Онцлох, Ярилцлага|(2017-10-17 14:01)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй

9gbfcmjof43tvy46p2vaxr2nd

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ХАБСХ-сан мэргэжилтэн М.Булгантамиртай ярилцлаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хичнээн сургалтын байгууллага байна вэ?

-Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 99 сургалтын байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 22 нь орон нутагт, үлдсэн нь Улаанбаатар хотод байна. Аймгуудын хувьд гэвэл ихэнх  аймгуудад бие даасан сургалтын байгууллага бий. Эрдэнэт, Дархан, Өмнөговь зэрэг аймгуудад арай олон сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургалтын байгууллагууд нь ХАБЭА-н 9 төрлөөр сургалтын эрхээ авсан байдаг. ХАБЭА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эдгээр байгууллагууд  давхардсан тоогоор 372 төрлийн сургалт явуулдаг гэсэн үг. Ерөнхийдөө ихэнх сургалтын байгууллагууд маань мэргэшүүлэх сургалт болон нийт ажилтаны сургалт явуулдаг.

ХАБЭА-н сургалтын байгууллагын багш нарын чадавхи ямар түвшинд байна вэ. Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудлаар хангалттай мэдлэг, мэдээлэл олгож чадаж байна уу?

-Сургалтын төвүүдийн багш нарын чадавхийн асуудлыг зайлшгүй хөндөх хэрэгтэй байна л даа. Үүнтэй холбоотойгоор бид багшлах боловсон хүчний талаар судалж үзсэн. Багш нарын багшилсан жилүүдийн туршлагыг аваад үзэхэд 3,5 жил, тухайн салбартаа болон мэргэжлээрээ ажилласан жил нь 20-30 жил байна. Гэхдээ багшилна гэдэг бол инженерын эсвэл эзэмшсэн мэргэжлийн ажлаа хийгээд явахаас өөр асуудал. Тэр тусмаа эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэнд амь насыг хариуцан ажиллаж байгаа үүрэг хариуцлага өндөртэй ажилтныг мэргэшүүлэн сургана гэдэг бүүр өөр хэрэг. Иймээс ХАБЭА-н багш нарыг мэргэшүүлэх, чадавхжуулах гэдэг бол зайлшгүй анхаарах ёстой асуудал юм. Багшлах ур чадвар мэргэшсэн байдлыг судлахад  Судалгаанд оролцсон багш нарын 50 гаруй хувь нь сургагч багшийн сургалтанд хамрагдсан гэсэн тоо гарч байгаа юм. Гэхдээ сургагч багш гэдэг нь тухайн ажлын байранд юу хийх ёстой вэ гэдгийг зааварладаг хүн. Харин бид өнөөдөр насанд хүрэгчдийн сэтгэл зүйд нийцсэн, тэдний онцлогт тохирсон боловсрол олгох  заах аргазүйд суралцуулан  “Багшлах эрх”-тэй болгох тухай асуудлыг хөндөж байгаа юм. Мөн дээрээс нь өндөр эрсдлийн чиглэлээр улам мэргэшүүлж, олон улсын түвшинд сургадаг болгомоор байна.

-ХАБЭА-н сургалтыг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд жилд хэдэн удаа авах ёстой вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд жилд 2 удаа нийт ажилчидаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах ёстой гэсэн заалт бий.

-ХАБЭА-н сургалтын байгууллагуудын тоо, чанарын тухайд?

-Манай улсад 141 мянган аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг.  Тэгэхээр дээрх 141 мянган аж ахуйн нэгж байгууллага маань жилд доод тал нь 2 удаа ХАБЭА-н сургалт явуулна, тэнд бас тэр хэмжээний ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан хэрэгтэй. Тэгэхээр энэ хэмжээний сургалтын эрэлт хэрэгцээ байна гэсэн үг. Мэдээж тооноос илүү чанарт анхаарах нь чухал. Бид  ч чанаржуулах тал дээр илүү их анхаарч ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө сургалтаа зохион байгуулахаас гадна ихэнхдээ сургалтын байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулдаг.  Өөрөөр хэлбэл, манай сургалтын байгууллагуудын нэг онцлог нь  ажлын байран дээр буюу явуулын сургалтыг маш их зохион байгуулдаг.  Тийм болохоор манай сургалтын байгууллагууд өөрсдийн анги, танхимтай байхаас гадна явуулын сургалт явуулах хүчин чадалтай байх ёстой.

-Сургалтын байгууллагуудын  зөвшөөрлийг хаанаас олгодог вэ?

-Юуны түрүүнд сургалт явуулах бүхий л материаллаа бүрдүүлээд манайд өгнө. /ХАБЭМТөв/  Манайхаас ирүүлсэн материалд анхан шатны үзлэг  боловсруулалт хийж, сургалт явуулах анги танхим, бааз суурийг нь судална. Үүний дараа Төр,  Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс бүрдсэн ХНХ-ын дэд сайдаар ахлуулсан гурван талт Үндэсний хорооны хурлаар оруулснаар эрхийг олгодог.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг боловсролыг Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах талаар яригдаж байсан.  Энэ хэр зөв санаа вэ?

-Үүнийг маш зөв зүйтэй асуудал гэж харж байгаа.  Гэхдээ хэзээ хэрэгжих нь тодорхой биш шүү дээ.  Ерөөсөө ХАБЭА-н боловсролыг бүр багаас нь буюу цэцэрлэгийн наснаас нь эхлэн олгох ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бол хувь хүний дадал, хэвшил төдийгүй өөрөө маш том соёл. Өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэг хариуцлага. Тэгэхээр бид хэр бага наснаас зөв хүмүүжил олгоно тэр хэмжээгээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл буурна гэсэн үг. Бид ийм л ирээдүйг хүсч байгаа шүү дээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



7 + 9 =