Uncategorized|(2016-06-03 11:03)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Н.Эрдэнэбаяр: Цусны донор хүн зүрх судасны өвчлөл болон хорт хавдраар өвчлөх эрсдэл бага

        Н.Эрдэнэбаяр: Цусны донор хүн зүрх, судас болон хорт хавдраар өвчлөх магадлал маш бага
“Цусны донорын дэлхийн өдөр”-ийг угтан Анагаах ухааны доктор, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяртай ярилцсанаа уншигч танаа хүргэе. 

–    Манай улс 2003 оноос “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэх болсон. Энэ жил 13 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье

–    2004 оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын 14-ны өдөр тэмдэглэж байхаар санаачилж эхлүүлсэн байдаг. Манай улс 2003 оноос энэ үйл ажиллагаанд нэгдэж жил бүрийн 14-нд цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болсон. Бидний зүгээс зөвхөн нэг өдрийн арга хэмжээ биш ерөнхийдөө олон нийтэд хүргэх гэдэг утгаар мөн донорын эгнээг өргөжүүлье гэдэг үүднээс энэ өдрийг угтсан хоёр сарын аяныг жил бүр өрнүүлж ирсэн. Энэ жилийн хувьд “Цусаа бэлэглэж амьдралыг тэтгэе” гэсэн уриан дор цусаа өгч байгаа донорууд, цусыг нь авч хэрэглэж байгаа өвчтөнүүдийн амин хэлхээ, харилцааг гаргаж таниулахыг дэлхий нийтээр уриалж байна. Үүний цаад утга нь донорын өгсөн цусыг ямар өвчтөн хэрэглэж байгааг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэхдээ үнэхээр донорын өгсөн цусаар амь нас нь аврагдсан өвчтөнүүдийн ар гэрийнхэн, найз нөхдүүд нь энэ ачтандаа талархал илэрхийлэх, сэтгэлийн үгээ хүргэх ийм чиглэлд илүү их анхаарч энэ жилийн уриаг илүү нийцүүлж ажилж байна. Энэ жилийн дэлхийн донорын өдрийн гол утга санаа бол цусны доноруудын хүрээг өргөжүүлэх сайн дураар авалгагүйгээр цусаа өгч байгаа доноруудыг алдаршуулах, нийгэмд таниулах, сурталчлах, ялангуяа дэлхий нийтэд донорын эгнээг залуучуудаар илүү их өргөжүүлэхийг уриалж байна. Манай цус сэлбэлт судлалын үндэсний төв мэргэжлийн төв байгууллагын хувьд нэлээдгүй олон ажлыг санаачлан хийж байна. Тухайлбал, бид олон улсын байгууллагууд болон цусны албануудаас туршлага судалж, үүнийгээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. 2016 оны донорын өдрийг угтан хийж буй хамгийн томоохон ажлуудын нэг бол донорыг алдаршуулах, урамшуулах системд ихээхэн анхаарч ажиллаж таваас дээш өгсөн донорууддаа байнгын донор гэсэн талархалыг хадгалуулж байна. Мөн 35-аас олон удаа өгсөн донорууд нэлээдгүй байна. Энэ доноруудаа 2016 оны 1 дүгээр сарын 2-ноос эхлээд 70-100 удаа өгсөн доноруудаа хүрэл донор, 100-150 өгсөн доноруудаа мөнгөн донор, 150-аас дээш өгсөн доноруудаа алтан донор гэж өргөмжилж байна.

–    Улсын хэмжээнд 2013 онд 97 хүн “Хүндэт донор”-ын болзлыг хангасан байдаг. Үүнээс хойш 3 жил өнгөрчээ. Энэ жилийн хувьд хичнээн “Хүндэт донор” тодроод байна вэ?

–    Монголд цусны алба үүсээд 50 гаруй жил болсон байна. Энэ хугацаанд давхацсан тоогоор 140 мянга гаруй донор цусаа өгсөн байдаг. Эндээс 35-аас дээш удаа өгсөн 1200 орчим донор байна. Мэдээж өнөөдөр идэвхтэй өгч байгаа 700-800-аад донор байдаг. Жилд дунджаар улсын хэмжээнд 50-100 донор төрдөг. 2013 онд 97 донор төрж байсан бол өнгөрсөн онд 50 гаруй донор. Мөн энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд 50 орчим донор төрлөө. Мэдээж орон нутгаас донорууд нэмэгдэж орно. Ингээд үзэхэд 70-80-аад донор болдог. Тэгэхээр нийт дүнгээрээ 80-90 донор жилд төрдөг гэсэн үг. Сүүлийн жилүүдэд 35 гэхгүйгээр 100 дээш өгөлттэй донорууд нэлээд төрсөн. Тухайлбал, 20 орчим донор 100 дээш өгөлттэй байна. Хамгийн олон өгсөн донор 180 удаагийн өгөлттэй Э.Бум-Эрдэнэ гэж залуу байдаг. Цусны алба хөгжихийн хэрээр бид зөвхөн бүхэл цус авах биш тусгай зориулалтын аппаратын тусламжтайгаар сийвэн эсвэл эсийг дангаар авдаг технологи нэвтэрсэн. Энэ технологийн давуу талууд нь тухайн хүн 14 хоногийн завсарлагаатай мөн нэг сарын завсарлагаатай  цусаа өгөх боломж бүрддэг.

–    Сайн дурын авлагагүй донор гэж байдаг. Манайд яг одоо идэвхтэй сайн дурын донор хэчнээн байдаг вэ? 

–    Сайн дурын авалгагүй донор гэдгийн цаад утга нь тухайн цусаа өгч байгаа хүн маань цусаа өгсний төлөө ямар нэгэн мөнгөн урамшуулал авахгүйгээр, сайн дурын үндсэн дээр өөрөөр хэлбэл ямар нэгэн мэдээлэл авсны дагуу албадлагагүйгээр цусаа өгч байгаа хүмүүсийг л бид сайн дурын донор гээд байгаа юм. Ер нь бол 1994 оноос эхлээд донорууд маань 100 хувь сайн дурын донорын чиглэл рүү орж байгаа юм.

–    “Тэргүүний донор сурталчлагч” байгууллага гэж тодруулдаг. Энэ талаараа

–    Өнгөрсөн оны 6 дугаар сарын 14-нөөс эхлээд жилийн хугацаанд хүндэт донорын болзол хангасан доноруудаа шагнаж, урамшуулахаас гадна энд хамтарч оролцдог байгууллагууд байдаг. Хамт олноороо донор хамт олон болдог, донорын үйлсэд идэвхийлэн оролцдог. Тухайлбал, жилд гурваас дөрвөн удаа байгууллагаараа цусаа өгдөг ийм байгууллага, хамт олон, фэйсбүүкийн груп хүртэл бий боллоо. Мөн донорын үйлсийг сурталчлахад хэвлэл мэдээлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ийм хүмүүсийг бид төрөл, төрлийн номинацаар нь шалгаруулдаг. Мөн манай арга хэмжээг ивээн тэтгэж оролцдог албан байгууллагууд нэлээдгүй байдаг. Тэгэхээр энэ байгууллагуудаа бид урамшуулдаг.

–    Жилээс жилд сайн дурын донорын тоо нэмэгдэж байна гэж ярьдаг. Гэвч зарим залуус цусаа өгөх, донор болох нь сөрөг гэсэн ойлголт байдаг. Энэ талаар та залууст бодит мэдээллийг өгөхгүй юу

–    Бид бүхэн бас идэвхтэй донорын талаар нийт ард иргэдийн дунд мэдлэг, хандлага нь ямар байна вэ? гэсэн судалгааны ажил хийсэн. Энэ судалгааны ажлаар манай ард иргэдийн дунд цусны донорын талаарх ойлголт хангалтгүй байна гэсэн дүн гарсан. Хэдийгээр жилээс жилд доноруудын тоо нэмэгдэж байгаа боловч нийт ард иргэдийн дунд хангалтгүй гэсэн дүн гарлаа. Тэгэхээр бид энэ дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Хангалтгүй байгаатай холбоотойгоор хүмүүсийн дунд байгаа сөрөг ойлголтын талаар сургалт, сурталчилгааны ажлыг нотолгоонд суурилсан ийм сургалт сурталчилгааг хийх тал дээр шинэлэг санаанууд, олон улсын туршлагуудыг авч ажиллаж байна. Ер нь бол эрдэмтдийн судалгаагаар цусны донор хүмүүсийн дунд цусаа өгснөөр биед нь ямар нэгэн сөрөг нөлөө байна уу? гэж олон жилийн хийсэн судалгаагаар эрэгтэйчүүд хоёр сар, эмэгтэйчүүд гурван сард нэг удаа цусаа өгөхөд тухайн хүний биед сөрөг нөлөөгүй гэдгийг тогтоосон байдаг. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас үзэхэд цусны донор хүнийг жирийн хүнтэй харьцуулахад зүрх, судасны өвчлөл болон хорт хавдраар өвчлөх магадлал жирийн хүмүүсээс маш бага байна. Өөрөөр хэлбэл, доноруудын дунд энэ талын өвчлөлүүд харьцангуй бага байдаг.

–    Цусны төвийн цаашдын ажлууд юу байна вэ?

–    Энэ онд манай цусны төвийн шинэ барилга ашиглалтад орж байна. Азийн хөгжлийн банкны зээлийн хүрээнд манай шинэ төв нийт 26 салбар төвүүдийг цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх иж бүрэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажил хийгдээд явж байна. Үүний үр дүнд, Монгол улсын цусны алба дэлхийн жишигт нийцсэн өндөр технологиудыг нутагшуулсан ийм алба болохоор зорьж эхнээсээ шинэ технологиудаа нутагшаад эхэлж байна. Энэ жил бид 7-8 технологи сууришуулж байна. Ингэснээр манай цус цуглуулалтын хүчин чадал 3-5 дахин нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд ийм онцлогтой гарааны жил болж байна.

–    Энэ жилийн үйл ажиллагааны гол онцлог юу байна вэ?

–    Энэ жилийн гол онцлог бол олон нийтийн оролцоо болон ялангуяа залуучуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр илүү их анхаарч энэ дээр цусны донорын талаар маш олон үндэсний хэмжээний мэдлэг, хандлагын судалгаа хийгдсэн байна. Эндээс үндэслээд марктенгийн шинэ бодлогыг боловсруулж эхэлж байна. Энэ зөвхөн нэг өдрөөр болоод өнгөрөх биш цаашид улам үр өгөөжтэй байх тал руу илүүтэй анхаарч ажиллана. Дашрамд хэлэхэд, нийт залуучууд болон ард иргэдэд донорын үйлсийг ойлгож хэн нэгний өвчтэй, зовлонтой, цус хэрэгтэй байгаа хүнд цусаа бэлэглэж амьдрал хайрлаасай гэж хүсмээр байна. Зарим улс оронд иргэний үүрэг дээр нь цусаа өгөхийг тусгаж өгсөн байдаг. Манайд ч гэсэн ард иргэд маань иргэний үүргээ ухамсарлаж цусаа бэлэглээрэй гэж уриалж байна. Мөн байгууллага хамт олон аж ахуй нэгжийг нийгмийн хариуцлагын хүрээнд энэ үйлсийг дэмжиж улам идэвхтэй оролцоорой гэж хүсье.

–    Танд баярлалаа

 

 

 

О.Зая

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх



2 + 5 =