Онцлох, Ярилцлага|(2017-09-19 14:23)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Д.Баян-Өндөр: Монгол Улс лазерийн аппараттай болох зайлшгүй шаардлагатай

Урологи-андрологийн төвийн 60 жилийн ойн хүрээнд “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдсан билээ. Тус хурлын үр дүн, цаашид хийх ажлын талаар УНТЭ-ийн Урологи-андрологийн төвийн дарга, анагаах ухааны доктор, их эмч Д.БАЯН-ӨНДӨРТЭЙ ярилцлаа.

-Өнөөдөр мэргэжлийн эмч нар урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ ажлын хүрээнд олон улсын хурал саяхан зохион байгууллаа. Тус хурлын үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ удаагийн олон улсын хурлыг зохион байгуулахдаа бид илүү өгөөжтэй, шинэлэг байх талаас нь анхаарч ажиллалаа. Хурлын үеэр хэд хэдэн онцлох арга хэмжээ болсон. Тухайлбал, манай залуу эмч нарыг сургасан БНХАУ, АНУ, БНСУ-ын профессор, докторууд ирж шавь нарынхаа хамт мэс засал хийсэн. Ингэхдээ багш нар нь мэс заслын үйл явцыг тайлбарласан сургалтын дамжуулалттай видео хэлбэрээр хүргэсэн нь манай орон нутгаас ирсэн залуу эмч, оролцогчдод ихээхэн туршлага, мэдлэг болсон гэж ойлгож байгаа. Мөн гаднын профессорууд өөрсдийн судалгааны лекц, илтгэлүүдээ тавьсан нь манай салбарт онолын хувьд чухал мэдээлэл байв. Жишээлбэл, дурангийн мэс заслын үед болон дараа нь гарч болох хүндрэлийн талаар видео бичлэгтэй илтгэлүүд тавигдсан бөгөөд өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг олгосон сургалт боллоо. Зарим эмч гахайн дээр хийж байгаа туршилтын мэс засал, хүний хавдартай бөөрийг дурангаар авч, дараа нь бөөр шилжүүлэн суулгах мэс заслын тухай, давсагны хавдрын орчин үеийн оношлогооны чиг хандлага, бөөр шилжүүлэн суулгахад донор бөөрийг дурангаар авах мэс заслын техникийн талаар тус тус лекц уншлаа. Олон улсад нэг сэдвийн хүрээнд судалж буй материалууд дэлгэрэнгүйгээр нэг дор аль нэгэн сайт, сурах бичигт тэр бүр байдаггүй юм. Харин энэ бүхнийг олон улсын хурлаас авах бүрэн боломж байна. Аливаа хурлын гол ач холбогдол нь хүмүүсийг нэг дор нэг ижил мэдээллээр хангахад оршдог. Мөн орон нутгаас ирсэн эмч нар идэвхтэй оролцлоо. Манай урологийн эмч нар нийтдээ 40 гаруй болжээ. Үүнд, УНТЭ хөдөө орон нутгийн, хүүхдийн, хавдрын урологи зэрэг олон эмч цугларсан. Үүнээс гадна орчин үеийн чиг хандлага сэдэвт илтгэлүүдэд 2010-2017 онд хэвлэгдсэн эрдэмтдийн бүтээлийг тойм болгоод олон орны сэтгүүлд гарсан бүтээлтэй хамт багтаасан нь их ач холбогдолтой байлаа.

-Бөөрний мэс заслын чиглэлээр анхны сурах бичгийг ойн арга хэмжээнд зориулж гаргасан гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Урологи-андрологийн төвийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан олон улсын энэхүү хурал бидний 2017 оны үйл ажиллагааны нэгээхэн хэсэг байв. Бидний хамгийн гол зорьсон зүйл нь бөөрний мэс заслын эмч, оюутнуудад гарын авлага, бөөрний мэс заслын анхны сурах бичгийг монгол хэл дээр гаргасан явдал юм. Энэ сурах бичгийг гаргахад хурал зохион байгуулахаас илүү их хэмжээний хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан. Энэ сурах бичгийн дийлэнх хувийг УНТЭ- ийн зөвлөх эмч, гавьяат эмч Д.Нямсүрэн бичиж, миний бие бөөрний чулуужих өвчний талаар бичлээ. Мөн залуу эмч нар тодорхой сэдвийг авч бэлтгэж, АШУҮИС- ийн Хорлоо багш хянасан хамтын бүтээл юм. Манай оюутнууд бөөрний мэс заслын чиглэлээр сургуулиасаа мэдлэг олж авах боломж хомс байдаг. Учир нь, эх хэл дээрээ ойлгох сурах бичиг байхгүйн улмаас нарийн мэргэжлийн гол ойлголтуудыг гадаад хэл дээрх номноос бүрэн авч чаддаггүй. Тиймээс бид уг ажлыг эхлүүлж хийж дуусгалаа.

-Ойн хүрээнд зөвхөн энэ сурах бичгээр тогтохгүй хэд хэдэн ном гаргасан байна лээ. Эдгээр номыг салбараа багцалсан бүтээлүүд гэж ойлгож болох уу?

-Аливаа зүйл хэлбэр төдий харагдахаасаа илүү агуулгатай, хэрэглэгдэхүйц байх нь хамгийн чухал. Урологи-андрологийн тө­вийн 60 жилийн түүх, эмч, мэргэжилтнүүдийн хүч хөдөлмөр, гавьяаг дуурсгах, хойч үедээ үнэн зөв мэдээ, мэдээллийг үлдээхийн тулд бид “Зураг түүх өгүүлнэ” фото ном, сүүлийн арван жилийн бөөрний мэс заслын технологи, дэвшилт эмчилгээ, судалгаа, салбарын хүмүүсийн хэвлэн нийтэлсэн бүх материалыг багтааж ном гаргасан. “Зураг түүх өгүүлнэ” фото номны онцлог нь сүүлийн арван жилийн хугацаанд хийсэн ажлууд, оролцсон олон улсын болон дотоод хурлууд, урлаг уран сайхан, сургалтад хамрагдсан зэрэг бүх үйл явдал зургаар илэрхийлэгдэж гарсан.  Анхны ном нь 50 жилийн ойн босгон дээр гарч байсан бол хоёр дахь ном нь сая гарлаа. Бид интернэтээс мэргэжлийн гол ойлголт, мэдлэгийг авч чаддаггүй. Сэтгүүлээс мэдээлэл цуглуулъя гэхээр номын санд сэтгүүл нь хангалтгүй зэрэг бэрхшээлүүд бий. Судлаач болохоор материал, судалгаа, баримт цуглуулна гэдэг их хүндрэлтэй байдгийг бид мэднэ. Тал талаас үнэн бодит, баттай судалгаатай нь мэдэгдэхгүй энэ олон мэдээлэл хүнд цэгцтэй мэдлэг болж очиж чаддаггүй. Тиймээс сүүлийн арван жилийн бөөрний мэс заслын талаар бүх мэдээллийг бидний гаргасан “Үе үеийн эрдэмтдийн бүтээл” нэртэй хоёрдугаар эмхэтгэл номоос авч болно.

-Сая ирсэн гаднын эмч, профессорууд Монголд дахин ирэх үү. Хамтын ажиллагаа ямар төвшинд байна вэ?

-Ирэх жил гаднын гурван баг ирэх төлөвлөгөөтэй байгаа. Сая АНУ-аас ирсэн багийнхантай дараа жил хамтарсан мэс засал хийнэ. Дараа жил ирэх нэг багийг нь би хөдөө орон нутаг руу авч явж, хүнд мэс заслуудыг хийлгэх бодолтой байна. Энэ оны арванхоёрдугаар сард БНХАУ- ын эмч нарын баг өөрсдийн лазерын аппаратаа авчирч мэс засал хийнэ. Манай улсын хувьд лазерын аппарат байхгүй учраас тухайн орны эмч нар гаалийн татвараа өөрсдөө төлөөд, лазерын аппаратаа авчрахаар төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд манай салбарт хамтын ажиллагаа хүрээгээ тэлснээр бид туршлага солилцож, мэдлэгээ хуваалцах, хийсэн ажлаа олон улсад үнэлүүлэх боломжийг нээсэн. Үүнийгээ дагаад бид олон улстай хөл нийлүүлэн алхахад эмч нарын ур чадвараас илүү тоног төхөөрөмжийн асуудал зайлшгүй сөхөгдөж байна. Тухайлбал, Монгол Улс ойрын хугацаанд лазерын аппараттай болох зайлшгүй шаардлагатай байна. Лазераар мэс засал хийхэд чулуу буталдаг, давсагны хортой хавдар, эдийн шинжилгээний биопси авах, түрүү булчирхай авах зэрэгт цус бага гаргадаг, мэс заслын дараах хүндрэл багатай байгааг олон улсын төвшинд ярьж байна. Сүүлийн найман жилийн хугацаанд лазерын аппаратыг захиалж байгаа боловч Засгийн газар олон солигдож байгаатай холбогдуулан саад ихтэй байна. Нэг хүнтэй ярьж асуудлаа шийдээд шат, шат дамжаад явахад Засгийн газар унах зэрэг тогтворгүй асуудлаас болоод төсөл дахин эхлэх болдог. Лазерын аппаратыг оруулж ирэхийн төлөө дахиад эхнээс нь хөөцөлдөнө. Монгол Улсын хэмжээнд энэ аппарат заавал байх ёстой зүйл юм.

-Олон улсын хурлыг цаашдаа тогтмол зохион байгуулах уу?

-Бид энэ хурлыг хоёр жил тутамд нэг удаа хийхээр төлөвлөж байна. 2019 оны хурлаараа манай улс дэвшил гаргачихсан, лазерын аппараттай болчихсон тохиолдолд тавьж байгаа илтгэл, судалгааны ажлууд өөрчлөгдөнө. Гадаад илтгэгчдийн бэлдсэн судалгааны ажлыг сонсдог байсан бол дараагийн удаа өөрсдөө судалгааны ажлаа танилцуулж, багаж тоног төхөөрөмжтэй мэс засал хийж үзүүлэх боломж гарна.

-Бөөрний мэс заслын чиглэлээр хүний нөөц хэр хангалттай байна вэ?

-Нийт улс орны хэмжээнд 40 гаруй эмч байна. Энэ жил бөөрний мэс заслын чиглэлээр нэг дор гурван хүн төгссөн, намрын элсэлтээр гурав юм уу, таван хүн элсэх байх. Олноор нь элсүүлэхгүй байгаа шалтгаан нь Монгол Улсын хэмжээнд урологийн олон эмч төгсгөж гаргалаа гэхэд тэднийг ажиллуулах багаж тоноглол хангалтгүй байна. Сургасан эмч нараа нутагтаа очиж, бие даан мэс засал хийх хүртэл бид хянаж тусалдаг. Цаашдаа бид хийх мэс заслуудаа видео бичлэг болгон өвчтөнд таниулан зөвлөгөө өгөх зорилгоор Youtube.com дээр байрлуулах зэргээр сургалтын материалд анхаарал хандуулж ажиллана.

В.САРАНТУЯА



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



9 + 1 =