Uncategorized|(2018-06-04 12:47)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хүнсний аюултай байдал

01775

Монгол бол хөдөө аж ахуйн орон. Мал аж ахуй, газар тариалангийн салбар эдийн засгийн хоёр багана болж, хүн амаа эрүүл хүнсээр бүрэн хангаж байсан үе бидэнд бий. Харин одоо энэ байдал эсрэгээр эргэжээ. 60 сая малтай атлаа сүү, махаа гадаадаас импортолж, атрын гурван ч аян өрнүүлсэн улс байтал эрүүл хоол, хүнсээр хомс аж төрж байна. Ходоодоороо бид аль хэдийнэ бусдын хараат болчихож. Хүнсний аюулгүй байдал алдагдаж хүнсний аюултай байдал ирээдүйд маань заналхийлж байна. “Ирээдүйгээс ирсэн хүнс” бидний өнөөдрийн эрүүл мэндийг хулгайлж байна…

Ирээдүйгээс ирсэн хүнс

ОХУ-аас оруулж ирсэн байцааны салат “ирээдүйгээс ирсэн бүтээгдэхүүн” байсныг Хилийн мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлжээ. 

Тиймээс уг байцааны салатыг импортлон оруулж ирсэн компанид үүрэг өгч үйлдвэрлэгч оронд нь буцаасан байна. Ирээдүйгээс ирсэн бүтээгдэхүүн гэж юу вэ? Хоног хугацааг үйлдвэрлэсэн өдрөөр тавих ёстой атал ирээдүйн он сарыг урьдчилан тавих арга гадаад, дотоодын үйлдвэрлэгчдийн дунд өргөнөөр дэлгэрсэн нь зах зухаасаа ил болж буй нь энэ.

Дотоодод борлуулж буй сүү болон өндгөн дээрх шошго ирээдүйгээс ирсэн тохиолдол олон байгааг хэрэглэгчид хэлж байна. Үйлдвэрлэгчид нийлүүлсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд дуустал борлуулах зорилгоор энэ аргыг хэрэглэдэг.

“Ирээдүйгээс ирсэн” хүнсний аргыг АНУ-д анх хэрэглэж байсныг манай хүнс үйлдвэрлэгчид бидэн дээр туршиж буй юм.

Баяр ёслолоор ирээдүйгээс ирсэн хүнс элбэгших магадлалтай тул хэрэглэгчид өөрсдөө бялуу, хиам зэрэг бүтээгдэхүүний хаяг, шошгон дээрх он, сарыг сайтар ажиглах ёстой болж таарч байна. Дэлгүүрийн худалдагчийн ярьснаар манай үйлдвэрлэгчид хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ буцаан татдагггүй, харин шошгыг нь сольдог башир арга хэрэглэдэг гэсэн мэдээлэл ч байна.

Сонгох эрх иргэнд бий

Хүнсний аюултай байдал

“Гадаах талбайд буй төмөр лангуун дээрх шороог та гараараа хусч аваад долоох уу” гэж мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч надаас асуулаа. Хариулт нь мэдээж үгүй. Гэтэл бид ингэж тэр төмөр лангууны шороог долоож буй мэт бохирдол бүхий жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнийг өөртөө болон балчир үрсдээ авч өгч хэрэглэсээр байна.

“Бөмбөгөр” худалдааны төвийн замын хажуух ил задгай лангуун дээрх худалдаанаас иргэд худалдан авахгүй л байх юм бол “бид ар гэрийнхнээ тэжээх гэж байна” хэмээн улстөржиж зогсохгүй.

Гадна талбайд худалдаа эрхэлдэг иргэд хүнсний бүтээгдэхүүнээ “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна жорлонд хадгалж хонодог байсныг өнгөрсөн жил мэргэжлийн байгууллагууд илрүүлж мэдээлж л байсан. Гэвч жилийн дараа өнөөдөр уг ил задгай лангуунд жимс жимсгэнэ, загас, төмс, хүнсний ногоо зарагдаж л байна.

Мэдээж, эрэлт нийлүүлэлтийн алтан дүрмээр иргэд худалдан авахгүй л бол уг лангуу ажиллахгүй. Ийм тохиолдолд иргэдийг хүнсний аюулгүй байдлаа өөрөө хямд, чанаргүй, бохирдолтой хүнсээр сольчихож байна гэж үзэх үндэслэлтэй. Учир нь иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авах, ингэхдээ сонголтоо хэрхэн хийх, ямар шаардлага тавих, хэрхэн хадгалах мэдлэг мэдээлэл бага байгааг мэргэжлийн хүн хэллээ.

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужин “Танаас үл шалтгаалах Улаанбаатарын утаанаас өмнө бид өөрсдийгөө илүү хордуулаад байгаа нэг зүйлийг хамтдаа энэ цаг мөчөөс бодоцгооё гэж уриалмаар байна. Энэ бол та бид өдөр тутамд өөрсдийнхөө ам руу өөрийн гараар халбагадан хийж байгаа хоол хүнс юм.

Хоол хүнсний асуудлаас болж хүний эрүүл мэнд 70-80 хувь доройтдог. 

Өнөөдөр Монголын энэ нийгэмд эрүүл хоол хүнс, эрүүл мэндийн үндсэн суурийн талаар боловсрол төдийлөн сайн биш байна гэж харж байна” хэмээн илтгэлдээ дурдсан байх аж.

Ходоод маань биднийг хааш хөтлөнө вэ?

Монголчууд бид “Эд баялгаа алдвал багыг, нэр төрөө алдвал дундыг, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц” хэмээн ярьдаг. Дотооддоо гүзээлзгэнэ тариалдаг бизнесмэн Х.Алтанцацрал, “Сүүлийн жилүүдэд хувийн болон хувьсгалын эмнэлгүүд өвчтөнөөр дүүрсэн. Энэ нь 27 жил хүнсний аюулгүй байдал алдагдсантай шууд холбоотой” хэмээн “Хүнсний аюулгүй байдал” чуулганы үеэр ярьжээ. Үнэхээр Хүнсний аюулгүй байдал алдагдсаны улмаас бид аюулт өвчин тусч байна уу?

Гадаадаас импортоор оруулж ирсэн баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэсний эцэст гадаадад эмчлүүлж их хэмжээний мөнгө зарцуулж байгаа тоо баримт ч байна. Монгол Улсад 28 төрлийн хавдар бүртгэгдээд байгаагаас дийлэнх нь элэгний B, C вирусээр үүсгэгдэж байгаа бол удаахь шалтгааныг архи согтууруулах ундаа, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал гэж эмч мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Хавдар судлалын үндэсний төвийн судалгаагаар, 10 жилийн өмнө нэг жилд 3000 хүн хорт хавдраар өвчилдөг гэсэн тооцоо гарч. 2014 оны байдлаар жилд 5000 хүн шинээр хорт хавдраар өвчилдөг бол 3000 хүн уг өвчний улмаас хорвоогоос хальж байгаа гэсэн үзүүлэлт гарчээ.

2025 он гэхэд дэлхийд хорт хавдраар өвчлөгсдийн тоо 19 сая болж буурах бол манай улсын хувьд жилд 7500 хүн шинээр хорт хавдраар өвчлөх тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.

2012 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс галт тэрэг, нисэх онгоцоор аялах гэж байсан 2824 зорчигчоос санамсаргүй түүврээр судалгаа авахад, 4.6 хувь буюу 130 зорчигч нь эмчлүүлэх зорилготой аялагчид байсан бөгөөд нэг эмчлүүлэгч дунджаар 6381 ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна гэсэн үр дүн гарчээ. Мөн эмчилгээний төрлүүдээс шалтгаалж зардлын дүн маш өндөр зөрүүтэй, тухайлбал мэс засалд орох иргэд хамгийн их буюу дунджаар 22805 ам.доллар, амбулаторийн үзлэг, шинжилгээнд орох иргэд хамгийн бага буюу 1761 ам.долларыг зарцуулна гэсэн хариулт өгсөн байх юм.

Монголчууд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Тайланд, Энэтхэг улсад эмчлүүлдэг бөгөөд 2011-2014 онд жилийн дунджаар тус улсуудад эмчлүүлэгчдийн тоо 13684, зардлын дүн 45 сая ам.доллар болсон байна. 

Мөн бусад улсад эмчлүүлсэн дүнг нэмж тооцоолбол нийт зардал 58 сая ам.доллар болжээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй аюулгүй байдал

Малчдын хариуцлагын асуудал ч яригдах ёстой. Мал нь өвчлөхөөр төрийнх болдог, малынхаа ашиг шимийг авах болохоор өөрийнх нь болчихдог байж таарахгүй. Тийм учраас малчдын хувийн хариуцлага, сахилга батын тухай мөрдөгдөх эрх зүйн бодлого явуулах шаардлагатай хэмээсэн салбарынх нь дэд сайдын үгийг энд эш татъя.

Улаанбаатар хотын хүнсний захуудад бараг 100 хувь микробын бохирдолтой, 9-12 хувь нь өнгө, үнэрийн өөрчлөлттэй, 16 хувь нь өнгөц ялзралтай мах борлуулж байгаа нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотод үйлдвэрийн аргаар бэлтгээгүй мах, махан бүтээгдэхүүнийг хүнсний дэлгүүр, зах, боловсрол, эрүүл мэндийн газрын хоолны газарт худалдаалахгүй” гэж мэдэгдэв.

Ил бохирдлыг нь арилгаж цэвэрлээд чанаад иднэ гэж бодоход шүлхийн вирус бүхий мах идэж байгаа эсэхийг бид мэдэхгүй нь. Монгол Улсын 21 аймгийн 12-т малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Дорноговь, Дундговь, Булган, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Орхон, Архангай, Өвөрхангай гэсэн 12 аймгийн 30 орчим сумын нутагт шүлхийн голомт бүртгэгдэж, 30 цэгт хорио тогтоогоод байсан өнгөрсөн гуравдугаар сард “Биокомбинат” ТӨҮГ-ын Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох, “Цүнх баригчдын шуналаас болж дэлхийд хориглосон шүлхийтэй мах хэрэглэж байна” хэмээн ярьсан байна.

Түүний ярьснаар шүлхий өвчний вирус нэг өвчилсөн малд зургаан сарын турш хадгалагддаг бол 21 хоногийн хорио дуусангуут сул чөлөөтэй орхидгоороо зориудаар тарааж байна гэж үзэж болох аж. Мөн зориудаар тарааж байна гэж үзэх нэг шалтгаан нь шүлхийн вакцины бизнесээ дэмжих гэсэн ашиг сонирхол бий гэж зарим хүн харддаг.

Хамгийн харамсалтай нь ДЭМБ-аас ч бас “Танай дарга нар өөрсдөө шүлхийг тараагаад байна” гэж хэлжээ. 

Яагаад гэтэл “Нэг дарга нь шүлхийтэй танилцаж байна гээд л шүлхийтэй малчны хотонд очоод, тэндээсээ дараагийн айлд очоод л халдвар тараагаад явдаг. Магадгүй анхнаасаа зөвхөн хөл хорио тогтоох арга хэмжээ хэрэгжүүлсэн бол одоо байгаагаас 50 хувь бага тархалттай байх байсан” гэсэн байх юм.
Мөн сонгууль гэж сүлжиж давхидаг, шүлхийн тохиолдол илэрвэл орон нутгийн сонгуулийн дүнд нөлөөлнө гэж 2016 оноос нуун дарагдуулсан нь өнөөгийн энэ тархах нөхцөлийг бүрдүүлсэн.

Шүлхийтэй гэдэг дүгнэлт гарчихвал тухайн аймгаас мах, махан бүтээгдэхүүн гаргаж болохгүй учраас нуун дарагдуулах тохиолдол ч байсан гэдгийг мэргэжлийн хүн хэлжээ.

Хүнсний аюултай байдал хэзээ, хэрхэн үүсэв?

Хүнсний аюултай байдал

Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа 2010 онд Хүнсний аюулгүй байдлын тухай оруулжээ. Анх 1994 онд уг үзэл баримтлалыг батлахдаа, цэрэг дайны аюул, тарваган тахал зэрэг гоц халдварт өвчний тухай л багтааж байснаас энэ тухай аюулыг тусгаж байсангүй. Гадаадаас импортоор авдаг хүнс харьцангуй бага, элдэв шинэ стандартын өвчлөл цөөн байж. Тиймээс энэ байдал өөрчлөгдөж монголчуудын нэрлэдэг байснаар рак буюу хорт хавдар ихсэх болсон тул ийнхүү найман жилийн өмнөөс хүнсний аюулгүй байдлыг цэрэг дайн, тарваган тахлын аюултай адилтган үзэх болжээ. 

Уг үзэл баримтлалд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хүнсний хэрэгцээний 70 хувийг хангана гэсэн нь бий. Гэвч бид дотооддоо 200 хувь үйлдвэрлэдэг төмсөө хүртэл гадаадаас авч байгаа цагт уг зорилт үзэл баримтлал төдий хэвээр байна.

Ганц жишээ дурдахад, Монголын хөрсөнд ургасан элдэв янзын бордоогүй төмснөөс урд хөршөөс импортоор оруулж ирсэн пестицид бордоо бүхий төмс хямд байгаа цагт хэтэвч нимгэн хэрэглэгчдийн сонголт тодорхой. Чанарын өрсөлдөөний тухай ярих боломжгүй.

Өмнөд хөрш тэрбум давсан хүн амаа тэжээхийн тулд хүнсний бүтээгдэхүүндээ элдэв химийн бодис ашигладаг. Голландын “Эдвин ван Бёрн” пүүсийн явуулсан судалгаагаар 1998 онд Хятад улс хүнсний ногооныхоо 34 хувьд химийн бодис ашигладаг байсан бол 2008 онд 87 хувьд хүрчээ. 

Энэ оны тавдугаар сард “Синьхуа” агентлагийн мэдээлснээр тус улсын Шаньдун мужийн Күнжөү хотын орчмын хүнсний ногооны худалдаачид формалдегид хэмээх бодисыг байцаандаа хэрэглэж байгаа нь илэрчээ. Уг бодис нь байцааны хадгалах хугацааг уртасгадаг бөгөөд их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд арьсны харшил, амьсгал боогдох хүртэл ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлдэг, түүнчлэн элдэв хорт хавдрын шалтгаан болдог аж. “Берлинер Зэйтун” сонины нийтлэлээс үзвэл формалдегидээр боловсруулсан байцааг ихэвчлэн хойд, баруун хойд, баруун нутгаасаа хөрш орнууд руу гаргадаг аж.

Иргэд ядуу байхад хүнсний аюулгүй байдал гэж ярихад учир дутагдалтай байж болох. Чи ямар хоолонд дуртай вэ гэсэн асуултад “их л хэмжээтэй хоол гоё” гэдэг шиг л гаргалгаа байна. Аль болох хямдаар их хэмжээний хүнс авах зорилготойгоор дэлгүүрийг зорьж байхад юун хүнсний аюулгүй байдал.

Тиймээс л төрийн зүгээс хүнсний аюулгүй байдалдаа анхаарал тавьж бодлогоор дэмжих шаардлага тулгарч байна. Тухайлбал, цэцэрлэгийн хоол болон сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт жилд 105 тэрбум төгрөг зарцуулагддаг. Энэ мөнгөөр гарал үүсэл нь тодорхой дотоодын хүнс үйлдвэрлэгчээс бараа бүтээгдэхүүн худалдан авч болох. Хэрвээ гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүн худалдан авсан бол түүний хугацаа дуссан бол үйлдвэрлэгчид буцаах, чанар, аюулгүй байдал зөрчигдсөн бол буцаан татуулах зэрэг арга хэмжээ авдаг олон улсын стандарт бий. Гэтэл бараг нэг цэцэрлэгийн эрхлэгч нэг ганзагын наймаа эрхэлдэг иргэнтэй гэрээ хийчихсэн байгаа дүр зураг байна.

Захын нэг дэлгүүрийн эзэн нь “Нарантуул”-аас юмуу, “Бөмбөгөр” худалдааны төвөөс хаана үйлдвэрлэгдсэн, хэзээ хугацаа дуусах нь үл мэдэгдэх хүнс цуглуулаад тэрийг нь иргэд худалдан авдаг системтэй Монгол шиг улс үзээд өгье гэсэн ч байхгүй.

Хэрвээ үхрийн мах худалдан авч байгаа бол кодыг нь уншуулахад л ямар нэртэй фермд төрж хэдэн насандаа вакцин хийлгэж, ямар өвс тэжээл хийлгэж байсан зэрэг нь бидний цахим иргэний үнэмлэхээс ч дэлгэрэнгүй байдлаар гарч ирэх болсон.

Монголын хүнсчдийг дэмжих хууль угтаа бий. 2015 онд гаргасан Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Монголд үйлдвэрлэгдсэн бараанд илүү давуу байдал олгох эрхийг нээж өгсөн байгаа. Бүр тодруулбал, 10 хувийн давуу байдал буюу хятад бүтээгдэхүүн 100 төгрөг байгаа тохиолдолд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг 110 төгрөгөөр авах боломжийг Худалдан авах ажиллагааны тухай хуульд тусгаж өгөөд байхад эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлж байсангүй.

Мэргэжлийн байгууллага юу хийж байна вэ?

Хүнсний салбарын технологийн хурдацтай хөгжил болон ололтууд нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь ихэссэнтэй холбоотойгоор эрсдэлийг тогтоон аюулгүй чанартай хоол, хүнсний хэрэглээг бүрдүүлэхэд дэлхий нийтээр анхаарах болж. Тиймээс дэлхий дахинаа Эрсдэлд суурилсан хүнсний хяналтын олон улсын аргачлалыг манай улсын мэргэжлийн хяналтын байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлээд гурван жилийн нүүр үзэж байна хэмээн МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ургамал хэллээ. Түүний хэлснээр хүнсний аюулгүй байдал бол хяналтын байгууллагын ажиллагаанаас гадна бүтээгдэхүүнийг бий болгохоос эхлээд хэрэглэгчийн гар дээр ирэх хүртэлх бүхий л оролцогчийн үйлдлээс шалтгаална. Хэрэглэгч л гэхэд дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа шошгон дээрх хадгалах хугацаа зэргийг сайтар харж, хэрвээ зөрчилтэй бүтээгдэхүүн байгаа тохиолдолд солиулах, сольж өгөхгүй бол мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй, тийм ч эрхтэй гэнэ.

Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлд Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь хяналтын байгууллагад хүсэлт гарган бүртгүүлснээр шууд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зааж өгсөн байгааг мэргэжлийн хүний хувьд учир дутагдалтай хэмээн үзэж байгаа аж. Ингэснээр мэргэжлийн бус хэн нэгэн хаана ч хууль тогтоомж стандартын шаардлага хангаагүй нөхцөлд ямар ч хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж болохоор тусгагдсан байгаа юм. Энэ нь хяналтын байгууллага урьдчилан зөвлөж хууль тогтоомж хангасан нөхцөлд ажиллуулах бус хордлого халдвар зэрэг эрсдэл гарсан хойно араас нь хөөцөлдөх зарим тохиолдолд бизнес эрхлэгчид хөрөнгө санхүүгийн хохирол учрах нөхцөл бүрдээд байгааг онцлов.

Нэгэн статистик дурдъя. Бид сонссоор байгаад чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болсон байдаг л нэг статистик л даа. 2017 оны байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар нийт 28 278 зөрчил илрүүлснээс хамгийн олон буюу 5476 зөрчил нь ариун цэвэр эрүүл ахуйн зөрчил байжээ. Мөн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын зөрчил 3161, хадгалалт тээвэрлэлтийн зөрчил 3606, дотоод хяналтын зөрчил 3882, сав баглаа боодол, хаяг шошгын зөрчил 3086 илэрсэн байна…

Амаараа оруулсан зүйлийн үнийг амиараа төлнө гэдгээ иргэн нь ч, төр нь ч ойлгоогүй цагт бид иймэрхүү статистикт улам бүр дасаж, ходоодны шархтай улс хэвээр л байсаар байх биз ээ…

С.Сосоржав



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 2 = 7