, Лaoc, Өмнөд Африк зэрэг дэлхийн олон улсад чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулаад байна.

Мексик, дэлхийн хамгийн өндөр таргалалт, чихрийн шижингийн тархалттай улсад тооцогддог. Иймээс Мексикийн засгийн газраас 2014 оноос чихэрлэг ундаанд 10 хувийн татвар ногдуулсан.Энэхүү татварын бодлогын үр дүнд дараагийн 10 жилийн хугацаанд илчлэгийн хэрэглээг нэг хүнд хоногт 8.38 ккал-аар бууруулж, илүүдэл жингийн тархалтыг 0.51 хувиар, таргалалтын тархалтыг 2.54 хувиар, чихрийн шижингийн шинэ тохиолдлыг 1.7-6.8 хувиар бууруулах боломжтойг тооцоолсон байна.

-Судалгааны үр дүнгээс илүү дэлгэрэнгүй танилцуулбал? Цэвэр уснаас өөр чихэр агуулаагүй уух зүйл байна уу?

-Сүүлийн үед усыг хүртэл чихэртэй хийдэг болсон байна. Кофе, цай, сүү, тараг, жүүс, хийжүүлсэн ундаа, хүч тамирын ундаа бүгд л тодорхой хэмжээний чихэр агуулсан байдаг нь судалгаагаар нотлогдсон.

Тодруулбал,

  • 500 мл савалгаатай хийжүүлсэн ундаанд ойролцоогоор 12 цайны халбага элсэн чихэр агуулагддаг байна.
  • Улаанбаатар хотын 2-18 настай 3 хүүхэд тутмын нэг нь өдөр бүр чихэрлэг ундаа уудаг. 2 хүүхэд тутмын нэг нь төрөл бүрийн чихэртэй цай, ундаа өдөр бүр уудаг.
  • Хүүхэд, өсвөр үеийнхэн өдөр бүр 330 мл чихэрлэг ундаа уух нь таргалалтын эрсдэлийг 2.8 дахин нэмэгдүүлдэг.
  • 1 лааз (330 мл) ундаанд 8 цайны халбага элсэн чихэр агуулагддаг.
  • Хэрэв та өдөр бүр 500 мл чихэрлэг ундаа уудаг бол нэг жилд 22 кг элсэн чихэр идэж байна.
  • 500 мл савалгаатай жимсний ундаанд ойролцоогоор 11 цайны халбага элсэн чихэр агуулагддаг
  • 250 мл савалгаатай хүч тамирын ундаанд ойролцоогоор 7 цайны халбага элсэн чихэр агуулагддаг.

-Иргэд хэрхэн чихэрлэг ундааны хэрэглээгээ багасгах вэ?

-Иргэдийн өөрсдийн сонголт. Эрүүл мэндээ бодвол энэ төрлийн ундааг аль болох авч уухгүй байх нь дээр. Бидний зүгээс ч мөн чихэрлэг ундааны  хэрэглээг багасгах зорилгоор, иргэд, ялангуяа цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд идэвхтэй хэлбэрээр сургалт сурталчилгааны ажлууд хийхээр төлөвлөөд эхнээсээ хийгдэж байгаа.

Саяхан, ЕБС-ийн сурагчдын дунд “Чихэрлэг ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөө” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж,ялагчийг тодруулсан. Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт судалгааны үр дүнгээ танилцуулах үеэр , бүтээлүүдээр нь үзэсгэлэн гаргасан. Мөн хэвлэл мэдээллээр сурталчлах, олон нийтэд хүргэхийн тулд сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарласан. Бага насны хүүхдүүдэд эртнээс ойлгуулахын тулд зурагт хуудас хийж тараана. Эдгээр ажлууд нь үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.


Чихэрлэг ундаа нь зөвхөн таргалалт төдийгүй  диатез, дархлаа бууруулах, хоолны дуршил бууруулж цаашдын өвчний суурь болдог гэдгийг мөн хэлэх хэрэгтэй. 
А.ҮЛЭМЖ, IKON.MN



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 2 = 8