Uncategorized|(2018-03-13 10:14)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Д.Сарангэрэл: Уушгины хатгалгааны эрсдэл 40 хувиар буурсан

dsc_8165

Нийслэлийн бүх дүүргийн 2-9 сартай хүүхдүүдийг энэ сарын 1-нээс эхлэн уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Уг вакцины эхний тунг хоёр сартай, дараагийнхыг дөрвөн сартай, гурав дахь тунг есөн сартай хүүхдэд хийж байгаа юм. Дархлаажуулалтын явц ямар байгаатай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өчигдөр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Тэд эхлээд вакцинд хамрагдаж буй хүүхдийн ээжтэй уулзаж, санал бодлыг нь сонсов. Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Э.Баярсайхан “Эхний тунгаа хоёр сартайд нь хийлгэсэн. Вакцин хийлгэснээс хойш ханиад хүрсэн ч хүндрэхгүйгээр усан эм уугаад эдгэж байна. Тиймээс хугацаанд нь вакцинаа хийлгээд байвал хүүхэд, эцэг эхэд ч хүндрэл үүсгэхгүй юм байна. Одоо хүүхэд маань есөн сартай гурав дахь тунгаа хийлгэж байна” гэв. Сүхбаатар дүүргийн хувьд уушгины хатгалгааны эсрэг вакциныг 2016 оны зургаадугаар сараас шинээр нэвтрүүлж 0-2 настай хүүхдийг дархлаажуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 9400 гаруй хүүхэд тус вакцинд хамрагджээ. Дүүргийн хэмжээнд хоёр сартай 150 хүүхэд байдаг байна. Өдөрт 20-25 хүүхэд вакцин хийлгэж байгаа бөгөөд одоогоор 94 хувь нь вакцинд хамрагджээ. Харин 4-9 сартай хүүхдүүдийн вакцинд хамрагдалт 40 хувьтай байгааг тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Дархлаажуулалтын тасгийн эмч танилцуулав. Уг вакциныг хийж эхэлснээс хойш уушгины хатгалгааны тохиолдол мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан гэдгийг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү хэлж байлаа. Тэрбээр “Уушгины хатгалгааны эсрэг вакциныг манай дүүрэгт анх хийж эхэлсэн гэдэг утгаараа ХӨСҮТ-тэй хамтран тандалт судалгааг долоо хоног бүр хийж ирсэн.

Тандалтаар 2017 онд уушгины хатгаа өвчний улмаас манай амбулаториор үйлчлүүлсэн хүүхдийн тоог өмнөх онтой нь харьцуулахад 242 тохиолдлоор буурсан. Мөн уушгины хатгалгаагаар хэвтэн эмчлүүлсэн 0-5 насны нийт хүүхдийн тоо энэ онд 1200 гаруй тохиолдлоор буурсан үр дүнтэй байна” гэлээ. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 17 мянган хүүхэд уушгины хатгалгаагаар өвчилсөн байна. Үүнээс 130 гаруй хүүхэд амь насаа алдсан эрсдэлтэй байгаа юм. Тиймээс энэ жилээс хатгалгааны вакциныг нэвтрүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хүйтэн сэрүүний улирал, агаарын бохирдолтой холбоотойгоор бага насны хүүхдүүд ханиад, томуу тусч хүндэрч байгаа нь хатгалгаагаар илэрч байгаа юм. Ялангуяа вирус, бактери хавсарсан хатгалгааны үед хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирох нөхцөл үүсч байна. Тиймээс 2017 оноос хатгалгааны эсрэг вакциныг хийж эхэлсэн. Нийт 87900 хүүхдэд уг вакциныг хийсэн бөгөөд хоёр, дөрөв, есөн сартай хүүхдийг хамруулж байна. Энэ онд Улаанбаатар хотын 38 мянган хүүхдэд уг вакциныг хийнэ. 38 мянган хүүхдийг гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35 мянган хүн/тунг хүлээж авсан. Үлдсэн 75 мянган хүн/тун вакциныг энэ оны II улиралд багтаан авна. 2019 оноос улсын хэмжээнд уг вакциныг нэвтрүүлэхээр төлөвлөж, хөрөнгийг нь төсөвт суулгахаар ажиллаж байна. Ингэснээр хатгалгаа өвчний улмаас хүүхдийн амь нас эрсддэг байдал үгүй болно. ХӨСҮТ-ээс хийсэн тандалт судалгаагаар хатгалгааны эсрэг вакцинаас гаж нөлөө илрээгүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн тандалт судалгаагаар уушгины хатгалгааны эрсдэлт нөхцөл 40 хувиар буурсан” гэлээ. Вакциныг Англи улсад үйлдвэрлэсэн бөгөөд 160 оронд нэвтрүүлэн хэрэглэж байгаа аж. Нэг бүрийнх нь үнэ 15 ам.доллар. Харин НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.5 ам.доллараар авч, хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийж байна. Уг вакцины гурван тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаатай болох аж.

М.ЭНХЦЭЦЭГ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 3 = 10