Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Цусны биохимийн шинжилгээ. Холестерин

Холестерин буюу холестерол нь хөө тосны солилцоонд оролцдог маш чухал органик нэгдэл юм.

Холестерин нь хүний биед дараах үүргийг гүйцэтгэдэг, үүнд:

– эсийн гадаргыг байгуулахад холестеринийг ашигладаг

– элгэн дэх холестеринаас цөсийг гаргаж авдаг

– бэлгийн даавар, Д амин дэмийн нийлэгжилтэнд оролцдог

Холестерин нь цусанд дараах хэлбэрээр оршдог, үүнд:

– ерөнхий холестерин

– бага нягтралтай липопротеины /БНЛП/ холестерин

– өндөр нягтралтай липопротеины /ӨНЛП/ холестерин

Бага нягтралтай липопротеин буюу БНЛП-ы холестрерин нь ерөнхий холестеринийг тээвэрлэх үндсэн хэлбэр нь юм. БНЛП –ы холестерин нь ерөнхий холестеринийг эд, эрхтэнүүдэд хүргэдэг. БНЛП холестеринийг цусан дахь холестериний хэмжээг тодорхойлохын тулд шинжилдэг. Судасны эмгэгийн үед судасны хананд холестерин хуримтлагдахын гол эх үүсвэр нь БНЛП –ы холестерин байдаг. Судасны хатуурал, зүрхний ишеми үүсэх эрсдэл нь ерөнхий холестерин гэхээсээ илүүтэйгээр БНЛП-ы холестеринтэй холбоотой байдаг.

Өндөр нягтралтай липопротеин буюу ӨНЛП-ы холестерин нь өөх тос, тэдгээрийн дотор холестеринийг нэг бүлэг эсээс өөр бүлэгт тээвэрлэдэг бөгөөд хүргэснийхээ дараа ӨНЛП –ы холестерин нь тэндээ хадгалагдаж, эсвэл задардаг. ӨНЛП-ы холестерин нь зүрхний судас, зүрхний булчин, тархины тараагуур судас болон бусад эрхтэнээс холестеринийг тээвэрлэн элгэнд хүргэдэг бөгөөд элгэнд холестеринээс цөс боловсордог. ӨНЛП-ы холестерин нь биеийн эсүүдээс илүүдэл холестеринийг гадагшлуулдаг.

Хүний бие нь холестеролын өөрө боловсруулан ялгаруулдаг. Энэ нь элгэнд /50-80%/ болдог бөгөөд арьс, бөөрний булчирхай, гэдэсний хананд мөн тодорхой хэмжээний холестрол боловсордог. Өөр хэсэг холестерин нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед ордог. Холестерин нь өөхтэй мах, загас, цөцгийн тос, өндөг, сүү зэрэг амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Холестериний хэвийн хэмжээ

Цусан дахь холестериний хэвийн хэмжээ нь 3,0-6,0 ммоль/л.

БНЛП-ы холестериний цусан дахь хэвийн хэмжээ нь эрэгтэйчүүдэд 2,25-4,82 ммоль/л, эмэгтэйчүүдэд 1,92-4,51 ммоль/л.

ӨНЛП-ы холестериний цусан дахь хэвийн хэмжээ нь эрэгтэйчүүдэд 0,7-1,73 ммоль/л, эмэгтэйчүүдэд 0,86-2,28 ммоль/л.

Холестеринийг хэмжээг

Зүрх судасны системийн эмгэг, атеросклероз /судасны хананд өөхөн гүвэн үүсэх/, элэгний өвчнийг оношлох үед цусан дахь холестериний хэмжээг тодорхойлох биохимийн шинжилгээг заавал хийдэг.

Цусан дахь холестерин болон триглицеридуудын хэмжээ өндөр байхыг эмч нар гиперлипидеми гэдэг. Төрөл садны хүмүүсийн дотор 50 наснаас өмнө зүрхний шигдээс, тархинд цус харвах тохиолдол гарч байсан бол гиперлипидеми нь удамшлын гаралтай байж болно.

Цусан дахь холестериний хэмжээ өндөр буюу гиперхолестеринеми нь судас хатуурлын товруу үүсэхэд нөлөөлдөг. Ийм үед холестерин нь судасны хананд наалдан доторх зайг нь багасгадаг. Ийм товруун дээр тромб /бүлэн/ үүсч, цаашдаа гэнэт товруун дээрээс ховхорч цусны урсгалыг даган цаашлахдаа янз бүрийн эрхтэн, эдийн судсыг бөглөх аюултай. Ингэж бөглөвөл зүрхний шигдээс г.м. ноцтой үр дагавартай байдаг.

Ханасан тос, нүүрс усаар баялаг хоол иддэг хүмүүсийн цусан дахь холестериний хэмжээ өндөр байдаг. Ийм тохиолдолд өөр хүнсний бүтээгдэхүүнээр орлуулах замаар цусан дахь холестериний хэмжээг бууруулах боломжтой. Үүний тулд чихэрлэг зүйл, өндөг, цөцгийн тос зэрэг холестерин агуулдаг бүтээгдэхүүний хэрэглээг багасгана. Мөн насан тослог хүчлийг ханаагүйгээр орлуулах хэрэгтэй. Ханаагүй тослог хүчил нь  ургамлын тос, загасны тосонд агуулагддаг.

Гэхдээ дараах тохиолдолд цусан дахь холестериний өндөр хэмжээг эмчийн туслалцаагүйгээр бие даан бууруулах нь үр дүнгүй байдаг. Үүнд:

– зүрхний ишеми өвчин, зүрхний шигдээс /холестериний хэмжээ нь 6,22 ммоль/л-ээс дээш/

– атеросклероз

– элэгний эмгэг

– бөөрний эмгэг

– архаг  нойр булчирхайн үрэвсэл, нойр булчирхайн өмөн

– чихрийн шижин

– гипотиреоз /бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал/

– таргалалт

– соматроп дааврын дутагдал

– тулай өвчин

– архинд донтох өвчин

Мэдрэлийн анорексийн үед ӨНЛП-ы холестериний хэмжээ нэмэгддэг.

Мөн бэлгийн даавар, эсвэл жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл уусны дараа цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэж болно. Жирэмсний үед холестериний түвшин нь гол төлөв өндөр байдаг. Стресстэй, тамхи татдаг, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь холестеролын хэмжээ өндөр байдаг.

Цусан дахь холестеролын хэмжээ буурах нь хүний эрүүл мэндэд арай бага хор учруулдаг. Дараахь тохиолдолд цусан дахь холестериний хэмжээ буурдаг, үүнд:

– гипертериоз /бамбай булчирхайн хэт үйл ажиллагаа/

– зүрхний архаг дутмагшил

– мегабласт анеми

– талассеми /цус цайж багадах/

– элэгний циррозын төгсгөлийн шатанд, элэгний өмөн

– уушигны архаг эмгэг, уушигны сүрьеэ

Мөн ханасан тос, холестирин бага агуулсан хүсний бүтээгдэхүүн хэрэглэх, зарим төрлийн эм бэлдмэлийг уусны дараа цусан дахь холестериний хэмжээ багасдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



9 + = 17