“Би хоёр хүүхэдтэй, нөхөртэйгөө ханилаад найман жил болж байна. Бид бусдын л адил аз жаргалтай, сайхан амьдарч (миний төсөөлснөөр) байв. Нөхөр маань ажил ихтэй болохоор би хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж, ханийгаа орой ирэхэд нь халуун хоолтой угтана. Харин амьдралын маань энэ хэмнэл саяхнаас хөмөрсөн аяга шиг болчихлоо. Манай нөхөр өөр эмэгтэйтэй уулзаад бараг дөрвөн жил өнгөрчээ.

Санаандгүй мэдчихсэн. Яг галзуурах нь ээ. Дөрвөн жилийн турш тэр эмэгтэйтэйгээ уулзаж, бүр хүүхэдтэй болчихсон байна. Энэ талаар мэдсэнийг минь нөхөр гадарлаа ч үгүй яваа. Надад “Ажил ихтэй байна. Хөдөө томилолтоор явлаа” гээд нөгөө хүүхэн рүүгээ гүйгээд байх юм. Яавал дээр вэ, ээжүүд ээ” гэж нэгэн эмэгтэй фэйсбүүк дэх ээжүүдийн группт хоёр хоногийн өмнө нийтэлсэн байв.

Энэ постны дор маш олон ээж сэтгэгдлээ бичжээ. Гэхдээ нөхрийг нь харааж зүхсэн хэсэг хүнээс илүүтэй хоёр хүүхдээ бодоод, амьдралаа авч үлдэхийг нь зөвлөсөн сэтгэгдлүүд давамгайлсан байлаа. Эцэст нь тэр эмэгтэй нөхөртэйгөө ярилцаж, шийдэлд хүрэхээр болсон юм. Түүнийг би нөхөртөө хууртагдсан олон эмэгтэйн төлөөлөл гэж харсан.

Олгой хагаравч тогоондоо гэдэг шиг хосууд биесээ хуурч, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх нь нэгэн үе “нууцын зэрэглэлтэй” байв. Харин өдгөө энэ нь гэр бүл салах, нэгнийгээ хүчирхийлэх маш том шалтгаан болсон гэж сэтгэл судлаач, хуульчид дүгнэж байна.

…Цаад бүсгүй нь нөхрөөс нь салах ямар ч бодолгүй байгаагаа хэлээд хүүхдийг нь “авахуулахыг” эхнэрээс нь шаардаж, хэл амаар доромжилсон гэнэ. “Хоёр хүүхэдтэй хаягдсанаас нэг байсан нь дээр. Наад хүүхдээ “авахуул”. Муу гэрийн авгай минь…

Хөгшин, залуу гэлтгүй биесээ хуурч, өөр хүнтэй болох нь хосуудад байдаг л зүйл болсон мэт. Нэг танил маань “Нөхөр чинь чамайг хуурвал хоёр л тохиолдолд уучлах хэрэгтэй. Нэгдүгээрт, жирэмсэн байхад чинь. Хоёрдугаарт, огт танихгүй эмэгтэйтэй тохиолдлоор ойртсон бол…” гэж хэлж билээ. Эмэгтэйчүүд ийм нөхцөл байдалд эртнээс “бэлтгэгдсэн” байдаг ч юм шиг.

Тэгвэл эр, эм гэлтгүй хосууд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэвэл эцэстээ ямар үр дагаварт хүргэдгийг бодоод үзэцгээе л дээ. Ийм тохиолдолд “гэмт хэрэгтэн”-ийг хүлцэж, уучилж амьдрах ёстой юм уу, эсвэл хүчирхийлж, санаснаа гүйцэлдүүлэх үү. Аль нь ч зөв гарц биш шүү. Хойт эхдээ зодуулж, амиа алдсан дөрөвхөн настай охины хэргийг бид мартаагүй.

Аав нь өөр эмэгтэйтэй “хүзүү” холбосноос болж, хөөрхийлөлтэй охин бурхны оронд одсон. Саяхан долоон настай хүү ч бас гэр бүлээс гадуурх харилцааны золиос болчихлоо шүү дээ. Бид энэ бусармаг, ёс бус зүйлийг байх л зүйл мэтээр хараад суух нь хэр зохистой вэ. Аавууд аа, хүүхдийн чинь амь ганцхан шөнийн жаргалаас хямдхан гэж үү.

Өчигдөрхөн цахим сүлжээнд бас нэгэн шуугиан дэгдэв. Сарантуяа гэх эмэгтэй нөхрөө олон насаар дүү бүсгүйтэй “явж” буйг болиулах гээд бараагүй тул тэдний бусармаг үйлдлийг сошиалаар дэлгэхэд хүрсэн аж. 24-тэй эмэгтэй 40 нас хүрч буй нөхөртэй нь эр, эмийн харилцаатай болсныг жил гаруйн өмнөөс мэдсэн тэрбээр гэр бүл, амьдралаа авч үлдэхийн тулд багагүй “шийр” заасан гэх.

Сарантуяа өдгөө бие давхар тул нөхөртэй нь нэр холбогдоод буй эмэгтэйг болиулж өгөхийг хүмүүсээс хүсчээ. Цаад бүсгүй нь нөхрөөс нь салах ямар ч бодолгүй байгаагаа хэлээд хүүхдийг нь “авахуулахыг” эхнэрээс нь шаардаж, хэл амаар доромжилсон гэнэ. “Хоёр хүүхэдтэй хаягдсанаас нэг байсан нь дээр. Наад хүүхдээ “авахуул”. Муу гэрийн авгай минь, бид бие биедээ хайртай. Тиймээс салж чадахгүй” гэсэн зурвас ч байв.

Ийм улаан цагаандаа гарчихсан юм уу гэмээр өөр олон мессеж ч илгээжээ. “Одоо бүр гэрт ирж “Зайгаа тавьж өг” хэмээн хэрүүл хийдэг болсон” гэж тэрбээр бичсэн байна. Энэ явдлаар жишээ татсан нь хоёр хүүхдийн ирээдүй яригдаж буй учраас тэр. Магадгүй нөхөр нь 24 настай эмэгтэйг сонгох болбол хэвлий дэх хүүхдийн хувь заяа хааш эргэх бол гэхээс яс хавталзана.

Тэгвэл эхнэр, нөхрөө хуурах нь гэр бүлийн ирээдүйн амьдрал, үр хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ? Хувь хүний хөгжлийн институтийн зөвлөх, хуульч М.Ичинноров “Бие биедээ хайртай хосууд нэгнийгээ араар нь тавьдаггүй. Энэ бол ёс суртахууны асуудал. Гэр бүлийн гадуурх харилцаа нь ялангуяа нялх хүүхэдтэй айлд бохир, ариун бус үйлдэл юм. “Хосуудын харилцааг сэвтээхээс гадна үр хүүхдэд бузар шингэнэ” гэж эртний мэргэд цээрлэдэг байсан.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гадуурх харилцаа худал хуурмагийг “жирэмслүүлж” байдаг. Худал хуурмагийн цаана үл итгэлцэл оршдог. Манай нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл хэр их байгааг хүн бүр мэддэг болсон. Гэхдээ нийгмийн “хорт хавдар” болсон энэ ужиг өвчний учир шалтгаан, өдөөгч, тэжээгч хүчин зүйлсийг дорвитой судалсан нь үгүй. Гэвч эхнэр, нөхрийн гэр бүлээс гадуурх харилцаа хосыг салахад хамгийн их нөлөөлж буйг судлаачид ярьсаар л байна. Жилд дунджаар 17-18 мянган хүн гэрлэлтээ бүртгүүлж байхад 3500 хос салж байна шүү дээ” гэж ярьсан юм.

Гэр бүлийн гадуурх харилцааг хуулиар хориглох, ял шийтгэл ногдуулах нь ярвигтай аж. Гэр бүлийн тухай хуулийн төсөлд “Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс хамтран амьдарч байгаа хэр нь өөр этгээдтэй эр, эмийн харилцаа тогтоох нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзнэ” хэмээжээ. “Энэ заалтыг илүү чангатгаж өгөөч гэсэн хүсэлт эмэгтэйчүүдээс их ирж буй. Учир нь эхнэр, нөхрөө хуурах явдал улаан цагаандаа гарч, эцэстээ хүүхдийн эрхэнд ноцтой халдах болсонтой холбоотой юм. Гэхдээ энэ нь гэр бүлийн харилцааны ёс зүйн зөрчил шүү дээ. Өрх гэрийн үнэ цэнэ ёс зүйн зарчим дээр тогтдог” гэж М.Ичинноров хуульч хэлнэ лээ.

Гэр бүл гэдэг нь бидний чулуугаар айл гэрдэж тоглохтой адилгүй. Маш нухацтай бодож, төлөвлөх ёстой. Хайраар дутааж, гомдоолоо гээд өөр хүний хөнжилд шургалах нь ёс зүйн хувьд ч байж боломгүй зүйл гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй. “ООСТР консалтинг” гэр бүлийн товчооны өмгөөлөгч А.Батбаатар “Манай нэг үйлчлүүлэгч нөхрөө араар нь явалдаад байгааг мэдчихээд хоёр сар орчим дагасан юм билээ. Эцэст нь тэр хоёрыг гарцгүй болгож, нөгөө эмэгтэйтэйгээ үсдэлцэж, маажилцаад бөөн юм болсон.

Гэтэл нөхрийнх нь явалдаад байсан хүүхэн шүүхэд өргөдөл өгч, эцэстээ манай үйлчлүүлэгчийн буруу болж таарсан. Яагаад гэвэл гэр бүлийн хэн нэгэн нь өөр хүнтэй боллоо гэхэд хүлээлгэдэг хариуцлага манайд алга. Нөхөр нь өөр эмэгтэйтэй эр, эмийн харилцаатай болчихоод байхад “Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан” гээд эхнэрийг нь буруутгачихаж байгаа юм. Цогт, Маралмаа нарын хэргийг бүгд л санаж байгаа. Цогт эхнэрээсээ өөр хүнтэй хууль бусаар хамтран амьдарч байгаад эцэст нь хуруун чинээ хүүхэд хохирсон.

Гэтэл Цогт ямар ч ял авалгүй мултарчихсан шүү дээ. Шууд утгаараа хүүхдээ хөнөөгөөгүй ч логикоор бол тэр хүүхэд амиа алдахад Цогтын “нөлөө” их байсан. Ханиа хуурч, самуурсан этгээдийг шийтгэх хуулийн заалт одоо л хэрэгтэй байна. Саяхан долоон настай хүүг аавынх нь нууц амраг захиалгаар хороолгосон аймшигт хэрэг гарлаа.

Гэвч “Хэрвээ би хүүхэдгүй байсан бол чамтай суух байсан” гэдэг эцгийн үг түүнийг яллах хангалттай шалтгаан болохгүй. Хүүгээ хороогоод өг гэж тэр эмэгтэйгээс гуйгаагүй нь ойлгомжтой. Зүгээр л тэр хүүхэнтэй цаашид харилцаатай байхын тулд тэгж хэлсэн байх. Магадгүй талийгаач долоон настай хүүгийн эцэг Цогт шиг ял шийтгүүлэхгүй хоцорч мэдэх юм” гэв.

Гэр бүлийн тухай хуулийн төслийг 2013 оноос хойш ярилаа. Хууль санаачлагчид практик, бодит амьдрал дээрх зүйлийг огт мэдэхгүй байгаагаас баталж өгөхгүй байна хэмээн албаны хүмүүс ярьж байсан. “Гэр бүлтэй хүмүүс нэгнийгээ хуурах нь байж болшгүй зүйл. Хэрвээ тэгсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг механизм руу шилжих цаг болсон. Гэр бүлийн тогтвортой байдлыг алдагдуулсан хэн нь ч ял шийтгүүлэх хэрэгтэй. Гадаадад 1-3 сар баривчлах, торгох зэргээр зохицуулсан байдаг. Гэр бүл салах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүлээлгэх хариуцлагыг хуульд маш нарийн тусгах хэрэгтэй” гэж А.Батбаатар өмгөөлөгч нэмж хэлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлдөг нийгмийн хүчин зүйл олон ч эхнэр, нөхрийн аль нэг нь өөр хүнтэй бол нөгөөгөө хүчирхийлэх, хардаж сэрдэх нь давамгай байдгийг сэтгэл зүйчид хэлэв. 2016 оны эхний долоон сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас долоон хүн амиа алдаж, 695 хүн гэмтэж бэртсэнийг Цагдаагийн ерөнхий газрын статистикаас харж болно. Хохирогчдын 90 орчим хувь нь эмэгтэйчүүд байв.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч П.Эрдэнэцэцэгээс энэ талаар тодруулахад “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй гэмт хэргийн цаад шалтгааныг бид судалдаггүй. Тухайн хэргийг бүртгээд энэ нь танхайн сэдэлтэй, энэ нь гэр бүлийн хүчирхийлэл гэж л ангилдаг. Шүүх байгууллага гэрлэлтийг цуцлахдаа шалтгаан нөхцөлийг нь авч хэлэлцдэг учир тэндээс тодорхой мэдээлэл олдож магадгүй” гэсэн юм.

Гэхдээ хүчирхийлэлд өртсөн хүн бүр гэрлэлтээ салгадаггүй юм билээ. Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаанд архидан согтуурах, нийгмийн дарамт, стресс, хосууд нэгнийгээ хууран мэхлэх явдал орж буйг шүүх байгууллагынхан хэлнэ лээ.

Дээхнэ үед эхнэр, нөхрөө хуурч, самуурвал бог, бод малаар торгож, жанчдаг байсан талаар “Алтан ордны үйсэн дээрх бичиг”-т дурдсан байна. Эртний энэ уламжлалаа бодсон ч гэр бүлийнхээ тогтвортой байдлыг алдагдуулж, өөр хүнтэй нууцаар “явдаг” хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгая.

О.Бат-Ундрах

 Эх сурвалж “Өнөөдөр” сонин