Онцлох, Ярилцлага|(2017-11-06 10:29)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


С.Сайнбилэг: Эмэгтэйчүүд чихрийн шижин өвчнөөс гэр бүлээ хамгаалж чадна

099f63a0-d19b-4aef-9574-3ec5fe0c0326

Монгол Улс 2003 оноос чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэж иржээ. Энэ жилийн тэмдэглэлт өдрийн өмнө Монголын диабетын холбооны гүйцэтгэх захирал, АШУҮИС-ийн багш,дэд профессор, анагаах ухааны доктор, дотоод шүүрлийн эмч С.Сайнбилэгтэй чихрийн шижин өвчний талаар ярилцлаа.

-Монгол Улсад чихрийн шижингийн өвчлөл бусад оронтой харьцуулбал ямар төвшинд байна вэ?

-Дэлхийд чихрийн шижин өвчний тархалт 7-8 хувьтай байна. Гэхдээ улс орон бүр өөр. Зарим улс орны хүн амын 20,30 хувь нь чихрийн шижинтэй байна. Жишээлбэл, Науру гэх улсын нийт хүн амын 20-30 хувь нь чихрийн шижинтэй. Гэтэл хөгжингүй улс Япон, Солонгос зэрэг оронд чихрийн шижингийн тархалт буурах төлөвтэй байна. Манай орны хувьд дэлхий нийтийнхтэй харьцуулахад уг өвчний тархалт дундаж хэмжээнд байна. Гэхдээ бусад орныхтой харьцуулахад жил ирэх тутам хурдацтай нэмэгдэж байгаа. Монгол Улсад явуулсан сүүлийн үеийн судалгаагаар нийт хүн амын 6.5 хувь нь чихрийн шижин өвчинтэй байгаа бол 10 хувь нь өвчлөх эрсдэлтэй гэж С.Сайнбилэг: Эмэгтэйчүүд чихрийн шижин өвчнөөс гэр бүлээ хамгаалж чадна гарсан. Тэгэхээр манай улсын 100 хүн тутмын 5-6 нь чихрийн шижинтэй, 10 нь өвдөх эрсдэлтэй байна гэсэн үг.

-Дэлхий дахин чихрийн шижинтэй тэмцэх өдрөөр жил бүр тодорхой уриа дэвшүүлдэг. Өнөө жилийн хувьд ямар уриа дэвшүүлж байна вэ?

-Энэ жил “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин” гэсэн уриан дор уг өдрийг дэлхий нийт тэмдэглэж байна. Эмэгтэйчүүд эрүүл мэндийн боловсролтой, чихрийн шижингийн талаар ойлголттой байвал гэр бүлээ уг өвчнөөс хамгаалж чадах юм. Ер нь эмэгтэйчүүд гэр бүлийнхнийхээ зөв хооллолт эрүүл мэндийн асуудлыг хариуцаж, үр хүүхдээ эрүүл саруул байлгахад эрчүүдээс илүү үүрэгтэй оролцдог учраас тэдэнд онцгой анхаарал хандуулж байна.

-Эмэгтэйчүүд чихрийн шижингээр нас барах тохиолдол их байгаа гэх юм. Жирэмсний чихрийн шижин гэж юуг хэлээд байна вэ?

-Дэлхий дахинд чихрийн шижингээр өвчилж буй хандлагыг авч үзвэл эрэгтэй, эмэгтэйчүүд адилхан өвддөг. Аль нэг нь илүү өвчилнө гэж байдаггүй. Гэхдээ эмэгтэйчүүдэд нэг эрсдэл бий. Тэд жирэмсний чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалтай. Бүх жирэмсэн эмэгтэй энэ өвчнөөр өвдөхгүй л дээ. Зөвхөн эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд үүнд хамаарна. Тухайлбал, ахимаг настай байх, жирэмслэхээсээ өмнө хэт таргалах, жирэмсэн үедээ жин их нэмж буй эмэгтэйчүүд жирэмсний чихрийн шижингээр өвчлөх магадлал өндөр байна гэсэн үг. Тиймээс дээрх төрлийн эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд жирэмслэх хугацаагаа төлөвлөх, жингээ хасах, чихрийн шижин байна уу үгүй юу гэдгээ хянуулж байж жирэмслэвэл эрсдэл гарахгүй. Жирэмсний чихрийн шижингийн хүндрэл нь ураг томрох юм. Дөрөв, таван килограмм жинтэй хүүхэд гардаг. Тэгэхээр тийм том ургийг төрүүлэхэд ээж, ураг хоёрт төрөх замын гэмтлүүд гарах эрсдэлтэй. Тухайлбал, хүүхэд тархины гэмтэлтэй төрөх, жирэмсний хожуу үеийн хордлого үүсэх зэрэг эрсдэл бий болно. Үүнээс сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад ормогцоо цусан дахь глюкозын хэмжээгээ тодорхойлуулах хэрэгтэй. Хэрвээ эрсдэлтэй байвал нарийвчлан шинжлүүлэх шаардлагатай. Жирэмсний 24-28 долоо хоногтой байх үедээ жирэмсний чихрийн шижинг илрүүлдэг шинжилгээнд заавал хамрагдах ёстой. Жирэмсэн үедээ хэт жин нэмэх нь өндөр эрсдэлтэй.

-МАНАЙ УЛСЫН 100 ХҮН ТУТМЫН 10 НЬ ЧИХРИЙН ШИЖНЭЭР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙДАГ-

-Энэхүү өвчнөөр өвчилсөн хүний эмчилгээнд улсаас ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэг болов уу?

-Чихрийн шижин бол өртөг өндөртэй эмгэг. Яагаад гэвэл даралт ихэсдэг хүн даралтын эмээ уучихна. Ер нь ганцхан эм ууна гэж байхгүй. Давхар инсулин тарих хэрэгтэй болно. Инсулин тарих багаж хэрэгсэл нь өртөг өндөртэй. Мөн өдөр тутмын хоол, хөдөлгөөн, инсулинийхээ тунг тохируулахын тулд сахараа хянах хэрэгтэй болно. Сахараа хянахын тулд хэрэглэдэг багаж хэрэгсэл нь бас тусдаа үнэтэй байх жишээтэй. Тэгэхээр дэлхий нийтийн хувьд чихрийн шижин бол өртөг өндөртэй эмгэгт тооцогддог. Монгол Улсын хувьд одоогийн байдлаар чихрийн шижингийн зарим эм, инсулинийг улсын төсвөөс үнэгүй олгодог. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн сайн чанартай эм, бэлдмэл өндөр үнэтэй байдаг учраас улсын төсвөөс бүрэн даах боломжгүй.

-Чихрийн шижингийн дөрвөн хэв шинж байдаг. Эдгээр хэв шинжийн онцлогийг та тодруулна уу?

-Хэв шинж нэгийн хувьд удам зүйн урьдчилсан байдалтай холбоотой. Төрөхдөө л чихрийн шижин хэв шинж нэгээр өвдөх магадлалтай хүүхэд төрнө гэсэн үг. Үүнийг Монголд одоогийн байдлаар урьдчилан тогтоох боломжгүй байна. Бид өвчилсөн хойно нь л оношилж, эмчилж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд хүүхдийг төрөнгүүт нь тогтоочихоод өвдүүлэхгүй байх тал дээр анхаардаг. Энэ хэв шинжийн үед инсулинээ тогтмол тариад, хоол, хөдөлгөөний дэглэмээ барьж, сайн хяналт тавих шаардлагатай. Хэв шинж хоёрын хувьд 70 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой. Яагаад гэвэл, энэ хэв шинжээр оношлогдож байгаа хүмүүсийн 80 хувь нь илүүдэл жинтэй байдаг. Жин нэмэхгүй бол хэв шинж хоёроор өвчлөхгүй байх боломжтой. Хэв шинж хоёрын хувьд удамших магадлал, хандлагатай эмгэг гэж үздэг. Тэгэхээр аав, ээж нь чихрийн шижинтэй бол хүүхдүүд нь чихрийн шижингээр өвдөх магадлалтай. Үүнээс сэргийлэхийн тулд хүүхдүүдээ таргалуулахгүй байхад анхаарах ёстой. Таргалахгүй л байвал хэчнээн удамтай ч чихрийн шижингээр өвдөхгүй байж болно. Тэр байтугай чихрийн шижин хэв шинж хоёртой тарган хүн биеийн жингээ 15 кг-аар хасч чадвал эдгэрэх боломжтой гэж үздэг. Далд чихрийн шижинтэй хүн таван кг-аар жингээ хасч чадвал эдгэрэх боломжтой. Сүүлийн үед илүүдэл жинтэй чихрийн шижинтэй хүн турчихвал ялангуяа гэдсээрээ турах юм бол уг өвчин эдгэрэх магадлалтай хэмээн үзэж байна. Хэв шинж гурав бол дээр дурдсанчлан жирэмсний чихрийн шижин юм.

Ийм хэв шинж нь жирэмсний 24-28 дахь долоо хоногтойгоос илэрдэг учраас ээжүүд дурдсан хугацаанд глюкозын шинжилгээнд хамрагдах ёстой. Хэрэв өвчлөл илэрсэн тохиолдолд хоолны дэглэм барих, эмийн бэлдмэл хэрэглэх, инсулин тариулах зэргээр цусны сахараа хэвийн болговол урагт гарах эрсдэлд өртөхгүй байх боломжтой гэж үздэг. Харин төрснийхөө дараа 5-10 жилийн хугацаанд жингээ тогтмол хэмжээнд барьж, таргалахгүй байх ёстой. Жингээ барьж чадахгүй илүүдэл жинтэй бол 5-10 жилийн дараа чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн 50 хувь нь хэв шинж хоёрт шилждэг гэсэн үг. Хэв шинж дөрвийн үед бусад хэлбэр буюу ямар нэг эм, дааврын бэлдмэл, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэгтэй холбоотой цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг. Жишээлбэл, нойр булчирхайгаа хагалгаагаар авахуулсан, ямар нэг өвчний улмаас дааврын бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэж буй хүмүүст энэ өвчин үүсвэл дөрөв дэх хэв шинжтэй гэж үзнэ. Энэ хэв шинжийн өвчтөний хувьд үндсэн өвчнөө эмчилбэл эдгэрэх боломжтой.

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Чихрийн шижингийн дээрх дөрвөн хэв шинжийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой нь хэв шинж хоёр юм. Хэв шинж хоёр ихэвчлэн таргалалттай холбоотойг дээр хэлсэн. Тиймээс хоолны дэглэм, хөдөлгөөнөөр тарган хүн турах, таргалахгүй байвал чихрийн шижин хоёроос урьдчилан сэргийлэх боломжтой. Хэв шинж хоёртой хүмүүсийн 70 хувь нь хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьснаар өвдөхгүй байх боломжтой. Дэлхий нийт сүүлийн үед нэгэнт уг өвчнөөр өвдсөн тохиолдолд тухайн хүн 15 кг хасч чадвал чихрийн шижин эдгэрэх магадлалтай гэж үзэж байна. Далд чихрийн шижинтэй хүн биеийн жингээ таван кг-аар бууруулбал чихрийн шижин эдгэрэх боломжтой. Хамгийн гол нь жин, таргалалтдаа анхаарах юм. Турж чадвал чихрийн шижин өвчнөөр өвдөхгүй. Зарим хүн эдгэрэх боломжтой. Үүний тул гэдэс, бэлхүүсний тойргоосоо хасч турах хэрэгтэй. Гэдсээрээ таргалж буй хүний хувьд дотор өөхний хэмжээ нь ихэсдэг. Үүнээс болоод чихрийн шижингийн хоёр хэв шинж илэрнэ. Турах талаар ярьж байгаа учраас хөдөлгөөн, хоолны дэглэмийн тухай зайлшгүй ярихад хүрнэ. Хооллохдоо ойрхон багаар хооллох нь зүйтэй. Хөдөлгөөний хувьд дунд зэргийн ачаалалтай биеийн тамирыг долоо хоногт таван удаа, өдөрт 30 минутаас доошгүй хугацаанд ачаалал өгөхгүйгээр хийх хэрэгтэй. Үүнийг дадал болговол чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Г.НЯМСҮРЭН



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



4 + = 11