Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эрүүл бие,саруул ухаан, сайхан сэтгэл нь жаргалтай амьдралын үндэс

 Хүн болж төрнө гэдэг гайхамшиг. Мянган ширхэг тарианы үрийг дээш цацахад нэг нь л зүүний үзүүрт тогтож үлдэх төдий ховор тохиолдлоор хүн болж төрдөг гэдэг. Зөвлөлтийн үеийн нэрт зохиолч Николай Островский “Хүн нэг л удаа амьдарна, гэхдээ хожим харуусахгүйгээр хүний сайн сайхны төлөө хийж бүтээсэн юмтай байвал амьд явсны хэрэг бүтнэ” гэж хэлсэн байдаг. Бурхан багш нэгэнтээ “Чи хүн болж төрсөн бол мод тарих, хүүхэд төрүүлж өсгөх, ном бүтээх гурван үйлийг хийх учиртай” гэж хэлснийг одоо 80 насны өндөрлөг дээрээс бодож эрхэм дүү нартаа захиж сууна. Миний бие Налайх, Дорноговь, Ховд аймагт төр захиргааны байгууллагын удирдах ажил 44 жил хийхдээ цөөнгүй мод тарьж ургуулсан бөгөөд нийтдээ 32 ном бичиж хэвлүүлсэн байна. Хүү, охинтой болж хүний зэрэгт өсгөж улсад олон жил ажиллахдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас зэрэг зургаан одон авч 15 байгууллагын хүндэт тэмдэг, дөрвөн салбарын тэргүүний ажилтан болж Налайх болон төрсөн нутаг Баян-Өлгий аймгийн Буянт сумынхаа хүндэт иргэн болсондоо сэтгэл өөдрөг явдаг юм.

ЭРҮҮЛ БАЙХЫН ЖАРГАЛАН

Хүн “Эд хөрөнгөө алдвал багыг алдана, нэр төрөө алдвал ихийг алдана, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана” гэх үг бий. Тиймээс эрүүл байж урт наслахыг хүсвэл цэвэр буцалсан ус уух, долоо хоногт нэг удаа цагаан хоол идэх, жимс ногоог түүхийгээр нь хэрэглэх, хар талх хэрэглэж цагаан гурилан бүтээгдэхүүн бага идэх, хиам зайдас, бялуу болон тослог бүтээгдэхүүнээс зайлсхийх, чихэр, давс бага хэрэглэх, хийжүүлсэн ундаа уухгүй байх, хэрэглэж заншаагүй халуун ногоотой хоол хүнснээс татгалзах зоригтой алхмыг хийж сурах явдал юм. Хүмүүс өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ярьдаг ч өвчлөх нөхцөлийг хүн өөрсдөө бүрдүүлж байдаг. Манай улс жилд баяр, ёслол болон тэмдэглэлт 66 өдрийг тэмдэглэдэг бөгөөд зарим хүнд энэ нь согтууруулах ундаа хэрэглэх шалтгаан болдог. Олон улсад архины үйлдвэрлэлээс жилд нэг хүнд 8-9 л архи ногдож байвал үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэг бол одоо манай улсад хөдөлмөрийн насны нэг хүнд жилд 50 л архи ногдож байгаа нь харамсмаар тоон мэдээ юм. Хүнийг баян хоосон, хөгшин залуу гэж ялгалгүй эмчилдэг байгалийн есөн “эмч” байдаг ба түүнийг шүтэж амьдрахыг зөвлөе.

Үүнд: -Нарны туяа -Эрүүл агаар

-Цэнгэг ус

-Зөв, эрүүл хооллох

-Өлсөх

-Идэвхтэй хөдөлгөөн

-Амралт

-Зөв үйл, дадал

-Сэтгэлийн хүч, тайван байдал Ингэж эрүүл амьдрах зөв дадлыг насан туршдаа хэвшүүлж чадсан манай гарагийн ахмад настнууд дэлхийгээр аялж, бас хөдөлмөрлөж түмэнд хүндлэгдэж явдгийг бид мэднэ. Өвгөн би өнгөрсөн онд эмнэлгээр нэлээд явж сайн эмч нарын буянаар эдгэрч эрүүл саруул болсондоо талархаж байна. ХСҮТ-ийн захирал, доктор Ж.Чинбүрэн, зөвлөх эмч, академич Р.Сандуйжав, эмч Р.Ганбаатар, Д.Дэлгэрмөнх, Сүх-Эрдэнэ, Жайтуган, хими эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Алтанцэцэг, Болорчимэг, Ариунжаргал, Долгорсүрэн, Одонгоо, Отгон, эмч Замбалгарав, Сайханцэцэцэг, сувилагч Өсөхбаяр, Бямбасүрэн, Сэлэнгэ, Оюун, Батцэцэг, Ариунаа, Одбаяр, Эрдэнэбаяр, Эрдэнэ-Оюун, Налайхын эмнэлгийн сувилагч С.Ижилцэцэг, гавьяат эмч Долгор, клиникийн профессор О.Батсүх, эмч Цэрэн, Дашдаваа, О.Бямбаа нартаа талархсанаа илэрхийлж буйгаа “Монголын үнэн” сониноор дамжуулж байна. Мөн Налайх дүүргийн ЗДТГ, “Монгол даатгал” компанийн Налайх дахь салбар, ахмад багш нарын зөвлөл болон миний ах дүү нар, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, найз нөхөд, дэмжиж тусалж байсан бүх хүмүүст талархсанаа илэрхийлье.

ЗӨВ АМЬДРАХЫН ЖАРГАЛАН

“Сургаал авах хүнд нэг үг ч гэсэн эрдэнэ, орхих хүнд мянган сургаал ч улиг” гэх Данзанравжаагийн үг бий. Зөв амьдраагүйгээс, архи тамхитай нөхөрлөснөөс аз жаргалаа алдах нь харамсалтай. Орчин үед хүн төрөлхтөн хоолноос болж өвчилж буйг эрдэмтэд сануулсаар буй. Эмнэлэг таны өвчний хурц үеийг эмчилдэг ч насан туршид таны эрүүл мэндийг сахиж хамгаалж амжихгүй нь бий. Мөн эрүүл мэндийг эмийн сангаас “худалдаж авч” болохгүй, түүний оронд байгаль эх, зөв амьдрал, зөв хооллолт, хөдөлгөөнийг шүтэх нь эрүүл аж төрөхийн баталгаа хэмээн эрдэмтэн доктор Ц.Мухар хэлсэн нь бий. Эцэст нь хэлэхэд ухаантай амьдрах хэрэгтэй. Ухаантай хүмүүс стресст бага орж өвчлөх нь ховор байдаг. Эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэл нь хүний жаргалтай амьдралын эх ундарга юм.

Монгол Улсын зөвлөх багш, удирдахуйн ухааны мастер Р. БУЯНДЭЛГЭР



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



9 + 5 =