Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Иргэд хоолны дэглэм, биеийн эрүүл чийрэг байдалдаа анхаарснаар хоногт авах сахарын хэмжээгээ тохируулж чадна

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эмэгтэйчүүд эрүүл мэндийн боловсролтой, чихрийн шижин өвчний талаар ойлголттой байвал гэр бүлээ уг өвчнөөс хамгаалж чадна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага үзсэн учраас “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Дэлхийд чихрийн шижин өвчний тархалт 7-8 хувьтай байна. Монгол Улсад нийт хүн амын 6.5 хувь нь энэ төрлийн өвчтэй бол 10 хувь нь өвчлөх эрсдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл олгох, хоол, хөдөлгөөн, эмийн болон эмийн бус эмчилгээний талаар зөв ойлголт өгөх нь хамгийн чухал болоод байна. Иймд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “JCI” олон улсын байгууллагын “JCI Central” салбар, Шастины нэрэмжит улсын III эмнэлгийн /ШУГТЭ/ “Диабетын төв” хамтран энэ аюулт өвчний эсрэг “Анти диабет” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ талаар “Грандмед” эмнэлгийн үений мэс заслын их эмч, “JCI Central” салбарын энэ оны нийгмийн хариуцлагын хорооны захирал, “Анти диабет” төслийн санаачлагч З.Оргилтой ярилцлаа.

-Чихрийн шижин өвчний эсрэг төсөл хэрэгжүүлэх болсон шалтгаан юу вэ?

-Чихрийн шижин бол XXI зууны чимээгүй тахал юм. Яагаад гэвэл дэлхийд 1980-ад онд 108 сая, 2017 оны байдлаар энэхүү өвчнөөр 422 сая хүн өвдсөн. Энэ тоо 2040 онд 600 сая хүртэл нэмэгдэнэ гэж үзэж байна. Чихрийн шижин эмгэгийн нийт тохиолдлын 90 хувийг “Чихрийн шижин хэв шинж 2” эзэлдэг. Энэ бол нойр булчирхайн бетта эсээс инсулин гэж даавар ялгардаг. Энэ даавар ялгарах үйл ажиллагаагаа алдах, эсвэл ялгарсан нь үүргээ гүйцэтгэж чадахаа болсноор цусан дахь глюкозын хэмжээ ихэсгэдэгтэй холбоотой чихрийн шижин өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Тухайн хүн их цангаж, ядардаг нь өвчний гол шинж тэмдэг юм.

-Төсөл хэрэгжүүлснээр иргэдэд үзүүлэх гол нөлөө үр дүнг хэрхэн тооцож байна вэ?

-Төслийг “Чихрийн шижин өвчний эмгэгээс өнөөдөр урьдчилан сэргийлснээр маргаашийг өөрчилж чадна” уриан дор зохион байгуулна. Бид яагаад чихрийн шижинг авч үзэж, нийгэмд эерэг зүйл бүтээхийг хүссэн гэвэл энэ өвчлөл нь бүх өвчинг үүсгэх суурь шалтгаан болдог. Иймд иргэдээ урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллана. Бид төслөөр дамжуулан иргэдэд ямар зүйлийг хэвшил болгосноор энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хоолны дэглэм хэрхэн барих, дасгал хөдөлгөөн хийж биеэ эрүүлжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулж, сургалт зөвлөгөө өгөх юм.

-Чихрийн шижин бусад өвчнийг үүсгэх суурь болдог гэлээ. Манай иргэд яагаад энэ өвчнөөр ихэвчлэн өвдөж байна вэ?

-Ядуу буурай болон хөгжиж буй орны иргэдийн хувьд хөдөлгөөн ихтэй учир энэ өвчнөөр өвдөх магадлал бага гэж өмнө нь үзэж байсан. Харин одоо эсрэгээрээ. Өндөр хөгжилтэй улс орны иргэд хоолны дэглэм, биеийн эрүүл чийрэг байдалдаа их анхаарах болсон. Харин ядуу буурай манайх шиг хөгжиж буй орны иргэдийн хувьд дасгал хөдөлгөөн хоногт авах сахарын хэмжээг тохируулах, хоолны дэглэм барьж чаддаггүйтэй холбоотой. Мэс заслын эмчийн хувьд бид чихрийн шижингийн хүндрэлтэй тохиолдолд мэс засал хийхээс татгалздаг. Яагаад гэвэл тухайн хүнд мэс засал хийгээд амжилттай болсон ч сахар ихтэй бол шарх эдгэхгүй хүндрэх тохиолдол гардаг.

-Төслийн хүрээнд III эмнэлэгт ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-“Анти диабет” төслийг улсын III эмнэлэгт 2018-2023 он хүртэл хэрэгжүүлэх юм. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл төслийн эхний үйл ажиллагааг явуулна. Үүний хүрээнд 4-5 чиглэлээр ажил зохион байгуулах юм. Улсын III эмнэлгийн Диабетийн төв Улаанбаатар хотын хэмжээнд бүх дүүргийн иргэдэд үйлчилдэг. Тухайлбал, тус эмнэлгийн Дотоод шүүрлийн булчирхайн үзлэгийн кабинетаар 2014-2017 онд чихрийн шижин эмгэгтэй 10123 иргэн үйлчлүүлсэн. Үүнээс 1478 нь хэвтэн эмчлүүлсэн. Энэ дундаас доод мөчөө тайруулсан 144 иргэн байна. Тиймээс энэхүү төслийг улсын III эмнэлэгт хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төсөл нь улсын III эмнэлгийн Диабетийн төвөөр үйлчлүүлэгчдийн цусан дахь сахарыг түргэвчилсэн аргаар тодорхойлох, чихрийн шижин өвчтэй хүмүүст өөрийгөө хянах болон энэ эмгэгийн талаарх мэдээлэл агуулсан хяналтын картыг бий болгох чиглэлд ажиллана. Түүнчлэн тус эмнэлгээр үйлчлүүлж буй хүн амд чихрийн шижин эмгэгээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг өгөх шаардлага хангахуйц сургалтын баазтай болох, ГАС /Глюкозын ачаалалтай сорил/ хийх орчин нөхцөлийг бий болгох зорилтын дагуу ажиллана.

-Хяналтын картыг хэвлүүлснээр иргэдэд ямар давуу тал бий болох вэ?

-Тухайн картад чихрийн шижин гэж юу болох, тухайн хэв шинжийн онцлог, эмчилгээ, үзлэг, зөвлөгөө, мэдээллийг багтаана. Америкт буюу гадаадын зарим оронд “patient note” гэж байдаг. Бидний хувьд өвчтөний карт гэж ойлгож болно. Үндсэндээ тухайн өвчтөний мэдээллийг агуулсан өөрийнхөө өвчлөлийг хянах боломжтой ном юм. Диабетын төвийн эмч нар ийм карттай болох төлөвлөгөөтэй байсан боловч төсөв санхүүгийн асуудлаас болоод ажил хэрэг болгож чадахгүй байсныг JCI Central салбар байгууллага төслийн хүрээнд 2000 ширхэг карт хэвлүүлэхээр болсон. Үүнээс гадна сахар үзэх аппарат, 1000 ширхэг зүү, 1000 тестер зэргийг тус төвд олгосон. Тухайн иргэн ийм карттай болсноор доод тал нь 3-5 жилийн хугацаанд өвчнийхөө нөхцөл байдлыг хянах боломжтой юм. Түүнчлэн сошиал орчинд иргэдэд зориулж олон хандалттай фэйсбүүк хуудас нээн тогтмол ажиллуулахаар болж байна. Энэхүү хуудсаараа дамжуулан сард 1-2 удаа мэдээлэл оруулж, энэ өвчлөлд иргэдийн анхаарлыг хандуулж, тодорхой ойлголт мэдлэгтэй болгохыг зорин ажиллана. Чихрийн шижингийн эрсдэлээс сэргийлэх, хоол хүнс сахарын хэрэглээг багасгах, чихрийн шижин аюултайг иргэдэд ойлгуулах нь нэн чухал юм. Мөн “Нэг зүү, нэг тест мянган төгрөг” аяныг зохион байгуулна. Энэхүү аяны хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарладаг томоохон аж ахуйн нэгж байгууллагад хандивын хайрцаг байрлуулах ажлыг зохион байгуулах юм.

-Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх нийтийг үзлэг оношлогоонд хамруулах нь зүйтэй болов уу?

-Бүх нийтийг үзлэг оношлогоонд хамруулж, сургалт сурталчилгаа явуулах нь нэн тэргүүний асуудал. Бүх нийтийг хамруулснаар чихрийн шижин өвчинг оношлох, өвчлөх эрсдэлтэй байгаа эсэхийг нь тодорхойлж, эрт илрүүлж урьдчилан сэргийлэх нь ихээхэн ач холбогдолтой. Үүнийг эрүүл мэндийн байгууллагууд, төр, засаг болон төрийн бус байгууллагууд хамтран ард иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах боломжтой юм.

-Манай улсын иргэдийн хувьд өвчлөлийг хожуу үед оношлуулдаг. Ер нь аливаа өвчнийг эрт илрүүлж, урьдчилсан сэргийлэх нь тухайн хүний эрүүл мэнд, эдийн засагт ч эрсдэл багатай санагддаг?

-Анагаах ухааны хөгжил шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээнд тогтож, хөгжин дээшилж байдаг. Ийм учраас өвчин эмгэгийг эрт илрүүлэн урьдчилан сэргийлснээр ард иргэдийн эрүүл мэндээс гадна тухайн улсын эдийн засагт хүртэл чухал ач холбогдолтой.

Г.НЯМСҮРЭН



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + = 11