Онцлох, Ярилцлага|(2018-06-21 14:41)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Цагаан идээ зуны улиралд махыг орлодог

ae8f82332f2762e5original

“Интермед” эмнэлгийн эмчилгээний хоол зүйч эмч Д.Цэдэвсүрэнтэй зуны улиралд хэрхэн зөв хооллох талаар ярилцлаа.

-Монголчууд эртнээс зундаа цагаан идээ, өвөл мах зонхилон идэж ирсэн. Энэ эрүүл мэндэд хэр ач холбогдолтой вэ?
-Монголчууд зундаа цагаан идээ иддэг байсан. Энэ бол маш зөв соёл юм. Манай орон ихэнхдээ нартай байдаг. Тэгэхээр монголчууд нарнаас ирж байгаа кальци, витаминыг цагаан идээндээ шингээж хэрэглэдэг их ухаантай улс.

Цагаан идээ уургаар баялаг, тос тодорхой хэмжээгээр агуулдаг учир аюулгүй бас эрүүл

Тэд өвөл мах, өөх идэж зундаа цагаан идээнээс гадна зэрлэг жимс, сонгино идэж байжээ. Махан хоол их идэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог. Тэгэхээр монголчууд үүнийг мэдээд л зун ходоодоо амраадаг байж л дээ. Зун байнга ногоо идвэл уургийн дутагдалд орох аюултай. Харин цагаа идээ уургаар баялаг, тос тодорхой хэмжээгээр агуулдаг учир аюулгүй бас эрүүл хоололт.

-Дан цагаан идээгээр хоолшихгүй гэх хүмүүс бас байдаг шүү дээ. Хүн бүрт тохирдоггүй гэдэг ч юм уу. Энэ талаар?
-Цагаан идээ идэхэд өтгөн хатах нь элбэг, бусдаар бол зүгээр. Монголчуудын хэрэглэдэг хоол хүнсэнд магнизм бага агуулагддаг. Тиймээс дээр үеэс зэрлэг жимс, сонгино идэж магнизмаа нөхөж, туулгаж ирсэн байдаг.

Түүнчлэн шингэн их уувал өтгөн хатахгүй. Гэхдээ уухдаа нэг дор ихээр биш, шимж уух хэрэгтэй. Ундаа, шүүс уухад цусанд шимэгдэх эрдсийн хэмжээ буурдаг. Тайлбарлавал, кальци, мультивитамин ууж байгаад ундаа уучихвал амин дэм биед бага шимэгддэг юм. Түрүүн хэлсэнчлэн цагаан идээ уураг, өөх тосоор баялаг тул зуны улиралд махыг орлох боломжтой.

-Зуны улиралд яаж хооллох зохимжтой вэ?
-Тийм хоол сайн гэж онцолж хэлэхэд хэцүү. Өглөөдөө ислэг ихтэй үр, тарианы бүтээгдэхүүн, тараг, овьёос идвэл зүгээр. Өдөр нь ааруул, тараг, ээзгий эсвэл махтай хоол байж болно. Оройдоо харин зутан шөл, жимс идвэл тохиромжтой. Гэхдээ гурилаар зутагнасан, эсвэл төмсний зутан шөл их уувал эргээд цусан дахь сахарын хэмжээ ихсэж болно. Иймэрхүү цардууллаг зутан шөлийг өглөө идсэн нь дээр.

-Зарим хүн эрүүл өглөөний цай ууж байна гээд цөцгийн тосноос татгалзах болжээ. Энэ зөв үү?
-Америкт ойролцоогоор 60-аад жилийн өмнөөс цөцгийн тос ноос татгалзсан. Гэхдээ үүний үр дагавар одоо маш муу байна. Тухайлбал, тус улсад гурван хүүхэд тутмын нэг нь таргалалттай болсон. Үнэн хэрэгтээ маслонд асуудал байгаа юм биш. Өөх тосонд хүний үйлдвэрлэдэггүй, гаднаас авч байх ёстой тосны хүчил гэж байдаг.

Хүн өөх тос хэрэглэхээ боливол орлуулах боломжгүй гэсэн үг. Улмаар тосонд уусдаг витамины дутагдалд орох эрсдэлтэй. Мөн цөсөнд өөх тос орж байж шахагддаг учир цөс өтгөрөх шалтгаан болно. Цөцгийн тосноос гадна, загасны, чацарганын тос гээд уг нь сонголт арвин бий.

-Монголчууд төлөөр баяжиж, шөлөөр цадна гэдэг. Гэтэл халууны улиралд шөл уух хүн ховор байдаг. Байнга хуурга идвэл эрүүл мэндэд муу юу?
-Шөл сайн, хуурга муу гэсэн зүйл байхгүй. Халуун өдөр шөлтэй хоол идэх хэцүү шүү дээ. Тэгэхээр тааруулаад л идэх хэрэгтэй. Идэж байгаа хоол нь өөх, тос, уураг, ислэг тэнцүү агуулсан л бол зүгээр. Шөлтэй хоол амин дэм их агуулсан байдгаараа онцлог.

Дээр үеэс зэрлэг жимс, сонгино идэж магниг нөхөж, туулгаж ирсэн байдаг

-Зуны улиралд хүмүүс турах зорилгоор тахианы давсгүй цээж мах их идэх болжээ. Үүнд сөрөг нөлөө бий болов уу?
-Тахианы цээж мах сайн гэх ойлголт анх Америкаас дэлгэрсэн. Үнэхээр ч уургаар баялаг байсан нь үнэн. Энэ хэрээр дэлхийн нийтээр тахианы махны хэрэгцээ эрс нэмэгдсэн.

Тиймээс фермерүүд, үйлдвэрүүд эрэлтийг хангахын тулд тахианд элдэв гормон, антибиотик хэрэглэж эхэлсэн юм. Тэгэхээр эргээд л хүн химийн найрлагатай, органик биш хүнс хэрэглэж байгаа гэсэн үг. Хэрэв элдэв гормон, антибиотик хийлгээгүй тахианы цээж мах идвэл маш сайн. Бусдаар бол хортой чанар нь давамгайлсан хүнс идсэний хэрэггүй гэж хэлмээр байна.

-Халуун өдөр хүн их хоол идэж чаддаггүй шүү дээ. Гэхдээ хүйтэн газар их хоол идчихээд халуун наранд явбал бие организмд зөрчил үүсэх болов уу?
-Ходоодонд таван том артерийн судас байдаг. Хоол идсэний дараа биеийн бусад хэсгийн цусны эргэлт багасаж, ходоодных эрчимждэг. Гэтэл халуун орчинд байхад бие халуунаа гадагшлуулахын тулд захын судаснуудаа тэлэх шаардлагатай болдог. Тэгэхээр хоол шингээж байгаа үед зөрчил үүснэ. Тиймээс л халууны улиралд, тэр дундаа орой хүнд хоол идвэл ходоодны ачаалал их өндөр байдаг.

-Хүмүүсийн хооллох хэв маяг их өөрчлөгдөж байх шиг?
-Хүний идэж байгаа хүнс хаа сайгүй хувьсан өөрчлөгдөж байна. Одоо үед боловсруулсан, цэвэрлэсэн гэх тодотголтой хүнсний бүтээгдэхүүн зонхилж байна.

Үүнийг дагаад хүний бие, өвчлөх байдал хүртэл хувьсаж байна. Жишээлбэл, сүүлийн үед бид нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэдэг болжээ. Гэхдээ ислэгийг нь арилгасан нүүрс ус хэрэглэж байна. Тэгэхээр энэ нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх шалтгаан болно.

Г.Сайнзаяа



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



3 + = 7