Мэдээ, Онцлох|(2018-02-22 09:36)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Ж.Амарсанаа: Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх бодлого боловсруулж байна

15191945185a8d119693231

Хувь хүний эрүүл мэнд өөрөөс хамаардаг ч гэлээ төр засгаас зайлшгүй анхаарах шаардлагатай төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа гэж байх ёстой. Энэ бүхнийг нарийн төлөвлөж чадвал монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа хэлж байна.

Тэрбээр 1996 онд Оточ Манрамба дээд сургууль, 1998-2000 онд Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимд судлаач, 2002 онд Токиогийн их сургуулийн магистр, 2002-2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах ухааны доктор, 2006-2008 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн докторын дараах программд ажиллаж, багшилж байсан туршлагатай. Өдгөө Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийг ахлаж байгаа юм.

-Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийг ахлах болсон шүү дээ. Энэ албан тушаалд томилогдсоноор бодлогын түвшинд ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Эрүүл мэндийн салбар ямар түвшинд авж байна вэ гэдэгт юуны өмнө дүгнэлт хийх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс дэлхийн 200 гаруй орны 145-д явж байгаа. Бид дундаж наслалтаараа хөрш зэргэлдээ Азийн улс орнуудын иргэдтэй харьцуулахад тийм ч өндөрт явахгүй байгаа. Жишээлбэл, Хятад, Гонконг, Япон, Солонгос зэрэг улсуудын иргэдтэй харьцуулахад заримаас нь 20 насаар богино насалж байна. Япончуудын дундаж наслалт 87, гэтэл монголчууд 69 байгаа.

Энэ бүхэн хувь хүний эрүүл мэнддээ анхаарч байгаа, орчны эрүүл мэнд, буруу амьдралын хэв маяг, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудалтай холбоотой. Эдгээр шалтгаануудыг хэрхэн шийдвэл Монгол хүний дундаж наслалтыг нэг насаар ч болтугай нэмэгдүүлж, Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх юм бэ гэдэг асуудал яригдах ёстой.

Тэгэхээр энэ эрхийг эдлүүлэхийн тулд эхлээд эрүүл мэндийн салбарын хөгжлийг зайлшгүй хэдэн шат ахиулж, 145 –р байраас яаж урагшлуулах вэ? Ямар ажлыг хийж, ямар бодлого баримталвал ойрын ирээдүйд эхний 50-д багтах боломж байна вэ гэдгийг бодох ёстой. Юм болгоныг ард түмний өөрсдийнх нь буруу руу чихэх, амьдралын хэв маягт нь үүрүүлж болохгүй. Хүмүүс их ухаантай юм ярьдаг л даа. Хүний эрүүл мэндийн 70-80 хувь нь өөрөөс нь шалтгаална гэдэг.

Тэр үнэн боловч төр засгаас ард түмний өөрсдөө ч мэдэхгүй байгаа зүйлийг нь мэдээд, мэдэхгүй зүйлийг нь ойлгуулах, зарим зүйлийг цаанаас нь тохируулж байх ёстой. Ард түмнийг Засгийн газар нь чиглүүлж байх ёстой. Урсгалаараа яваад байх юм бол ард түмэн яагаад ч эрүүл амьдрах боломж алга. Өнөөдөр үйлдвэрт хийж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнийг иргэд очоод “Танайхыг шалгая. Надад ямар орц найрлагтай хүнсний бүтээгдэхүүн хийж байгаагаа харуулаач” гэвэл хөөгөөд гаргах байх. Харин мэргэжлийн

хяналтын байцаагч аль ч үйлдвэр дээр очоод “Та нар ард түмэнд ямар бүтээгдэхүүн хийж байна? Орц найрлага нь юу вэ?” гээд шалгаад явах боломжтой.

Эмнэлэгт хагалгаанд орох гээд унтуулга хийлгэсэн хүний эрүүл мэндийн баталгааг хэн гаргаж өгөх вэ? Мэдээж хагалгаанд орж буй өвчтөн өөрийн эрүүл мэндээ хянах боломжгүй шүү дээ. Бүх зүйл дээр эрүүл мэнд хувь хүн өөрөөс чинь шалтгаална гээд сууж байх нь утгагүй. Төрийн бодлого сайн байж ард түмэн урт насалж, эрүүл байх боломж бүрдэнэ. Шууд удирдахгүй юм гэхэд шууд бусаар буюу татварын системээр нь удирдаж болно. Тухайлбал, транс тостой бүтээгдэхүүнд асар өндөр татвар ноогдуулдаг ч юм уу?

Төр нь ард түмнийхээ төлөө толгойгоо гашилтал бодох хэрэгтэй байна. Өнөөдөр Ардчилсан нам Засгийн эрхгүй сөрөг хүчин байгаа. Эрх хэрэгжүүлэх боломжгүй ийм нөхцөлд сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэхээс гадна ирээдүйнхээ бодлогыг гаргаад явж байх ёстой. Жишээ нь 2020 оноос эрүүл мэндийн салбар ямар бодлогоор ажиллах юм бэ гэдгийг одоо ярьж байх учиртай. Тийм ч зорилгоор Үндэсний бодлогын хороон дээр бодлогын зөвлөлүүд байгуулагдсан. Миний хувьд 100 хувийн саналаар Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийг ахлахаар сонгогдлоо.

Манай зөвлөл ажлаа төлөвлөөд цаашдаа Эрүүл мэндийн салбарт богино, дунд, урт хугацааны бодлого, мөрийн хөтөлбөр гаргана. Энэ бодлогыг бид нар өөрсдөө Засгийн эрхийг авч чадвал хэрэгжүүлэх учиртай юм. Чадахгүй бол Засгийн эрх барьж байгаа нөхдүүдийг шахаж, шаардаж, зөв чиглүүлж, хэлж ярих үүрэгтэй. Бид бодлогоо боловсруулаад дуусахаараа ард иргэдэд хэлж танилцуулаад, хэлэлцүүлээд явна.

Өвчин хүнийг АН, МАН, МАХН гэж ялгахгүй ирнэ

-Бодлогоо боловсруулж дуусаад одоо эрх барьж байгаа Засгийн газартаа танилцуулах уу?

-Нэн яаралтай хэрэгжүүлэх богино хугацааны бодлогоос заримыг нь одоогийн Сайд, Ерөнхий Сайдад өргөн барих нь зөв. Хүний эрүүл мэнд, амь нас хохирч байгаа асуудлууд бий. Хүний амь настай холбоотой асуудалд бид эрх мэдэлтэй болохоороо л хэрэгжүүлнэ дээ гээд гараа хумхиад сууж байж болохгүй. Эрх барьж байгаа хүмүүст зарим чухал асуудлыг яаралтай шийд гэсэн чиглэлийг өгөхөөс өөр аргагүй. Улс төрийн өнцгөөс харалгүй ард түмний эрх ашиг, эрүүл мэнд талаасаа ойлгож, хамтраад шийдвэрлээд яваасай гэж бид хүсэж байгаа. Ер нь хүний эрүүл мэндийн асуудалд намчирхаж, улстөржих нь утгагүй юм шүү дээ. Өвчин хүнийг АН, МАН, МАХН гэж ялгахгүй ирдэг биз дээ?

-Ямар ямар бодлого дээр ажиллаж байгаа вэ?

-Бид нийт 10 чиглэлээр бодлого боловсруулж байна. Эдгээр бодлогыг боловсруулахад ЭМ ийн салбарын бүх хүний оролцоо нэн чухал юм. Тийм ч учраас бид маш нээлттэй ажиллах болно. Бид сэтгэлийн хөөрлөөр биш судалгаа, нотолгоонд үндэслэсэн алдаа багатай, хэрэгжүүлэх боломжтой бодлого гаргах ёстой.

Нэгд: ЭМ салбарын бүтэц зохион байгуулалт.

Одоогийн бүтэц болоод байгаа юм уу? Болохгүй байна уу? Эмнэлэг бүр дээр нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой юу? Эмнэлэг гэхээрээ заавал нэг байшин байх ёстой юу? Жишээ нь манайх шиг малчин ихтэй, нүүдлийн амьдралын хэв маягтай улс оронд сум бүрт явуулын эмнэлэг байж болох уу? Эмнэлэг 3 шатлалтай байх нь зөв үү? 4 шатлалтай байж болох уу?

Хоёрт: Эрүүл мэндийн даатгал, салбарын санхүүжилт.

Ер нь Монгол хүн эрүүл мэнддээ халааснаасаа мөнгө төлөх үү, үгүй юу? Зах зээлийн эдийн засагтай хирнээ эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй улс орнууд олон байдаг (Герман, Англи, гэх мэт). Тэдгээр улс орнуудтай адилхан байж болох уу? Эрүүл мэндийн даатгалаар авдаг тусламж үйлчилгээний тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ? Эрүүл мэндийн даатгалын хураамж хэдэн төгрөг байвал Монгол хүний хувьд хамгийн зохимжтой вэ? Улс, хувийн эмнэлгүүдийн хооронд чөлөөт өрсөлдөөн бий болгож, санхүүжилтыг ижил болгох боломж байна уу?

Улсын томоохон эмнэлгүүдийн бие даалгах хууль яагаад хэрэгжихгүй байна? Эмнэлгийн хувьчлалыг хийх нь зөв үү, буруу юу? Улсын төсвөөс асар их мөнгө гадагшаа эм урвалжын зардалд явж байгааг хэрхэн хэмнэх боломжтой? Өнгөрсөн 10 жилд эрүүл мэндийн салбарт оруулсан их хэмжээний хөрөнгө мөнгө Монгол хүний эрүүл мэндийг сайжруулж чадсан уу? Даатгалын шинэ хууль хэзээ хэрэгжиж эхлэх вэ? Монгол улс хэзээ даатгалын нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих вэ?

Гуравт: Эрүүл мэндийн хуулиуд.

Салбарыг шинэчлэхэд өнөөгийн ямар ямар хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагатай байгааг судлах? Хууль хооронд уялдаа холбоо муутай, давхцсан, хоорондоо үл нийцэх хуулийн зүйл заалт, дагалдах журмууд байгаа эсэх? Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд санаачлах зайлшгүй шаардлагатай ямар ямар хуулиуд байх вэ? Эрүүл мэндийн тухай хуулиуд тархай бутархай хэвээрээ байх уу? Малгай хууль хэрэгтэй юу?

Дөрөвт: Хүний нөөцийн бодлого.

Салбарын ажилчдын үнэлэмжийг хэрхэн дээшлүүлэх? Цалинг яаж нэмэгдүүлж олон улсын түвшинд хүргэх? ТҮ ий цалингийн сүлжээнээс гарах нь зөв үү буруу юу? Цалин хангамжийг ажлын гүйцэтгэлтэй хэрхэн уялдуулах? Энэ олон, тооны араас хөөцөлдсөн, чанаргүй анагаахын сургуулиудыг яах ёстой? Эмчийн лиценз олгох шалгалтыг хэрхэн төгөлдөршүүлэх вэ? Төгсөлтийн дараах сургалтуудыг хэрхэн чанаржуулах? Дотоод гадаадын сургалтанд бүх шатлалд багаар хамруулж байя.

Хүний эрүүл мэндийг хохироодог, нотолгоогүй үзмэрч, шидтэнгүүдийг яах ёстой? Салбарт хорт хавдар мэт амь бөх орших авилгал, сүлжээний бизнес, эмийн компаниудын гар хөл болсон, ашиг сонирхлын зөрчилд идэгдсэн байдлыг хэрхэн таслан зогсоох? Ажилчдын хариуцлагын тогтолцоог хэрхэн төгөлдөршүүлэх? Эмчилгээ оношилгооны удирдамж, стандартаа дагаж мөрдөж чадаж байгаа юу? Өрх, сумын эмч нарын мэдлэг чадварыг хэрхэн чанаржуулах? Хот хөдөөгийн эмчийн мэдлэг чадварын ялгааг хэрхэн тэнцвэржүүлэх? гэсэн бодлогуудыг боловруулах шаардлагатай байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа, буруу, ашиг сонирхлын зөрчилтэй мэдээлэл хийж ард иргэдийг төөрөгдүүлсэн эмчийн эмчлэх эрхийг цуцалдаг хууль дэлхийн олон оронд хэрэгжиж байна. Бид олон нийтийн сүлжээгээр хариуцлагагүй, худлаа, буруу зөвөлгөө өгсөн хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ? Энэ асуудлыг цэгцлэх бодлого зайлшгүй хэрэгтэй.

Дадлагажигч эмч (резидент) ээс төлбөр авдаг систем дэлхийн аль ч улс оронд байхгүй байтал зөвхөн манай оронд ийм тогтолцоо байсаар байна. Дадлагажигч эмч нь оюутан биш бөгөөд 6 жил төлбөр төлж төгссөн эмчлэх эрхтэй эмч хүн билээ. Бусад улс орнууд резидент эмчид цалин өгдөг болохоос төлбөр авдаггүй. Гэтэл манай оронд тэд төлбөр төлдөг үнэгүй зарц шиг болжээ.

Тавт: Нийгмийн эрүүл мэнд.

Ард түмнийг эрүүлжүүлэхээс гадна хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин үүсгэгч хүчин зүйлүүдийг (утаа, буруу хооллолт, хөрсний бохирдол, усны бохирдол, гений өөрчлөлттэй хүнс, хүнсний савалгаа, хүнсний хадгалалт, хоолны хордлого, транс тос, сахар, давсны буруу хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, таргалалт, тамхины хэрэглээ) судалж тогтоож, түүнийг арилгах арга замуудыг тодорхойлох шаардлагатай байна. Мөн гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтийн бодлогыг хэрхэх? Эмнэлэг өөрөө аюулгүй орчин байж чадаж байгаа юу? Эмнэлгийн дотоод халдвартай хэрхэн тэмцэх?

Зургаад: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж.

Өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэгш хүрч чадаж байгаа билүү? Жилд 3400 аад хүн түргэн тусламж очихоос өмнө нас барж байгаа статистик бий. Газарзүйн байршлаас шалтгаалаад зарим иргэд хүссэн тусламж үйлчилгээгээ авч чадахгүй байна. Монгол шиг уудам нутаг дэвсгэртэй улс түргэн тусламжийг нисдэг тэрэг, түргэний онгоцоор хүргэдэг байх нь зайлшгүй байх ёстой!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ойрын томоохон зорилтоо хүртээмжийг сайжруулж, нэг ч хүнийг орхигдуулахгүй байх бодлого хэрэгжүүлж эхэллээ. Бид дэлхийтэй хөл зэрэгцмээр л байгаа юм бол энэ асуудлыг шийдэх л ёстой. Алс баруун, зүүн хязгаарын сумын эмнэлэг хотын төвийн өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ чанарын хувьд ижил түвшинд байх ёстой.

Эдгээсэн хүн нь эмчилгээний үр дүнд хэдэн жилээр

нас нь уртассан тухай мэдээлэл алга

Гэтэл хичнээн сайн эмч, сайхан эмнэлэг байлаа гээд өвчтөнийг нийгмийн байр суурь, нэр хүнд, танил тал, эрх мэдэл, чинээлэг ядуугаар нь ялгаварлан хандах аваас энэ бол тэгш бус байдал юм. Эмчийн танил очер дараалалгүй үзүүлдэг байж таарахгүй. Энэ бол асар том гажуудал. Энийг хэрхэн цэгцлэх вэ? Хэн хэзээ цэгцлэх вэ?

Бид эхлээд хаана яваагаа тодорхой болгомоор байна. Аливаа юмыг харьцуулахад хамгийн эхэнд хийх алхам бол хэмжих байдаг. Хэмжих зүйл нь тодорхой биш байхад харьцуулах тухай бодоод ч хэрэггүй. Бид өөрсдийгээ хааяа магтаж урамшуулах дуртай ард түмэн. Би ч бас эрүүл мэндийн салбарын ололт амжилтаар омогшиж бахархах дуртай нэгэн. Гэтэл бид олон тохиолдолд хэмжихээ мартаад зүгээр л сэтгэлийн хөөрлөөрөө магтаад байдаг шүү дээ.

Гэтэл яг юуг хэмжих ёстой гэж? Эцсийн зорилго нь ард түмнийг эмчлэх биш, ард түмнийг эрүүлжүүлэх биш гэж үү? Тэгвэл бид энэ салбарын үйл ажиллагааг хэдэн хүн хэвтүүлсэнээр нь биш, хэдэн хүнд дусал зоосноор нь биш, чухамдаа хэдэн хүн эдгээснээр нь үнэлэх нь чухал байна. Гэтэл эмч, эмнэлгийн хэдэн хүн эдгээсэн тухай тайлан хуруу дарам цөөхөн.

Эдгээсэн хүн нь эмчилгээний үр дүнд хэдэн жилээр нас нь уртассан тухай мэдээлэл байхгүй гэж хэлэхэд буруудахгүй хэмжээнд байна. Эмч болгон дээр эмчилсэн болон эдгээсэн хүний мэдээллийн сан бий болгоод тэрийгээ олон нийтэд ил болговол хүссэн хүсээгүй тусламж үйлчилгээний өрсөлдөөн бий болдог. Энэ тогтолцоог гадны олон орон туршаад үр дүнтэй нь батлагдсан.

Энэ өрсөлдөөнөөс тусламж үйлчилгээний үнэ буурдаг, эмчилгээ оношилгооны чанар сайжирдаг, эмч, эмнэлгийн ажилчдын хандлага соёлтой боловсон болдог, алдаа дутагдлууд цөөрдөг байна. Үнэтэй болгон чанартай байдаг гэдэг буруу ойлголт юм. Тусламж үйчилгээ зөв, оновчтой байх тусам илүүдэлтэй, буруу эмчилгээний зардал багасч харин ч тѳсѳв хэмнэгддэг юм. Гар утас, компютерийн үйлдлийн систем сайжрах тусам үнэ нь нэмэгдээд байдаггүй, харин ч хямдраад байдагтай адилхан юм. Зөв өрсөлдөөн гэдэг өөрөө ийм л ид шидтэй зүйл.

Энэ зөв өрсөлдөөн мэдээллийн ил тод байдлаас л эхэлнэ. Жишээ нь мэс заслын эмч 100 хүнд хагалгаа хийгээд хэдэн хүндрэл гарав? Хэд нас барав? Хагалгаанаас хойш хэвийн амьдралдаа эргэн орж чадав уу? Хагалгаанаас хойш хэд насалсан бэ? Хагалгаанаас хойш амьдралын чанар нь сайжирсан уу? Нас барахдаа ямар өвчний оношоор нас барав? Гэх мэт энгийн судалгаагаар ил тод байдал бий болох юм. Энэ мэдээллийн санг бий болгоход бас их мөнгө шаардагдахгүй гэдгийг онцолж хэлмээр байна.

Энэ бол бодлого боловсруулах хүсэл зоригийн асуудал юм. Энэ нь өөрөө эдгэрэлтэнд суурилсан тогтолцоог бий болгох хамгийн анхны алхам байх болно. Эмч нар, эмнэлгүүд үүнийг хийх дуртай ч байж болно дургүй ч байж болно. Дургүйцэх шалтгаан бас бий л дээ. Тухайн эмнэлэг, эмчийн чадвар ард түмний нүдэн дээр ил харагдах юм. Чадвар муутай зарим нь олны шүүмжлэлд өртөж болзошгүй.

Зарим иргэд тусламж үйлчилгээний чанарыг зөвхөн дотооддоо ч биш гадны эмнэлэг, эмчтэй харьцуулж эхлэх байх. Тэгсэн хэдий ч энэ ажлыг хийх л хэрэгтэй. Мэдээлэл ил тод болсны дараа эрүүл өрсөлдөөн бий болдог нь хууль юм. Эрүүл өрсөлдөөн нь чанар хүртээмжийг сайжруулдаг нь бас хууль юм.

Цогц багц үйлчилгээг үзүүлье. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээний бэлтгэл хангах, эмчлэх, сэргээн засах, эмчилгээний дараах хяналт хийх гэдэг бол нэг цогц үйчилгээ юм. Энэ үйлчилгээг ямар ч өвчтөн багцаар нь, цогцоор нь авах сонирхолтой байдаг. Гэтэл өнөөдөр, өрхийн эмнэлэг урьдчилэн сэргийлэх, онош тогтоох нь дүүрэг, болон төв эмнэлгүүд, эмчилгээг нь мөн гуравдугаар шатлалын эмнэлэг хариуцах жишээтэй. Хамгийн хэцүү нь тэдний хооронд ажлын уялдаа холбоо маш сул байгаа юм. Цахим эрүүл мэндийн шийдлээр энэ салангид олон үйлчилгээг нэгтгэх боломжтой юм. Энэ нь өвчтөний сэтгэл ханамжид нөлөөлөхѳѳс гадна тусламж үйлчилгээний чанарыг сайжруулна.

Долоод: Эм, эрүүл хүнс, вакцин, шинэ технологи.

Стратегийн өндөр ач холбогдолтой шинэ эмүүд Монголд оруулах амаргүй байна. Монголын зах зээл жижиг тул эм үйлдвэрлэгч, эм ханган нийлүүлэгч нар зарим ховор тохиолддог өвчний эмийг нэвтрүүлэх сонирхол алга байна. Тэд үнээ ч бууруулдаггүй. Ийм үед Монголын төр ямар арга хэмжээ авах ёстой вэ? Гадаадын хэд хэдэн оронтой нийлж нэгдсэн худалдан авалт хийснээр үнийг бууруулах зохицуулалт хийж болдог.

Монгол улс шаардлагатай эмээ хэнээс ч царай алдалгүй нийлүүлж, бүртгүүлж чаддаг байх хэрэгтэй. Шаардлага хангахгүй, хуурамч эмүүдийг яах гэж байна? Эмийн үнэд дээд хязгаар байх ёстой юу? Ёсгүй юу? Эм бэлдмэлийг сүлжээний луйвар хийх хэрэгсэл болгож байгаа асуудлыг хэзээ, хэн, хэрхэн цэгцлэх юм бэ? Монголд GMP стандартаар эм үйлдвэрлэх асуудал яагаад замхрав? Эм бэлдмэлийн зар суртчилгааны тухай хууль яагаад хэрэгжихгүй, хэрэгжүүлэхгүй байна?

Эмийн зохистой хэрэглээг яаж эмч нар, ард түмэнд төлөвшүүлэх вэ? Олон эм уулгаад, олон дусал зоогоод байвал сайн эмчилж байна гэсэн сэтгэлгээнээс яаж салгах вэ? Шинэ эм бүтээх, судлах чадварыг хэрхэн дэлхийн хэмжээнд хүргэх вэ? Эм, хүнсний бодлогыг хэрэгжүүлэгч агентлагийг бие даалгаж, шинээр байгуулах асуудал шийдэгдэлгүй 3-4 засгийн нүүр үзлээ. Энэ асуудал яагаад урагшилдаггүй вэ? Эмийн нөхөн олговор хир амжилттай хийгдэж байна вэ? Цаашид нэмэлтээр юу хийх шаардлагатай байнаа? Шинээр бүртгэгдсэн эмийн гаж нөлөөнд ямар зохицуулалт хийх вэ? Эмийн сангууд хэзээ жороор олгодог эмийг 100% жороор олгодог болох вэ?

Импортоор хоол хүнс их авах тусам хүнсний аюулгүй байдлыг

хяналтаасаа алдаж байна гэсэн үг

Хүний бие хүнс тэжээлээс бүрдэнэ. Даяарчлагдсан энэ нийгэмд эрүүл хүнс олж идэх амаргүй болжээ. Хоолыг боловсруулах тусам хүний биед хор болдог жамтай. Монгол улс импортоор хоол хүнс их авах тусам хүнсний аюулгүй байдлыг хяналтаасаа алдаж байна гэсэн үг. Хүнсийг хяналтаас алдвал эрүүл мэндийг хяналтаас алдаж байгаа хэрэг. Гадны орноос хүнсээ авна гэдэг муугаар хэлвэл нүдний далд хийсэн хоол идэж байна гэсэн үг.

Монгол улсад хорт хавдар жил ирэх тусам нэмэгдээд байгаа нь нэг талаас насжилттай холбоотой ч нѳгѳѳ талаас хооллолт, хоолны соёл ѳѳрчлѳгдсѳнтэй холбож болно. Үнэндээ манайх шиг цѳѳн хүн амтай хирнээ асар том газар нутагтай орон дэлхийн хамгийн эрүүл, 100 хувь органик хүнстэй болох бүрэн боломжтой юм. 750 мянга гаруйхан хүн амтай Бутан хэмээх Гималайн уулын жижиг улс элдэв химийн бодис, бордооноос татгалцаж 10 жилийн дотор 100 хувь органик хүнстэй орон болно гэдгээ дэлхийд зарлачихлаа.

Гэтэл бид яагаад унаган байгалтай эх орондоо транс тос, химийн бордоо, антибиотиктой хүнс, генийн ѳѳрчлѳлттэй ногоонд дарлуулж байна? Манай улс 100 хувь органик болж чадвал эрүүл мэндээс гадна эдийн засгаар хожино. Монголд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ, нэр хүнд ѳснѳ. Хүнсний экспортын ашиг зайлшгүй нэмэгдэнэ. Монголд үйлдвэрлэсэн хүнсийг булаацалдаад авах болно.

Вакцины хувьд Монгол улс сайн тогтолцоотой оронд багтдаг, тиймээс нэмж өөрчлөх шаардлага багатай. Гэхдээ би УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг анх сайд болоход нь 21 зөвлөмж өгсөн. Дараа нь нэмээд хоёр зөвлөмж өгсөн. Тэр хоёрын нэг нь “Хатгааныхаа вакциныг улс орон даяар хэрэгжүүлээч ээ. Монголд судалгаа хийгээд 5 жил болчихлоо. Одоо үндэсний хэмжээнд нэвтрүүлмээр байна.

Хоёрт, “Папилома вирүсийн эсрэг вакциныг буцаагаад орон даяар нэвтрүүлэх асуудлыг шийднэ үү. Австрали улсын Монгол дахь Элчин Сайд Лангтри чанартай вакцин хямд үнээр олоход туслая гээд дахин дахин хэлээд байхад ЭМЯ хөдлөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Энэ хүүхдүүдийг 1 өдрийн өмнө ч болов вакцинжуулах хэрэгтэй. Хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакцин ганцхан умайн хүзүүний хорт хавдар гэлтгүй 10-аад төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

Дэлхийн анагаах ухааны хөгжил өдөр сараар урагшилж байна. Бид тэрхүү шинэ техник, технологийг нэг өдрийн ч болов өмнө Монголд нэвтрүүлж гэмээнэ ард иргэдийн эрүүл мэнд хожно. Хүний гений мэдээллийг уншаад ямар өвчнөөр өвдөх магадлалтайг, ямар эмчилгээ хийвэл үр дүнтэйг тогтоох жишээтэй. Нуруу нугас гэмтээд тал бие нь мэдээгүй болсон хүнд имплант суулгаад мэдээтэй болгох, гар утастай холбоод зарим энгийн шинжилгээг гэрийн нөхцөлд хийх, биедээ зүүсэн бичил мэдрэгчийн ачаар цус харвах аюулаас урьдчилан сэргийлж байна.

Эсвэл 3D принтерийн технологийг ашиглаад хүний зарим эд эрхтнийг захиалгаар дуурайлган хийх, хорт хавдрыг эмчлэх Cyber Knife, Мэс заслын Робот Да Винчи, гений эмчилгээгээр зарим удамшлын өвчнийг эмчлэх, дусал цусаар биохимийн бүх нарийн шинжилгээр 5 минутын дотор хийдэг гэх мэт олон шинэ технологийг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн салбарт нэг их дарамт болохгүйгээр шийдэх боломж байгаа. Шинэ технологи нэвтрүүлснээр маш олон хүний амийг аварч болно гэдгийг онцолж хэлмээр байна.

Шинжлэх ухаан технологийн ололт амжилтын дотор эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог сайжруулах, өвчтний бүртгэл, хяналтыг төгөлдөршүүлэх, хамгийн гол нь өвчтний түүхийг Монгол улсын аль ч өнцөг булангаас олж харах боломжтой болно. Харамсалтай нь өнөөдөр цахим эрүүл мэндийн дэд бүтэц нь өвчтний бүртгэлээс илүү гарахгүй байгаа нь гашуун үнэн юм.

Цахим эрүүл мэндийн тогтолцоог цаг алдалгүй яаралтай бий болгох. Телемедицины ачаар хот хөдөөг интернетээр холбож зарим хүнд өвчтөнд нарийн мэргэжлийн зөвөлгөө өгөх боломж байгаа юм. Гэхдээ энэ ажил дөнгөж хөгжлийнхөө анхан шатанд яваа юм. Үүнээс гадна компютерийн програмаар хийсэн хиймэл оюун ухаан олон салбарт хүний өмнөөс бодож сэтгэж байгаа зуунд бид амьдарч байна.

Эрүүл мэндийн салбарт ч мөн хиймэл оюун ухаан нэвтэрсээр байна. Дэлхийн хэмжээний олон томоохон компаниуд эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг хөгжүүлж байна. Хэрэв хиймэл оюун ухааны клиникийн шийдвэр гаргах чадвар нь дундаж эмчийн оюун ухаанаас илүү гарвал Монгол улс ямар бодлого баримтлах вэ? Хэнд нь илүү итгэл хүлээлгэх вэ? Хууль эрхзүйн зохицуулалт хийхээс өөр сонголтгүй ирээдүй биднийг хүлээж байна даа.

Наймд: Уламжлалт анагаах ухааныг зөв хөгжүүлж дэлхийд гаргах.

Монголын уламжлалт анагаах ухаан нь манай ард түмний үнэлж баршгүй үндэсний өв соёл юм. Гэтэл салбарын яаманд нь энэ асуудлыг эрхэлсэн 1 мэргэжилтэн байх бөгөөд тэр хүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээ гэх мэт давхар 3 асуудал хариуцдаг байх жишээтэй. Уг нь Монголын уламжлалт анагаах ухаан нь аливаа өвчтөнг бие хэл сэтгэлээр нь бүхлээр нь харж оношилж эмчилдэг, хямд өртөг бүхий, гаж нөлөө багатай, олон зууны турш амьдралаар туршигдсан анагаах ухаан билээ.

Үе үеийн салбарын сайд нараас яаман дотроо энэ асуудлыг хариуцсан газар биш юмаа гэхэд хэлтэстэй болохыг хүссэн боловч өнөөг хүртэл шийдэгдсэнгүй ирлээ. Уламжлалт анагаах ухааны зөв хөгжүүлж чадвал монгол орон дэлхийн брэнд болж, цэвэр байгалын гаралтай органик эм танг дэлхийд экспортлож, валютын урсгалыг монгол руу татах бүрэн боломжтойгоос гадна ард иргэдийг эрүүл зөв амьдрах сургаалиар соён гэгээрүүлэх боломжтой юм.

Нийгмийн эрүүл мэндийн олон чухал сургаалийг бид гадны соёл биш чухам уламжлалт анагаах ухаанаас тусгах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан хүчтэй хөгжсөн зарим олонд энэ асуудлыг хариуцсан тусдаа яам хүртэл байдаг юм. Уламжлалт анагаах ухаан нь маш олон өвчинд үр дүнтэйгээс гадна оношилгоо эмчилгээ нь өртөг багатай тул зөв ухаалагаар хэрэглэж чадвал улсын төсвөөс олон зуун тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Бие даан хөгжүүлэх төрийн дэмжлэг, бодлого үгүйлэгдсээр байгаа салбар юм.

Уламжлалт анагаах ухаан огт хөгжөөгүй АНУ д хүртэл ургамлын гаралтай эм тан, тэжээл хийж олон тэрбум доллар олж чадаж байна. (Жишээ нь: Herbalife corporation жилийн борлуулалт 4-5 тэрбум ам. Доллар).

Гэтэл өрх, сумын эмнэлэгт уламжлалтын эмчтэй байх хуулийн заалт яагаад хэрэгждэггүй вэ? Ямар өвчнийг уламжлалтаар, ямар өвчнийг өрнийн анагаах ухаанаар эмчлэх, ямарыг нь хавсарч эмчилж болох талаар тодорхой бодлого гаргамаар байна. Мэдээж мухар олгойг уламжлалт анагаах ухаанаар эмчлэхгүй шүү дээ. Эсрэгээрээ тархи хөдөлсөн хүүхдийг өрнийн анагаах ухаанаар эмчилдэггүй.

Есд: Өвчлөл, нас баралтыг бууруулах:

Үүнд халдварт бус өвчний өвчлөл нас баралтыг бууруулах, халдварт өвчний өвчлөл нас баралтыг бууруулах, сэргийлж болох нас баралтыг бууруулах гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Аливаа улс орны эрүүл мэндийн хамгийн чухал асуудал бол нас баралт. Ганцхан Монгол Улсын хэмжээнд гэлтгүй бусад улс орны Эрүүл мэндийн салбарт нас баралтын шалтгааныг нэн тэргүүнд тавьдаг. Хамгийн их нас баралттай өвчин рүү илүү их анхаарч ажиллах ёстой. Өнөөдөр манай ЭМ-ийн сайд маань шүдний өвчин яриад явж байна.

Шүд мэдээж чухал. Шүдийг чухал биш гэхгүй. Гэхдээ Монгол Улсад хамгийн их нас баралттай өвчин нь хамгийн чухал асуудал байх ёстой. Өнөөдөр Монголчууд нэгт, зүрх судасны өвчнөөс болон нас барж байна. Үүн дотор цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдал гэх гурван гол өвчин байна. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд хоол хүнсэнд анхаарч, даралтаа хянаж, өвчнөө төгс эмчлэн, амьдралын хэв маягаа зөв болгох хэрэгтэй. Эдгээрт ЭМЯам гол бодлого хүний нөөц, анхаарлаа хандуулах ёстой.

Монголчуудын нас баралтын удаах шалтгаан нь хорт хавдар. Хорт хавдар дотроо хамгийн их тохиолдож байгаа нь элэгний хавдар. “Элэг бүтэн Монгол” гээд Шинэчлэлийн, Шийдлийн ЗГ-ын үед анх санаачилсан ажил, маш сайн явж байгаа. Бид тэр ажлыг эхлүүлсэн юм. Тухайн үед нэр нь ч өөр байсан л даа. Гэвч хэрэгжилтэнд нэг дутагдалтай юм ажиглагдаж байна. Элэгний С вирүс рүү хэт их анхаарал хандуулж Д вирүс, В вирүс, элэгний хатуурал, хорт хавдар руу тун бага анхаарч байна. Өөрөөр хэлбэл, элэгний нас баралтад нөлөөлөөд байгаа хүчин зүйлүүд рүү тэгш анхаарлаа хандуулж чадахгүй байна.

Би элэгний хорт хавдрын эрт илрүүлэх стратегийг 2013-2014 онд анх ахалж боловсруулсан. Гэтэл тэр стратеги огт хэрэгжихгүй байна. Өнөөдөр манай яамныхан хэвлэлээр ярихдаа болохоор элэгний хавдарт анхаарлаа хандуулахгүй бол болохоо байлаа, өдөрт л олон хүн нас барж байна гээд яриад байгаа. Тэгсэн хэрнээ хэрэгжихэд бэлэн болчихсон стратегийг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ? Яагаад хавдар үүсэх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хавдрын байнгын хяналтад хамруулахгүй байна вэ?

Гурав дахь анхаарал хандуулах нас баралт нь ходоодны хорт хавдар. Бид дэлхийд нэг их олон юмаар тэргүүлдэггүй атал элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдрын нас баралтаараа тэргүүлж байна. Яагаад бид тэргүүлэх болчихов? Учир шалтгаан нь юу байна? Энэ өвчний шалтгааныг шинжлэх ухаан маш тодорхой болгочихсон. Тодруулбал, хелико бактерийн халдвар, давсны хэт хэрэглээ, тамхины хэрэглээ, удамшил гэсэн 4 гол шалтгаантай.

Монгол улсад сэргийлж болох нас баралтаар жилд

ойролцоогоор 6,000 хүн нас бардаг

Хоол хүнсээ зөв тохируулаад, хелико бактериа эмчлүүлээд, тамхи хэрэглэхээ больчихвол ходоодны хорт хавдараар нас барах тохиолдол буурах бүрэн боломжтой. Гол нь байнгын хяналтын систем манай улсад байдаггүй. Ходоодны хорт хавдрыг хожуу үед нь илрүүлж байна. Гэтэл бусад аминдаа арчаатай орнууд тодорхой насанд хүрсэн хүмүүсийг тодорхой давтамжтай байнгын хяналтанд хамруулж, үр дүнд нь хорт хавдрыг эрт илрүүлж байна. Хавдар огт үүсгэхгүйдээ биш, эрт илрүүлсэнээр нас баралтыг эрс бууруулах боломжтой.

Өнөөдөр Монгол улсад сэргийлж болох нас баралтаар жилд ойролцоогоор 6,000 хүн нас бардаг. Энэ бол цэвэр эрүүл мэндийн салбарын хангалтгүй үйл ажиллагаатай холбоотой. Энэ нас баралтыг бууруулахад шинэ цогц бодлого хэрэгтэй.

Аравт: Сэтгэцийн эрүүл мэнд.

Эрт дээр үеэс Буддын лам нар сэтгэцийн эмчийн ачааг хуваалцдаг байжээ. Амьдралын турш аливаа ээдрээтэй асуудал гарахад лам багшаас зөвөлгөө авч, гүрэм засал хийлгэж, сэтгэлээ уудлан, зовлон жаргалаа ярьж, хийсэн нүглээ наминчилж, зарим нь бүр буддын гүн ухааныг бясалгаж, гэгээрэлд хүрэхийг зорих жишээний.

Гэтэл өнөөгийн нийгэмд хүний сүжиг бишрэл нимгэрч, шашингүй үзэл давамгайлж, ядуурал, ажилгүйдэл, нийгмийн бухимдал, баян хоосны ялгаа, шударга бус байдал, мухардал, архидан согтуурал, хар тамхины донтолт, бэлгийн болон бусад төрлийн хүчирхийлэл, дэлгэцийн болон компютерийн тоглоомын төрөл бүрийн донтолт, ган, зуд, ганцаардал, сэтгэл гутрал, амиа хорлолт хэзээ ч байгаагүй дээд цэгтээ хүрч байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмж муутай, дутагдалд орсныг гэрчилж байна.

Одоо бид төрийн бодлогоор сэтгэцийн эмчийг олноор бэлдэх, эсвэл өрхийн эмч, мэдрэлийн эмч, уламжлалт АУны эмч нарыг давхар сэтгэцийн эмчийн мэргэжил эзэмшүүлэх арга замаар ард иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн дархлааг суулгаж тэднийг эрүүлжүүлэх төр засгийн цоо шинэ цогц бодлого, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болжээ.

-Хорт хавдар их залуужиж байна. Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраас сэргийлсэн вакциныг өсвөр насанд хийдэг байсан. Энэ нь хэр оновчтой байсан бэ?

-Төрийн бодлого алдагдаад байна. Дэд сайд асан Ж.Цолмонгийн үед монголчууд бид хүний папилома вирүсын эсрэг вакцин хийлгэж эхэлсэн. Гэтэл эрүүл мэндийн боловсрол муутай хэсэг нөхдүүд эсэргүүцээд зогсоочихсон. Ийм төр гэж байдаг юм уу? Төр гэдэг чинь нотолгоонд суурилаад зайлшгүй хэрэгтэй гэсэн бодлогыг ард түмнийхээ олонхын эрх ашгийн төлөө хийгээд л явах ёстой. Хэдэн нөхөр “Боль, болохгүй” гэхээр зогсоодог байж болохгүй биз дээ? Саяхан хэсэг эрдэмтэд Монголд тэр вакцины үр дүнг судалж байна лээ. Эрүүл мэндэд үр ашигтай нь батлагдаж байгаа шүү дээ.

-Анхаарал хандуулах өөр асуудал нь юу байна?

-Урьдчилан сэргийлэх үзлэг гээд ЭМД-ийн сангаас баахан мөнгө гаргадаг. Тэдгээр шинжилгээнүүд дотор нь ач холбогдол муутай, зарим тохиолдолд хүнд хэрэггүй шинжилгээнууд орсон байдаг. Хайран мөнгө. Хэн нэгний шинжилгээг шахах лобби яваад байгаа мэт сэтгэгдэл төрдөг шүү. Ер нь эрдэмтдийн оролцоог сайн хангаж, зөвөлгөө авч байх хэрэгтэй. Би энийг Сарангэрэл сайдаас хичээнгүйлэн хүсье. Тэр даатгалд юу, юуг оруулах талаар хэлэлцүүлэг хийдэг байлгүй дээ. Тэрэндээ намайг дуудсан ч болно. Завтай бол гүйгээд л очно шүү дээ.

Өсвөр насны 10 хүүхдийн 1 нь далд сүрьеэтэй байна

-Өнөөдөр 15-16 насны хүүхдүүд бэлгийн харилцаанд орж, зарим нь ээж аав болж байна. Дунд сургуульд Эрүүл мэндийн хичээл орохоор боллоо. Тиймээс нөхөн үржихүйн талаарх асуудлаар нас насанд нь тохирсон мэдлэгийг илүү их олгох ёстой юм болов уу?

-Өсвөр үе буюу дунд сургуулийн насныханд хоёр ноцтой асуудал үүсээд байгаа. Нэг нь, Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, нөгөөх нь сүрьеэ. Өнөөдөр халдварт өвчнүүдээс хамгийн аймшигтай, гамшгийн хэмжээнд хүрсэн өвчин бол сүрьеэ. Сүрьеэ нийгмийн өвчин, нөгөө талаар ядуурлын өвчин гэдэг. Тэгтэл бид тийм ч айхтар үгээгүй ядуу улс биш байхгүй юу. Монгол Улсаас хэдэн арав дахин санхүүгийн чадал муутай улс орнууд байгаа. Тийм ядуу буурай орнуудтай өөрсдийгөө нэг түвшинд заавал аваачих нь юу юм.

Өнөөдөр бид нар байгаа орлогынхоо түвшинд тийм ч ядуу орондоо орохгүй. Тэгэхээр бидэнд маш их боломж байгаа. Mongolian health Inisitive гээд Харвардын их сургуулиас ирсэн багийн судалгаагаар 10 хүүхдийн 1-д нь далд сүрьеэ илэрсэн. Тэр далд сүрьеэ идэвхижээд халдвар тараах өндөр магадлалтай тэсрэх бөмбөг сургууль болгонд,  анги болгонд байна гэсэн үг.  Энэ нь ЭМЯ дээр гаргаж байсан тооцооллоос хэд дахин өндөр байсан юм. Судалгааны үр дүнг үндэслэн энэ асуудалд ЭМЯ онцгой ач холбогдол өгөөсэй гэж бодож байна.

-Эрүүл мэндийн хичээл заах боловсон хүчний нөөц хэр байгаа бол. Ахлах ангийн нөхөн үржихүйн хичээл зааж байсан залуу багш нь ганц хоёр, зураг заагаад нүүр нь улайгаад “За та нар үлдсэнийг нь номноосоо уншаад ойлгочих” гэж байсан гэдэг?

-Тухайн сургуулийн эмч нар нь ийм хичээлээ заадаг бол их зүгээр санагддаг. Яахав цалин дээр нь нэмэгдэл өгөх маягаар ажлуулах боломжтой шүү дээ. Ер нь эрүүл мэндийн мэдлэгийг эмч хүн л илүү сайн өгнө шүү дээ. Хүн мэддэг юмаа ярихад ичиж зовох асуудал гарахгүй, зөв мэдлэг олгож чадна.

-Иргэд эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн зөвлөмж юу вэ?

-Өөрсдөө гэртээ хоолоо хийгээд ажил дээрээ идээд сурчих. Ядаж л гэртээ боов боорцогоо хийгээд байж болно шүү дээ. Гэрийн хоол шиг найдвартай хоол энэ дэлхийд алга. Яагаад гэвэл гэрийн хоолондоо хүн ямар орц найрлага орсныг баталгаатай мэдэхээс гадна, хэмжээгээ ч тохируулж чадна. Жишээ нь, зуны цагт хүнсний захаар дүүрэн нэрс, аньс зарж байна. Түүнийг хямд байхад нь худалдан авч хөлдөөгөөд өвлийн турш бага зэргийн элсэн чихэр хийгээд тохируулаад уух юм бол гадуур зарж байгаа жүүс, сок нэртэй чихэртэй ус бол “Цаашаа шүү”.

Жүүс нэртэй чихэртэй ус худалдаж авахаас илүү хямд бас витаминаар баялаг, эрүүл мэндэд тустай. Боорцог ч ялгаагүй хаана яаж хийсэн нь бүү мэд, ямар ч тосоор хийсэн юм бэ? Гэтэл гэртээ амралтын өдөр боорцог хийгээд идэж болно шүү дээ. Бага байхад эмээ нарын хийсэн амттай боорцогоор л хүн болсон.

-Тос шинэлэг байхдаа л эрүүл, аюулгүй байдаг. Халааж, буцалгах тусам хор болдог гэдэг шүү дээ?

Тийм. Олон буцалгах тусам тос трансждаг тул өөрийн эрүүл мэндээ хамгаалж, транс тос хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Мөн эрүүл байх нэг чухал зүйл нь хоолны хэрэглээ. Өнөөдөр монголчууд уламжлалт хөдөө аж ахуйн амьдралын хэв маягаасаа салж, суугаа амьдралын хэв маяг руу орчихсон хэрнээ идэж байгаа хэмжээ нь хөдөлгөөнлтэй байсан үеэсээ их болсон. Тиймээс шингээж дийлэхгүй хоолыг анхнаасаа идэхгүй байх хэрэгтэй.

Хоолны хэрэглээ нэмэгдэж, өвөл зунгүй мах идэж байна. Хүн өөрөө л энэ бүхэнд ухаантай хандах хэрэгтэй. Түүнчлэн нийгмийн гаралтай өвчлөлийн суурь нь утаа. Утааг засаг төрийн зөв бодлого л арилгана. Өнөөдөр засаг төрийн зөв бодлогоор засаж залруулах боломжтой юм маш их байна гэдгийг ойлгомоор байна.

Эцэст нь хэлэхэд манай бодлогын зөвлөлийн амин сүнс нь юуг хэрэгжүүлэхээ тодорхойлох биш яаж хэрэгжүүлэх арга замыг олоход оршино.

П.Нарандэлгэр



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 3 = 4