Мэдээ, Онцлох|(2018-03-07 11:00)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


С.Байгалмаа: Хүн бүр шарилжны харшлын эсрэг вакцин хийлгэж болохгүй

1fe1fa1be533d962big

Манай орны хувьд өвлийн утаанаас дөнгөж салав уу, үгүй юү ургамал цэцэглэх, хаврын хавсаргатай зэрэгцээд харшлаар шаналдаг хүн олон бий. Жил бүрийн өдийд Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийдэг шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэл эхэлжээ.

Энэхүү вакцины бүртгэлд хамрагдсан иргэд ирэх сарын 5-наас эхлэн дархлаажуулалтад хамрагдана. Уг вакцин шарилжны харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх, хөдөлсөн ч хөнгөн байхад чиглэсэн эмчилгээ юм. Харшлын эсрэг вакцины талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн харшлын эмч С.Байгалмаагаас тодруулга авлаа.

ХАРШИЛ УДАМШДАГ-

-Арьсны өвчин судлалын үндэсний төвөөр жилдээ хичнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-2017 онд манай төвд 4000 гаруй хүн харшлын шалтгаантай гэж хандсан. Үүнээс 1200 хүнд нь сорил тавьснаас шарилжны харшил 60 хувийг, гэр ахуйн тоосны харшил 20-иод хувийг, модлог ургамлын харшил 14 хувь, үет ургамлын харшил 20 гаруй хувийг эзэлдэг. Гэхдээ энэ тоон баримт зөвхөн миний тооцож үзсэнээр шүү.

-Шарилжны харшлын эсрэг вакцины эмчилгээг хэзээнээс иргэдэд хийж эхлэх вэ. Хаврын улиралд хүмүүс ямар төрлийн харшлаар их өвчилдөг вэ?

-Шарилжны харшлын эсрэг вакциныг дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж хийдэг. Хавар таван сарын эхнээс зургаан сарын эхэн үе хүртэл, модлог ургамлын харшил, зургаан сараас долоон сарын 10-д хүртэл үет ургамлын харшил, долоон сарын 10-даас найман сарыг дуустал шарилж лууль зэрэг хөл газрын ургамлын тоосны харшил ихэсдэгээс шарилжны тоосны харшил илүү их тохиолддог.

-Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд нэлээд их харшилтай болж байна. Нөлөөлж буй хүчин зүйлс гэвэл?

Сүүлийн жилүүдэд харшилтай хүүхдүүдийн тоо нэмэгдээд байгааг удамшил, хоол хүнс, хөрс, агаарын бохирдол гээд маш олон хүчин зүйлс нөлөөлж байна.

-Хүмүүс харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Харшлын анхны шинж тэмдэг илрэх л юм бол эмчид шууд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ та харшилтай бол эмч таны юунаас харшилтай болохыг тодорхойлох сорил, шинжилгээнд явуулж юунд харшилтай болохыг тодорхойлно.

-Харшил удамшдаг уу?

-Харшил удамшдаг. Хэрвээ эцэг, эх нь хоёулаа харшилтай бол шинээр төрж буй хүүхэд 70-80 хувь харшилтай болох магадлалтай. Эсвэл эцэг, эхийнх нь аль нэг харшилтай бол хүүхэд 50 хувь нь харшилтай болох магадлалтай.

-Иргэдийн дунд шарилжны харшлын вакцины талаар буруу ташаа мэдээлэл байдаг. Та тэр ойлголтыг залруулаад мэдээлэл өгөхгүй юу?

-Шарилжны тоосны харшлаас сэргийлэх вакциныг дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн долдугаар сарыг хүртэл шарилж цэцэглэхээс хоёр сарын өмнө хэрэглэсэн байх естой. Хүмүүс вакцин гэхээр нэг удаа хэрэглэх юм гэсэн ойлголттой болсон байна. Харшлаас сэргийлэх үр дүнтэй аргын нэг нь уг харшил төрүүлэгчээс бэлтгэж авсан өвөрмөц аллергенийг цацлага, тарилга, шахмал хэлбэрээр бэлтгэж, үр дүнд хүрч байгааг олон улсын байгууллагаас уг эмчилгээний аллерговакцин гэж нэрлэх болсон. Бид энэ нэр томъёог хэрэглэж байна. Шарилжны харшлын эсрэг вакциныг зөвхөн шарилжны харшилтай өвчтөн хэрэглэнэ. Вакцинд хамрагдах асуудлыг эмч шийдвэрлэж өгнө. Шарилжны харшлын эсрэг вакциныг 7-65 хүртэлх насны хүмүүс хэрэглэхэд зохимжтой. Жирэмсэн, хөхүүл эх, сүрьеэ, зүрхний архаг дутагдал, хавдартай өвчтөнд хэрэглэхгүй гэсэн эсрэг заалтуудтай.

М.АМАРЖАРГАЛ

medee.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + = 13