Ярилцлага|(2016-01-12 15:01)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Г.Ганхуяг: Жилд 300-400 хүн бөөрний архаг дутагдал өвчнөөр оношлогдон гемодиализ эмчилгээнд ордог

Л.БАТБААТАР
Монгол-Японы хамтарсан “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлгийн  Ерөнхий эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Ганхуягтай бөөрний өвчлөлийн талаар ярилцлаа.  

-“Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэг байгуулаг­даад удаагүй. Гэхдээ олны мэд­дэг эмнэлгийн нэг бол­чихсон байна.  Эхлээд эмнэ­­лэг, эмчилгээнийхээ онцло­гийн талаар мэдээлэл өгөөч?
-“Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлгийг 2015 оны гуравдугаар  сард Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулсан. Мэдрэл, хүүхэд  эмэгтэйчүүд, шүд, чих хамар хоолой, бөөр, дүрс оношилгооны лаборатор гэсэн үндсэн нэгж тасагтай үйл ажиллагаа явуулж байна.  Манай эмнэлэг Япон улсын шинэ технологи болох нурууны эмгэгийг эмчлэх “Ультра лайн” аппарат анхлан оруулж ирж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн 1200 гаруй хүнд эмчилгээ оношилгоо хийжээ. Үр дүн нь маш сайн байгаа. Судалгаагаар нурууны диск муруйсан, цүлхийсэн, нурууны хагалгаанд орох шаардлагатай гэсэн өвчтөнүүдийн эдгэрэлт 88-92 хувийн үр дүнтэй байгаа юм. Мөн элэгний шинжилгээ хийх “HISCL-800” аппарат бий. Энэ аппаратаар элэгний хатуурал болон улмаар элэгний хавдар болох магадлалын хувийг тооцоолдог. Нярай хүүхдийг ч дурандаж болох 0.5 мм-ийн уян дуран эмчилгээнд хэрэглэдэг. Энэ дурангаар дурандахад өвчтөнд ямар ч зовиур шаналгаа үзүүлэхгүй. “СТ” аппаратаар дотор эрхтэний судаслаг байдлыг  3D болон DVD аргаар үздэг юм. Эдгээр багаж тоног төхөөрөмж бусад эмнэлэгт одоогоор байхгүй.-Сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмж хэрэглэдэг гэхээр эмчилгээний үнэ ханшийн хувьд өндөр гэсэн ойлголт хүмүүст төрдөг. Энэ тухайд?
-Эмнэлгийн үйлчилгээний ханш “Интер мед” болон “Гранд мед” эмнэлгээс хамаагүй хямд. Төлбөрийн хувьд Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон “Сонгдо” эмнэлэгтэй  ойролцоо байна. Учир нь, дээрх тоног төхөөрөмжийг өндөр үнээр худалдаж  аваагүй.

-Таныг бөөрний эмч гэд­гийг сайн мэднэ. Энэ чиглэ­лээр олон жил ажилласан хүний хувьд бөөрний өвчнөөр өвчлөгс­дийн нас залуужиж байгаад та ямар бодолтой байна вэ. Үүний учир шалтгааны талаар тайлбарлаж өгнө үү?
-Энэ асуултад хариулахын тулд юуны өмнө статистик тоо баримт дурдъя. Эрүүл мэнд, спортын яамнаас бөөрний өвчлөлийн талаар саяхан гаргасан статистик байдаг. Халдварт бус өвчлөлийн гуравдугаар байранд бөөрний өвчлөл орсон байгаа юм. Тухайлбал, элэг цөсний болон зүрх судасны өвчлөлийн дараа гэсэн үг. Нас баралтын шалтгааны тоогоор тавдугаарт ордог. Дараалуулбал, зүрх судас, элэг цөс, хавдар, гэмтэл согог болон бөөрний өвчлөл.
Дэлхийн 10 хүн тутмын нэг нь ямар нэгэн хэмжээгээр бөөрний эмгэгтэй байна гэсэн судалгааг “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага” 2015 онд хийсэн байдаг.  Эрс тэрс уур амьсгалтай, хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ өндөр, нийгмийн байдлаас шалтгаалсан стресс ихтэй манай орны хувьд бөөрний өвчнөөр өвчлөх  магадлал ихтэй. Бөөр нь судаслаг, цусан хангамж сайтай эрхтэн юм. Бөөр бол элэг, тархи, зүрхнээс цусан хангамжаараа 6-8 дахин илүү. Иймээс бөөрний өвчнийг судастай холбож оношилдог. Судасны нарийсал, хатуурал болон бөөрний эд эсийн байдал гэх мэт. Сүүлийн жилүүдэд бөөрний түүдгэнцэрийн өвчин элбэг тохиолдох боллоо. Үүнээс үүдэж “бөөрний архаг дутагдал” гэх өртөг өндөртэй эмчилгээ ихэсч байна. Чихрийн шижин, артерын судасны даралт ихсэлт, бөөрний архаг өвчин ихсэх хандлагатай байна. Юуны өмнө манай иргэд бөөрний өвчний талаар зөв ойлголттой болох хэрэгтэй. Танд бөөрний өвчний шинж тэмдэг илэрлээ гэхэд  үнэхээр бөөрний өвчин үү эсвэл мэдрэлийн гаралтай нурууны өвчин үү гэдгийг нарийн шинжилгээгээр тогтооно. Мөн тухайн өвчтөнд бөөрний өвчин байх магадлалтай ямар зовиур илэрч байна гэдгийг оношилно.

-Бөөрний өвчлөлийн үед  хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдэг нь юу вэ. За­луус маань юун түрүүнд энэ өвчнөөс урьдчилан сэр­гийлэх ямар арга зам байдаг талаар дурдахгүй юү?
-Бөөр нь ялгаруулах эрхтэн учраас  шээсний өөрчлөлтөөр юун түрүүнд илэрнэ. Тодруул­бал, шөнө шээх, ойр ойрхон шээс хүрэх, шээс хөөстэй гарах, ууц нуруугаар чилж өвдөх болон даралт ихсэх шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл бөөрний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношоо тодруулах шаардлагатай. Ингэснээр, бүтцийн хувьд бөөрний түүдгэнцэрийнх байна уу судасны эмгэг үү гэдгийг тогтоосны дараа урьдчилан сэргийлэх арга, эмчилгээ хийнэ. Жишээлбэл, даралт ихтэй хүнд даралтны эмээ тогтмол уухыг зөвлөнө. Хавагнасан тохиолдолд уух шингэний хэмжээг зохицуулах ёстой. Бөөрний тэвшинцрийн эмгэгийн үед даарч, хөрөхгүй байх нь маш чухал. Бөөрний эмгэгүүдийн онцлогоос шалтгаалж урьдчилан сэргий­лэх аргыг хэлж өгдөг.
Тухайн хүн бөөрний ямар өвчтэй гэдгээ мэдэн тохирох дэглэм сахина. Хавагнах, шээс ойр ойрхон хүрэх, даралт ихсэх, ууц нуруугаар өвдөх гэх мэт олон бөөрний эмгэг бий. Ямар эмгэгээс  шалтгаалж хэрхэн дэглэм барихыг эмч зөвлөнө. Тодруулбал, хавагнадаг хүн байнга хэвтрийн дэглэм сахих, даралт ихэсвэл ажлын ачааллаа зохицуулах, ууц нуруу өвдвөл байнга дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Зарим бөөрний эмгэгийн үед хөдөлгөөн идэвхтэй хийхийг зөвлөдөг байхад зарим эмгэгийг үед хөдөлгөөнийг хорих жишээтэй. Мөн хоолны ямар дэглэм барихыг мэргэжлийн эмч л зөвлөж өгнө. Миний хувьд бөөрний бүс хэрэглэхийг зөвлөдөг. Өвлийн улиралд тарваганы арьсаар бөөрний бүс хийх нь тохиромжтой. Бөөр нь хэвлийн цаана сул байдлаар унжиж оршдог эрхтэн. Доргилт, шүргэлтээс болж бөөрний мэдрэлийн эсүүд үргэлж цочирдог. Гэтэл бөөрний бүс хэрэглэх нь нэгдүгээрт, тулгуурын үүрэг гүйцэтгэнэ. Хоёрдугаарт, дулаан байдлыг хангана. Мөн бөөрний өвчтэй хүн маш бага давс хэрэглэх ёстой. Давс хэрэглэдэг энгийн хэрэглээгээ хоёр дахин багасгах нь чухал. Огт хэрэглэхгүй байсан ч болно. Таргалалт, даралт ихсэх, болон чихрийн шижин өвчнөөс шалтгаалж, бөөрний эмгэг ихэсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд стрессгүй амьдрах, зохистой хооллох шаардлага урган гарч байна. Намайг оюутан байхад тарган хүн маш ховор байсан. Чихрийн шижин өвчтэй хүн олдохгүй. Гэтэл одоо арваадхан настай хүүхдийн даралт ихэсч байна. 20-иод насны залуучууд тарган болжээ.

-Бөөрний өвчнийг эрт оношлуулбал ямар ч байсан эмчлэгддэг. Харин хэтэрхий оройтсон тохиолдолд эрх­тэн шил­жүүлэхэд хүрдэг. Гэвч эрхтэн шилжүүлэх тохиол­долд өртөг өндөртэй мөн до­­­­­нор энэ тэр гээд асуудал их?
-Бөөрний эмгэгтэй хүнийг эмийн эмчилгээгээр эхлээд эмчилнэ. Хоёрдугаарт, бөөр орлуулах эмчилгээ хий­нэ. Гуравдугаарт, эрхтэн шилжүүлэн суулгах буюу бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэж байдаг. Дэлхий нийтийн бөөрний эмчилгээний жишиг ийм юм. Эхний үед эмийн эмчилгээнд орно. Ингээд үр дүн гарахгүй бол орлуулах эмчилгээ буюу диализ эмчилгээ хийнэ. Эцэст нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх зайлшгүй шаардлага тулгарна. Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бий. 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байдаг. 2006 оноос өнөөдрийг хүртэл эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг бөөр болон элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 108 хүнд  хийсэн статистик тоо бий.

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд донор чухал үүрэгтэй нь ойлгомжтой. Донорын асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг бол?
-Донорын тухай хуульд төрөл төрөгсөд, эхнэр нөхөр болон найз нөхдөөсөө бэлэглэлийн журмаар эрхтэн авч болох тухай заасан. Энэ он гарсаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хоёр хүнд “Кадавр” /тархи нь үхэжсэн/ донороор бөөр шилжүүлэн суулгах  мэс засал амжилттай хийсэн байна.

-Бөөр шилжүүлэн суулгах нь эрсдэлтэй хагалгаа. Тиймээс энэ хагалгааны сайн муугийн талаар элдэв яриа бий. Ер нь, бөөр хэр урт насалдаг эрхтэн юм бэ?
-Хүний насны дээд хязгаарыг 180 жил гэж тооцдог. Бөөр бол насалдаг эрхтэн. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүнд аль болох залуу хүний бөөр суулгавал төдий чинээ үр дүнгээ өгнө. Өндөр настай хүний бөөр суулгавал тэр хэмжээгээр нас нь богиносно. Номонд бичсэнээр бөөр суулгуулсан эмэгтэй хүн төрж болно. 1998 онд БНХАУ-д бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүс одоо хүртэл энх тунх, эрүүл саруул явж байна. Дархлаа дарангуйлах эмээ тогтмол уун, сар тутам эмчийн хяналтад ордог.

-Монголд гемодиализ аппаратаар амьдарч байгаа хэдэн зуун хүн бий. Гэвч энэ аппаратанд орох гэсэн хүмүүсийн дараалал хэдэн сар жилээр яригддаг юм билээ. Та энэ эмчилгээний талаар бидэнд тодорхой тайлбар өгөөч?
-Монгол Улсад 1971 оноос гемодиализ эмчилгээ нэвтэрсэн. Эхний үед Улсын нэгдүгээр төв эмнэлэгт л хийдэг байв. Улс хөгжиж, эдийн засгийн хүчин чадал сайжрахын хэрээр дээрх аппаратын тоо ч нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд 80 орчим гемодиализийн аппа­ратаар эмчилгээ үзүүлдэг гэсэн тоо бий. Тухайлбал, нийс­лэлийн томоохон эмнэлгүүд болон Налайх, Багануур дүүрэгт тус аппаратыг суурилуулсан. Мөн Эрдэнэт, Дархан хот бо­лон Ховд, Баян-Өлгий, Хэн­тий, Сэлэнгэ зэрэг аймаг гемодиа­лизийн аппараттай болсон.
Хүн яагаад бөөр орлуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай болов гэсэн асуулт ургаж гарах нь зүй ёсны хэрэг.  Бөөр бол хүний биеийг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн. Бөөр нь нэг минутад 120 грамм цусыг шүүж цэвэрлэдэг. Үүний нэг хувь нь анхдагч шээс бий болдог. Анхдагч шээсний 70-80 хувь болох  2-2.2 литр шээсийг хүний бие махбод ялгаруулна. Бөөрний шүүж цэвэрлэх үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор цусанд нь шээс орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, судсаар цус биш шээс гүйх нь. Шээсийг шүүж авахын тулд эрдэмтэд гемодиализ эмчилгээг нээсэн юм. Энгийн үгээр хэлбэл, аппаратыг хүний судастай холбосноор цусан дахь хортой бодисыг шүүж, цэвэр цусыг буцааж юүлэх үйл ажиллагаа гэж ойлгож болно. Бөөрний архаг дутагдлын онош тогтоогдоод гемодиализ эмчилгээнд орох ёстой гэсэн заалт гарсан үед өвчтөн долоо хоногт гурван удаа дөрвөн цагаар зайлшгүй орох стандарт норм бий.

-Уг аппаратын үнэ өртөг ямар байдаг вэ. Хэдийгээр УИХ-ын гишүүд, улстөрчид, бизнесийнхэн аппаратыг нь авч өгөөд байдаг ч дагалдах хэрэгсэл нь аппаратнаасаа илүү чухал хэрэгтэй гэдгийг нь орхигдуулчихдаг. Тэгээд л эмнэлэг болгон шахуу аппараттай мөртлөө ашиглах боломжгүй байдаг гэж сонсч байсан?
-Уг аппаратны өртөг өндөр биш. Нэг “Jeep” машины үнэ ч хүрэхгүй. “Айвико” компани нь уг аппаратыг үнэгүй суурилуулж, нэг удаагийн дагалдах хэрэгсэл  өгдөг. Гэвч дагалдах хэрэгсэл болох диализатор, магистрал гуурс, уусмалууд нь үнэтэй. Нэг хүн нэг удаа диализ аппаратаар эмчилгээ хийлгэхэд 119 мянган төгрөгийн дагалдах хэрэгсэл хэрэглэдэг. Үүнд цахилгааны болон эмчийн зардал ороогүй шүү.

-Уг аппаратаар нэг удаа үйлчлүүлэхэд ямар үнэтэй вэ?
-Эрүүл мэндийн даатгалд бөөрний архаг дутагдалтай өвчтнийг хамруулаач гэсэн хүсэлт яамд байнга тавьдаг. Улаанбаатар хотод жил бүр 300-400 хүн бөөрний архаг дутагдал өвчнөөр оношлогдон гемодиализ эмчилгээнд орох заалт гарч байна. Бөөрний архаг дутагдалтай өвчтөн насан туршдаа аппаратын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тиймээс хувийн эмнэлэг болон өвчтөнүүдийн зөрчилдөөн эрүүл мэндийн даатгалаас болж гардаг. Эрүүл мэнд, спортын яамнаас гаргасан журамд өртөг өндөртэй эмчилгээ учраас зардлыг нь төр хариуцах ёстой гэж заасан байдаг. Энэ эмчилгээнд нэг удаа ороход 170 мянган төгрөг төлөх шаардлагатай. Дагалдах хэрэгслийн үнэ нь 119 мянган төгрөг болдог. Ажиллаж байгаа эмч нарын цалин хөлс болон хэрэглэж байгаа цахилгаан дулааны зардлаа нэмж тооцохоор эмнэлэгт ямар ч ашиггүй. Бөөрний архаг дутагдалтай өвчтөнийг эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар УИХ-д “Бөөрний эмч нарын холбоо” санал тавьсан. Миний сонссоноор удахгүй даатгалд хамрагдах байх.

-Танай эмнэлэг түрүүнд  “Ультра лайн” аппарат ашиглаж байгаа тухай сонссон. Жаахан тодруулж тайлбарлавал?
-“Улаанбаатар мед” эмнэ­лэг нурууны мэдрэлийн эсийг цахилгаан соронзон орны тус­­­­ламжтайгаар өөрөө оно­шилж, эмчилдэг “Ультра лайн” аппаратыг ашиглаж байна. Дэлхийд хийгдэж бай­гаа бөөрний бүхий л эмчил­гээнүүдийг манай эмнэлэг хийдэг.

-Зарим хүн миний бөөр өвдөөд байна гээд дур мэдэн эм хэрэглэх явдал их гардаг. Ингэх нь буруу гэдгийг эмч нар анхааруулсаар байтал эм­чид хандалгүйгээр өөрий­гөө эмчлэх явдал үргэлжилсээр?
-Энэ бол бидэнд тулгамдаж байгаа гол асуудлын нэг. Төр засаг, хууль хяналтын байгууллага эмийн худалдаанд хяналт тавих хэрэгтэй. Хуурамч эм тариа борлуулах явдал ихэссэн. “Бөөрний шинэ эм гарчээ. Энэ эмийг уу” гэсэн ам дамжсан яриагаар биенээ эмчлэх явдал бий. Тухайн эм хүн болгонд таардаггүй. Бөөрний өвчин мөн бишээ оношлуулахгүйгээр эм уух нь муу үр дагавар дагуулна. Учир нь, өвчин далд хэлбэртээ шилжиж , шинжилгээний хариу  нь буруу гарч эхэлнэ. Мөн таарч тохирохгүй эм хэрэглэснээр бүр дараагийн эмчилгээнд хүчтэй эм хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ. Эмчийн зааваргүй эм тариа хэрэглэх нь ноцтой үр дагаварт хүргэдэг гэдгийг иргэд маань сайн ойлгох хэрэгтэй шүү. Ялангуяа антибиотек дур мэдэн уух нь маш буруу.

Эх сурвалж: www.assa.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


5 сэтгэгдэл

  • бөөр сийрэгжих өвчин гэж ямар өвчин байдаг вэ бас яаж эмчлэх вэ

  • bi jaahaan 1995 ond 15 tai baihdaa buuruur uvduj baisiin 2 jil hevtert bsn da tehed ene emch maani zaluuhan huurhun emch baij bilee tasgiin emch ni Dash gedeg emch bailu da

  • ажлын амжилт хүсьe

  • Гайгүй сайн эмч шүү. ажлын амжилт хүсьe

  • хуягаа эмчид ажлын амжилт хүсьe

Сэтгэгдэл үлдээх



+ 8 = 13