Uncategorized|(2016-04-20 10:13)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Тархины цус харвалт

download (3)

Тархины зарим хэсэгт цусан хангамж дутагдсанаас бие махбодын үйл ажиллагаа өөрчлөгдөх, алдагдахыг харвалт гэнэ. Хүний уураг тархи нь судсан торлог бүрхэвчтэй цусан хангамж сайтай эрхтэн юм.

Хэрвээ тархины судас аль нэг хэсэгтээ бөглөрвөл цусны урсгал саатаж, тархинд очих хүчилтөрөгч, илч, тэжээл дутагдан тархи гэмтдэг. Судасны бөглөрөл түр зуурын бус удаан хугацаанд үргэлжилбэл тархины эд эс нөхөн сэргэшгүйгээр гэмтэнэ.

Харвалтын хожуу илрэх хүндрэл, хор уршиг нь тахир дутуу болох явдал юм. Өөрөөр хэлбэл биеийн аль нэг хэсэг саажиж, булчин суларснаас үйл ажиллагаа нь алдагдана. Энэ тохиолдолд хэл ээдрэх, эсвэл үг хэлж, ярьж чадахгүй /Афази/ болно. Харвалт их хэмжээтэй, хүнд байвал үхэлд хүргэх аюултай байдаг.

download (4)

Шалтгаан:

Харвалтыг хэлбэрээр нь тромбын, эмболийн, цус харвалтын гэж гурав хуваана.

Ихэнх харвалт цусны урсгалд тромб, эмболийн бөглөрөл үүссэнээс болдог. Тромб нь хатуурсан судсанд тохиолдоно. Энэ нь ихэвчлэн ахимаг насныханд тохиолддог боловч сүүлийн жилүүдэд бусад насны хүмүүст ч илэрч байна. Зүрхний зүүн хэсгийн тромбоос тасарч цусны урсгалаар дамжин тархины жижиг судсыг бөглөснөөр цусны урсгал саатахыг эмболийн харвалт гэнэ. Эмболийн харвалт нь ихэвчлэн гэнэт тохиолдох онцлогтой.

Тархины судас гэмтэж хагарснаас цус алдаж хурах нь харвалтын хамгийн хүнд, үхэлд хүргэх эрсдэл ихтэй хэлбэр юм. Цус харвалтад хүргэх гол эрсдэлт хүчин зүйл нь АДИ юм. Бусад шалтгаанд судасны цүлхэн, гэмтэл, хавдрын улмаас судас шархлах, судасны гажиг (мальформаци), цусны эмгэг зэрэг орно. Цус харвалт нь ихэвчлэн гэнэт тохиолдоно.

Титэм судасны өвчний адилаар харвалтын үндсэн шалтгаан нь судасны хатуурал болдог. Энэ тохиолдолд артерийн судас нарийсч тархинд очих цусан хангамж буурна.

download (5)

Харвалтын эрсдэлт хүчин зүйлс:

Харвалт болон титэм судасны өвчний эрсдэлт хүчин зүйлс үндсэндээ ижил байдаг. Тухайн хүнд эрсдэлт хүчин зүйлсийн тоо олширвол харвалтанд өртөх магадлал ихэснэ. Эдгээр эрсдэлт хүчин зүйлийн заримыг хянах боломжгүй байдаг. Тухайлбал: нас ахих, удамшил, хүйс гэх мэт. Харин даралт ихсэх, тамхи татах, согтууруулах ундааны хэрэглээ зэрэг амьдралын хэв маягт хамаарах олдмол хүчин зүйлсийг засаж, өөрчилж болно. АНУ-ын Харвалтын Нийгэмлэгээс харвалтын хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлжээ.

Насжилт
Хүний амьдралын 55 наснаас хойш 10 жил тутам харвалтад өртөх эрсдэл 2 дахин нэмэгддэг ажээ.
Хүйс
Судалгаагаар харвалтын тохиолдлын тархалт нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсэнд ижил боловч харин нас барах тохиолдол нь эмэгтэйчүүдэд илүүтэй ажиглагдаж байжээ.
Удамшил
Харвалт нь удамших хандлагатай өвчний нэг юм.
АДИ
АДИ  буюу артерийн даралтын ихсэлт нь харвалтад хүргэх гол эрсдэлт хүчин зүйл юм. Харвалтын ихэнх тохиолдол түүнээс шууд хамааралтай байдаг.
Тамхи таталт
Сүүлийн үеийн судалгаагаар тамхи татах нь харвалтанд хүргэж байгаа чухал эрсдэлт хүчин зүйл гэж тогтоогджээ. Тамхины найрлагад байх никотин, карбомонооксид нь зүрх судасны тогтолцоонд олон янзаар хортой нөлөө үзүүлнэ. Хэрвээ жирэмслэлтээс хамгаалах эм уугаад тамхи татдаг бол харвалтын эрсдлийг нэмэгдүүлдэг.
Чихрийн шижин
Чихрийн шижин нь харвалтад хүргэх бие даасан хүчин зүйл бөгөөд энэ нь даралт ихсэхээс хамааралтай байдаг. Чихрийн шижин эмчлэгддэг боловч харвалтад хүргэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Чихрийн шижинтэй өвчтөн холестерин ихтэй, илүүдэл жинтэй байвал харвалтын эрсдлийг улам ихэсгэдэг.
Зүрхний өвчин
Зүрхний ямар нэг эмгэгтэй бол харвалтад өртөх эрсдэл 2 дахин ихэснэ. Тосгуурын жирвэгнээ /зүрхний хэм алдалт/ нь харвалтын эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Улаан эсийн тоо олшрох
Харвалтын бас нэг эрсдэлт хүчин зүйл бол улаан эсийн тоо олшрох явдал юм. Ингэж олширсноор цус өтгөрч, нөжирдөг. Энэ нь зүрхний архаг болон уушгины өвчний үед түгээмэл тохиолдоно.
Улирал, цаг уур

  • Атмосферийн даралтын огцом хэлбэлзэл, хэт халуун, хүйтэн болох зэрэг агаарын хэмийн өөрчлөлт нь харвалтаас улбаатай нас баралтыг ихэсгэнэ.

Нийгэм эдийн засгийн байдал

  • Харвалтад хүргэх эрсдэлт хүчин зүйлст нийгмийн байдал, ядуурал, боловсролын
    түвшин хамаарах бөгөөд орлогын түвшин доогуур, боловсрол багатай хүн амын хэсгийг өртөмтгий бүлэгт хамааруулна. Энэ нь тарчиг байдлаас үүсэх сэтгэл зүйн дарамт, бухимдал гэх мэт олон бэрхшээлтэй байдлаас шалтгаалан өөрийн эрүүл мэндэд тавих анхаарал сулрах зэрэг эрсдлийг бий болгодог.

Архины хэт хэрэглээ

  • Эмэгтэй хүн өдөрт нэг хундага, эрэгтэй хүн өдөрт 2 хундагаас илүү архи уувал архи хэтрүүлэн хэрэглэх гэнэ. Архи уух нь АД-г ихэсгэх, цусны триглицеридийн хэмжээг нэмэгдүүлэх, таргалах, хавдар болон бусад архаг өвчин даамжрах нөхцлийг бүрдүүлдэг. Улмаар зүрхний дутагдал ба харвалтад хүргэх шалтгаан болно.

Эмийн зохисгүй хэрэглээ

  • Эмийг судсаар тарьж хэрэглэх нь тархины эмболийн харвалтад хүргэх өндөр эрсдэл болдог. Хар тамхи хэрэглэх нь харвалт, зүрхний өвчинд шууд нөлөөлөх үр дагавартай. Заримдаа хар тамхийг анх удаа тарьж хэрэглэх үед ч эмболийн харвалт өгч тэр нь үхлийн шалтгаан болсон тохиолдол байдаг.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



6 + 8 =