Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Түгшүүр дагуулсан түнхний мултрал

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос үүдэлтэй гэх өмнө нь сонсогдож байгаагүй өвчнүүд олноор бүртгэгдэх боллоо.

Эмч, мэргэжилтнүүдийн “хотжилтын” гэж тодотгоод буй өсөлтгүй жирэмслэлт, ургийн гажиг, нярайн түнхний мултрал зэрэг өвчлөл манай улсад эрс нэмэгдсээр байна. Эцэг эхчүүдийн санааг зовоож, эрүүл мэндийн салбарынхны шүдний өвчин болоод буй эдгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар анхан шатны эмнэлгүүдээр дамжуулан сурталчилгаа, мэдээлэл өгдөг ч иргэдэд төдийлэн хүрэхгүй байгаа.

Манайхны зарим нь хайнга зангаасаа болдог юм уу, эмчийн зөвлөгөөг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж, дараа нь амаа барьдаг. Өнгөрсөн жил 1000 төрөлт тутамд 3-4 хүүхэд түнхний мултралтай төржээ. Ийм өвчтэй хүүхэд 2000 онд 310 байсан бол гурван жилийн дараа 200-гаар өсчээ. Манай хойд хөршид шинээр төрж байгаа 1000 нярай тутамд 8-9, Японд 0.18, АНУ-д нэг, Гүржид 8-9 хүүхэд түнхний төрөлхийн мултралтай төрдөг гэсэн судалгаа бий. Харин манай улсад 1976 онд шинээр төрж буй 5000 хүүхэд тутмын нэг нь түнхний төрөлхийн мултралтай гэж бүртгэгдэж байжээ. Гэтэл одоо ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согог судлалын тасагт өнгөрсөн жил 1500 гаруй хүүхэд ирж эмчлүүлснээс 300- 400 нь түнхний үений эмгэгтэй, мултралтай байсан аж. Тэнд өдөрт дунджаар 30 гаруй хүүхэд үзүүлж байгаагийн 5-10 нь түнхний ямар нэгэн эмгэгтэй байна. Энэ өвчин манай улсад аюулын харанга дэгдээж эхэллээ.

Түнхний мултралтай хүүхдүүд төрж буй гол шалтгаан нь агаарын бохирдол. Хүйтэн сэрүүний улиралд төрсөн багачууд ихэвчлэн эл өвчнөөр өвчилж байгаа нь судалгаагаар батлагджээ. Мөн жирэмсэн эмэгтэйн эрүүл мэндтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, бие давхар үедээ хоол хүнсээр дамжуулан авах шаардлагатай амин дэм, эрдэс бодисоо гүйцэд авч чадаагүйгээс хүүхэд түнхний мултралтай төрдөг аж. Мөн эцэг, эх нь архи, тамхи хэрэглэдэг бол хүүхэд ийм согогтой төрөх нь элбэг. Хоол тэжээлийн дутагдал, дархлаа дарангуйлах эм эрт хэрэглэснээс ийм эмгэгтэй хүүхэд төрдөг байна. Манайхан түнхний мултрал гэж яриад буй эл өвчнийг дотор нь түнхний үений эмгэгүүд гэж ангилдгаас өдгөө хамгийн их тохиолдож буй нь түнхний дутуу хөгжил аж. Энэ нь түнхний үеийг үүсгэж байгаа сүүжний тогоо, дунд чөмөгний толгойны хөгжил хоорондоо таарахгүйгээс болон чөмөг, толгой нь сул хөгжилтэй зэргээс болдог юм байна. Үүний дараагийн эмгэг нь түнхний мултрал бөгөөд манай орны хүүхдүүдийн дунд тархсан тулгуур эрхтний согог дотроо нэгдүгээрт ордог гэнэ.

Түнхний төрөлхийн мултралтай хүүхдүүд ГССҮТ-ийн Гэмтэл согог, сэргээн заслын клиникт эмчлүүлдэг. Тус эмнэлэгт эмчлүүлэх хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр. Манай улсад ихэвчлэн охидууд түнхний мултралтай төрж байна. Урд хөрш БНХАУ-д ч энэ өвчнөөр охидууд давамгай өвчилдөг аж. Ийм өвчтэй таван хүүхэд тутмын дөрөв нь охин байдаг гэнэ. Бидний аав, ээжийн үед хүүхдийг модон өлгийд хийдэг байсан гэсэн. Одоо үед хөвөнтэй өлгийд өлгийдөж, гурван бүсээр уядаг. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн энэ арга өнөө цагт тийм ч оновчтой биш болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Нярай хүүхдийн хөл, гарыг хөдөлгөөнтэй, аль болох чөлөөтэй байлгах ёстой гэнэ. Африкийн улсууд, БНСУ, Вьетнам зэрэг оронд хүүхдийг өлгийддөггүй учраас ийм өвчлөл бараг гардаггүй аж. Манай улсын баруун бүс болох Баян-Өлгий аймгаас түнхний мултралтай хүүхдүүд ГССҮТ-д ол ноор ирж эмчлүүлдэг байна. Энэ нь тухайн нутгийн зан заншил, уламжлалтай холбоотой байх хэмээн тус эмнэлгийн эмч нар хэлж байсан. Түнхний эмгэгтэй хүүхдийг сайн анзаарвал нэг хөл нь богино, гуян дээр нь нэмэлт нугалаастай, аль нэг хөл нь гадагшаа юм уу, дотогшоо эргэлттэй болсон байдаг гэнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ заавал мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг тэд хэлж байв. Зарим аав, ээж зүгээр байгаа хүүхдийг муу ёрлож, эмчид үзүүлж яах юм гэдэг. Гэтэл энэ нь буруу гэнэ. Хүүхдээ эрүүл саруул өсгөн торниулъя гэвэл аль болох бага сартайд нь нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой аж. Учир нь түнхний мултралтай хүүхэд мэдэгдэхгүй байж байгаад хөлд орчихдог тохиолдол олон байдаг гэнэ.

Нэг ой хүрэхээс нь өмнө буюу 4-5 сартайд нь оношилж, эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой бөгөөд ойноосоо өнгөрчихвөл хагалгаанд оруулахаас өөр эмчилгээ байдаггүй юм байна. Хагалгааны дараа их зовиуртай байдаг тул бүрэн дүүрэн эдгэрэх найдлага бага. Түнхний эмгэгийг эрт илрүүлж, эмчлэхгvй бол насан туршийн тахир дутуу, хазгар доголон болдог учраас эцэг эхчүүд сайн анхаарах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд дахин дахин сануулж байсан. Мөн хүүхэд нярай үедээ хүйн өвчнөөр өвдсөнөөс болж, дунд чөмөгний толгой хайлж, түнхний мултрал үүсэх тохиолдол байдаг аж. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд тайван орчинд хүүхдээ тээж төрүүлэх, жирэмсний үеийн хордлогоос сэргийлэх, өөртөө болон урагт хэрэгтэй амин дэмүүдийг сайтар хэрэглэх нь чухал аж. Тухайлбал, кальци, Д амин дэм агуулсан хоол хүнс болох сүү, цагаан идээ, тараг, жимс ногоог түлхүү хэрэглэснээр эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой гэсэн. Мөн эцэг, эх нь хүүхдээ төрөх үйл явцад сайн бэлдэх хэрэгтэй аж.

Нярай хүүхэд бурхнаас заяасан мэлхий байрлалд байдаг. Хүүхдийг өлгийнөөс нь задлахад суниаж, биеийн чилээгээ гаргахдаа хөл, гараа их биедээ татан атирна. Энэ байрлалд нь байлгаж чадвал хүүхдийн түнхний үе олдмол байдлаар мултардаггүй аж. Манай улс энэ төрлийн өвчтэй долоон сартайгаас хоёр настай хүүхдэд татлагын аргаар эмчилгээ хийдэг. Эмчилгээний эл аргыг Монголд 16 жилийн өмнөөс нэвтрүүлжээ. Бага сартай байхад нь оношилсон хүүхдүүдийг дөрөөвч зүүлгэн, шар сүү, цайнд оруулж эх, хүүхдэд нэмэлт амин дэм уулгах зэргээр эмчилдэг аж. Харин дэлхий нийтийн баримталж байгаа стандартаар, таваас дээш настай хүүхдийн түнхний мултрал эмчлэгдэггүй гэж үздэг юм байна.

Манайхан 1970, 1980-аад оны ЗХУын суран дөрөө, тэвх модоор эмчилж байгаа одоогийн аргыг хоцрогдсон гэж тайлбарлаж. Одоо ХБНГУ, Их Британи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд хүүхдийн биед хөнгөн, эвтэйхэн материалаар хийсэн маш боловсронгуй технологтой эдийг хүүхдэд зүүлгэдэг болжээ. Ер нь манайх дөрөөвчөөс бусад хэрэгс лийн хувьд ч учир дутагдалтай гэнэ. Тухайлбал, хүүхдэд татлага хийгээд 20-30 хоног байлгадаг аж. Одоо үүнээс аль болох зайлсхийж, хүүхдэд өөрт нь хөнгөн, эвтэйхэн аргыг сонгохыг зорьж байгаа гэсэн. ГССҮТ энэ талын нарийн мэргэжлийн эмч нараа саяхнаас БНСУ, АНУ, Япон руу явуулж тэндхийн туршлагаас суралцуулж байгаа аж. Сүүлийн жилүүдэд дан ганц түнхний мултралаас гадна сэтэрхий уруул тагнайтай, гилжгий хүзүүтэй зэрэг төрөлхийн гажигтай хүүхдүүд олноор төрж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + 1 =