Онцлох, Ярилцлага|(2017-06-12 15:16)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Н.Эрдэнэбаяр: Өдөрт 80-100 донор цусаа өгч байж эмнэлгүүдийн захиалсан бүтээгдэхүүнийг хангах боломжтой

инут

                          

 

 

        Жил бүрийн зургаадугаар сарын 17-нд  “Дэлхий цусны Донор”-ын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл манай улс энэхүү өдөрт зориулан ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.

 

-Энэ сарын 14-ний өдөр Дэлхийн цусны Донорын өдөр тохиох гэж байна. Энэхүү өдөрт зориулан ямар, ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ. Энэ талаараа та мэдээлэл өгөхгүй юу?

 

-Жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр цусны донорын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлээд 14 жил болж байна. Энэ өдрийн гол утга санаа,  ач холбогдол нь шийдвэр гаргах төвшний байгууллага, шийдвэр гаргагч нарт болон олон нийтийн дунд цусны донорын ач тусыг сурталчилан таниулахад чиглэдэг. Түүнчлэн энэхүү арга хэмжээтэй холбогдуулан жил бүр онцлог уриануудыг дэвшүүлдэг. Засгийн газар, УИХ, яам, тамгын газар, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа.  Энэ жил “Та бусдын төлөө юу хийж чадах вэ. Өнөөдрөөс эхлээд тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна.

 

Энэ жилийн гол онцлог нь юу байх вэ?

 

-Гамшиг ослын үед цус цусан бүтээгдэхүүний бэлэн байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, цус сэлбэх тусламж үйлчилгээг хийх гэсэн чиглэл дээр дэлхий нийт анхаарч байна. Манай улс ч гэсэн энэ өдрийг Онцгой байдлын Ерөнхий газартай хамтраад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  энэ сарын 14-ний өдөр 11.00 цагаас эхлэн арга хэмжээгээ  зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү арга хэмжээ төр засаг болоод олон нийтэд нээлттэй болох юм. Түүнчлэн бид энэхүү арга хэмжээг ганцхан өдөр тэмдэглээд өнгөрүүлдэггүй. Үүнийгээ утгаад олон арга хэмжээ, ажлыг зохион байгуулдаг байгаа. Тухайлбал, энэ жилийн хувьд олон нийтийн дунд донорын үйлсийг сурталчилах чиглэлээр НЗТГ болон  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тавдугаар сарын 3-ны өдөр манай төв дээр өөрийн биеэр ирж цусаа бэлэглэсэн. Нийслэлийн аж ахуйн нэгж компани Улаанбаатар хотын иргэдийг цусаа бэлэглэе гэдэг уриалгыг гаргасан. Түүний дагуу нийслэлийн харьяа төр захиргааны байгууллага болох 40 гаруй байгууллага цусаа бэлэглэх үйлсэд оролцсон.  Мөн  цусны донорын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт цусаа бэлэглэхээр болсон. Энэ мэтчилэн арга хэмжээгээ угтсан ажлуудыг хийж, өргөн хүрээнд зохион байгуулж байна.

 

-Доноруудад зориулсан ямар нэгэн арга хэмжээ бий юу?

 

-Энэ өдөр 35 удаа цусаа өгсөн хүндэт донорууддаа цол өргөмжлөлийг нь гардуулж өгнө. Энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд 52 хүн хүндэт донороор өргөмжлөгдөж байна. Мөн донорын үйлсийг дэмждэг донор хамт олон, сурталчилагч байгууллагуудыг шалгаруулж өргөмжлөл гардуулна. Энэ жилийн арга хэмжээний бас нэгэн онцлог бол 200 удаа цусаа бэлэглэсэн  анхны монгол донор энэ өдөр алдарших юм. Энэ хүн бол Д.Бум-Эрдэнэ гэж залуу бий. ТОП-200 гэсэн өргөмжлөлийг гардуулж өгөх юм. Энэ өдөр эрүүл мэндийн талаарх сургалт сурталчилгаа, зөвлөгөө өгөх, анхан шатны тусламж үйлчилгээг яаж үзүүлэх вэ талаар сургалт явуулна. Мөн доноруудад зориулсан өглөөний алхалтыг хийнэ. Манай эмч, ажиллагсад, Улаан загалмайн нийгэмлэгийн дунд шатны хороодын гишүүд, манай сайн дурынхан зэрэг газрууд өглөөний алхалтанд нэгдсэн байгаа.

 

-Хүндэт доноруудыг алдаршуулах, өргөмжлөхөөс гадна нийгмийн асуудалд нь төрөөс хэрхэн анхаардаг юм бэ?

 

-Энэ их чухал асуудал байдаг. Монгол Улс Донорын хуультай  дэлхийн 30 дахь орон болж байсан. Хууль нь 2000 онд батлагдаж байсан шүү дээ. 2012 онд хууль нь нэмэлт өөрчлөлт орсон байдаг. 2017 онд шинэчилсэн найруулга хийгдээд явж байгаа. Донорын тухай хуульд зааснаар цусаа 35 удаа болон түүнээс дээш өгсөн хүндэт доноруудаа улсын магадлан итгэмжлэгдсэн амралтанд үнэ төлбөргүй амруулдаг. Энэ ажил сүүлийн гурван жил хэрэгжээд явж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар донорууддаа эрүүл мэндийн зарим үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийх, очер дугааргүй үйлчлэхийг өөрийн харьяа хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд дээр үзүүлж байгаа. Түүнчлэн үнэ төлбөргүй нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулдаг байсан. Энэхүү үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжснээр түр зогссон байсан. Гэхдээ энэ ажил дахиад үргэлжлэх гэж байгаа. Хүндэт доноруудаа хамт олонд нь алдаршуулах, олон нийтэд таниулах зэрэг үйл ажиллагааг хийж байгаа. Түүнчлэн цусаа 35 удаа бэлэглээд цааш явах ямар нэгэн тэмүүлэлгүй болчихоод байгаа. Тиймээс  70-100  удаа цусаа бэлэглэвэл хүрэл донор, 100-150 удаа цусаа бэлэглэвэл мөнгөн донор, 150 дээш олон удаа өгсөн тохиолдолд алтан донор гэж өргөмжилдөг болсон.

 

-Тулгамдсан үед цусны нөөцийн асуудал анхаарал их татдаг. Одоогийн байдлаар ямар төвшинд байна вэ. Хэр хангалттай байгаа вэ?

 

-2012 онд улсын 19 мянган донорын цус цуглуулсан үзүүлэлттэй байсан. 2016 оны эцэст энэ тоо 33 мянга болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 70 орчим хувиар нэмэгдсэн. Үүний цаана цус цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч байгаа. Төрөөс цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг сайжруулах, төрийн бодлогын хүрээнд манай төвийн шинэ байр 50 жилийн дараа баригдаж 2016 онд ашиглалтанд орлоо. Орон нутагт байгаа цусны 26 салбар  төвүүдийг хоёр тэрбум төгрөгөөр иж бүрнээр нь засварлаж, хүлээлгэж өгсөн. Цус цуглуулах, шинжлэх, хадгалах, тээвэрлэх зэрэгт дэлхийн жишиг болон технологи тоног төхөөрөмжүүдийг иж бүрэн шинэчилсэн. Цус сэлбэлт  судлалын үндэсний төв болон орон нутгийн бүхий л салбарт ийнхүү шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотой цус цусан бүтээгдэхүүнийг хадгалах хүчин чадал улсын хэмжээнд тав дахин Улаанбаатар хотын хэмжээнд гурав  дахин нэмэгдлээ. Зориулалтын хөргөгч хөлдөөгчтэй болж байна гэдгийн цаана нөөцийг нэмэгдүүлэх боломжууд бүрдэж байна. Ялангуяа урт удаан хугацаанд хадгалах ёстой байдаг сийвэнгийн бүтээгдэхүүний нөөцийг нилээд нэмэгдүүллээ. Одоогоор сийвэнгийн 10 мянган нэгж бүтээгдэхүүний нөөц байна. ОБЕГ-тай байгуулсан гэрээний хүрээнд улсын нөөц гэж байдаг. Урт удаан хугацаанд хадгалах цус цусан бүтээгдэхүүний нөөцөө сайн хадгалж, нөөцийг нь нэмэгдүүлж байна. Нөөц маш ихээр сайжирч байгаа. Гэхдээ нэг хүний өгсөн цуснаас 3 төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Ялтаст эсийн бүтээгдэхүүнийг бид 3-5 хоногт хадгалдаг. Ийм бүтээгдэхүүн дээр нөөц хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Өдөрт 80-100 донор цусаа өгч байж эмнэлгүүдийн захиалсан бүтээгдэхүүнийг хангах боломжтой. Тэгэхээр энэ тал дээр олон нийт зөв ойлголт авч дэмжиж ажиллаасай. Нөөц нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн захиалга бас нэмэгдэж байгаа гэдгийг ойлгоорой. Сүүлийн жилүүдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа манай улсад хийгдэж байна. Элгээ өгч байгаа авч байгаа хоёр хүнд хоёуланд нь цус хэрэгтэй. Үүний тулд бид яг тохирсон цус цусан бүтээгдэхүүнийг бэлдэх ёстой.  Ингэхийн тулд олон донороос цус авах шаардлагатай байдаг. Энэ хэрээр хэрэгцээ их нэмэгдэж байна. Цаашид цус цусан бүтээгдэхүүний нөөц, хадгалалтын менежментийг яаж сайжруулах уу гэдэг дээр олон зүйл хийж байна. Энэ чиглэлээр Эрүүл сайдын 2017 оны гурван тоот тушаалаар цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний удирдамжийг гаргасан байгаа. Энэ удирдамжаар эмнэлгүүд дээр нөөцийн зохицуулалтыг яаж хийх вэ, зөв хэрэглээг яаж төлөвшүүлэх үү гэдэг дээр анхаарч ажиллаж байна.

 

Өдөрт дундажаар  хичнээн хүн цусаа бэлэглэдэг юм бэ?

 

-Нийтдээ нийслэлийн Цус сэлбэлт судлалын үндэсний төв, СБД-ийн манай төвийн 2 дугаар байр, БГД –ийн  эрүүл мэндийн төв  гурван суурин төв байна. Тэрнээс гадна манай эмч ажиллагсадаар бүрдсэн явуулын цус цуглууах баг байгаа. Нийтдээ дөрвөн төвөөр дундажаар өдөрт  100-150 донороос цус цуглуулдаг .

Улсын хэмжээнд хичнээн донор байгаа вэ?

 

-Манайхыг 1963 оноос үүссэн гэж үздэг. Давхардсан тоогоор улсын хэмжээнд  140  мянга орчим донорын бүртгэл мэдээлэл байдаг. Яг хүндэт донор гээд аваад үзвэл 1000 гаруй байна. Өнөөдөр яг идэвхтэй цусаа өгөөд явж байгаа 40-50 мянган донор байна.

 

Алтан донор Монголд хэр олон байдаг юм бэ?

 

-Д.Бум-Эрдэнэ  гэж  Монголын анхны алтан донор бий. Мөн н.Эрдэнэчимэг  гэж эмэгтэй саяхан алтан донор болсон. Одоогоор хоёр л  хүн байна. Мөнгөн донор 20 орчим хүн байгаа . Хүрэл донор 70-80 гаруй хүн бий.

 

-Цусаа бэлэглэх хүн хэр их нэмэгдсэн бэ?

 

-Үе үеийн дарга нар донорын тоог нэмэгдүүлэх, олон нийтэд цусны талаарх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах тал дээр анхаарч ирсэн байдаг. Гэхдээ 70 хувиар өснө гэдгийн цаана  олон нийтийн ойлголт илүү сайжирч байгаагийн илрэл болов уу. Энэ өдөрт цусны донорууд маань өрөөл бусдын сайн сайхны төлөө ариун цусаа бэлэглэдэг ачтангууд байдаг. Энэ дашрамд, донорууддаа баярын мэндийг хүргэе. Эрүүл энх сайн сайхныг хүсье.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

С.Наран



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 8 = 12