Uncategorized|(2018-03-09 12:54)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Буруу улиралд буруу дэглэмээр барьсан мацаг голын хий өвчин үүсгэнэ

d62763_matsag_x800

Сайхан бие цогцостой байх,толигор арьстай болох,эрүүл байх зэрэг олон шалтгаанаар бүсгүйчүүдийн маань дунд мацаг барьдаг хүмүүс их олон болцгоожээ. Гэхдээ хавар мацаг барьж бөөр зүрх 7 тамир нь муудсан хүмүүс ирж үзүүлэх юм гэж зүрх судасны Б.Болдсайхан эмчийн бичсэнийг уншаад уламжлалт анагаахын их эмчийн хувьд, мөн иймэрхүү өвчин туссан хүмүүсийг эмчлэх шаардлага нэлээн их тохиолдох болсноос хамааран энэ талаар бүсгүйчүүддээ дэлгэрүүлэн тайлбарлаж зөв ойлголт өгөх нь чухал гэж бодлоо.

Саяхан нэг бүсгүйн мацаг барьдаг зарчмаа фейсбүүк найз нартайгаа хуваалцсаныг уншихад 3 өдөр дараалан юу ч идэхгүй бөгөөд орой бүр өөртөө клизм тавина гэнэ. Эхний өдөр 500 гр ус орой нь аяга жүүс, дараагийн өдөр 500 гр ус, 3 дахь өдөр бүр юу ч идэж уухгүй гэжээ. Хүн хоолгүй 3 өдөр байхад өдөрт зарцуулагдах энергээ аваагүй болохоор ядарч тамирдана, за хоолгүй 3 хоноход болох юм гэхэд өдөр бүр кг жин тутамдаа дор хаяж 40 гр-аар бодон хэрэглэх зайлшгүй шаардлагатай шингэнээ хэрэглэхгүй бол яаж болох вэ. Үүнийг уншаад дагаж мацаг барьж байгаа хүн нэлээн байгаа байх, бас энэ мацгаасаа болоод өнөөдөр эс ч дараа жил гэхэд зүрх голын хийтэй болчихоод өөрөө төдийгүй гэр бүлийнхнээ шаналган зовох хүн олон байгаа даа гэж өөрийн эрхгүй санаа зовлоо.

Хүний биеийг уламжлалт эмнэлгийн онолоор бол хий шар бадгана гэж 3 махбод бүрдүүлдэг гэж мэдээж та сонсоо л биз. Шар нь элэг цөсийг шүтэн биеийн дунд хэсэгт оршино. Бадган нь тархинд шүтэн биеийн дээд хэсэгт оршино. Харин одоо миний голлон ярьж тайлбарлах гээд байгаа хий нь эрүүл үедээ доод биед голлон орших бөгөөд 5 цул эрхтнээс зүрхэнд, 6 сав эрхтнээс гол судал, олгойд /бүдүүн гэдэс/, 7 тамираас ясанд, 5 эрхтнээс чихэнд голлон оршино, арвидан хямарсан хий дээш хөөрдөг гэж үздэг төдийгүй үнэхээр ч хий арвидан хямарч өвчин үүссэн үед эдгээр эрхтнүүдэд өвчний шинж голлон илэрдэг. Хий өвчнийг үүсгэх гол шалтгаан нь

– Идээ ундааны: Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах, цагаан будаа, газтай ундаа, хүйтэн ус зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх, хэт өлсөх, ундаасах, хий хөдлөдөг хаврын улиралд хоол хүнс бага хэрэглэн тамирдах, удаан өлсөх

– Цаг улирлын: Өвөл,хавар эрт, намар орой нимгэн хөнгөн хувцаслах, бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх, хайрагдах, чийг татдаг гутал өмсөх, хөлөөсөө даарах, хүйтэн ус туулах, хүйтэн нойтон газар сууж даарах

– Явдал мөрийн: Унаж бэртэх, сав доргих, сэтгэл санаагаар унах, гэнэт айж цочих, нойр хоол алдах, буруу хоолны дэглэм сахих, төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих, хэт ажиллах, удаан хугацаагаар өвдөж тамир доройтох

– Этгээд нөхцөлийн: Цус алдах, гэнэт айж цочих гэх мэт 4 үндсэн нөхцөл байдаг. Хавар хий махбодь арвидан өвчин үүсэх нь их бөгөөд ингэж өвчилж байгаагийн шинж тэмдэг нь хийн өөрийн нь хөнгөн, хөлбөрөнгүй, ширүүн, сэрүүн, нарийн, чийрэг зэрэг 6 үндсэн билэг чанараас үүдэн гарсан амархан даарах, өглөө үүрээр эсвэл орой бүрийд чичрүүдэс хүрч халуурч байгаа мэт болох, өвчин нь нэг газар тогтворгүй хэсэж гүйж байгаа мэт энд тэнд өвдөх, арьс нь хуурайших, ширүүн болох, нойр муудах, элдэв зүүд зүүдлэх,амархан уурлах гомдох зэрэг шинжээр илэрдэг. Харин сүүлийн үед бүсгүйчүүдийн нэлээн их өвчлөх болсон ч эмч болгон амархан эмчлээд байж чаддаггүй голын хий өвчин нь айж сандрах, амархан цочих, толгой эргэх,нүд эрээлжлэх, заримдаа дайвалзаж ухаан балартах, амьсгал давчдаж цээж бөглөрөх мэт болох,хэвлийгээс ямар нэг юм гүйж хоолой бөглөрөх гэж байгаа мэт санагдах, хий огих, хэхрэх, зогисох, юм залгих үед хоолой дээр тээглэх, гэдэс дүүрэх, унгах хэхрэх үед бие амрах мэт болох зэрэг шинжээр илэрдэг. Хий өвчний үед өөрт нь их зовиуртай байх мөртлөө шинжилгээн дээр бодитой өөрчлөлт илэрч гардаггүй онцлогтой.

Монголчууд эрт дээр үеэс зун намрын халуун улиралд сэрүүн чанартай ямааны махаа хэрэглэ, өвөл хүйтэн сэрүүний улиралд халуун чанартай адууны махаа хэрэглэ, үхрийн мах тэгш чанартай учир аль ч улиралд хэрэглэж болно, харин хавар хий хөдөлдөг учир хий дарах үйлдэлтэй хонины махыг хүнсэндээ хэрэглэн даарах өлсөхийг цээрлэн явах учиртай гэж үе дамжин сургаж ирсэн нь ийм учиртай билээ. Бас бадган голлох эс шингэх өвчнийг зохистой хэмжээгээр өлсгөн засдаг, махан хоол ихээр хэрэглэсэн өвөл хаврын улирлын дараа биеэ хөнгөлөн ходоод гэдсээ цэвэрлэн, бас кальцийн хэрэгцээгээ хангах зорилгоор цагаан идээ түлхүү хэрэглэн мацаг барьдаг байснаас биш одоогийн бидэн шиг хий хөдөлдөг хаврын улиралд голын болон савны хий өвчнийг үүсгэх гол шалтгаан болсон өлсөн ундаасан бас хэтрүүлэн туулга хэрэглэн байж мацаг барьдаггүй байж.

Хүнийг ч хий шар бадган 3 махбодиор ангилан хурдан шаламгай хөдөлгөөнтэй, амархан баярлаж гомдож уурладаг, туранхай эцэнхий бээрэг, зан чанар тогтворгүй нэгнээ хий дийлэнхүй чанартай, хий өвчнөөр өвдөх хандлагатай хүн гэж шинжин өлсөж цангахгүй дулаахан орчинд бүлээн шитмэй идээ ундаа хэрэглэн сэтгэлд зохистой хүнээр асруулан байхыг зөвлөдөг байж. Тэгэхээр сүүлийн үед голын хий өвчнөөр шаналан хаана хандахаа мэдэхгүй байгаа бүсгүйчүүд төдийгүй идэр залуучууд  ч олон болж байгаа гэдгийг санан танд үнэхээр мацаг барих шаардлага бий юу? Танд мацаг барьвал сэдрэхээр хий өвчний ямар нэг шинж байгаа бол уу? Энэ мацаг барих дэглэм маань үнэхээр зөв үү? энэ мацгийг барьснаар үнэхээр та эрүүлжих үү? гэдгээ олон талаас нь бодон тунгаан байж хэрэглээрэй. Буруу улиралд буруу мацаг бариад эрүүлжих бус зүрх голын хийтэй болчих вий дээ.

Голын хий өвчний үед дулаан сэтгэлд таатай орчинд хий дарах үйлчилгээтэй бүлээн тослог шимтэй идээ ундаа хэрэглэн тайван байх шаардлагатайгаас гадна уламжлалт эм тан, зүү, төөнүүр, халуун тосон бариа, бүх биеийн зөөлөн тосон бариа, халуун бүлээн жин засал, монгол төөнө зэрэг эмчилгээг эмчийн хяналтан дор хийлгэх хэрэгтэй. Хий өвчний үед даарах жиндэх, ямаа тэмээний мах, цагаан будаа идэх, сэтгэл зовох, цус хануулах хориотой.

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч, АУ магистр Н.Алтанхундага



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



7 + = 11