Онцлох, Ярилцлага|(2018-01-18 16:58)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


П.Батчулуун: 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн донор болох зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурж, баталгаажуулдаг болно

bb8178526e0d3275785cd0062d52c737

УИХ-аар Донорын ту­ хай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэл­ цүүлгийг хийж байна. Үүнтэй холбогдуулан Эрхтэн шил­ жүүлэн суулгах Монголын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч П.Батчулуунтай ярилцлаа. Тэрбээр Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа юм.

-Донорын тухай хуульд Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулахаар тусгасан байна. Уг албыг байгуулах гол шаардлага нь юу байв?

-Эрхтэн тогтолцооны эмгэгтэй, төгсгөлийн үе шатанд яваа эрхтэн шил­ жүүлэн суулгах шаардлагатай хүн олон бий. Тухайлбал, элэг, бөөр, ясны чөмөг, зүрх судасны асуудалтай хүн маш олон. Өнөөдөр эмчлүүлэх шаардлагатай энэ олон хүнийг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд оруулах ажлыг ганцхан эмнэлэг хийж амжихгүй. Гэхдээ Хавдар судлалын төвд элэгний хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг удахгүй эхлүүлэх гэж байна. Тиймээс энэ төрлийн хэд хэдэн эмчилгээ хийдэг эмнэлэг байвал Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба донорынх нь үйл ажиллагааг зохицуулах юм. Тус албанд Монгол Улсын бүх мэдээллийн сан бүрдэж, хадгалагдана. Учир нь, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай байгаа бүх хүний хүлээх жагсаалтыг тэнд бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн сантай болно гэсэн үг

Ингэснээр хүлээх жаг­ саалтад орсон хүний эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хугацаа, нас, онош, тухайн өвчтөний биеийн байдлын мэдээлэл, эд, эсийн нийцлийн шинжилгээ, цусны бүлгийн мэдээллийг байршуулна. Эрхтэн шилжүүлэн суулгахад хамгийн түрүүнд хардаг зүйл бол нэгдүгээрт, цусны бүлэг, хоёрдугаарт эд, эсийн нийцлийн тохироо юм. Тиймээс уг мэдээллийг үндэслэн цусны бүлгээр дөрвөн хэсэгт хуваахаар зохицуулсан. Тус алба нь төрийн хараат байх бөгөөд Эрүүл мэндийн яамны дэргэд байгуулах юм. Цаашдаа бусад орны жишгээр салбар яамныхаа харьяанд байдаг бие даасан агентлаг болно гэж бодож байна.

-Иргэн донор болохоо зөвшөөрснөө мэдэгдэх ёстой гэсэн заалт байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Донорын тухай хуульд тусгасан нэг гол зүйл нь тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хуульчилж өгсөн. Хоёр дахь том асуудал нь 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн амьд ахуй цагтаа “Хэрвээ миний биед золгүй явдал тохиолдож тархины гэмтэл аваад нас барлаа гэсэн тохиолдолд би өөрийнхөө эд эрхтэнг бусдын сайн сайхны төлөө донор болгон өгөхөд бэлэн” гэсэн зөвшөөрлын бичигт гарын үсэг зурж, эрүүл мэндийн цахим карт болон дэвтэртээ баталгаажуулан буулгадаг болж байгаа юм. Учир нь, манайд Донорын хуулийг 2000 онд баталсан ч ийм зарчим байгаагүй. Дэлхийд хоёр янзын системээр иргэн донор болох уу, үгүй юу гэдгээ илэрхийлдэг. Тодруулбал, иргэн амьд ахуйдаа хэрвээ муу зүйл тохиолдвол хүний сайн, сайхан эрүүл мэндийн төлөө донор болох зөвшөөрөл өгвөл энэ нь Opting-in гэсэн систем юм. Үүнийг АНУ, БНСУ, Япон зэрэг дэлхийн 30 гаруй онд хэрэглэдэг. Нөгөө нь Optingout буюу хувь хүний нийгмийн хариуцлагад тулгуурласан зарчим байдаг. Өөрөөр хэлбэл, Opting- out нь иргэн золгүй байдалд орвол донор болохыг зөвшөөрөхгүй гэсэн бичгээ өгөх ёстой байгаа. Хэрвээ зөвшөөрөхгүй гэсэн бичгээ өгөөгүй бол хуулийн дагуу нас барахад нь шууд донор болгох зарчим юм. Энэ талаар бид ажлын хэсэг дээр нэлээд ярьж, Opting out нь манай улсад одоогоор тохирохгүй юм байна гэж үзсэн. Тэгээд Off in-ээр явах нь зөв гэдгийг ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-аар дэмжсэн.

-Тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах талаар хуульчилсан гэлээ. Ямар хүнийг тархины үхжилттэй донор гээд байна вэ?

-Тархины үхжилттэй донор гэдэг нь золгүй байд­ лаар тархиндаа гэмтэл авсан, харвасан хүнийг хэлж байгаа юм. Түүнийг боломжит донор гэж үздэг. Гэхдээ тархиндаа гэмтэл авсан хүн болгон донор болно гэсэн ойлголт бас биш. Яагаад гэвэл, донор маань маш нарийн шалгуур, өндөр босготой. Тухайлбал, тухайн донор нас залуу, эрүүл, элдэв төрлийн вирусгүй байх ёстой. Тиймээс Донорын тухай хуульд донорыг аль эмнэлэгт хэрхэн яаж хуваарилах вэ гэдгийг Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба хариуцна. Тус албыг Эрүүл мэндийн сайдын журмаар зохицуулна.

-Эд эрхтний наймаа гарахвий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Хэлэлцүүлгийн шатанд ч гишүүд ярьж байсан. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулна гэдэг эд эрхтний наймаанаас урьдчилан сэргийлэх том ажлын нэг. Яагаад гэвэл, энэ алба хүнийхээ бүртгэлд маш их анхаарна. Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба Иргэний бүртгэл мэдээллийн төв болон хууль, хяналтын байгууллагатай хамтарсан үйл ажиллагаа явуулж, тэдний хяналтад байж, донор болсон хүмүүсийг бүртгэлтэй болгоно. Амьд донорын хувьд манайх 147 хүнд бөөр, 35 хүнд элэг, найман хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгасан. Гэтэл эдгээрийн 98 хувь нь амьд донор. Тиймээс амьд Донорын тухай хуульд амьд донор нь тухайн өвчтөний ар, гэрийн хүмүүс байна гэсэн үг. Энэ нь аав, ээж, ах, дүү, эхнэр, нөхөр, хүүхдүүд гээд их өргөн цар хүрээтэй ойлголт байдаг. Тэгэхээр бид энэ хүмүүсийг донор болгохдоо Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс өвчтөний төрсөн эгч, дүү мөн гэсэн хамаарлыг нь албан бичгээр авч, баталгаажуулдаг. Ер нь Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаар дамжуулан донорын бүртгэлтэй болгож, хяналт тавиад ирэхээр эрхтний наймааг хязгаарлана. Жишээ нь, сайтаар дамжуулан хүмүүс “Би донор болохыг хүсч байна, элэгнийхээ талыг, бөөрнийхөө нэгийг өгнө” гэсэн зар яваад байдаг. Үүнийг дээрх албыг байгуулснаар хаах ёстой.

-Донорын асуудал хуулийн хүрээнд явна. Нөгөө талаасаа золгүй байдлаар нас барсан амьгүй донорын ард ар гэрийнхэн нь бий. Үнэхээр энэ хүн нас барчихсан юм чинь нэг хүнд буян болоод эрхтнийг нь өгчихье гэхэд цаана нь төлбөр, мөнгөний асуудлыг ярих уу?

-Нэгдүгээрт, төлбөр мөнгөний асуудал огт ярихгүй. Хоёрдугаарт, Донорын тухай хуулийг батлаад тухайн хүн амьд ахуйдаа донор болохоо зөвшөөрсөн бичгээ албан ёсоор өгсөн хэдий ч тухайн үед бид гэр бүлд нь энэ байдлыг танилцуулж, заавал зөвшөөрөл авна. Өөрөөр хэлбэл, бид хуулийнхаа дагуу давуу эрхтэй юм шиг боловч хүний эрхийг дээдэлсэн байдлаараа ар гэрт нь хүсэлт тавина. Харин ар гэрийнхэн нь хуулиа дээдлэн зөвшөөрсөн гэсэн магадлагаа ирүүлбэл бид донор болгох юм. Гэхдээ донорт насны хязгаар, шалгуур бий. Бусад улс, оронд тархины үхжилттэй донорыг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд түлхүү ашиглах талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнуудад зөвлөмж болгодог. Энэ нь амьд хүнээ эрсдэлд оруулж, нэг хүнийг эрэмдэг болгохгүйн тулд нэгэнт бурхны оронд явж байгаа хүнийхээ эрхтэн, нөөцийг ашиглах ёстой гэсэн үг. Ер нь манай эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийн үр дүнгийн хувь нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай ижил төвшинд байгаа.

-Жилд элэг эсвэл зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай хэчнээн хүн байна. Тоо судалгаа бий юү?

-Одоогоор эрхтний эм­ гэгийн төгсгөлийн үе шатанд байгаа эмчлүүлэгчид маш олон байна. Жишээ нь, Хавдар судлалын төвд жил бүр зөвхөн элэгний хавдраар 2000 гаруй хүнийг оношилдог. Тэдний 80 гаруй хувь нь оношилсон анхныхаа жилд нас бардаг гэсэн мэдээлэл бий. Монгол Улс зөвхөн В вирусийн шалтгаант элэгний нас баралтаар дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн тоо байгаа. Дээр нь С вирус Монголын хүн амын найм орчим хувийг хамарсан гэж үздэг. Бөөрний өвчлөлийн хувьд бөөрний архаг дутагдалтай, түүтгэнцрийн үрэвслээс үүдэлтэй бөөрний архаг дутагдалд орсон гимодаилизад орох шаардлагатай 100-150 хүнийг жил бүр оношилж байна. Бөөрний архаг дутагдалд орсон хүн гимодиализын байнгын үзлэгт орно. Гимодиализын эмчилгээний нэг удаагийн төлбөр 120-180 мянган төгрөг. Долоо хоногт гурван удаа тус аппаратад ороход их хэмжээний мөнгө орох байсныг Засгийн газар эрүүл мэндийн даатгалын системд хамруулж, эдийн засгийн дарамтыг багасгасан.

М.Энхцэцэг



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 4 = 13