Мэдээ|(2017-01-06 10:46)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Б.Баатарсүх: Ханиад дарах антибиотикийг эмчийн заавраар хэрэглээрэй

Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгааг албаны хүмүүс анхааруулж байна. Энэ өвчнөөс өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний тандалт урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүхээс тодрууллаа.

-Ханиад, томууны дэгдэлт намжихгүй байна. Танайхаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Хүйтний улирал ханиад томуу эрс ихэсдэг. Ихэвчлэн бага насны хүүхдэд тохиолдож байна. Нийт өвчлөлийн 83 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа. Бид ханиадаас хэрхэн, яаж сэргийлэх талаар бүхий л боломжтой аргуудаар зөвлөмж, зөвлөгөөг хүргэж байна.

Мөн дүүргүүдийн Эрүүл мэндийн төв дээр нээлттэй утас ажиллуулж, зөвлөмж, заавар өгч байгаа. Хамгийн чухал ажил нь гэрийн эргэлт, тойролт үзлэгийг сайжруулах тал дээр анхаарч байна. Өөрөөр хэлбэл гэрээсээ гарах боломжгүй байгаа, эрсдэлт бүлгийн буюу 0-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, уушгины архаг өвчтэй хүмүүсийг өрхийн эрүүл мэндийн төвөөс нь ханиад хүрэхээс өмнө болон дараа нь гэрээр очиж үзлэг хийн, давхар зөвлөгөө өгөх юм.

-Ханиад маш хурдан хүндэрч байна. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ ханиадаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Эцэг эхчүүд хүүхэддээ дур мэдэн антибиотик их өгдөг. Энэ нь маш буруу. Заавал эмчид үзүүлж байж эм, тариа хэрэглэх ёстой. Хүүхдээ дулаан хувцаслах, дархлааг нь сэргээх илчлэг, амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэж, халуун бүлээнээр нь уулгах. Мөн аньс, нэрс, аарцыг өдөр тутам хэрэглэж занших, орчны ариун цэврийг сайн сахих, гарыг нь тогтмол угаалгаж хэвшүүлэх хэрэгтэй байна.

Түүнчлэн өдөрт 2-3 удаа агааржуулалтыг тогтмол явуулах, чийгтэй цэвэрлэгээ байнга хийх, царван, содатай бүлээн усаар хоолойгоо зайлах нь чухал. Ялангуяа бичил агаар гэж ярьдаг гэрийн дотоод агаарыг цэвэршүүлж, чийгшүүлэх агааржуулагчийг гэртээ болон цэцэрлэг, сургуульд хэрэглэвэл илүү үр дүнтэй. Бага насны хүүхдийг гадуур гарах тохиолдолд заавал амны хаалт зүүлгэж, хоёр цаг тутамд солих шаардлагатай.

Э.Бат-Уянга

“Зууны мэдээ” сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



6 + = 15