Uncategorized|(2018-03-05 11:51)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Г.Билгүүн: Бид Казахстан улсаас хөгжлөөрөө 10 жилээр хоцорчихсон явна

15201791105a9c17a684176

Монголын аж ахуйн нэгжүүдийг гадаад ертөнцтэй холбох гүүр болсон ISO стандартын баталгаажилтыг үндэсний “МонСертф” компани олгох эрхтэй болсон билээ. Стандартчилалын салбартаа анхны хувийн хэвшил болох тус компанийн хамт олон Үндэсний хэмжээнд аудитороо сургаад, бүртгэлжүүлээд, баталгаажуулаад хүлээн зөвшөөрүүлэх процессыг явуулж байна. Монгол аудиторуудыг бэлтгэснээр ISO стандартыг авахын тулд гаднын байгууллагад 10-30 мянган ам.долларыг төлдөг урсгалыг зогсоосон гэж болно. Ингээд энэ удаагийн VIP зочноор уригдсан “МонСертф” компанийн Ерөнхий захирал Г.Билгүүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-“МонСертф” компани байгуулагдаад удаагүй ч олон улсын итгэмжлэлийн байгууллага болох зорилго тавьсан  гэж байсан. Энэ талаараа сонирхуулаач?

-Манай компани 2016 оны нэгдүгээр сарын 28-д байгуулагдсан цагаас л олон улсын баталгаажилтын байгууллага болно гэсэн том зорилго тавьсан. ISO стандартын баталгаажилтыг аж ахуй нэгжүүдэд өгөхийн тулд бид өөрсдөө олон улсын стандарт мөрдөнө гээд эхлээд боловсон хүчнээ бэлдэж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд туршлагатай 30 аудиторыг сургаад, олон улсад хүлээн зөвшөөрүүлж, бүртгэлийн процессыг нь явуулаад баталгаажуулсан.

Бид бүхэн гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд Туркийн “АНКА глобал” консорциум, Францын “AFNOR” групп, БНХАУ-ын “UICC” групп зэрэг олон улсын баталгаажилтын байгууллагатай хамтран ажилладаг. Гэрээний дагуу AFNOR группийн нэрийн өмнөөс таван байгууллагад аудит хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн долоон гэрчилгээг олгоод байна. “МонСертф” компани өнгөрсөн жил үндэсний итгэмжлэл авсан.

Ингээд олон улсын итгэмжлэл авахад бэлэн болсон гэж үзээд 2017 оны есдүгээр сард Казахстаны үндэсний итгэмжлэлийн байгууллагад хүсэлтээ тавьсан. Тэд манай компанийг зургаан сарын турш судалж, саяхан шийдвэрээ гаргалаа. Нийт зургаан ажлын хэсэг гаргаж, хоёр жил бэлдсэн ажил маань үр дүнгээ өгч байгаад үнэлгээний баг хамт олондоо баярлалаа.

Бид Монголын аж ахуйн нэгжүүдэд аудит хийж, баталгаажуулдаг. Тухайн байгууллага үнэхээр стандартын дагуу үйл ажиллагаа явуулж чадаж байна уу гэдгийг жишээлбэл, ISO9001:2015, ISO19011 гэсэн стандартаар шалгадаг байгаа. Харин биднийг аудит хэрхэн хийж байгааг Олон улсын итгэмжлэлийн байгууллага давхар дэлхийн ISO17021:2015 гэсэн стандартаар шалгасан.

Гадагшаа роялти төлдөг байсан бол Монголдоо татвар төлөгддөг боллоо

-Энэ салбар хөгжсөнөөр монголчуудад ямар эерэг өөрчлөлт авчирах вэ?

Баталгаажилтын хувийн салбар Монголд ерөөсөө хөгжөөгүй. Ганцхан манайх л байна. Тиймээс манай компани салбартаа түүчээлэн ажиллана. Хоёрдугаарт, чанарын дэд бүтэц бий болно. Ингэснээр Монгол аж ахуй нэгжүүд ISO стандартыг олон улсын, гадаадын байгууллагаас биш дотоодоос авах боломж бүрдэж байна. Гуравдугаарт, монгол аудиторууд олон улсын стандартын дагуу үндэсний компаниар баталгаажуулдаг болох юм.

Ингэснээр олон улсын ISO гэрчилгээг хямд өртгөөр авах боломжтой. Урьд нь ISO гэрчилгээг гаднын хүн хийдэг байсан бол одоо Монгол аудитор хийдэг болсон.  Урьд нь гадагшаа роялти төлдөг байсан бол Монголдоо татвар төлөгддөг болсон. Гаднын аудитор цалин авдаг байсан бол монгол аудитор цалин авна.

Монгол Улсад стандартын салбарын хөгжил ямар шатанд байгаа вэ?  

-Монгол Улсад стандарт нь байдаг. Гэвч 1979, 1989  гэх мэтээр 70 хувь нь хоцрогдсон, өмнөх үеийн стандартаар яваад байна. Мэргэжлийн хяналтын байгууллага MNS стандартаа мөрдөж ажлаа маш сайн хийж байгаа. Гэтэл аж ахуйн нэгжүүд дэлхийн ISO стандартаар яваад, сонирхоод байдаг. Энэ хоёрын хооронд үл ойлголцол үүсээд авлига, хээл хахууль, төрийн хүнд сурталын асуудал гарч ирээд байгаа юм. Энийг л ойлгох хэрэгтэй байна.

Хөгжлийн гацаа энд байгаа. Тиймээс бүх нийтээрээ хамтарч байгаад стандартаа  мөрдөөд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө ч хариуцлагатай байгаад стандартыг 99 хувь шинэчлэх хэрэгтэй байна. Дараа нь олон улсын жишгигт хүргэчих хэрэгтэй байгаа юм. Тэгвэл бид бүгд л ойлголцоно. Утаа байхгүй  болно,  барилга дээрээс төмөр унахаа болино, хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа хордохоо болино.

Стандарт нэвтрүүлсэнээр Казахстан улс маш хурдан хөгжсөн

-Үндэсний Стандарт, хэмжил зүйн газар энэ 70 хувийн стандартыг өөрчлөх сонирхол хүсэл хэр байгаа бол?

Стандарт хэмжил зүйн газар гол юмаа  хийхгүй байх шиг харагдаад байдаг юм. Тухайлбал, Стандарт хэмжил зүйн газар баталгаажуулалт  хийгээд байна. Түүнийг хувийн байгууллагууд хийх ёстой. Итгэмжлэл хийгээд байна. Бие даасан агентлаг хараат бусаар хийх ёстой ажил. Сургалт зохион байгуулаад байна. Хувийн хэвшилээр хийлгэж байх ёстой. Тэдний гол ажил хяналтаа хийгээд, стандартаа боловсронгуй болгохын тулд хамаг техник боловсон хүчнээ тийшээ хандуулж байх ёстой. Стандарт гэдэг хууль баталдагтай адилхан зүйл. Хуулийн жижигхэн хэлбэр л гэсэн үг. Олон улсын стандартад нийцсэн гэх 30 хувийг нэмэгдүүлэхэд л анхаарах ёстой.

Бид дөнгөж түрүү жил хэл ам, хэрүүл болж байж 2017 оны 12 сард хуулиа шинэчилсэн. Гэтэл өнөөдөр Казахстан улс стандартынхаа 90  хувийг олон улсад нийцүүлчихсэн явна. 2008 онд хуулиа өөрчилчихсөн. Тэгээд бүтцээ өөрчилж, Стандартчилал хэмжил зүйн газрын дэргэдэх Итгэмжлэлийн хэлтэсээ бие даасан агентлаг болгочихсон. Олон улсын жишгээр нь явуулж байна. Баталгаажуулалт хийдэг “Монсертф” шиг компани 74 байна. 5000 аж ахуйн нэгж  нь стандартыг нэвтрүүлчихсэн байна. Дэлхийн түвшний стандарт нэвтэрч, экспортоор хөрөнгө оруулалт орж ирснээр Казакстан улс маш хурдан хөгжиж байна шүү дээ.

-Дэлхийн стандарт  шаардлага хангасан үйлдвэрлэл, бүтээн байгуулалт илүү их хийгдээд эхэлсэн гэсэн үг шүү дээ?

-Хөрөнгө оруулагчид илүү итгэж гадаад харилцаа нь ч сайжраад ирж байгаа юм. Тэгтэл манайд төр нь гээд ганцхан том байгууллага, хувийн хэвшлээс ганцхан Монсертф л байдаг. Бид Монопол болж ажиллах ямар ч сонирхол алга. Олон байх ёстой юм. Бид тэгтэл төртэй өрсөлдөөд байна. Төр өөртөө баталгаажилтын газартай маш хямдхан яваад байгаа. Стандарт хэмжил зүйн газрын Баталгаажилтын албанд нь 10 хүн ажиллладаг. 10 аудитор гэсэн үг. Стандарт мөрддөг 120 компани байгаа, тэд ачааллаа дийлдэггүй.

Нэг компани дээр аудит хийнэ гэдэг том ажил. Дүн шүнжилгээ, баримт бичгийн хяналт хих нь 1-р шат, 2-р шат гээд явж байх ёстой. Оочер дараалал үүсчихсэн, компаниуд баталгаажилтаа авах гээд захирлууд нь шахаад байдаг. Тэгээд л ажлаа хурдан амжуулахын тулд хэдэн төгрөг өгөх болдог. Эсвэл хараар зөвлөх үйлчилгээ авах зэргээр явж ирсэн. Хэр удаан ингэж явуулах ёстой юм. Аль эсвэл тэмцэх ёстой юм уу. Ажиллаж байсан газраа муу хэлэх гээд байгаа юм биш, гэхдээ л энийг зогсоож зөв явуулах ёстой.

Хамгийн багадаа манайх шиг 20 компани хэрэгтэй байна

-Магадгүй ингээд яваад байх нь тухайн компанидаа ямар ч үр ашиггүй, хөгжилгүй, ирээдүйгүй ажил болох нээ?

-Тэгэлгүй яахав. Нөгөө талаар стандартын өөрийнх нь хүчийг сулруулчихаж байгаа юм. Шинэчлэл нэвтрэхгүй болохоор гэрчилгээ өгдөг л байгууллага болчихож байна шүү дээ. Ямар ч өрсөлдөөн хөгжилгүй. Барилгаас төмөр унасан хэвээр, хүүхдүүд хордсон хэвээр, бүтээгдэхүүн чанаргүй хэвээрээ л байна. Тиймээс хувьд байх ёстой гэж зөндөө л ярьж байна. Монголын зах зээл жижигхэн, төрийн хяналттай байх ёстой гэдэг юм яриад байгаа.  Уг нь тийм биш.

Зах зээл хангалттай байгаа. Монголд 150 мянга гаруй аж ахуйн нэгж байгаа. Үүнээс 40 мянга нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тэгтэл хамгийн ойрын жишээ, Казакстанд 5000  компани стандарт  нэвтрүүлэхэд 74 баталгаажилтын байгууллага ажиллаж байна. Нэг стандартын байгууллага дээд тал нь 100 аж ахуйн нэгжийн стандартад хяналт тавих боломжтой.

Манай байгууллага гэхэд одоо 18-тай л ажиллаж байна. Цаашид улам ихсэх магдлалтай Нэг байгууллага 30  аж ахуйн нэгжтэй  ажилладаг болчихсон байхад л үйл ажиллагаа нь тогтвортой явчихаж байгаа юм. Цаана нь зөндөө зах зээл байна. Зөндөө ажлын байр байна. Хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй, сургах хэрэгтэй. 1000 аж ахуйн нэгж  олон улсын ISO 9001 сонирхож экспорт хийж таарна. Хамгийн багадаа шүү дээ. Тэдэнд хамгийн багадаа 20 баталгаажилтын компани хэрэгтэй болж байна. Манайх шиг гэсэн үг.

Чиглэл чиглэлээ хариуцсан. Хөдөлмөрийн  аюулгүй байдлын чиглэлээр, байгаль орчны чиглэлээр, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр стандарт хийх хэрэгтэй. Юун төр энийг хийх. Төрийн хүчин чадал хүрэлцэхгүй. Хангалттай зах зээл байгааг би хараад байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдал хүртэл стандарттай  байх юм бол Монгол улсад мөн ч их хэрэгтэй байна. Удирлагын менежментийн тогтолцооноос үүдэлтэй авто замын түгжрэлийг “Толгой доторх түгжрэл” гэж нэрлээд байгаа шүү дээ. Гэтэл энэ стандарт үндэснийи стандарт ч болоогүй байгаа. Тиймээс бид Монгол Улсад хамгийн тохиромжтой стандартуудыг гаргаж үзсэн. Хэрэгжих ёстой, байх ёстой хамгийн гүйлгээтэй стандартууд гэж болно.

Блүүмберг телевизийг манай “Монсертф” компани баталгаажуулсан

-Тухайлбал, Авлига хээл хахуулийн стандартын талаар тайлбарлавал?

-Байгууллага болгон дээр цагдаа бий болгочихдог юм байна. Журмууд дотор нь хяналтыг бий болгочихдог. Ялангуяа төрийн болон төрийн өмчит хувьцаат компаниуд дээр нэвтрүүлэх ёстой. Нэвтэрчихсэн байхад захирал, нягтлан зэрэг эрх бүхий хүмүүс мөнгөний асуудал шийдэх, элдэв ном шахах  зэрэг процессийг үгүй хийх юм. Дунд нь хяналтыг бий болгоод өгчихөж байгаа гэсэн үг. Хяналт шалгалт үнэлгээний газраас нь анхаараад эхлэхээр мөнгө идэх бололцоог нь  хаагаад өгчихөж байгаа юм. Энэ нь авлига авах, өгөх процессыг ил тод болгоно.

-Хамт нэг дор ажиллаж байгаа хүн гэдэг утгаараа хараат бус байдлаа хадгалж чадах уу?

-Хараат биш байна л даа. Стандарт гэдэг өөрөө процессын зураглал, журмууд. Ажил орж ирэхэд хараат бус болон хөндлөнгийн зөвлөл оролцож байхаар зохицуулсан байгаа. Аль болох нэг  хүний төвлөрөлийг багасгаад Хараат бус шударга байдлын хороо зэрэг хяналтыг нь тавиад өгчихнө.

-Энэ стандартуудыг хэрэгжүүлээд эхлэвэл Монгол Улс хөгжил хурдсах уу?

-Салбар салбартаа л стандартаа хэрэгжүүлээд эхлэхэд болно. Эрчим хүчний удирдлагын менежментийн стандартыг салбартаа тэр чигээ нь нэвтрүүлчихсэн байгаа. Стандарт үргэлж байх ёстой юм. Аж ахуйн нэгжүүд стандарт нэвтрүүлснээрээ цаашдаа хилийн чанадад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд, бүтээгдэхүүнээ гаргахад саад тотгор байхгүй болох юм. Мөн гадаадын хөрөнгө оруулалт татахад тустай.

Нэг хэсэг Чингис мундаг гэж хэлээд гадны хөрөнгө оруулалтыг татаад ирсэн. Сэтгэлээрээ ороод ирэхэд нь бид стандартгүй байж таараад зөндөө олон хөрөнгө оруулагч нар залилуулсан. Тэр нь амаар дамжаад буцаад гараад явчихсан. Хууль эрх зүйн орчин ч тийм байсан. Буцаагаад одоо яаж татах юм.

Жишээ нь, Блүүмберг телевизийг манай “Монсертф” компани баталгаажуулсан. Долгион захирал телевиздээ стандарт нэвтрүүллээ. Тэр гэрчилгээгээрээ Форбес дээр очоод “Хардаа надад итгэж болно. Манайхыг Францын баталгаажилтын байгууллага хөндлөнгөөс баталгаажуулаад гэрчилгээжүүлсэн. Манай удирдлага чанартай, менежментийн хувьд найдвартай, итгэж болно. Хөрөнгө оруулаач ээ” гээд танилцуулсан.

Тэгтэл нөгөө хөрөнгө оруулагч нар тэр баталгаажилтад итгэж,  давхар хөндлөнгийн аудит хийсэн компанийн дүгнэлтийг хараад франчайзингийн гэрээ хийж, хөрөнгө оруулалт аваад явж байна. Стандарт нэвтрүүлчих юм бол хөрөнгө орж ирэх магадлалтай юм байна,  цаашаа экспорт хийхэд боломжтой юм байна. IPO хийхэд стандартын шаардлагууд ч угаасаа тавигддаг.

Бидний бүх хувийн мэдээлэл маш аюултай байдалд байгаа

-Мэдээллийн аюулгүй байдлын стандарт гэдэг нь?

Мэдээллийн  аюулгүй байдлын стандарт гэхэд бүх банкууд дээр нэвтрэх ёстой байгаа. Нэг онигоо шиг яриа байдаг шүү дээ. “Эхнэр нь банкинд ажилладаг. Нөхөр нь хөдөө загасанд явсан гэж гараад картаа өөр газар уншуулчихсан. Гэтэл тэрийг нь эхнэр дор нь  олж хараад л бариад авсан” гэдэг. Энэ бол мэдээллийн аюулгүй байдал. Бидний бүх хувийн мэдээлэл маш аюултай байдалд байгаа шүү дээ. Хамгаалагдсан байх ёстой. Аль нэг газар гэлтгүй, IT-тай холбоотой бүх мэдээллийн аюулгүй байдлын стандарт   нэвтэрч, хамгаалагдан байх ёстой.

-Хувь хүний ч, албан байгууллагынх ч гэлтгүй?

-Тийм. Хүн болгон дураараа ингэж мэдээлэл олж авах боломжтой байж болохгүй. Сонгуулиар бидний мэдээлэл хангалттай алдагдаж байгааг харж байна. Нэр дэвшигчдийн мэдээлэл яаж алдагдаж байна. Утсаар ярьж байхад хүртэл утас чагнаж байна гээд байгаа. Үүрэн холбооны операторууд мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлсэн байх шаардлагатай. Бид нар ч түүнийг нь шаардах ёстой.

 -Иргэдийн мэдлэг, мэдээлэл хомс стандарт гэдгийн учрыг ч сайн ойлгодоггүй хүмүүс байгаа шүү дээ

-Ямар ч  мэдлэггүй. Хүүхэд цэцэрлэг, сургуульдаа хордлоо гэсэн мэдээлэл яваад байсан.  Хүүхэд хордоход тогооч буруугүй. Тогоочийг ажлаас нь халахаас илүү процессын явцад нь стандартын шаардлагаа тавих ёстой. Ханган нийлүүлэгч, хадгалалтад стандартын горим зөрчсөн эсэх, хаанаа алдаа байгааг нь олох ёстой юм. Тэрнээс биш бүтээгдэхүүн хүрээд ирдэг, он сар нь асуудалтай бол тогооч буруудах ёсгүй л гэсэн үг.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд ч тэр төмөр уналаа гэхэд аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас гээд компанийн нэр л яваад байдаг. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартын тийм журам нь алдагдсан байна гээд Мэргэжлийн хяналтын байгууллагаас нь стандартын тийм журам алдагдсан гэдгийг нь эрэн сурвалжлаад энэ компани ийм юман дээрээ алдсан байна гээд тодруулаад явбал илүү сайн.

Байгаль орчны стандартуудыг мөрдөхөд л хотын асуудал цогцоороо шийдэгдэнэ

-Ниргэсэн хойно нь хашгирах биш хашгирахаасаа өмнө яагаад ниргэв гэдгийн учрыг л олох хэрэгтэй гэж үү?  

-Тийм. Тэр стандартын алдааг олсоноор бусад компаниуддаа сургамж болох юм. Бид нар алдаануудаа давтахгүй байх нь чухал. Тухайн компани нь ч, хүн нь ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөөгүйгээс болж осол болсон гэдэг алдаанаас суралцах ёстой. Стандартын сайжруулалт байнга хийдэг. Тэр талаас нь мэдээлэл хүргээд явбал илүү сонирхолтой. Жишээ нь, нийслэлийн утааг яриад байгаа. Үнэндээ байгаль орчны менежментийн тогтолцооны стратеги тэр чигээрээ  алдагдсаны үр дүн шүү дээ.

-Хүмүүс нүүж ирээд гал түлээд байгаадаа гол нь биш гэж үү?

-Тийм. ISO 14000 гэдэг стандартын тэр шаардлага нь юу юм. Байгаль орчны стандартаа яаж удирдах ётсой юм. Бид даацаа хэтрүүлсэн байна. Ганц утааны асуудал биш. Байгаль орчны менежментийн тогтолцоог стандартаар нь харах ёстой. Ер нь Улаанбаатар хотод тийм стандарт мөрдөгдөхгүй больчихсон юм биш үү.

Агаарыг нь шийдлээ гэхэд хөрс нь үлдээд, ус хөрс гээд л бүгд л бохирдоод байна. Би харахдаа менежментийн тогтсон стандартаа шийдэх гээд ганцхан нэг субьектийг анхаарах юм бол нөгөөдөх нь арилахгүй. Тэгэхээр тогтолцоогоор нь харах ёстой. Бид өмнө нь бүтээгдэхүүн яриад энэ бүтээгдэхүүн стандарттай юу, стандартгүй юу гэж ярьдаг байсан.

Дэлхийн жишгээрээ тухайн бүтээгдэхүүний стандартыг хадгалахад менежмент их чухал юм байна гэж үзсэн. Тухайн  байгууллагын менежмент удирдлагын баг нь буюу менежмент нь өөрөө стандарттай болвол тогтолцоо нь өөрөө стандарттай болчихно. Бүтээгдэхүүн нь автоматаар стандартай байна гэсэн шинэ хандлага яваад байгаа. Бүх стандартууд шинэчлэгдэж байна. Стандарт 5 жил тутамд шинэчлэгдэж байна.

Тэр шинэчлэлийн хүрээнд бид менежментүүдээ сайжруулаад байгаль орчны стандартуудыг мөрдөөд явчих юм бол хотын энэ асуудал өөрөө цогцоороо шийдэгдээд явчихна. Иймэрхүү удирдлагын түвшинд хийгдэх стандартууд ихэвчлэн сайн дураар хийгддэг байгаа. Сайн дурынх учраас хүмүүс мөрдөж болно, мөрдөхгүй байж болно.

Гэхдээ Германд гэхэд аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн хяналт нь стандарт сайн дурынх байж болно. Гол нь шалгахдаа эсвэл тусгай зөвшөөрөл олгохдоо, төр нь тендер зарлахдаа олон юм бичдэггүй. Зүгээр л тийм стандартыг хангасан компаниуд ийм үйлчилгээг үзүүлнэ. Зам барих бол хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг хангасан, менежментийн тогтолцоотой, замын  хөдөлгөөний аюулгүй байдлын стандартыг мөрддөг гэсэн гурван үндсэн шалгуур тавьчихад хүссэн хүсээгүй тендер авахын тулд стандартаа мөрдөж нэвтрүүлэхээс өөр аргагүй болдог.

Оюутолгой компани ханган нийлүүлэгч нараасаа стандарт шаардаад эхэлчихсэн

-Тендерийн өмнөх нууц ярианууд ч арилах юм байна, тийм үү?

-Стандарт нэвтрүүлнэ гэдэг нэг өдрийн дотор хийчих амархан ажил биш. Тийм ч  боломжгүй. Тэгэхээр хэн чадаж байгаа нь л хийдэг болно. Урт хугацааны ийм бизнесийг хэн хамгийн их дэмжиж байгаа гээч?

Хэн?

-Оюутолгой компани хамгийн  их дэмжиж байгаа. Бүх ханган нийлүүлэгч нараасаа стандартыг шаардаад эхэлсэн. Нөгөө компаниуд нь стандарт мөрддөггүй байсан. Гэтэл Оюутолгойд ханган нийлүүлэх үйлчилгээгээ үргэлжлүүлэн явуулахын тулд стандартаа хайж, судлаж манай сургалтанд сууж байна. Манайхаас зөвлөх үйлчилгээ авч байна. Баталгаажуулалт авж байна. 13 компани байгаа. Тухайлбал, Хайнзинг сервис, Эрдэнэ дрийлинг зэрэг Оюутолгойтой холбоотой компаниуд байгаа.

Мөн дэлхийн зах зээлд экспорт гаргах сонирхолтой Говь ХК ирж IPO гаргахаар сонирхож байна. Харин төр лүү хандаж ажиллаж байгаа компаниуд стандартыг сонирхохгүй байгаа. Яагаад гэвэл нөгөө талд шаардлага нь алга. Шаардчихвал уг нь их сайн юмсан.

-Тэгж шаардаж байж л Монгол  Улс дэлхийн бусад улс оронтой ижил стандарт мөрддөг, чадалтай чадвартай гээд нүүр бардам зогсох боломж илүү нээгдэх юм байна?

-Тийм, тэгж байж хөрөнгө оруулалтыг татна. Тэгж байж Монгол Улс маань хөгжинө. Бид зөвхөн Касакстан улсаас 10 жилээр хөгжлөөрөө хоцорчихсон байна. Казакстан улстай нэгэн зэрэг ардчилсан нийгэм рүү орсон шүү дээ. Дэлхийн бусад улсаас хэдэн жилээр хоцорсон талаар ярих ч хэрэггүй.

Стандартаа л харахад ардчиллаас өмнөх  үеийнх 70 хувь нь байгаа гэлээ. Гэтэл 5 жил тутамд шинэчлэгдэж байгаа гэхээр бид ямархан түвшинд хоцрогдсоноо мэдэж болох нь?

-Тийм. Ялангуяа MNS стандартуудаа MNS:ISO болгох ёстой. Тэгж байж дэлхийн стандарттай нийцүүлэх юм. Стандартуудаа цаг тухайд нь хурдан өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр мөрдөгдөж байгаа 6000 стандарт гэдэг дэлхийн 25 мянган стандарттай харьцуулахад бага тоо. Байгаа энэ 6000 мянгаа олон улсын шалгууртай нийцүүлэхэд л бүгд хамтарч ажиллах ёстой байгаа юм. Ганцхан Стандартын байгууллага нь анхаарах биш. Тэд чинь зөвхөн стандартыг гаргадаг л газар. Мэргэжлийн холбоод болох хүнсчдийн холбоо, Барилгачдын холбоо стандарт луугаа анхаарах ётсой. Тэд нар хамгийн их  стандартаа ажил хэрэг болгож, шинэчлэл хийж байх ёстой мэргэжлийн хүмүүс. Ганцхан төр лүү хараад байлгүй бүгд л стандарт руу анхаарчихвал болох юм.

Германд “Берлин дэх Монгол оюутны холбоо” ТББ байгуулах гэж 2 жил хөөцөлдсөн

-Манайхан нэгдэж ажиллах тал дээрээ хэр байх бол?

-Хүчээр буюу Оюутолгой ханган нийлүүлэгч нараасаа стандарт шаардаад байгаа шиг болчихвол нэгдэхээс өөр аргагүй. Хүссэн хүсээгүй хамтран ажиллах болоод байгаа юм биш үү.

-Ингэж нэгдэх нь бидэнд тустай ч ойлгуулах нь чухал. Герман улсаас сурсан туршлага байгаа юу?

-Анхнаасаа аж ахуйн нэгж байгуулах нь өөрөө нэгдэл юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт өнөөдөр 150 мянган төгрөг өгөөд л компани байгуулчихаж болж байна. Тэгтэл Герман улсад би 2002 онд “Берлин дэх Монгол оюутны холбоо” байгуулах гэж хөөцөлдсөн. ТББ шүү дээ. Тэгэхэд надад стандарт ISO 9001 ийг хангасан байх гэсэн шаардалгуудыг тавьсан. Энэ нь баримт бичгийн журам, бүртгэлийн журам, дотоод аудитын журам, хүний нөөцийн журам гэдэг стандартууд.

Тэр бүхнийг нь биелүүлэхийн  тулд ганцараан барахгүй болж, удирдах зөвлөлөө хуралдуулж байж шийдвэр гаргасан.  Бараг 2 жилийн хугацаанд тэр бүхнийг бүрдүүлж байж бид нар ТББ  гэж бүртгүүлж чадсан. Анхнаасаа стандартын шалгуур тавихад бичиг баримт нь ОКЕЙ болчихсон эвлэлдэн нэгдсэн хамт олон болчихож байгаа юм. Гэтэл монголд шаардлагатай мөнгийг нь өгөөд л хүн болгон ТББ, аж ахуйн нэгжтэй болох боломж байна.

Тиймээс хамгийн түрүүнд Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас өөрчлөлтийг эхлэх ёстой. Компани байгуулах шаардлагууд дээр ISO 9001 -ийн шалгууруудаа тавих юм.  Үндсэн шаардлага, журмуудаа боловсруулаад гараад ир. Ганцхан  компанийн дүрэм биш, үйл ажиллагаа нь яаж явах юм, процессийн зураглал, чанарын бодлого, компанийн зорилго зорилт, алсын харааг нь шаардаад эхлэхээр компаниуд  хурдан байгуулагдад байхгүй. Гарч байгаа компаниуд нь чанартай болох юм.

-“Х” тайлантай аж ахуйн нэгжүүд бага болох юм байна?

-Тийм. Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дараа Хөрөнгийн бирж  дээр компаниуд IPO  гаргах гээд бүртгүүлэхэд нь үндсэн шаардлагуудыг тавьчих хэрэгтэй. Улсын тендерт оролцоход шаардлагуудыг нь тавьчих хэрэгтэй. Энэ гурвыг эхлүүлчихэд л нэг  хэсэгтээ жигдэрчихнэ. Герман шиг л болно. Компаниуд амархан байгуулагдахгүй, байгаа хэд нь чанаржина. Процессоо мөрддөг болно. Тэгээд компаниуд эхнээсээ л алсын хараа минь юу юм, бид нар хаана нь байгаа юм. Ер нь хаашаа явах гээд байна. Зүгээр нэг нэрээ гаргаад  юм хийгээд явах биш, илүү чанартай аж ахуйн нэгжүүд бий болно гэсэн үг.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж ч илүү болж таараа. Аж ахуйн нэгжийн хөгжил ч сайн болж таарна, гадны хөрөнгө оруулагч илүү итгэж таарна. Тэгээд байнгын сайжруулалт хийж, хөндлөнгийн баталгаажуулалт хийх хэрэгтэй. Компаниуд захирлуудад шаардлага тавихад эхний ээлжинд мэдэхгүй байж болно. Тэгэхээр нь стандартын сургалтад суулгаад зөвлөх үйлчилгээ өгөөд, ерөнхийдөө стандартыг ойлгоод эхэлнэ. Тухайлбал, замын инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол тэр стандартаа сонирхож, уншиж эхэлнэ. Юм хийх гэж байгаа учраас энд тэндээс мэдээлэл авна. Тэгээд монголынхоо нөхцөл байдалтай танилцана гэсэн үг.

 Ер нь гадаадад сургуульд сурч амьдарч ирсэн хүмүүс стандартын ялгааг маш сайн харж байдаг. Стандартынзөрүүгээс л болоод бухимдаад байгаа юм. Тэд  нар шинэ стандартыг тээгч нар болж, хуучин стандарт хоцрогдчихсон юм байна. Энэ стандартыг шинэчлэе гээд ажлын хэсгээ байгуулаад Стандарт хэмжил зүйн газарт хүсэлтээ тавиад шинэ стандартаа орчуулаад хуучин стандарттай харьцуулаад монголын хөрсөндд жаахан тааруулаад явахад  болно. Манайх өөрийн гэсэн онцлогтой. -40  хэмийн хүйтэн болж байна, +40 хэм хүрч байна. Тэгээд техникийн хороо орлоо, Стандартын үндэсний зөвлөлөөр орлоо, баталлаа.  Тэгээд л стандарт шийнэчлэгдэнэ гэсэн үг. Гурван сарын л ажил шүү дээ.

Хөгжил бидний хурдаас, хүслээс, хамтын ажиллагаанаас л хамаарна

-Тэр стандартгүйгээс жилийн жилд л зам засах, хот тохижуулах зэргээр дахин дахин хийгдээд яваа юм байна,

-Хүмүүс маань жаахан ойлгохгүй байна. Манай гадаадад төгсөгчид маань ч стандартын мэдлэг тээгээд ирсэн гэдгээ сайн олйгохгүй байна. Герман улс стандарт их ярьдаг.  Германд төгссөн улсууд ч стандартыг сайн ойлгодог. Тиймээс манай ажилчдын дийлэнх нь германд төгссөн залуучууд байгаа. Бусад орноос ирсэн ч гэсэн стандартыг харж байгаа. Замаар явж байхад л эвдрэлийг нь хараад харьцуулалтыг нь шууд хийдэг. Бид хэрэг гарвал википедиа ороод уншаад  мэдчихдэгтэй адил стандартыг мэдэх  амархан. Дор дороо л “Стандартаа шинэчлэх аян” гээд зүтгэхэд нэг жилийн дотор л стандарт маань сайхан шинэчлэгдэнэ дээ. .

-Стандартаа шинэчлээд эхний ээлжинд Казакстан улс шиг болоход хэр хугацаа орох бол?

-Хурдан өөрчлөгдөнө. Яагаад гэвэл бид хуулиа шинэчилчихнэ, итгэмжлэлийг бие даалгачихна. Олон улсын стандарт 30 хувьтай байгааг нэг жилийн  дотор нэмэгдүүлэхэд гүйцнэ шүү дээ. Бидний хурдаас, хүслээс, хамтын ажиллагаанаас л хамаарна. Тэгээд хэдэн журмууд дээрээ анхаарна. Компани байгуулахад бүртгэлийн журмууд дээр  нь өөрчлөлт  оруулчихна.

Тэрнийг зөвхөн агентлагийн дарга л шийдчихнэ. Засгийн газрын хуралдаанаар оруулах шаардлагагүй. Хөрөнгийн бирж ч адил. Улсын  тендерийн хуулинд харин өөрчлөлт оруулах ёстой байх. Шаардлагууд дээр нь. Мөн аж ахуйн нэгжүүд худалдан авалт хийхдээ юуг багтаасан байх ёстой юм. Стандарт ийм байх ёстой гэж заагаад уриалчихад л эхний жил нь туршлагажаад нэвтрүүлээд хоёр дахь жилдээ мэргэшээд гүйцчихнэ.

-Одоо Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд утаа, авто замыг түгжрэл л яриад байгаа?

Нийслэлийн засаг даргын тамгын газар эхлээд менежментээ сайжруулах хэрэгтэй. Хот төлөвлөлт гэж байгаа ч тэр нь 4 жилээр өөрчлөгдөөд яваад байна. Тэгэхээр хот өөрөө буюу Нийслэлийн засаг даргын тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо гэсэн менежментийг манлайлаад  нэвтрүүлчихмээр байгаа юм. Хотын компаниуд, аж ахуйн нэгжүүд нэвтрүүлээд явна. Хот стандартаа нэвтрүүлчихээр дарга, даргын зөвлөл, хэн ч байсан хамаагүй  чанарын бодлого нь гараад ирнэ. Чанарын гарын авлага гараад ирвэл дарга, цэрэг солигдсон ч бодлого хэвээрээ байх юм.

Манайд одоо ажиллаж байгаад ажлаа өгөхдөө бүх юмаа аваад явчихдаг. Дараагийн хүнд  нь ямар ч залгамж халаа байдаггүй. Дараагийн хүн нь шинээр бодлого гаргаж ирэх болоод байна гэж харагдад байгаа. Хэрвээ стандартаа нэвтрүүлчих юм бол зүгээр стандарт чинь автоматаар хийгдэх ажил болчихдог. Дараагийн дарга ирэхэд улс төрийн аль ч намын хүн байсан хамаагүй өмнөх хүн маань ийм чанарын бодлого барьдаг байжээ. Би энийг нь арай жаахан ингээд өөрчилье гэсэн ч бодлогын залгамж чанар нь үргэлжлэх юм. Урьд нь юу хийж байсан  тэр стандарт нь тогтчихно.

Тэгэхээр хот төлөвлөлт маань төлөвлөгөөний дагуу цаашаа үргэлжилнэ гэдэг нь харагдаж байна. Хоёрт менежментээ сайжруулж ISO 9001 процессын дараа байгаль орчны удирдлагын стандартаа шинэчлэх юм. Хот доторх хамгийн том асуудал шүү дээ. Тогтолцоогоор нь өөрчилөхөд хот дангаараа ажиллахгүй. Байгаль орчны яам, агентлагууд нь, ТББ-ууд зэрэг байгууллагуудтайгаа нийлж, байгаль орчны ISO 14001 стандартыг нэвтрүүлэх юм бол хоорондын уялдаа нь гараад ирнэ.

Хотын байгаль орчны тогтолцоо нь гараад ирэхээр хамтдаа нэвтрүүлэх, хамрах хүрээ нь тогтоно. Стандарт чинь хамрах хүрээтэй тул хот ганцаараа урагшлуулах аргагүй. Бүгд хамтраад хийвэл процессийн зураглал гарч ирнэ. А гаас явлаа гэхэд хэрэв тэгвэл ингэнэ, тэгэхгүй бол ингэнэ гээд стандартын зураг зурагдаад явчихдаг. Тэгээд дундын журмаар бичиг баримт нь хоорондоо уягдана. Тогтолцоог нь хийчихсэн, хүмүүсийг нь сургачихсан байхад бүх асуудал шийдэгдэнэ дээ.

Залгамж халаагүй огт өөр юм ярихад хэнд ч итгэлтэй санагдахгүй

-Түгжрэл ч гэсэн асуудал биш.

-Тийм.

-Герман улсад залгамж халаа хэрхэн үргэлжилдаг вэ. Манайд намын болон хүний өнгө үзэмжээр яваад байгаа нь нууц биш болсон. Гэтэл энэ маань манай улсын хөгжилд тээг болсон хортой ургамал нь болчихоод байна?

-Германд улс төр өөрчлөгдөж, сонгууль нь болж, сайд  нар нь солигдсон ч мэргэжилтнүүд нь солигддоггүй. Барууны, зүүний гэж чиглэл нь өөрчлөгддөг ч чанарын нэгдсэн бодлого стандарт тогтчихсон байдаг учраас яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга зам нь л өөр болдог. Хамгийн гол нь стандартаа нэвтрүүлчихсэн байхад л болдог. Гэтэл бид нар бүхнийг шинээр зохиогоод байна. Манайд ажил яаж явагдаж байна гэвэл эхний жилдээ судлаад, ажилтайгаа танилцана. Дараагийн жил нь хөтөлбөр боловсруулаад, нөгөөдөхөө батлах гэж яваад гурав дахь жилээ өнгөрөөгөөд дөрөв дэх жилдээ сонгуулийн жил таараад замхардаг.

“Зөгийн үүр”, “Дэлхийн монголчууд” гээд хоёр хөтөлбөрийг гадаадад байгаа монголчуудад зориулан гаргасан. Тухайн үед би Германд байсан. Ерөнхий сайд Су.Батболд “Хилийн чанадада байгаа монголчуудынхаа сонгох эрхтэй холбоотой ноу хау” гээд л ярьж байсан. Гэтэл 2012 онд нь Ардчилсан нам ялж гарч ирээд “Дэлхийн монголчууд” гээд өөр хөтөлбөр гаргаад ирсэн.  Гэтэл агуулга нь яг л адилхан байсан. Нөгөө хөтөлбөрийнхөө залгамж халааг авахгүй шууд дахиад л эхэлчихдэг юм байна лээ.

-Залгамж халаагүй байх нь гадаадын хөрөнгө оруулагч нарыг айлгадаг гол асуудал юм даа?

-Залгамж  халаа байхгүй. Нэг нь нэг юм яриад, дараагийн хүн нь бас нэг өөр юм яриад. Нэг даргатай ажил ярьтал Засаг нь солигдоод өөр хүн томилогдоод огт өөр юм яриад байхаар за энэ бүтэхгүй юм байна гэж ханддаг. Төслүүд цаашаа явахгүй, урагшлахгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ юм. Энд нэг юм яриад тохирчихсон байхад дараагийн гарч ирсэн хүн нь огт өөр юм ярихад хэнд ч итгэлтэй санагдахгүй.

-Хүүхэд элсэн байшинг нураагаад дахиад л барьдаг шиг?

-Стандарт нь байсан бол бодлого нь хэвээрээ. Дараагийн хүн нь стандарт талаас нь сайжруулж л явдаг. Хэзээ ч  өмнөхөө устгадаггүй. Алдааг нь олдог. Алдсан алдаагаа  засаж сайжруулах, байнгийн тасралтгүй үйл ажиллагаа л чухал байна. Стандартыг яагаад гурван жилээр нь гэрчилгээ олгодог, харин жил бүр хяналтын аудит явагддаг юм бэ гэдэг чинь үл тохирох  алдааг нь олох юм. Үл тохирох алдаа хэзээд байна. Хамгийн гол нь үл тохиролоо олдог байх ёстой. Олоод дүн шинжилгээ хийгээд,  сайжруулдаг дахин давтахгүй тойргоор  явуулдаг байх хэрэгтэй.

     Жилээс жилд стандарт нэвтрүүлсэн байгууллагууд нь улам чадавхижаад байна гэсэн үг. Улам л бүтээгдэхүүн нь чанаржаад байна гэсэн үг. Эрт нэвтрүүлэх тусмаа л сайн. Одоо 70 хувь хуучин стандартаар ажиллаж байна. Өмнө нь монголчуудын амьдралд ач тусаа өгч болж байсан одоо бол тушаа болоод байна. Өөр нэг асуудал нь 2000 оноос өмнө Стандартын салбарт боловсон хүчинг системтэй бэлддэг байсан. 2 жилийн дараа  гэхэд гадаадад бэлтгэгдсэн хүмүүсийн сүүлч тэтгэвэртээ гарна.

Шинээр очсон залуучууд нь улс төрийн  томилгоогоор ч юм уу, энд тэнд бэлтгэгдээгүй. 2000-2005 онуудад Стандартчиллын салбарт нэг ч хүн бэлдээгүй. Ихэнх нь ажлаасаа гарчихсан, бодлогоор хэн ч сураагүй гэх юм уу даа. Анзаараад байхад 1950-1960 аад оныхон  байгаа. 70-аад оныхоноос нэг ч аудитор байхгүй. 1980 аад оноос хойш зах зээл  нээгдсэнээс хойш хилийн чанадад сураад ирсэн нь эхнээсээ ирж байна. Манай боловсон хүчинг харах юм бол залуу, хөгшин хоёр л байгаа дундын хүн байхгүй. Энэ асуудалд анхаарлаа хандуулж, зохицож байж энэ салбарыг амьд байлгаж байна.

Агентлаг дээр энэ холболтыг бий болгомоор байна. Манай салбарын сайхан нь үс нь бууралтах тусам үнэ цэнэ, үнэлгээ нь ихэсдэг. Аудиторууд хүн өдрөөр цалинждаг, туршлагажих тусам үнэлгээ нь өснө. Залуу аудиторууд өдрийн 50 мянга авдаг бол настай аудиторууд өдрийн 150-300 мянгыг авч байна. Тэр хэмжээгээр  сайн аудит хийнэ. Аудит хийнэ гэдэг нэг талаар шалгалт юм шиг боловч тухайн байгууллагын хөгжлийг сааруулж байгаа алдааг олж сайжруулах юм.

Тиймээс аудит хийлгэхдээ аж ахуйн нэгжүүд дуртай байдаг. Алдаагаа олно гэдэг улам сайжирна гэсэн үг. Алдаа олдог хүмүүс нь байхгүй болчихсон. Монгол Улс яах аргагүй 15 жил энэ салбарыг тоогоогүй.  Хамгийн чухал салбар буюу Засгийн газрын тохируулагч агентлаг боловч  хэн ч мэддэгүй. Зүгээр  жин хэмжүүрийн байгууллага мэт л хараад байгаа.

Стандартын салбарыг орхигдуулснаас систем нь 15 жилээр хоцрогдсон

-Жин хэмжүүр, цахилгаан тоолуур баталгаажуулдаг байгууллага гэж хардаг хүн олон бий.  

-Тийм л ойлголттой байгаа. Хэмжил зүйн салбар талаас нь хараад Стандартын салбарыг нь орхигдуулаад байгаа юм. Бодлогоор дэмжээгүй, мөнгө төгрөгийг нь төсөвлөж өгөөгүй учраас боловсон хүчин ч байхгүй. Бусад социализмээс капитализм руу шилжсэн орнуудтай харьцуулах юм бол систем нь 15 жилээр хоцрогдоод байна.

-Манай компани шиг хувийн хэвшлүүд байгуулагдах хэрэгтэй байна гэсэн шүү дээ. Магадгүй энэ ярилцлагыг уншаад стандартчиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хүссэн хүнд танызүгээс  ямар зөвөлгөө өгөх вэ.  Эсвэл  танай сургалтанд суух ёстой юу?

-Хувийн хэвшлийн байгууллагууд олноор байгуулагдах хэрэгтэй.  Манайхаас зөвөлгөө авч болно. Бид Чанарын удирдлагын менежментийн  ISO 9001 итгэмжлэл авчихлаа. Олон улсын итгэмжлэл авчихлаа. Одоо цаашаа явах ёстой. ISO 9001 бол бакалаврын зэрэг гээд л ойлгочих. Суурь мэдлэг гэсэн үг. Цашдаа  мастер болох ёстой. Ямар хүмүүс мастераар явах ёстой гэхээр тухайн хүний боловсрол чиглэлээс хамаарна.

Магадгүй банкинд ажилладаг тэр чиглэлээрээ сурчихсан, бакалаврынхаа суурийг тавьчихсан бол ISO 9001-ээ сурчихаад дараа нь мэдээллийн аюулгүй байдлын стандартыг сонирхох хэрэгтэй. Багаа бүрдүүлж, хүмүүсээ бэлдэх хэрэгтэй. Зөвлөхүүд, сургагч багш нараа бэлдэх хэрэгтэй. Аудиторуудаа бэлдээд мэдээллийн аюулгүй байдлын “Information Setf” гэдэг ч юм уу компаниа байгуулаад итгэмжлэх хөөцөлдөх ёстой юм.

Үндэсний итгэмжлэл болон олон улсын итгэмжлэлээ  хөөцөлдөж,  хамгийн сайн хөгжиж байгаа Солонгос Япон зэрэг  улсын итгэмжлэлийн эрхийг авах хэрэгтэй. Зах зээл байна. Тэгж байж дотоодын аж ахуйн нэгжүүдээ буюу Монголын банкны аюулгүй байдлын стандарт нэвтрэнэ.

Хүнсний аюулгүй байдал байна. Манайх хүнсээ экспортлох сонирхол ихтэй улс. Тэр чиглэлийн мэргэжлийн хүн байх ёстой. Манай компани чадахгүй шүү дээ. Мэргэжлийн хүмүүс биш. Тэгэхээр энэ салбартаа удаан жил ажилласан, туршлагатай хүн байвал стандартаа л сурчихад болно. Стандарт гэж юу юм. 4 хөн модуль байгаа. Стандартчилал өөрөө хууль шиг учраас 166 оронд хэлэлцэгдсээр байгаад жижигхэн баримт болчихсон эд. Тиймээс уншсан хэн ч ойлгодоггүй тул стандартыг тайлбарладаг юм.

Тэр модуль буюу танилцуулах сургалтаар тухайн стандартыг яаж хэрэглэх, хэрэгжүүлэх стандарт, шаардлага нь юу юм. Ямар бичиг баримтууд бүрдүүлэх ёстой юм гэдгээ сурчихна. Ихэвчлэн байгууллагын гүйцэтгэх захирлууд, чанарын менежер, хүний нөөцийнхөн суудаг байгаа. Эд нар чинь бодлогоо боловсруулах хүмүүс. Эдний хэрэгжүүлсэн ажлыг нь хэн хянах вэ гэдэг дотоод аудитаа бэлтгэх ёстой. Дотоод аудитор гээд 3 өдрийн сургалт. Дотоод аудитор хүмүүс ямар хүмүүс байх вэ гэхээр хяналт шалгалт үнэлгээний газар эсвэл мониторинг хяналт хийх юм. Модуль 3 гэдэг.

Байгууллагуудад нэвтрүүлэхэд 6 хоногийн дотор л ерөнхийдөө стандартыг сурчихдаг гэсэн үг. Хүн өөрөө тухайн  мэргэжлийн хүн байх ёстой. Хүнсний аюулгүй байдлын талаар ажиллаж цаашид өөрийн ганц компани гэлтгүй бусад компаниудад аудит хиймээр байна. Энэ чиглэлээр мэргэшмээр байна гэх юм бол 5 хоногийн сургалтад суух хэрэгтэй. Манай салбарын доктор гэсэн үг. Энэ сургалтад суугаад бүртгэлээ явуулаад бусад аж ахуйн нэгжүүдэд ажиллах стандартаар баталгаажсан аудитор болно гэсэн үг.

Байгаль орчны чиглэл байна. Бизнесийн тасралтгүй байдлын стандарт байна. Тэрийг Сингапурын нөхдүүд зөвлөөд байгаа. Бизнес тасардаг. Тэр стандартыг нэвтрүүлчих юм бол хөрөнгийн удирдлага, эрсдлийн менежментээ зөв тооцохоор  бизнес тасрахгүй. Төрийн бодлого жаахан буруу явахад л компаниуд дампуурч хаалгаа бариад байна шүү дээ. Тэгвэл тэр бүхнийг тооцоод стандарт нэвтрүүлвэл бизнес нь тасрахгүй явах юм.  Бизнес нь ямар ч тасралтгүй, дампуурахгүй.

Тэр стандарт төрд ч хэрэгтэй байна. Сонирхолтой процессийн зураглал байж таарна. Журмууд их сонирхолтой байж таарна. Ер нь тэр процессыг  зурна гэдэг хамгийн сонирхолтой ажил байгаа юм. Газрын зураг мэт компанийнхаа ерөнхий зургийг зурж, тэр хэмжээгээр захирлын болон ажилчдын нүд нээгдэнэ. Захирал юу хүсээд байна, ажилтан юу хүсээд байна. Үр дүнд нь адилхан нэг  зарилготой болж, багаараа урагшилна гэсэн үг.

Захирал, ажилтан гэлтгүй адилхан л хэрэглэгч

-Манайд нэг нь хийлгэх гээд, нөгөө нь хийсэн болоод л явдаг. Уг нь хэн хэн нь ажлаа сайн хийвэл амьдралд нь ч, ажлын байрны тогтвортой байдалд ч, бүтээмжийн хувьд сайжрах юм?

-Ажлын байр нь тогтвортой. Өөрийнх нь хөгжил урагшилна. Тэрийг ISO 9001 стандарт гоё суулгаад өгдөг. Яагаад гэвэл захирал, ажилтан гэлтгүй адилхан хэрэглэгч. Гадаад хэрэглэгч, дотоод хэрэглэгч гэж ангилагддаг. Хэрэглэгч, хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг. Хэрэглэгчийн сэтгэл ханамж байхын тулд аль аль нь зургаа зурах ёстой юм. Таны хүсэл шаардлага юу байна гэдгийг зураад тэр хүн  цаашаа өсөж дэвших, зэрэглэлээ өсгөх юм. Манай салбарт гэхэд туслах аудитор, дараа нь тэргүүлэгч аудитор, цаашлаад гүйцэтгэх захирал болж, бие даасан аж ахуйн нэгжтэй ч болох боломжтой.

Цалингийн процессийн зураглал ч мөн адил тэгж явах ёстой. Үндсэн цалин дээр урамшууллын систем дандаа явагдах ёстой. Тэгж байж хүн чинь өдөр тутам ажилдаа өдөөлттэй, би хөгжих юм байна. Энэнээс илүү сайн байж болох юм байна гэсэн тэмүүлэлтэй болно. Компани ч гэсэн өөрийн зорилготой, очих замтай байна. Магадгүй олон улсын итгэмжлэл авах юм бол хамрах хүрээ тэлнэ.

Монгсертф компаниийн хувьд Үндэсний итгэмжлэл, Олон улсын итгэмжлэл авчихсан. Орон  нутагтаа салбар байгуулахыг хүсэж байна. Хөвсгөлд салбараа байгуулаад эхэлчихсэн. Одоо баруун аймгуудаар салбаруудаа байгуулна.  Бид үндэстэн дамнасан корпораци болохыг хүсэж байна. Тодруулбал, Берлинд би “Монсертф” компанийн салбараа байгуулна. Тэнд герман хэлтэй монголчууд бий. Хэлний мэдлэг нь байгаа.

Бид 6 хоногийн сургалтыг явуулаад  л “За чи аудитор шүү. Аудиторыг ингэж хийдэг юм. 2018 онд Германаас 5 компани авчирна шүү” гээд үр дүнгийн гэрээ байгуулна. 5 компани гараад ирлээ, нөгөө хүн маань аудитаа хийж, тайлангаа бичиж над руу илгээлээ. Энд бид Баталгаажилтийн зөвлөлөөр хуралдаад Германы компанийг Монголын аудитор баталгаажуулна. Дэлхийн 166  оронд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Сертификатаа өгнө.

-Зөвхөн гадаад аудитор л илүү сайн гэсэн ойлголтыг халж, монголчуудын үнэлэмж өндөрсөх нь?

-Тэгэлгүй яахав. Урд нь дандаа гадныхан  стандарт мэддэг байсан. Энэ чинь өөрөө оюуны ажил. Бид нар бөхөөр сайн явна. Энэ нь биеийн хүч. Бид ой тогтоолтоор сайн явж байна. Тэгвэл одоо ой тогтоолт, биеийн хүчээ нэгтгэсэн оюуны стандартаар дэлхийг эзлэх боломж байна. Бид нар цөөхүүлээ ч потенциал нь байна. IQ өндөр байна. Бид хэл хурдан сурч байна. Тэгэхээр хилийн чанадаас гадны хүний баталгаажилт гэдэг өөрсдийнх нь тогтоосон стандартаар нь тогтоосон дүрмийнх нь дагуу ажиллая.

Англи, франц, герман гурав нийлээд  олон улсын стандартын байгууллагыг бий болгосон.  Энэ гурван орон стандартыг боловсруулж, манайх шиг орон стандартыг орчуулаад үндэсний стандарт болгож байна. Тэгвэл бид худалдааны дүрэм болгоод тогтоочихсон ISO -гоор нь компаниудыг нь баталгаажуулаад явъя. Дэлхийн компаниудыг баталгаажуулья Үндэстэн дамнасан компаниудыг баталгаажуулья.

Монголынхоо Стандарт хэмжил зүйн газраа нилэн шахаж байгаад чадварлаг залуучуудаар багийг нь бүрдүүлье. Орчуулыгн товчоо шиг ажилладаг байгууллагыг стандарт боловсруулдаг  болгоё. Бид одоо чацарганы стандартыг боловсруулмаар байна. Морин  хуурын стандартыг боловсруулмаар байна. Үндэснийхээ гэсэн бүхний стандартыг боловсруулах хэрэгтэй байна. MNS стандарттай байхад олон улсын ISO болгох  боломжтой. MNS:ISO   биш ISO:MNS болгох юм. Юнейскод батлуулсан бүгдээ урд хөршдөө алдах гээд байна гэсэн айдас байгаа шүү дээ тэгвэл оюуны бүртгэл чинь стандарттай явдаг юм.

Монгол мах өөрийн гэсэн стандарттай байх ёстой

-Стандартын бүртгэл нь дэлхийд илүү батлагаажилт болно гэж үү?

-Стандартын бүртгэлийн дараа нь Юнейскогийн бүртгэл явагддаг. Жишээ нь, бид махаа экспортолж чадахгүй байна. Гэтэл үнэндээ монгол мах өөрийн гэсэн стандарттай байх ёстой. Европын, Австралийн фермийн аж ахуйн мал биш.  Тэдний стандартаар явах бол фермийн аж ахуй, тэжээл, хооллолт гээд олон стандартыг хангах хэрэгтэй болно. Харин бид өөрийн орны онцлогыг харгалзаад био, эко, тал хээрт бэлчдэг, шим шүүстэй гээд өөрийн стандартаа боловсруулах хэрэгтэй. Яахав эрүүл ахуйг нь жаахан анхаарч,  вакумжуулаад ингэж хийнэ гээд стандартчилаж тэрийгээ ISO  стандарт болгочих юм бол  166 оронд манай мах чөлөөтэй урсдаг болно.

-Тэгэхээр бид өөрийн гэсэн  онцлогоо гаргаж байж, стандарт бидэнд илүү ашгаа өгөх юм байна, тийм үү?

-Дэлхийн худалдааны бодлогыг бид нар тодорхойлох цаг нь ирэх юм. Бусдыг дагаж, тааруулж амьдрах биш өөрсдийн стандартттай байх хэрэгтэй. Бусдын тааруулсан стандартаас суралцчихья. Салбараа байгуулья. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө стандартчилаад явчихья. Нэг ёсондоо өөрсдөө мундаг стандарчилагч нар болмоор байна. Стандарт боловсруулдаг улс болмоор байна.

Цаашдаа ISO 90018 ISO 1400 гээд мэргэжил, мэргэжлийн  чиглэлээр явах хэрэгтэй. Хүнсний чиглэлээр  хөгжих ирээдүйн залуучууд маань тэр чиглэлээр аудитороор гадагшаа явж, монголдоо ISO гоо сураад, дараа нь бүс нутагтаа буюу хилийн чанадад баталгаажилт хийгээд ирэхэд нилээн мэдлэгтэй болно.  Өвөр Монгол, Сибирийн улсууд, Японд баталгаажилтаа хийж болно. Энэ ажил 5 жилийн дотор боломжтой. Зөндөө мэдлэг  туршлагатай болоод орон орны стандартын махнууд ийм байдаг юм байна. Манайх ийм байна гээд л монгол махны стандартыг бий болгочих хэрэгтэй.

Тэгээд монгол  махны стандарт ийм  гээд эрдэм шинжилгээний эрдэмтэнүүдтэйгээ хамтраад “Эрүүл, амттай, эко” гээд нарийн  шинжилгээний үндсэн дээр  танилцуулна. Мөн Олон улсын стандартын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн болох хэрэгтэй.  Тэгж амбицтай, хүчтэй тоглогч болоод бусад орны стандартын  байгууллагуудтай хамтын ажиллагаатай байж ISO болгох юм. Баталлаа гэвэл тэгвэл яллаа л гэсэн үг. Нэг ч MNS  монгол стандарт дэлхийн ISO болсон түүх байхгүй. Энийг хийх ёстой. Бид нар дандаа нэг урсгалтай замаар явж  байна. Европоос, бусад улсаас манайх руу чиглэсэн импортын зам байсан. Манайхаас ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн ISO болох бүрэн боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

П.Нарандэлгэр



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



3 + 8 =