Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


О.Саранчулуун: Гүйлтийн хөл өмсч, спортоор хичээллэснээр амьдрал минь эрс өөрчлөгдсөн

d1794e85e69bda725af61e242821c4f6

 

“Итгэл найдвар, боломж Улаанбаатар 2017” марафон ирэх сарын 9-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Хандивын гүйлтийн талаар АШУҮИС-ийн Зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхмийн багш, “Ахиллис Монгол” ТББ-ын тэргүүн О.САРАНЧУЛУУНТАЙ ярилцлаа.

-Гуравдахь жилдээ зохион байгуулж буй хандивын гүйлтэд хэчнээн хүн оролцохоор бүртгүүлээд байна вэ?

-Жил ирэх тусам “Итгэл найдвар, боломж Улаанбаатар” гүйлтэд оролцох иргэдийн тоо нэмэгдсээр байна. Анх “Хамтдаа алхацгаая” нэртэйгээр 600 хүнтэй хамт гүйж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 4800 гаруй хүн оролцсон бол энэ жил 5000 гаруй хүний дугаарыг бэлтгэсэн. Оролцож буй хүний 5-10 хувь нь л хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Бусад нь бие махбодийн хувьд эрүүл саруул хүмүүс орно. Марафонд хувь хүн, байгууллага хамт олон, анги, найз нөхдөөрөө оролцох боломжтой. Энэ жил 3, 5, 10, 21, 42 км гэсэн ангиллаар оролцогчдыг бүртгэж байна. Энэ арга хэмжээний орлого, хандив тусламжийг нийгэмд эерэг нөлөө, үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг бүрдүүлэх хөтөлбөрт зарцуулах юм. Марафонд оролцох төлбөрөө “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагын Ариг банк дахь 2100112265 дансанд өөрийн овог, нэр, утасны дугаараа бичиж шилжүүлснээр баталгаажих юм.

-Таны хувьд анх марафон гүйлтээр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Миний хувьд мэргэжлийн тамирчин биш. Би АШУҮИС-д нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажлын чиглэлээр багшилдаг. Гурван жилийн өмнө Колумбын их сургуулийн Нийгмийн ажлын сургуульд нэг жил мэргэжил дээшлүүлж байхдаа спортын хиймэл хөлтэй болох боломж надад олдсон. Төрөөд удаагүй байхдаа явсан учраас жингийн илүүдэлтэй, нэг хөл дээр хамаг ачааллаа авдаг тул явахад бэрхшээлтэй байв. Тиймээс спортоор хичээллэхээр шийдсэн. Монголд хийдэг хиймэл хөл тийм ч эвтэйхэн бус. Хүний хөл холгохоор ямар хэцүү байдаг билээ, тийм зовиуртайгаар 20 гаруй жил явсан. Америкт очмогцоо сүүлийн үеийн хиймэл хөл судалж үзсэн. Гэтэл силикон оймс нь биед эвтэйхэн, их зөөлөн, хүний биеийн хөдөлгөөнд ямар ч саад учруулахгүй байлаа. Америк дахь найзуудаасаа сурагласны эцэст идэвхтэй хөдөлгөөнтэй, спортоор хичээллэх сонирхолтой хүмүүст зориулсан гүйлтийн хөл хийж өгдөг байгууллагыг олсон. Тэр нь “Хиймэл хөлөөр гүйгчдийн холбоо” байлаа. Тэдний шалгуурт нийцэж гүйлтийн хөлтэй болсон. Би урьд нь спортоор хичээллэх битгий хэл гүйж ч үзээгүй байсан юм. Гүйлтийн хөлтэй болмогцоо Нью Йоркийн төв паркт гүйх гэж оролдсон ч эхний 14 хоног үнэхээр аймшигтай байсан. Гэхдээ дасгалжуулагч маань “Энэ бол өвдөлт. Өвдөлт дундаа маш сайн өвдөлт. Чи хэзээ ч энэ хөлөөр гүйж үзээгүй болохоор бэрх байгаа. Гүйх тусам өвдөлт багасна” гэж зөвлөсөн тул их гүрийсэн. Гүйлтийн хөл өмсч, спортоор хичээллэснээр амьдрал минь эрс өөрчлөгдсөн.

-Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Би хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүн боловч ийм хүмүүс бусдаас ялгарах, дутуу байх ёсгүй гэж үздэг. Тийм ч учраас хэд хэдэн удаа гүйлтийн тэмцээн зохион байгуулсны дараа ер нь бид нэгдэх нь чухал юм байна гэж шийдээд Ариг банктай хамтарч ““Achilles international” олон улсын сайн дурын байгууллагын салбарыг байгуулах шийдэлд хүрсэн юм. Байгууллагын маань туйлын зорилго нь бүх нийтийг спортын арга хэмжээнд хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, амьдралын чанарыг нь ахиулах явдал байдаг. Спорт бол хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйсээр ялгаварлахгүйгээр нэгтгэж чаддаг болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч түүнд хамрагдсанаар бусдаас ялгарах, өөрийгөө ямар нэг байдлаар дутуу гэж чамлах байдал нь арилах ёстой гэж боддог. Манай байгууллагын үйл ажиллагаа ч үүнд чиглэж байна. Зөвхөн “Achilles international Mongolia” төдийгүй дэлхийн 70 гаруй оронд салбартай манай төв байгууллага ч ихэвчлэн гүйлт зохион байгуулах хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэгтгэдэг. Энэ хүрээндээ бид жилд “Итгэл найдвар боломж” марафон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Багачуудын гүйлт” гэсэн хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулдаг.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 4 = 11