Мэдээ, Ярилцлага|(2018-04-10 18:07)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Б.Мягмар: Төр засаг эрүүл мэндийн салбарынханд ийм бага цалин өгч байгаадаа ичих цаг болсон

Б.МЯГМАР: Төр засаг эрүүл мэндийн салбарынханд ийм БАГА ЦАЛИН өгч байгаадаа ичих цаг болсон Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмартай ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаяхаа мэдэгдсэн. Ажил хаяхаас өөр гарц байхгүй юу?
-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг ажил хаяхаас өөр гарцгүй болтол шахсан нийгмийн асуудлууд олон байна. Тухайлбал эрүүл мэндийн салбарт мэргэжлийн сувилагчаар ажиллах хүн олдохоо байсан. Тэр тусмаа хүүхдийн эмнэлэг, амаржих газар гээд ачаалалтай бүх эмнэлэгт сувилагч нэн ховордсон гэхэд болно. Яагаад асрагч сувилагч нар ховордов гэхээр ажлын ачаалал ихтэй, цалин гэхээр зүйл бараг авдаггүй. Зээлээ төлөөд бараг л автобус унааныхаа мөнгөнд цалин нь явчихаж байна шүү дээ. Энэ бүгдээс болоод сувилагч нар амь амьдралаа бодохоос аргагүйдэж эрүүл мэндийн салбараас дүрвээд явчихлаа.
-Сувилагчийн сургууль жил бүр мэргэжилтэн төгсгөдөг биз дээ?

-Бүтэн сар өдөр шөнөгүй ажиллаад 500 мянган төгрөг хүрэхгүй цалин авч байхын оронд Солонгос улс руу гарья гэсэн сувилагч нар дүүрэн байна.

Чадалтай чансаатай сувилагч нар маань Солонгос улс руу яваад дууслаа. Та одоо бод доо, сувилагч нараа 24 цагаар хүний амь насны төлөө  ажилуулчихаад 500 мянган төгрөг хүрэхгүй цалин өгч байгаадаа төр засаг ичих хэрэгтэй. Цаашлаад иргэдийнхээ эрүүл мэндийг, сувилагч нарын ажлыг хэрхэн үнэлээд байгаадаа төр засаг сэтгэл зовох хэрэгтэй юм. Тухайлбал стандартаар долоон хүүхдэд нэг сувилагч оногдох ёстой  байтал 50-60 хүүхдэд асаргаа, сувилгаа үзүүлж байна. Бүх эмнэлгүүд сувилагчийн хомсдолд орчихоод “Тэрний виз битгий гараасай” гэцгээх хэмжээнд хүрлээ. Одоо энэ байдал даамжирч их эмч нар маань Солонгосруу амралтаараа ажиллаж эхэллээ. Энэ хүмүүс чинь бүтэн жил нойр хоолгүй цус нөж, идээ бээр, ялгадастай харьцаж, стресстэй, хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс ээлжийн амралтаараа амрах ёстой байтал хар ажил хийж байгаа нь Монгол төрийн эмгэнэл шүү дээ. Гэтэл

Монгол эмч нарын мэдлэг, ур чадварыг Дэлхий дахинд үнэлж байхад Монголын төр тэднийг үнэлэхгүй арга саам хийж байгаагаа болих хэрэгтэй.

-Төр засагт мөнгө байхгүй гэсээр эрүүл мэндийн салбараа бүр байхгүй болгох нь дээ?
-Эрүүл мэндийн салбарынхан төр засагт өөрсдийн дуу хоолойгоо хүргэх тал дээр хүлээцтэй хандаж ирсэн. Эдийн засаг сайжрахаар нэмэх байх, алт зэсийнх нь үнэ өсөх болов уу гэсээр ийм байдалд орчихлоо. Өчигдөр би Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнуудын урамшуулал гэдэг зүйлийг интернэтээс харлаа. Цалингийнхаа хажуугаар хэдэн зуун мянган ам.долларын урамшуулал авч байна шүү дээ. Үе үеийн сайд нар “Эрүүл мэндийн салбар хүнд байгааг мэдэж байна. Яаралтай арга хэмжээ авна, судалж байна сайхан болно” гэдэг. Засгийн газар болохоор ирэх он гарангуут цалин нэмнэ, Олон улсын валютын сантай удахгүй хэлэлцээр хийнэ гэж амласан. Ингэж эмч сувилагч нараа хуурдаг төр засаг байдаг юм уу.
-Та бүхэн төр засагт ямар шаардлага хүргүүлж байгаа вэ?
-Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого алдагдсан. Нэг сувилагч өөр орон тоо дээр хавсарч ажиллаад нэмэгдэл, урамшуулал байхгүй. Цалинг нь шатлал ахиулж болохгүй дээр нь тэтгэвэрт гарсан сувилагчийн орон тоон дээр хүн авч болдоггүй УИХ-ын 29-р тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй.

Сувилагч нарын тэвчишгүй хөдөлмөрийг шударгаар үнэл. 24 цаг гүйж ажиллачихаад нэг хоног үхсэн юм шиг унтаад эргээд гарч байгаа бүсгүйчүүлээ өрөвд л дөө.

Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог энэ оны 4 сард багтаан шинэчилж, цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сайд болсныхоо дараа цалин нэмэх өргөн боломж бий гэж байсан. Үүний хэрэгжилтийг салбарынхан маань шаардаж байна. Мөн нэмэгдэл урамшууллын тогтолцоог өөрчилж, орон тоог нэмж Эрүүл мэндийн салбарынхаа чанар үйлчилгээг сайжруул, хариуцлага нэх гэмээр байна.
-Хэдэн төгрөгийн цалин, урамшуулал авбал Солонгос руу явах урсгалыг зогсоох вэ?
-Солонгос явсан сувилагч хамт ажилладаг найз руугаа “Солонгос Улсад ирээд хөнгөн ажилтай, цалин ихтэй жаргаж байна. Чи наанаа зовж боолын хөдөлмөр хийж байхын  оронд Солонгост хурдан хүрээд ир” гэсэн мессиж бичсэн байгаа байхгүй юу. Сувилагч 500 мянган төгрөгнөөсөө шимтгэл, суутгалаа төлөөд 100 гаруй мянган төгрөг сард хоёр удаа авна. Охид бүсгүйчүүл чинь зардал ихтэй улс шүү дээ. Нүүрсний тос, будаг, гутал хувцас авч чадахгүй цалинтай, тэгээд гэрийн бараа харахгүй болохоор нөхөртөө хүртэл дарамтлуулдагаа хэлж байна. Асрагч нарын цалин бол бараг ичмээр шүү дээ. Ажлын ачаалал, стрессийг нь бодвол бага хөлс шүү дээ. Сувилагч нар маань цалингаа сая төгрөг болгочихооч гэж байгаа юм.
-Та бүхний  тэмцлийг олон нийт их дэмжиж байгаа юм билээ. Улс төрчид ч гэсэн дэмжиж байгаагаа илэрхийлдэг?
-Улс төрчид телевизийн камер харахаараа дэмждэг ч бодит ажил хийхгүй юм.

Бидний шаардлагыг хүлээн авч эрүүл мэндийн салбараа аврахгүй бол эрүүл мэндийн салбарын асрагч, сувилагч нар эхлээд ажил хаяхаа мэдэгдэж орон даяар дуу хоолойгоо нэгтгэсэн байгаа.

Стандарт бус нөхцөлд, орон тооны хомсдолтой ажиллуулснаас сувилагч алдаа гаргавал төр засаг өөрөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 9 = 16