Онцлох, Ярилцлага|(2018-03-13 16:06)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


А.Энхжаргал: Нуруундаа дараахь эмгэг өөрчлөлттэй хүн фитнесс, иогоор хичээллэж, бариа хийлгэж болохгүй

image_660

Нас тогтсон хүний л нуруу өвддөг гэх ойлголт ард хоцорч манай улсын хүн амын дундах нурууны өвчлөл жил ирэх тусам залуужих болсон. Хүн амын дунд тэр дундаа залуусын дунд зонхилон тохиолдох болсон нурууны өвчлөлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар Сонгдо эмнэлгийн Мэдрэлийн их эмч А.Энхжаргалтай ярилцлаа. 

-Манай улсад нурууны өвчлөл залуужиж, бас нэмэгдэж байна гэдэг.  Шалтгаан нь юутай холбоотой байдаг юм бол. Ажил мэргэжил, насны онцлогоос нь авч үзвэл аль бүлгийн хүмүүс нурууны өвчлөлд өртөмтгий байна вэ?

-Нуруу анатомийн хувьд хүний биеийн тулгуур багана эрхтэн. Нуруу нь хүний бүхий л амьдралын туршид хөдөлгөөнд идэвхитэй оролцож байдаг тул нас хөгшрөх тусам шөрмөс, булчингийн хатуурал явагдаж элэгдэж байдаг. Тэгэхээр нас ахих тусам нурууны өвчлөлд өртөх эрсдэл ихсэж байдаг гэсэн үг.  Нөгөөтэйгээр биеийн жингийн илүүдэлтэй, суугаа ажил хийдэг тэр дундаа жолооч, нягтлан, офиссийн ажилтнууд нурууны өвчлөлд өртөж буй эрсдэлт бүлэг байгаа юм.

Хөдөлмөрийн насны хүмүүс буюу 24-ээс 50 хүртэлх насны хүмүүс дискний эвэрхий буюу дискний мөгөөрсөн жийргэвчний өөрчлөлттэй байна.  Дискний өөрчлөлттэй хүмүүс нурууны хагалгаанд орж буй хүмүүсийн 50-иас илүү хувийг эзэлж байгаа юм. Энэ нь суугаа ажил хийдэг залуу настай хүмүүст ихээр оношлогддог. Харин 50-иас дээш насныханд үе хоорондын шохойжилт, хатуурал давамгайлдаг.

Нуруу дангаараа биш заавал бусад эрхтэнтэй хавсарч өддөг гэж ярьдаг. Ер нь нурууны өвчлөл дотор эрхтэнд нөлөөлөх үү?

-Шууд нөлөөлөх нь бага. Гэхдээ нуруу муруйх, далийх үед үеэнд өөрчлөлт оруулах, дотор эрхтнийг шахах зэргээр нөлөөлж болно. Харин бөөр өвдөх үед нурууны булчин чангарч өвдөх шинж тэмдэг илэрдэг. Бөөрний өвдөлт, нурууны өвдөлт хоёрыг шинж тэмдэг зарим тохиолдолд төстэй байдаг тул андуурагдах тохиолдол бий.

Нурууны өвдөлт нь мэдрэлийн гаралтай болон үенээс үүдэлтэй байж болно. Мэдрэлийн гаралтай өвдөлт гэдэг нь нурууны мэдрэл шахагдсан, дарагдсан өвдөлт юм. Мэдрэл дарагдаад удаан хугацаанд явбал доод үе мөчний үйл ажиллагаа алдагдах, булчин хатингарших, шээс задгайрах зэрэг өөрчлөлтүүд гардаг. Нөгөө нэг нь нурууны холбоос эдүүдийн өөрчлөлтөөс үүдэлтэй булчингийн эдүүдийн өвдөлт гэж бий.

 Нуруу архаг болон хурц өвдөлтөөр илэрдэг. Гэнэт татах хөших, өглөө босох үед хөших, нурууны булчин чангарч гуя, үе мөчөө дагаж өвддөг. Харин бөөр бол олон удаа шээх, нүүр ам хавагнах шинж тэмдэг илэрнэ.

Тиймд нарийн мэргэжлийн нуруу нугасны эмчид үзүүлж оношоо тогтоогоод эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Дур мэдэн өөртөө онош тавьж эмчилгээ хийж болохгүй гэсэн үг.

-Сүүлийн үед залуучууд хөдөлгөөний хомсдол, мөн эрүүл байх үүднээс спортоор хичээллэж, дасгал сургуулилт хийдэг болсон. Гэтэл нурууны архаг өөрчлөллтэй хүмүүс дур мэдэн дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэдэг шүү дээ. Ямар тохиолдолд дасгал хөдөлгөөн хийж болохгүй вэ? 

Дасгал хөдлөгөөн бол хөдөлгөөн засах эмчилгээнд ордог. Хүнд хэлбэрийн нурууны хугаралтай, нурууны эд эсийн хавдартай эсвэл дисксний цүлхийлт явагдаад мэдрэлээ бүрэн дарчихсан, нурууны зөөлөн эдийн хүнд гэмтэлтэй хүмүүс фитнессээр хичээллэж, иог хийж болохгүй. Хүндрэх эрсдэлтэй байдаг. Тиймд нурууөвдөж байгаа хүмүүс заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж оношооо зөв тодруулж байж фитнессээр хичээллэж болох эсэхээ шийдэх хэрэгтэй байдаг.

-Идэвхитэй дасгал хийж байгаад болох үед нуруу өвддөг гэдэг. Сүүлийн үед зодог тайлсан спортын тамирчид дээр нурууны өвчлөл нэлээд ажиглагддаг болсон. Энэ ямар учиртай вэ?

Байнгын хөдөлгөөнтэй, спортоор хичээллэж байгаад гэнэт дундаас нь хаяснаас болж нурууны өвчлөлд өртөх нь бий. Учир нь спортоор хичээллэж байсан хүнийбулчин жигд хөгжсөн байдаг. Тиймд ясан дээр ирж байгаа ачааллыг жигд хүлээж авдаг. Гэнэт хөдөлгөөнөө зогсоох үед булчингийн тэнцвэр алдагдаж эхэлнэ.Булчингийн нэг хэсэг чангарч нөгөө хэсэг нь сулраад ирэхээр хүний биеийн булчингийн тэнцвэр алдагдаж байгаа юм. Ингэснээр нуруун дээр ирж байгаа ачааллыг жигд бус хүлээн авч нуруундаа гэмтэл авах эрсдэлтэй.

Нурууны дискний жийргэвч хөдөлгөөн хийх үед шим тэжээл авч байдаг. Дискний жийргэвчийг энгийнээр тайлбарлах юм бол дотроо шингэнтэй бүрхүүл байгаа юм. Судас байхгүй тул яснаас хасах цэнэгээр тэжээл авч байпаг. Хөдөлгөөн хийх үед яснаас авч буй шим тэжээл нэмэгдэж байдаг гэж ойлгож болно. Тиймд хөдөлгөөн бол нурууг эрүүл байлгах хамгийн сайн арга юм. Дасгал хөдөлгөөн хийж байж эрүүл байх үндэс нь бүрдэж байдаг.

-Нэг байрлалд удаан байх нь нурууны өвчлөлд нөлөөлдөг гэдэг. Тэгэхээр хэдий хугацаанд хөдөлгөөн хийж байх ёстой юм бол?
-Хүн дунджаар 45 минут зогсоод сууж нуруугаа амрааж байх ёстой. Харин суугаа ажилтай хүн хоёр цаг хөдөлгөөнгүй суугаад нурууны хөнгөн дасгал, гимнастик, хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Нурууны өвчлөл хийж байгаа ажил, амьдарч байгаа орчинтой их холбоотой. Мөн суулт буруу, далий суух, тэгш бус сандал дээр удаан хугацаагаар суух нь цаашид нурууны дискэнд муугаар нөлөөлдөг.

Нуруугаа эрүүл байлгая гэвэл хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх юм. Үе мөч, нуруу өөрчлөлтөд орж, өвчилсөн тохиолдолд эргэшгүй өөрчлөлтөд орж байдаг. Эмчилгээ, хагалгаа хийлгэсэн ч цоо эрүүл болж чадахгүй юм. Тиймд урьдчилан сэргийлэх маш чухал.

-Нурууны өвчлөл зарим тохиолдолд ясны сийрэгжилтээс үүдэлтэй гэдэг. Ясны сийрэгжилт нурууны өвчлөлд нөлөөлөх үү? 

Яс сийрэгжилт явагдах үед нуруунд шахагдсан хугарлууд үүсдэг. Тэгэхээр ясны сийрэгжилт нурууны өвчлөлд нөлөөлдөг гэсэн үг.

Эх сурвалж: itoim.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 7 = 13