Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Умайн тонус гэж юу вэ?

c9b904eb4ce6841foriginal

Энэ удаад жирэмсэн үеийн умайн тонусын талаар ярилцахаар бэлдлээ. Та бүхэн энэ тухай олон ч удаа сонссон байх.

Ямар шалтгаантай вэ? 

  • Эмэгтэйн умай нилээн хэдэн хүчтэй холбоосоор аарцгийн яснуудад бэхлэгдсэн байдаг. Ураг өсч хөгжих явцад умай томорч, хэмжээгээрээ тэлнэ. Энэ үед дээрх булчин, холбоос татагдан хэвлийн доод хэсэг, цавиар өвдөх хатгуулах зэрэг шинж илэрдэг.
  • Жирэмсний 2 дахь гурван сар буюу 12-28 долоо хоногтойд хэвлийн доод хэсэг цавиар өвдөх нь дугуй холбоос татагдсанаас шалтгаалах нь түгээмэл. Доорх зурагт дугуй холбоосны зургийг үзүүлсэн байна. (round ligament)
  • img_1140

Умай томрохын хэрээр умайн 2 талд байх дугуй холбоос татагдаж өвддөг. Хоёр талын цавь хэсгээр хатгуулж өвдөх нь дугуй холбоосны өвдөлтийн онцлог шинж юм. Ихэнх эмэгтэйчүүд үүнийг өндгөвчөөр хатгуулж өвдлөө гэж хэлдэг.

  • Жирэмсний 20 долоо хоногтойгоос хойш умай хатуурч чангарах шинж танд үе үе мэдрэгдэнэ. Үүнийг Брекстон-Хиксийн агшилт гэх ба жирэмсний хугацаа ахих тусам энэ нь улам нэмэгддэг. Энэхүү агшилт хэвийн жирэмсэн хүн бүрт мэдрэгддэг тул та санаа зовох хэрэггүй. Брекстон-Хиксийн агшилт нь жигд бус, богино хугацаагаар ( хэдэн секунд, заримдаа 2 минут) үргэлжилнэ. Жирэмсэн умайн булчингийн энэхүү агшилт нь ямар нэг өвдөлтгүй бөгөөд танд бага зэрэг тааламжгүй мэдрэмж төрж болно.

Жирэмсний хугацаа гүйцэх хэрээр агшилт улам нэмэгдэж, ойртдог. Үүний дараа жигд базалж, таны хүүхэд төрөх үйл ажиллагаа эхэлнэ.

  • Зарим эмэгтэйчүүдэд умдагны үеэр байнга өвдөх шинж илэрдэг. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр умдагны үений зай бага зэрэг нэмэгддэг. Үүний улмаас өвдөлт мэдрэгдэх нь бий.

Дээр тайлбарласан эдгээр өвдөлт нь жирэмсэн үед илэрч болох шинж тул та санаа зовох хэрэггүй. Хэвлийгээр өвдөж, хатуурсан болгон тонус биш, тонусны эмчилгээ танд шаардлагагүй эсвэл та байнга хэвтэрт байх шаардлагагүй байж болох тул би энэхүү мэдээллийг чадан ядан танд хүргэхийг зорьлоо.

Хэвлийн доод хэсэг, аарцаг, цавиар өвдөлтийг хэрхэн багасгах вэ?  
Дараах хэдэн аргыг хэрэглэж болно.

  • Байрлалаа солих, нэг байрлалд удаан байхгүйг хичээх
  • Дугуй холбоосны өвдөлтийн үед хөлөө нугалан өвдгөө өөр лүүгээ татан суух
  • Жирэмсэн үеийн зориулалтын сойлтын бүс хэрэглэх
  • Түр амрах (хэвтэх эсвэл суух)
  • Шингэн зүйл хангалттай уух
  • Бүлээн ваннд орох
  • Тайвшруулах дасгал, иога хийх
  • Өвдөлттэй хэсэгт бүлээн жин тавих
  • Ямар нэг эсрэг заалтгүй бол жирэмсний турш хөдөлгөөнтэй байх, эмчийн зөвлөснөөр өөрт тохирсон дасгалыг тогтмол хийх

Анхаар! 

Цөөн тохиолдолд жирэмсэн үеийн хэвлийн өвдөлт өөр шалтгаантай байж болно:

  • Умайн гаднах жирэмсэн
  • Зулбахаар завдаж буЙ эсвэл зулбалт нэгэнт эхэлсэн
  • Эхэс ховхролт
  • Дутуу төрөхөөр завдах эсвэл дутуу төрөлт эхэлсэн
  • Хэвлийн бусад эрхтний эмгэг гэх мэт

Хэзээ эмчид хандах вэ? 

Дараах тохиолдлуудад эмчид яаралтай хандаарай.

  • Хэвлийн хүчтэй өвдөлт
  • Жирэмсний хожуу хугацаанд ходоод аюулхай орчмоор өвдөх
  • Жигд базлах ( 1 цагт 3-4, түүнээс дээш удаа базлах)
  • Хэвлийн доод хэсгээр өвдөх нь базлалттай хамт мэдрэгдэх
  • Хэвлийгээр өвдөх + үтрээнээс цусархаг ялгадас гарах
  • Үтрээнээс цус гарах
  • Доош усархаг ялгадас гарах
  • Хэвлийн өвдөлт нь баруун мөр, хүзүү рүү дамжиж өвдөх

Өчүүхэн миний та бүхэнд хүргэж буй энэхүү мэдээлэл нь зөвхөн зөвлөгөө, мэдээлэл төдий гэдгийг ойлгоорой. Таны жирэмсний хяналтын эмч хэвлийн өвдөлтийг ялган оношилж, хэвийн эсэхийг тодорхойлох болно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


1 сэтгэгдэл

  • Баярлалаа. Тодорхой мэдээлэл авч чадлаа. Эдгээр зүйлсийг сайн мэдэхгүйгээсээ болж яагаад байгаа юм болоо гэж айдаг байсан юм. Сэтгэл тайвшрахаар бие хөнгөрөөд сайхан байна эмчээ. Дахин баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх



1 + = 8