Онцлох, Ярилцлага|(2017-10-30 13:08)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Д.Тэгшжаргал: Цусны даралт ихсэх нь харвалтын гол шалтгаан болдог

22883272_1260774607401050_343449830_n

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын статистикийн мэдээгээр жил бүр дэлхийн хэмжээнд 15 сая хүн тархины харвалтаар өвчилж байгаагаас таван сая нь нас барж, үлдсэн 10 сая нь хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэж байна. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд харвалттай 12,7 сая тохиолдлыг судлахад үндсэн шалтгаан нь артерийн даралт ихсэлт болохыг тогтоожээ. Харин Монгол улсын хувьд тархины харвалт жил тутам дунджаар 100 000 хүн амд 290 тохиолдож, үүнээс нас баралт саяд 49 хүрч байгаа нь харвалтын давтамжаар дэлхийд өндөр өвчлөлтэй орны тоонд хамаарч буйг харуулж байна. Үүнээс үзэхэд тархины цус харвалт улам бүр залуужиж байгааг мэргэжлийн эмч нар онцоллоо. Тиймд бид Сэргээн засах клиник төвийн ахлах зэрэгтэй, уламжлалт анагаах ухаан, сэргээн засахын эмч Д.Тэгшжаргалтай ярилцллаа.

– Сүүлийн жилүүдэд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй тархины цус харвах өвчин улам залуужиж, залуучууд өртөх болжээ. Энэ ямар хүчин зүйлтэй холбоотой вэ?
– Тархины цус харвалт гэдэг нь тархины судасны гаралтай гэмтлийг хэлдэг. Тархины харвалтын үед түүний бүтцийн өөрчлөлтөөс бий болсон саа, саажилтууд мэдрэхүйн алдагдал хэл ярианы өөрчлөлт, тал хараагүйдэл, гэх мэт тухайн голомт тархины аль хэсэгт байрласнаас хамаарч илрэх шинж тэмдгүүд олон янз байдаг. Тархины харвалтын эрсдэлд хүчин зүйлд нэгдүгээрт зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэх нь харвалтад хамгийн их нөлөөлдөг. Дараагаар нь хорт зуршил, архи тамхины хэрэглээ, чихрийн шижин өвчин, цус өтгөрөх буюу цусны улаан эс олшрох, таргалалт, удамшил, гэмтлийн шалтгаан гэх мэтчилэн маш олон хүчин зүйлээс харвалт үүсдэг.

– Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

– Тархины цус харвалт эмчлэгддэг өвчин. Гэхдээ урьдчилан сэргийлэх нь маш чухал байдаг. Үүний тулд дээр өгүүлсэн эрсдэлд хүчин зүйлүүдийг бууруулах, хоёрдугаарт хорт зуршлын хэрэглээг багасгах архи, тамхинаас татгалзах, даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж, зүрх судасны эмчийн хяналтад байх, даралтын эмийг тогтмол ууж цусны даралтаа хэвийн байлгах, цус шингэлэх эмийг тодорхой хэмжээгээр эмчийн заалтаар хэрэглэх, мөн хөдөлгөөний хомстол үүсэхээс анхаарах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Мөн хооллолт, биеийн тамир спортоор долоо хоногт 2-3 удаа хичээллэх, ууланд алхах гэх мэтээр стрессээ зөв тайлах ёстой. Түүнчлэн  хэт их уурлах, стрессдэх нь тархины цус харвалтад нөлөөлдөг гэдгийг санууштай.

– Цусны даралт ихсэх өвчин залуужиж байгаагийн хэрээр харвалтаар өвчлөх залуусын тоо нэмэгдэж байгаа гэж ойлгож болох уу?

– Цусны даралт ихсэх нь тархины харвалт үүсэх хамгийн том шалтгаан болдог. Даралт ихсэх өвчин  удамшлын гаралтай байдаг. Зүрх судасны өвчнөөс зүрх өөхлөх, даралт ихсэхээр аяндаа зүрх томордог. Зүрх томорхоор үйл ажиллагаанд доголдолд үүсэх, гэнэт уурлах, бухимдсанаас болоод судас агших зэрэг үзэгдэл явагддаг. Судас агшина гэдэг нь цус харвалтад нөлөөлөх нэг шалтгаан гэж ойлгож болно. Мөн таргалалттай хүмүүсийн даралт өндөр байдаг учир даралт, биеийн жингээ хянаж хэвийн байлгах нь чухал.

– Жирэмсний үед даралт өндөртэйн улмаас тархинд цус харвах эрсдэл жирийн хүнтэй харьцуулбал их нэмэгддэг. Ийм тохиолдолд хэрхэн эмчлүүлэх вэ?

– Жирэмсний үед эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд тодорхой хэмжээний ачаалал, өөрчлөлтүүд гардаг. Тийм учраас хяналтад эрт орох хэрэгтэй л дээ. Жирэмсний үед цусны даралт ихсэснээс үүдэлтэй цус харвахын өмнөх манас таталт үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх, бөөрний үйл ажиллагааны алдагдал, бөөрний гаралтай даралт ихсэх жирэмсний үед илүү давамгай тохиолддог. Өөрөөр хэлбэл жирэмсэний үед бөөрний үйл ажиллагаанд анхаарах, зүрх судасны гаралтай даралтыг тогтмол байлгах, эмчийн хяналтад байх, өөрт тохирсон хөдөлгөөн хийх, хоол унд, эмчийн зөвлөгөө зааврыг дагах хэрэгтэй.

– Тархины харвалт хүн бүрийг ялгахгүй тохиолддог болжээ. Хөдөлгөөн дутагдлын улмаас тархины цус харвах эрсдэл нэмэгддэг гэсэн үг үү? 

– Хөдөлгөөн дутагдсанаас болж олон өвчний суурь тавигдаг л даа. Жишээлбэл хүзүү нуруу шохойжих, нурууны суулт хүзүүний суулт үүсдэг. Удаан хугацаагаар комьпютерийн өмнө сууснаас хүзүүний яс ургах өвчнүүд их оношлогдож байна. Хүзүүний шохойжилтоос үүдэн цусан хангамж буурч тархины судас нарийсах, тархинд очих цусан хангамж багасдаг. Улмаар тархины судасны нарийслаас үүдэлтэй өвчнүүд харвалтад нөлөөлж болно. Судасны уян хатан чанар алдагдаж судас нарийсахаар судсан доторх цусны хэмжээ багасна. Тархинд очиж буй цусан хангамж багахсаар нойргүйдэх, толгой өвдөх, тэнцвэр алдагдах, нүд эрээлжлэх, гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Тиймд эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй.

– Тархинд цус харвахын өмнө нийтлэг ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

– Даралт ихсэхээр толгой өвдөх, эргэх, хүзүү хөших, толгой өвдөх, нүд бүрэлзэх, чих шуугих, нүд харанхуйлах, нийтлэг шинж тэмдэг илэрдэг. Ихэнх хүмүүс тархинд цус харвахаас өмнө хамраас цус гарлаа гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл шууд тархинд цус харвахгүй наана байрлах жижиг хялгасан судсууд хагардаг. Тархинд очиж голомт үүсэхгүйгээр хамрын хөндийд жижиг голомт үүсгээд хамрын хялгасан судсанд тасарснаас үүдэлтэй хамгаалах урвал явагдаж буй юм. Гэхдээ тархины цус харвалт 55 наснаас хойш харвалт өгөх магадлал хоёр дахин ихэсдэг юм л даа. Нас ахих тусам харвалтын эрсдэл нэмэгддэг гэж ойлгож болно.

– Ер нь харвалт ямар тохиолдолд эмчлэгдэж, ямар тохиолдолд эмчлэгдэх боломжгүй болж байна вэ?

– Харвалт бол манай улсад нийт өвчлөлийн эхний гурван байрт эзэлдэг. Зүрх судасны өвчинд орно. Даралт ихсэж байх үед зүрх судасны эмгэгт хамаарна, харвасан тохиолдолд мэдрэлийн эмгэгт тооцогддог. Харвалт тархины аль хэсэгт байна гэдгээс хамаарч үүсэж буй шинж тэмдгүүд өөр байдаг. Жишээлбэл тархины өмнөд артерт эмгэг голомт үүсвэл хөл саажих, өтгөн шингэнээ барьж чадахаа байх, алхааны эмгэг илүү үүсдэг. Тархины дунд хэсгийн артер гэмтэхэд гар саажих, тал хараагүйдэл үүсэх, хүн болоод эд юмсыг таних чадвар алдагдах хэл ярианы харилцах чадвар алдагдах шинж тэмдгүүд үүсдэг. Эсвэл тархины багана хэсэгт гэмтэл үүссэн бол залгих чадвар алдагдах, харааны тэнцвэр алдагдах, шинж тэмдгээр гэх гэмт зэргээсээ шалтгаалаад эмчилгээ нь ялгаатай.

– Хүмүүс тал харвалт, бүтэн харвалт гэж ярьдаг. Үүнийг яаж ялгах вэ?

– Тухайн өвчтөний гэмтлээс хамаарч тархины цус харвалтыг хоёр төрөлд хуваадаг. Нэгдүгээрт цус хомсрох харвалт буюу Ишемический инсульт тархины аль нэг артери бөглөрсний улмаас үүсэх тархины эдийн бүтцийн голомтот өөрчлөлтийн эмнэлзүйн шинжээр илрэх тархины цусан хангамжийн цочмог дутагдлыг цус хомсрох харвалт гэнэ. Тархины доторх цус харвалт буюу Гемаррагический инсульт Голдуу тархины судас гэнэт хагарснаас, эсвэл судасны ханын нэвчүүлэх чанар ихэссэнээс үүдэн, тархины эдийн дотор цус хурах эмгэг юм. Ихэнх тохиолдолд өвчин үүссэн, эмнэлэгт эмчлүүлэх байдаг юм уу эм уух эм тариа хэрэглэх үед эмчид ханддаг учраас урьдчилан сэргийлэх үзлэгт хагас жил тутамд хамрагдаж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих нь өвчнөөс урьдчилан сэргийлэх гол үйл ажиллагаа гэж бодож байна. Нэгэнт харвалт үүссэний дараа хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал, бусад эрхтэн тогтолцооны алдагдал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал юм.

– Ярилцсанд баярлалаа. 

 Э.Ариун

Эх сурвалж: Ugluu.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + = 10