Онцлох, Ярилцлага|(2018-05-28 10:25)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Доктор Л.Насанцэнгэл: Архи, тамхинаас гарахыг шаардуулж байвал донтолтын эмгэгтэй гэсэн үг

Zindaa.mn сайтын “Танд хамаатай сэдвээр…” булангийн энэ удаагийн дугаараар эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэлтэй ярилцлаа.

-Та саяхан эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх хэлэлцүүлэг дээр эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар илтгэл тавьсан. Монгол эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд ямар байгаа талаар яриагаа эхэлье.

-Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг байдаг. Ер нь хувь хүний амьдралын хэв маягаас эрүүл байх эсэх нь 90 хувь, эмнэлэгийн байгууллагаас 10 хувь хамаарна гэж үздэг. Монголд эрэгтэй , эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.52 жил байна. Дэлхийн дундаж бол дөрвөн насны зөрүүтэй байгаа. Дэлхийн дундажаас манайд өндөр байгаа нь харамсалтай. Нийт нас барсан хүний 59.7 хувь эрэгтэй байна.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа хамгийн их анхаарал татсан асуудал бол тамхи, архины хэрэглээ байна. Архи, тамхийг сэтгэцийн эмгэг гэж үздэг. Тамхины хэрэглээний хувьд нийт эрчүүдийн 47 хувь нь хэрэглэж байна.15-61 насны эрэгтэйчүүдийн хоёр хүний нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Манай улс тамхидалтаараа дэлхийд тэргүүлдэг 10 орны нэг болчихсон.

Архины хэрэглээ манайд бүр гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна. Сүүлийн жилүүдийн судалгаагаар насанд хүрсэн эрэгтэй хүмүүсийн 51,2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэгч болчихож байгаа юм. Архинд донтох эмгэг 13,2 хувь байна. Гэр бүл салалтын 80 хувь нь архинаас үүдэлтэй байгааг хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд хэллээ.

-Тэгэхээр эрчүүдийн тулгамдсан асуудлуудын нэг нь яах аргагүй архи, тамхины хэрэглээ байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Архи, тамхины хэрэглээ нь эрэгтэйчүүдэд халдварт бус өвчнийг үүсгэж, цагаас эрт нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах, эдийн засгийн хохиролд оруулдаг гол шалтгаан юм.

-Судлаад үзэхэд архи, тамхинд ороод, донтоод байгаагийн анхдагч шалтгаан нь юу байна?

-Ер нь эрчүүд ихэвчлэн өсвөр насандаа архи, тамхи хэрэглэж эхэлсэн байдаг.  Жишээлбэл үе тэнгийн хүүхдүүдээ болон бусад хүмүүсийг даган дуурайх, том хүн шиг харагдах, гоё харагдах гэж оролдох, турах гэх мэт олон шалтгаанууд байдаг. Архин дээр мөн иймэрхүү  асуудалтай хэрэглэж эхэлдэг.

Архи, тамхийг хортой гэдгийг хүн мэддэг. Үүнээс эргээд гарч чадахгүй, хамаарлийн эмгэгтэй болно гэдгийг ойлгодоггүй. Донтоно гэдэг чинь нэг ёсондоо тэр хүн эмгэг, дур хүсэлтэй болчихож байгаа гэсэн үг.

-Донтох эмгэг яаж үүсдэг вэ?

-Хүн  архи, тамхийг хэдэн удаа хэрэглэж байна вэ гэдэг тохиолдлынхоо тоогоор донтох эмгэг үүсч байдаг. Тоо нь нэмэгдэхэд л донтох эмгэг өсч байна гэж болно. Жишээлбэл 20, 30 удаа хэрэглэсэн хүн хэрэглэж үзээгүй хүнийг бодвол донтох эмгэг рүү алхаж байна гэсэн үг. Жишээлбэл тухайн хүн архийг үе үе хэтрүүлэн хэрэглэхэд 3-5 жилийн дотор архинд донтох эмгэгтэй болно гэсэн судалгаанууд ч байдаг.

Хүмүүс архи, тамхи хэрэглэхдээ дуртай үедээ больчих юм шиг санадаг, тэгж ч ярьдаг. Гэтэл үүнийг хэрэглэх бүрт тэр хүн эмгэг дур хүсэлтэй болж, зан үйл нь болчихно. Эргээд үүнээсээ гарч чадахгүй гэдгээ тэр бүр ойлгодоггүй.

-Хүн өөрийгөө архи, тамхинд донтож байгааг мэдэх боломжтой юу? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Эмнэлэгийн орчинд мичиган тест, ауди тест гэх мэт янз янзын тестүүд байдаг. Ямар нэг байдлаар тэр хүн архи үе үе хэрэглээд байвал наад зах нь өрх, сумынхаа эмч дээр очиж болно. Аймаг, дүүргүүд бүгд сэтгэцийн эмчтэй.

Хэн нэгэн танд архи хэрэглэхээ боль, тамхиа хая гэж хэлж, шаардлага тавьж л байгаа бол тэр хүн аль хэдийнэ сэтгэцийн донтолтын эмгэгтэй болчихсон, эмчийн тусламж авах шаардлагатай болсны илэрхийлэл.

Манайхан тамхи хэрэглэхийг энгийн гэж үзээд байдаг. Тамхи татна гэдэг нь өөрөө F17 буюу тамхинд донтох эмгэгтэй гэсэн үг.

Архины хэрэглээнд стандарт доз гэж байдаг. Гэхдээ стандартаар хэрэглээрэй гэсэн үг биш. Энэ нь хүний элэгний цэвэршүүлж чадах хэмжээ бол 10 гр этилийн спирт, буюу 30 гр архи  уухад элэг хордохгүй гэсэн хэмжээ. Эрэгтэй хүн долоо хоногт 21 стандарт доз, эмэгтэй хүн 14 стандарт дозоос илүү хэрэглэвэл архины хэтрүүлэн хэрэглээтэй гэж үздэг. Тэгэхээр эмэгтэй хүн 420 гр, эрэгтэй хүн 630 гр-аас хэтрүүлэн хэрэглэх нь архины асуудалтай хүн болчихож байгаа юм. Тийм учраас иргэд маань үүнийг ойлгоод хэрэглэхгүй байх, тэрэнгүйгээр л амьдрах, стрессее өөрийн ухаанаар зохицулж ажиллаж, амьдах нь чухал болоод байгаа.

-Та дээр архины хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрснийг хэлсэн. Энэ нь мэдээж эрчүүдийн эрүүл мэнд, наслалтад нөлөөлдөг байх?

-Манай улс дэлхийн архи хэрэглэдэггүй улс орноос 200 дахин их, архины хэрэглээ өндөртэй, архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаанууд хүртэл гардаг.

Тийм болохоор архины асуудал дээр монгол эрчүүд маань илүү анхаарчих юм бол эрүүл мэндийн байдал нь сайжирна. Яагаад гэвэл архи нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдар, улаан хоолойны хорт хавдар гэх мэт маш олон өвчнийг үүсгэдэг. Жишээлбэл манайд элэгний хавдар өндөр байгаад архины хэрэглээ асар ихээр нөлөөлж байгаа. Энэ бүгд эрчүүдийн нас бонгиносох шалтгаан болж байна.

Архины хэрэглээ манайд нэг хэсэг эрс нэмэгдсэн. Одооноос жаахан гайгүй болох хандлагатай байна уу даа гэж харж байна. Ер  нь архи хэрэглэх ард түмний соёл, зан заншил гэж байна. Жишээ нь АНУ-д төрсөн өдөр, шинэ жилээр заавал 38, 39, 42 градусын архи задалж хэрэглэдэггүй. Шампанск хэрэглэдэг ч юм уу, үгүй бол ундаагаа уугаад, хоолоо идээд л байж байдаг. Гэтэл манайд шинэ жил, төрсөн өдөр тэмдэглэлт өдөр, баяр ёслолоор заавал архи авч тавчихаад түүнийгээ хүмүүст хундагалж өгөөд уулгаад байдаг. Энэ бол маш буруу үзэгдэл. Ингээд хэрэглээд байхаар нөгөө өсвөр үе, залуучууд нь хэрэглэх ёстой юм байна гэж ойлгодог.  Ерөнхий боловсролын төгсөх ангийн хүүхдүүд бас л төгсөлтийн баяр дээр согтууруулах ундаа хэрэглэж л байна шүү дээ. Энэ бол зөв зан үйл биш.

-Архи, тамхины хамааралтай хүн ичиж зовсноосоо болоод мэргэжлийн байгууллагад тэр бүр хандаад байдаггүй байж болох юм.

 -Тийм ээ. Ер нь хүмүүс эхлээд өөрөө энэ хэрэглээнээсээ гарах гээд оролдож хэрэгтэй. Тэгсэн ч гарч чадахгүй бол эмч мэргэжилтний тусламж авах нь зүйтэй. Хэдий эрт тусламж авна, тэр хэмжээгээр үр дүнтэй.

Манайд ерөнхийдөө архинд донтох нь гурван үе шаттай гэвэл хүмүүс голдуу хоёр, гуравдугаар шатандаа ирдэг. Одоо аймаг, дүүргүүдэд бүгдэд нь сэтгэл судлалын эмч нар байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн төвийн харьяа наркологийн эмнэлэг байна. Тэгэхээр өөрсдөө гаръя л гэж бодох юм бол эмч мэргэжилтнүүд зөндөөн бий.

Мөн тамхинаас гарах олон арга бий. Заавар зөвлөмжөөр гарах, эмийн эмчилгээ, зүү тавих гэх мэт. Тийм болохоо СЭМҮТ-ийн донтох эмгэг судлалын кабинет амбулторид хандах юм бол тамхины эмчилгээ хийх боломжтой.

Сүүлийн үед залуучууд мансууруулах бодист автах нь ихсэж байна. Мансуурлын эмгэгтэй болчихвол түүнээс гарах боломж бараг байхгүй. Тиймээс тийм зүйлийг өөр дээрээ огт туршихгүй байх, нэг удаа туршсан бол ахиж хэрэглэхгүй гээд хатуу шийдвэр гаргачих. Ингэж л өөрийгөө урьдчилан сэргийлнэ.

Энэ хэрэглээнд донтохоос өөрийгөө яаж сэргийлэх вэ?

-Аливаа нэг эмгэгээс урьдчилан сэргийлэх асуудал бол тэр хүний өөрийнх нь хариуцлагын асуудал шүү дээ. Зөвхөн эмч, мэргэжилтнүүдэд найдаж болохгүй.

Сүүлийн үед стресс бухимдлаа тайлах асуудал их чухал болж байна. Жишээлбэл фэйсбүүкийн хэрэглээ эрс нэмэгдлээ. Тэгэхээр хүн ямар мэдээлэлтэй илүү танилцах вэ, юуг ашиглах вэ гэдгээ шүүх хэрэгтэй. Хүн сайн, муу бүх л зүйлийг үзээд, сонсоод байхаар тэр хэмжээгээр стресст орох нөхцөлийг бий болгож байдаг.

Мөн хувь хүн цагаа төлөвлөх, амьдралаа зөв төлөвлөх, стресс бухимдлаа зөв тайлах аргад сурах нь чухал байна. Наад зах нь л нойр, хоолныхоо дэглэмийг зөв баримталж явах юм бол олон сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлдэг. Жишээ нь хичээл зааж байхдаа энэ оюутан маань өглөөний ундаа уусангүйдээ гээд харж л байдаг. Энэ чинь яваандаа архаг ядаргаа, нойргүйтэл, сэтгэл гутрал зэрэг олон эмгэгийг үүсгэнэ. Тийм болохоор өөрөөс шалтгаалах эрүүл мэндийн асуудлуудаа шийдээд явбал тэр хүний эрүүл мэнд 90 хувь нь өөрөөс шалтгаална гэдгийг хэлье. Эмч мэргэжилтнүүд бол ажиллаж л байна, цаашдаа улам сайн ажиллахыг бодно, анагаах ухаан эрүүл мэндийн салбар хөгжиж л байгаа. Гэхдээ хувь хүний хариуцлага илүү чухал.

-Та хүүхдүүд өсвөр насандаа ихэвчлэн архи, тамхи хэрэглэж эхэлдэг талаар дурдсан. Тэгэхээр  үүний хор уршгийг ойлгуулах, сэргийлэх тал дээр багш нарын оролцоо чухал санагдлаа.

– Монголд Ерөнхий боловсролын 800-аад сургууль байна. Ирэх хичээлийн жилээс Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлд сэтгэцийн эрүүл мэндийн хэсгийг оруулж байгаа. Бид нар хөтөлбөрт нь маш сайн оруулж өгнө. Үүн дээр хүүхдэд тэр хөтөлбөрийн дагуу хичээл заах багш нарыг мэргэшүүлэх шаардлагатай байгаа. Багш нарыг тухайн хичээлийг хүүхдэд яаж хүргэх вэ гэдэг талаас нь их зөв сургах хэрэгтэй.

-Эцэг, эхчүүд хүүхдэдээ хэрхэн анхаарах шаардлагатай байна вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, зөв төлөвшүүлэх нь их чухал байна. Өнөөдөр эцэг, эхчүүдийн гол анхаараад байгаа юм нь хүүхдээ олон хэлтэй болгоё, олимпиадын аварга болгоё гэх мэтчилэн супер хүүхэдтэй болох гээд яваад байна. Үүнийгээ хүүхдээ хөгжүүлж байна гэж үзээд байдаг. Гэтэл тэр хүний төлөвшил гэдэг хамгийн чухал. Хүн олон хэлтэй байхад мэдээж гоё сайхан ажил хийхэд дөхөмтэй. Гэхдээ тэр хүн зөв төлөвшилтэй байх юм бол ирээдүйн гэр бүл нь зөв төлөвшиж, элэг бүтэн, сайн сайхан аз жаргалтай амьдарна. Цаашлаад эрүүл хэвийн байдлаар ажиллаж улс орныхоо хөгжилд ч хэрэгтэй.

Тийм болохоор эцэг, эхчүүд хүүхдэдээ цагаа зөв зарцуулах, хүүхэдтэйгээ ярилцах, хүүхдэдээ энэ талын ойлголтыг өгөх нь чухал. Жишээ нь хэн нэгэн архи, тамхи хэрэглэхийг санал болгоход “үгүй” гэж хэлж чаддаг байх. Түүний гаж нөлөө элэг, зүрх, бусад эрхтэнд яаж нөлөөлдөг зэрэг мэдлэгтэй болгочих нь чухал. Түүнчлэн хүүхэд 6-12 насанд хөдөлмөрийн хүмүүжил олж авдаг. Энэ үед нь наад зах нь өөрийгөө асрах, гэр орны ажилд оролцох зэргээр төлөвшүүлэх хэрэгтэй.

-Баярлалаа.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



4 + = 5