Мэдээ, Онцлох|(2017-06-22 13:23)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Минелик Алему Гетахун-ыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргын урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий захирлын орлогч Минелик Алему Гетахуныг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Дэд сайд Л.Бямбасүрэн ДОӨБ-аас оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний хэмжээний хууль тогтоомж боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, технологи инновацийн төвүүд байгуулах, үндэсний хэмжээний хурал, семинар зохион байгуулах, байгууллагын болон хүний нөөцийн чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлүүдээр Монгол улсад санхүүжилтийн болон мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсээр ирсэнд тус байгууллагад талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, техник технологийн хөгжил сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжихийн хэрээр салбарын эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажлын чанар сайжирч, оношлогоо, эмчилгээний шинэ санаачлага, бүтээл гарах нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор анагаах ухааны салбарын эрдэмтэн судлаачдын оюуны өмчөө баталгаажуулах, шинэ санаачлага, бүтээлээ патентжуулах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа талаар тэмдэглэж, энэ чиглэлээр ДОӨБ-аас техникийн туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг хүсэв.

ДОӨБ-ын Ерөнхий захирлын орлогч Минелик Алему Гетахун Эрүүл мэндийн дэд сайдад хариу талархал илэрхийлээд Монгол Улс ДОӨБ-ын гишүүн орны хувиар тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүх салбарт оюуны өмчийг хамгаалах чиглэлээр тодорхой ахицтай ажиллаж байгааг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн, эрүүл мэндийн салбарт ялангуяа нийгмийн эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлт, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт техник технологи, уламжлалт анагаах ухааны чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, холбогдох дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд ДОӨБ дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд дэд сайд Л.Бямбасүрэн Ноён Минелик Алему Гетахунд Монгол Улсад хийж байгаа ажлын айлчлалын үеэрээ хүрэлцэн ирж уулзан, хамтын ажиллагааны санал солилцсонд дахин талархал илэрхийлээд, айлчлалд нь амжилт хүслээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 8 = 16