Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Зүрх судасны тогтолцоог судлах арга

Зовиур: Зүрх судасны  эмгэгийн үед  цээжээр өвдөх, зүрх дэлсэх ханиалгах цустай цэр гарах, амьсгаадах, хавагнах зэрэг үндсэн зовиур илрэхийн зэрэгцээ хоолонд дургүй болох, ядрах, нойр муудах, халуурах гэх мэт өвчтөний ерөнхий шинж тэмдэг илэрнэ.
Өвдөлт  нь зүрх судасны зарим өвчний үндсэн шинж тэмдэг  болон оношилгоо болон ялган оношилгооны үнэт мэдээг өгдөг тул   дараах зүйлүүдийг тодруулан асуух нь чухал байдаг.
Өвдөлтийн байдал, үргэлжлэх хугацаа ба байрлал: Зүрхний орой орчим, цээжний зүүн талаар хатгах, сүлбэх, лугшсан байдалтай  байнгын шинж чанартай өвдөлт нь зүрхний невроз, перикардит, миокардитын үед илэрдэг бол өвчүүний цаана үе үе давтагдсан,  эрүү, зүүн гар, дал мөрлүү дамждаг, атгах базах, дарах, төөнөх, хорсох маягийн өвдөлт нь зүрхний бахын үед илэрдэг.  Стенокардийн өвдөлт нь  нь 3-10 минут,  дээд тал нь 15-20 минут үргэлжлэх  ба энэ  өвдөлт нь  хагас цагаас илүү үргэлжлэх нь  зүрхний шигдээсийн шинж  болно.
Өвдөлт ба ачаалалын хамаарал: Өвдөлт биеийн болон сэтгэл санааны  ачааллын үед үүсэх нь  ихэнхдээ  хүчдлийн зүрхний бахын үед ажиглагдана. Зүрхний неврозын үед  өвдөлт биеийн ачааллын дараа гэнэт хүчтэй өвдөлт илрээд аажимдаа багасаж улмаар өвдөлт арилдаг. Биеийн ачаалалгүй шөнө, өвчтөн унтаж байхад, эсвэл  нойрноос сэрэхэд  үүсэх  өвдөлт нь стенокардын хүнд хэлбрийн буюу тайван үеийн стенокардит бөгөөд зүрхний шигдээсийн  үед  илэрнэ .
Амьсгаадалт нь огцом багтраа хэлбэрээр, ихэнхдээ шөнийн цагт  илрэн  тахикардитай хавсардаг нь  зүүн ховдлын дутагдлын онцлог шинж  болдог ба зүрхний  багтраа  гэнэ. Ер нь амьсгаадалт нь зүүн ховдлын сулралын шинж тэмдэг байдаг ба  тайван үед биеийн ачаалалтай (зүрхний архаг дутагдлын эхлэл үе шатанд) холбоотой үүсдэг. Зүүн ховдлын дутагдлын үед уушгины зогсонгошил, амьсгалын талбай багасах, гипоксеми, гиперкапни үүссэнээс  амьсгалын төв цочирч амьгаадалт ихэсдэг.
Хаван нь зүрх судасны эмгэгтэй хүмүүсд зүрхний дутагдлын чухал шинж тэмдэг болно.  Зүрхний хавангийн эмгэг жамд мөчдийн  артери венийн хялгасан судасны онкотик даралт, гидростатик даралтын хоорондох харьцааны алдагдал чухал үүрэгтэй. Хэвийн үед мөчдийн артерийн хялгасан судасны гидростатик даралт 400-450 мм.у.б-тай тэнцүү, онкотик даралт 350 мм.у.б-тай тэнцүү байна. Энэ нь хялгасан судаснаас эд рүү шингэн шилжих нөхцөл болдог. Мөчдийн венийн хялгасан судсанд  онкотик даралт 350 мм м.у.б, гидростатик даралт 170мм м.у.б-тай тэнцүү байдаг тул шингэн эдээс цусны судас руу урсана. Ингэж хялгасан судасны цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаа явагддаг. Цусны эргэлтийн дутагдлын үед венийн тогтолцоонд зогсонгошил үүссэнээс хялгасан судасны гидростатик даралт нэмэгдэж онкотик даралттай тэнцэх, цаашдаа давж ихэснэ. Үүний улмаас эдийн шингэн венрүү урсахгүй, эдэд саатаж хаван үүснэ. Үүний зэрэгцээ хавангийн эмгэг жамд хоёрдогч гиперальдостеронизм  чухал  үүрэгтэй байдаг.
Зүрх дэлсэх  нь зүрхний булчингийн дутагдлын  чухал шинжийн нэг болно. Зүрхний шигдээс, миокардит, зүрхний гажиг зэргийн үед  үүсдэг.
Зүрхний хэм алдагдал нь  зүрх зогсох мэт таагүй мэдрэмж төрөх, хоолой зангирах шинжээр илрэн өвчтөнд түгшүүр төрүүлдэг. Ихэнхдээ зүрхний эмгэгийн шалтгаант экстрасистолийн үед тохиолддог боловч  цэвэр мэдрэлийн гаралтай байж  болно.
Цустай  ханиалгах  нь  бага эргэлтийн зогсонгошлийн үед  үүсдэг.  Энэ нь зүрхний митраль хавхлагын нарийсал, зүүн ховдлын хурц дутагдлын  үед илэрдэг.
Дээр дурдсан  үндсэн зовиуруудаас гадна өөр бусад өвчний үед ч илэрдэг ядрах, ажлын чадвар буурах, цухалдах, нойргүйдэх г.м ерөнхий  зовиурууд зүрх судасны эмгэгийн үед илэрнэ.
Өвчний болон амьдралын  түүх:  Өвчин хэзээ, ямар шалтгаанаар (хэт их биеийн болон сэтгэл санааны ачаалал авах, даарсан, хоолой өвдсөн,  ханиад хүрсэн  гэх мэт) ямар шинж тэмдгээр эхэлсэн, эмнэлэгт хэвтэхээс өмнө ямар эм хэрэглэсэн, үр дүн нь  ямар байсан зэргийг тодруулна.
Амьдралын түүх  хэсэгт өвчтөний төрснөөс эхлээд эмнэлэгт ирж байгаа тэр мөч хүртэлх хугацааны ахуй, амьдралын онцлог, тухайн өвчин үүсэхэд нөлөөлж болох  хүчин зүйлсийг  тодруулж бичнэ.Үүнд :
•    удамшил,
•    амьдралын хэв маяг (хөдөлгөөний хомсдол, хооллолт, таргалалт),
•    ажил мэргэжлийн онцлог (дуу шуугиан, халуун, хүйтэн нөхцөл, ээлжийн ажил),
•    мэдрэл сэтгэхүйн байдлын онцлог  (сэтгэл санааний таагүй байдал, дарамт),
•    хорт зуршил (архи, тамхи),
•    эмэгтэй хүнд сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт, төрөлт, цэвэршилт зэргийг асуух,
•    урьд өмнө өвчилж байсан өвчин эмгэг, ялангуяа гүйлсэн булчирхайн үрэвсэл, ревматизм,  тэмбүү,
•     зэрэг зүрх судасны тогтолцоог гэмтээж болох өвчин эмгэгийн талаар нэмж асуух нь зүйтэй.
Зүрх судасны эмгэгийн үед хийх ерөнхий үзлэг-ээр:
•    өвчтөний биеийн байдал,
•    байрлал,
•    нүүр царайны илрэл,
•    биеийн галбир, төрх,
•    арьс, үзэгдэх салстын байдал,
•    хаван,
•    хуруу,  хумсны  байдал зэрэгт үнэлгээ өгнө.
Амьсгаадах зовиур илэрсэн өвчтөнүүд албадмал байдалд  орно. Жишээ нь:  өвчтөн урагш  бөхийж  суусан буюу баруун хажуугаар хэвтэх нь  перикардитын үед илэрнэ. Арьс хөхөвтөр туяатай болох нь цусны эргэлтийн дутагдлын шинж бөгөөд  ихэнхдээ гар, хөлний  хуруу, хамрын үзүүр, уруул, чихний омог зэрэг газарт үүсдэг учир захын хөхрөлт буюу  акроцианоз гэнэ. Зүрх судасны эмгэгийн үед өвчтөний арьсны өнгө өөрчлөгдөх нь оношилгооны чухал ач холбогдолтой:
•    хоёр хавтаст хавхлагын нарийслын үед өвчтөний хацар хөх ягаан  өнгөтэй, хөл гарын хуруу  болон хамрын үзүүр хөх туяатай,
•     гол судасны гажгийн үед өвчтөний арьс, салст цонхигор цагаан,
•    уушгины артери  нарийсах, бөглөрөх үед арьс цайвар өнгөтэй, хөх туяатай   болдог.
Зүрх судасны эмгэгтэй өвчтөнд шилбэнд хаван үүсэн  хүнд үед бүх бие, биеийн хөндийнүүдэд шингэн хуримтлагдах нь элбэг. Бие нилэнхийдээ хавагнахын зэрэгцээ хэсэг газрын хаван үүсдэг:
•    перикардит болон гол судасны цүлхэн үүссэн үед дээд хөндий вен дарагдсанаас нүүр, хүзүү, буглага  хавагнах,
•    тромбофлебитийн үед зөвхөн тухайн мөчөнд  хаван үүсэх,
•     элэгний болон үүдэн венийн тромбозын үед  асцит  үүснэ.
Зүрхний зарим гажгийн  үед хурууны үзүүр “бөмбөрийн цохиур”, хумс “цагны шил” шиг хэлбэртэй болно. Хөлний арьс цайвар өнгөтэй, хүйтэн, өвдөлттэй, артерийн судасны лугшилт сул, тэмтрэгдэхгүй  байх нь  тромбэмболийн шинж гэж үздэг.
Зүрх орчим болон захын судсыг харах үзлэг:
•    цээжний  хэлбэр,
•    зүрхний оройн түлхэлт,
•    зүрхний түлхэлт,
•    зүрх орчмын лугшилт,
•    захын судасны байдал, лугшилт, дүүрэлтийг тодруулна.
Зүрх орчмын хэсэг газар  цээж овойсон байх нь зүрхний төрөлхийн гажгуудийн үед хүүхэд насанд ясжилт бүрэн явагдаагүй үед зүрх томрон цээжний тэр хэсэгт тогтмол цохих маягийн шахалт үзүүлсэний улмаас  үүссэн байдаг.
Эрүүл, хэт тарган биш  хүнд зүүн талын тавдугаар хавирга завсар, эгэмний дунд шугамнаас 1 см дотогш жигд хэмнэлтэй, хязгаарлагдмал талбайтай лугшилт мэдрэгдэнэ. Үүнийг зүрхний оройн түлхэлт гэж нэрлэдэг. Энэ нь зүрхний орой цээжний  ханыг цохисноос үүдэлтэй. Зүрхний эмгэгийн үед зүрхний оройн түлхэлтийн талбай, хүч өөрчлөгддөг. Зүрхний баруун ховдлын томролын үед аюулхай орчим  лугшилт илрэхийг  зүрхний түлхэлт гэнэ.
Захын судасны үзлэг нь зүрх судасны тогтолцоонд үнэлгээ өгөх, эмгэгийг илрүүлэх, зөв оношлоход чухал ач холбогдолтой. Үүнд: Чамархайн артери тахиралдаж, нугларсан, лугшилт тод байх нь атеросклероз, артерийн  даралт ихсэх үед ажиглагдана.
Эрүүл хүнд гүрээний артерийн түвшинд зүрхний оройн түлхэлттэй тохирсон хэмнэлтэй 2 талд ижил, хүч багатай лугшилт ажиглагдаж болно. Гол судасны хавхлагын  дутагдлын үед гүрээний судсанд тод, хүчтэй лугшилт илэрдэг. Үүнийг “каротид бүжиглэл” гэж нэрлэдэг ба хүнд хэлбэрийн үед 2 талын гүрээний артери  хүчтэй цохилсноос толгой дохиж буй мэт хөдлөхийг Мюссегийн  шинж гэнэ.
Гол судасны хавхлагын дутагдлын үед эгэм, буглага, шууны артерит лугшилт ажиглагдахийг Квинкийн хялгасан судасны лугшилт гэж нэрлэх ба хумсан дээр дарж хумсны дунд хэсэгт цагаан толбо үүсгээд харахад захын судасны цохилтын хэмээр улайлт, цайралт ээлжлэн харагдана.
Венийн судас тромбоор бөглөрөх,  дарагдах үед  цусны урсгал хэсэг газарт саатан тэр хэсэгт нь  венийн судас өргөсөх, хөөнгөтөн хавагнах  шинж тэмдэг илэрнэ.
•    Дээд хөндийн венийн урсгал саатаснаас толгой, хүзүү, дээд мөч, их биеийн урд хэсгийн венийн судас өргөснө,
•    доод хөндийн венийн урсгал саатсанаас доод мөчдийн болон хэвлийн  ханын венийн судас өргөснө,
•    хаалган венийн урсгал саатсанаас хөндийн вентэй нийлэх хэсэгт буюу хүйс тойрсон венийн судас тахиралдан өргөсөж харагдахыг  “caput Medusae”  шинж гэж нэрлэнэ.
Тэмтрэлтээр:
•    Зүрхний оройн түлхэлт, түүний шинж чанар,
•    зүрхний түлхэлт, “муурын хэрчигнүүр” тодорхойлогдож  байгаа эсэхийг илрүүлэх,
•    судасны лугшилтанд үнэлгээ өгнө.
Зүрхний оройн түлхэлтийг тодорхойлохын тулд  гарын алгыг 5-р хавирганы завсар  тухайн газар  байрлуулж   түлхэлт мэдрэгдэх хэсэгт 2 хурууг  перпендикуляр байрлуулан оройн түлхэлтийн  шинж чанарыг тодорхойлно. Хэвийн үед зүрхний оройн түлхэлт 5-р хавирганы завсарт эгэмний дунд шугамнаас 1 см  дотогш 1-2 см2 талбайтай  байна.Зураг 12. Зүрхний оройн түлхэлт тодорхойлох аргаЗүүн ховдлын томролын үед зүрхний оройн түлхэлт зүүн тийш шилждэг. Хэвлийн хөндий дахь даралт ихсэх (жирэмслэлт, асцит, гэдэс дүүрэх г.м.) үед зүрхний оройн түлхэлт зүүн дээш шилждэг. Өрц доор байрлах (төрсний дараа, туранхай хүмүүсд) үед зүрхний оройн түлхэлт баруун доош шилжиж зүрх босоо байрлалд орно.
Зүрхний хэмжээ томорсон, ялангуяа зүүн ховдол томрох, зүүн уушгины доод хэсгийн хатингаршил, голтын хавдрын үед зүрх урагш түрэгдэн  зүрхний оройн түлхэлтийн талбай 2 см-ээс ихсэхийг тархмал талбайтай гэнэ. Харин гиперстеник галбиртай, тарган, хавантай үед зүрхний оройн түлхэлтийн тархалтын талбай 1 см-ээс багасахыг хязгаарлагдмал талбайтай гэнэ.
Гарын алгаар зүрхний хавхлагын тухайн цэгт  тэмтэрч үзэхэд цээжний хэнхэрцгийн хана чичирхийлж “муурын хэрчигнүүр” шиг мэдрэгдэж байвал тухайн судас буюу цоргын нарийслын шинж гэж үздэг. Митраль хавхлагын нарийслын үед зүрхний орой дээр, гол судасны  нарийслын үед зүрхний суурь хэсэгт мэдрэгдэнэ,  төрөлхийн зарим гажгийн үед  дээрх  шинж тод илэрдэг.
Эрүүл хүнд гол судасны лугшилт тодорхойлогдохгүй. Ховор тохиолдолд туранхай, хавирга хоорондын зай ихтэй хүнд илэрч болдог. Гол судасны өгсөх хэсэг өргөсөх үед өвчүүний баруун хэсэгт, нум өргөсөх үед өвчүүний дээд хэсэгт, гол судасны нумын хүнд хэлбэрийн өргөсөлт, цүлхэний үед аюулхайд лугшилт тэмтрэгдэнэ.
Судасны лугшилтыг хэвийн үед шууны артерид 2 гарт зэрэг тэмтэрч үнэлгээ өгнө. Судасны лугшилтын тоо, 2 гарт ижил байгаа эсэх, хүчдэл, хэмжээ, дүүрэлт, хэлбэрийг тодорхойлно.
Судасны лугшилтын тоо: Судасны лугшилтын тоог нэг минутанд тоолж үзэн тодорхойлоно. Хэвийн үед судас нэг минутанд 68-78 удаа цохино. Судасны лугшилтын тоо олшрохыг тахикарди , харин цөөрөхийг нь брадикарди гэнэ
Хэм:  Зүрх нэгэн  ижил хугацаанд ижил далайцтай агшиж, суларч байдаг. Зүрхний агшилтын хэм өөрчлөгдөж жигд бус болохыг зүрхний хэм алдагдах- аритми гэж нэрлэнэ. Зүрхний хэм алдагдах нь зүрхний сэрэх, агших, бие даан ажиллах, дамжуулах үйл ажиллагаа алдагдсантай холбоотой байдаг.
Хүчдэл:  Судасны хүчдэлийг дарж буй хурууг эсэргүүцэж байгаа артерийн  эсэргүүцлээр тодорхойлох ба артери дээр дарж  байгаа хуруу судасны лугшилтыг мэдрэхээ болих  хүртэлх даралтыг хэмжинэ.
Дүүрэлт: Судасны дүүрэлтийг артерийн дээд ба доод эзэлхүүний ялгаагаар тодорхойлоно. Эхлээд артерийн хана дээр ойр байрлаж байгаа хуруугаар дарахад хол байрлаж байгаа хуруу цусаар дүүрээгүй артерийн шинж чанарыг тодорхойлно. Дараа нь ойр байрлаж байгаа хуруугаа авахад  артери цусаар бүрэн дүүрэх үеийг мэдрэнэ.
Хэмжээ: Судасны лугшилтын хүчдэл ба дүүрэлтийг тодорхойлсны үндсэн дээр артерийн судсаар лугшилтын давалгаа өнгөрөх үед артерийн өргөсөлтийн хэмжээгээр тодорхойлно.
Хэлбэр: Судасны лугшилтын давалгаа хурдан өгсөж,  хурдан буурдаг хэлбэрийг хурдан (pulsus celer), удаан өгсөж, хурдан буурдаг хэлбэрийг удаан(pulsus tardus) гэж нэрлэнэ. Унаж байгаа судасны лугшилтын давалгаан дээр нэмэлт жижиг өгсөлт мэдрэгдэхийг pulsus dicroticus гэж нэрлэдэг. Хоёр гарын хоорондын судасны лугшилтыг харьцуулж үзэхэд өөр өөр байх юм бол pulsus differens  гэж үзнэ.
Тогшилтоор :
•    судасны багцны хэмжээ,
•    зүрхний хэмжээ, байрлал, хэлбэрийг тодорхойлно.
Зүрхний  уушгаар бүрхэгдээгүй хэсэгт тогшиход дүлий чимээ өгдөг. Үүнийг зүрхний туйлын дүлий чимээ гэнэ. Харин уушгиар хэсэгчлэн бүрхэгддэг  хэсэгт тогшилтын чимээ харьцангуй  тодордог. Үүнийг зүрхний харьцангуй дүлий чимээ гэнэ. Тогшилтыг гол төлөв өвчтөнийг босоо байрлалд хийдэг боловч өвчтөний биеийн байдал хүнд үед хэвтээ байрлалд ч тодорхойлж болдог.
Зүрхний харьцангуй дүлий чимээг  тодорхойлох  тогшилтыг дунд зэргийн хүчтэй тогшилтоор, хавирга завсраар хийнэ.
Баруун хил: Баруун уушгины доод хилийг эгэмний дунд шугамаар (хэвийн үед VI хавирга завсарт байрладаг) олоод плессиметр хуруугаа нэг хавирга дээшлүүлж, 4-5-р хавирганы завсраар өвчүү рүү чиглүүлэн тогшино. Хэвийн үед зүрхний баруун хил өвчүүнээс гадагш 1 см-т тодорхойлогдоно.
Зүүн хил: Зүрхний оройн түлхэлтээр шууд тодорхойлогдох буюу  оройн түлхэлт мэдрэгдэхгүй үед зүүн талын суганы шугамаас 5-р хавирганы завсраар өвчүү рүү чиглүүлэн тогшино. Хэвийн үед зүрхний зүүн хил эгэмний дунд шугамнаас дотогш 1-1.5 см-т тодорхойлогдоно.
Дээд хил: эгэмний хажуугийн 2 талын шугмаар  эгэмнээс доош тогшино. Хэвийн үед зүрхний дээд хил 3-р хавирганы завсарт тодорхойлогдоно.
Зүрхний туйлын дүлий чимээг  тодорхойлох тогшилтыг  маш бага хүчээр  зөөлөн хийнэ.
Баруун хил: Харьцангуй дүлий чимээний баруун хил дээр плессиметр хуруугаа өвчүүтэй пралель байрлуулан өвчүү рүү чиглүүлэн тогшино. Хэвийн үед зүрхний  туйлын дүлий чимээний баруун хил  4-р  хавирга завсарт өвчүүний баруун ирмэгээр тодорхойлогдоно.
Зүүн хил: Зүрхний харьцангуй зүүн хилийн гадна плессиметр хуруугаа байрлуулан V хавирга завсраар өвчүү рүү чиглүүлэн тогшино. Хэвийн үед зүрхний зүүн талын туйлын дүлий чимээний хил нь харьцангуй дүлий хилээс дотогш 1-1.5 см-т тодорхойлогдоно .
Дээд хил: зүрхний дээд харьцангуй дүлий хил дээр плессиметр хуруугаа байрлуулж доош чиглүүлэн тогшиход хэвийн үед зүрхний дээд талын туйлын дүлийн хил өвчүүний зүүн ирмэгээр 4-р хавиргаар тодорхойлогддог.
Судасны багцийг тодорхойлох: 2-р хавирагны завсраар
Баруун, зүүн эгэмний дунд шугамнаас  өвчүү рүү чиглүүлэн зөөлөн тогшилтыг хийнэ. Хэвийн үед өвчүүний баруун,  зүүн ирмэгээр байрладаг ба судасны багцийн хөндлөн хэмжээ нь 5-6 см орчим байна.
Чагналтаар: Зүрхний авиа, шуугианыг зорилгоор хийдэг.Зүрхний авиа гэдэг нь зүрхний болон том судасний үйл ажиллагааны явцад үүсч байгаа авианы нийлмэл илрэл юм. Зүрхийг дараахи 5 цэгт  чагнана:
I  цэг зүрхний оройн түлхэлт  дээр,
II цэг баруун талын 2-р хавирганы завсар өвчүүний ирмэгт
III цэг зүүн талд талын 2-р хавирганы завсар өвчүүний
ирмэгт,
IV цэг аюулхай мөгөөрсний угт,
V цэг зүүн талд 3-р хавирганы завсар өвчүүний хажуу        шугамаар чагнана (зураг 6).Зураг 13. Зүрх чагнах цэгүүд

Эрүүл хүнд  зүрхний  үндсэн дөрвөн авиа байх боловч ердийн  чагнуураар 1, 2-р авиаг чагнадаг.
Зүрхний 1-р авиа – ховдлын агшилтын эхэнд  баруун болон зүүн     талын атриовентрикуляр хавхлага хаагдах  хэлбэлзэл, тосгуур ба ховдлын миокардын агшилт, ховдлын хөөх фазын эхний үед үүсч байгаа гол судас болон уушгины артерийн ханын хэлбэлзэлээс  үүснэ.
I авианы үргэлжлэх хугацаа 0.09-0.12 сек үргэлжлэх ба чагнахад үргэлжлэх хугацаа нь арай урт боловч далайц нам сонсогдоно.
Зүрхний 2-р авиа – гол судас болон уушгины артерийн хавхлага хаагдах хэлбэлзэл, судаснуудын  ханын хэлбэлзэлийн чимээ нэгдэн  үүсгэдэг.
II авианы үргэлжлэх хугацаа 0.05-0.07 сек үргэлжлэх ба чагнахад үргэлжлэх хугацаа богино боловч арай далайц өндөртэй сонсогдоно.
Шуугиан: Зүрхний агшилт сулралтын үед цусны урсгалаас  үүсч байгаа дууны хэлбэлзлийг шуугиан гэдэг. Зүрхийг чагнах үед сонсогдох шуугианыг:
•    зүрхний шуугиан (үйл ажиллагааны болон бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй)
•     зүрхний бус гаралтай гэж ангилахаас гадна шуугианы шинж чанараар нь: зөөлөн ба тод; үргэлжлэх хугацаагаар нь: урт ба богино; эрчмээр нь: чанга ба сул гэж ангилдаг.
Зүрхний 1, 2-р  авиа  дараах тохиолдолд хоёулаа чангарч (акценттай) сонсогдоно:
•    симпатик мэдрэлийн нөлөө ихсэх,
•    зүрх нь цээжний хананд шахагдан ойртсон үед,
•    цээжний хана нимгэн, туранхай хүн, хүүхдэд.
Дараах тохиолдолд 1,2-р  авиа хоёулаа бүдгэрч сонсогдоно:
•    цээжний хана зузаан, тарган хүнд,
•    зүрхний булчингийн үрэвсэл,
•    уушги тэлэгдэх эмгэг,
•    зүрхний үнхэлцэг хальсанд шингэн хуримтлагдах,
•    плеврийн хөндийд хий хуримтлагдах үед.
Чагналтаар 1-р  авиа дараах тохиолдолд  чангарч сонсогдоно:
•    биеийн хүчний ачаалал авах үед,
•    хоёр хавтаст хавхлагын нарийслын үед.
Чагналтаар 2-р авиа дараах тохиолдолд  чангарч сонсогдоно:
•    артерийн даралт ихсэх,
•    гол судасны нарийслын үед,
•    уушгины гипертензийн үед.
I  авиа дангаараа дараах тохиолдолд  суларч сонсогдоно:
•    зүрхний булчингийн үрэвсэл,
•      хоёр, гурван хавтаст хавхлага дутуу хаагдах үед.
II авиа дангаараа дараах тохиолдолд  суларч сонсогдоно:
•    гол судасны болон уушгины артерийн  хавхлага дутуу хаагдах,
•    артерийн даралт бага үед.

 
БАГАЖИЙН ШИНЖИЛГЭЭ
Рентген шинжилгээ
Рентген шинжилгээнд зүрх судасны  зураглалыг дүгнэхдээ  захын хэсгийг дүрслэх нумын  байдлаар үнэлдэг. Зүрх судасны рентген зураглалыг гурван байрлалд  үнэлгээ өгөх  боловч ихэнхи тохиолдолд эгц байрлалаар зураг авдаг.
Эгц байрлалд зүрх судасны сүүдрийн зүүн захад дөрвөн нум харагдана. Үүнд:
•    I нум – гол судасны уруудах хэсгээр үүсгэгдэх ба голын шугамнаас зүүн тийш 2-3 см зайд байрлана.
•    II нум – уушгины артериар үүсгэгдэнэ.
•    III нум – зүүн тосгуурын чихэвчээр үүсгэгдэх нум, 1-2 см урт, жижиг байдаг учир зарим үед харагдахгүй байж болдог.
•    IV нум – зүүн ховдлын зүүн урд ханаар үүсгэгдэнэ.
Эгц байрлалд зүрх судасны сүүдрийн баруун захад хоёр нум харагдана.Үүнд:
•    I нум – судасны багцаар үүсгэгдэх нум, энэ нь бага насны хүүхдэд голдуу дээд хөндийн венээр үүсгэгдэх ба нас ахих тусам энэ нум нь гол судасны өгсөх хэсгээр үүсгэгдэнэ.
•    II нум баруун тосгуураар үүсгэгдэнэ.
Зүрхний цахилгаан бичлэг
Зүрхний үйл ажиллагааны дүнд үүссэн цахилгаан потенциал бүх биеэр тархдаг. Энэхүү цахилгаан потенциалын ялгаварыг биед байрлуулсан электрод бүхий цахилгаан мэдрэг багажийн тусламжтайгаар биеийн гадаргуугаас хүлээн авч, түүнийгээ цаасан дээр буулгаж бичиж тэмдэглэх аргыг электрокардиограм (ЭКГ) гэнэ.
Зүрхний цахилгаан бичлэг нь зүрхний булчингийн автомат, сэрэх, дамжуулах чанарыг бүрэн илрүүлж чаддаг оношилгоо, шинжилгээний чухал аргын нэг юм.
ЗЦБ-ийн холболт ба  үндсэн үзүүлэлт:
1.    Хоёр туйлт үндсэн холболт – I, II, III гэсэн стандарт холболт байдаг. I холболтын үед аппаратын сөрөг электродыг баруун гарт, эерэг электродыг зүүн гарт; II холболтонд сөрөг электродыг баруун гарт, эерэг электродыг зүүн хөлд; III холболтын үед сөрөг электродыг зүүн гарт, эерэг электродыг зүүн хөлд тус тус холбоно.
2.    Мөчдийн хүч нэмэгдүүлсэн холболт (олон туйлт unipolar мөчний холболт) Энэ нь хүчдэлийг нэмэгдүүлж өгдөг “augmented” – нэмэгдүүлсэн, voltage – вольт (aVR, aVL, aVF) холболтуудтай байдаг . Энэ холболтын гол онцлог нь тухайн мөчдөд эерэг туйл холбож өгдөгт оршино.
3.    Цээжний холболт – бүртгэгч электродыг цээжний аль нэг хэсэгт бэхлээд ЗЦБ-ийн аппаратын эерэг туйлтай холбоно.
Хэвийн үед  ЗЦБ-т дараах  үндсэн үзүүлэлтүүд  бичигддэг :

Зураг 14.  Зүрхний хэвийн  цахилгаан бичлэг
•    Р шүд (үргэлжлэх хугацаа 0,10 сек, далайц 1,5-2,5 мм) тосгуурын агшилтын үед тосгуурын булчингийн ширхэгийн мембранд деполяризаци үүсэхэд бичигддэг.
•    QRS бүрдэл (0,08-0,10 сек) ховдлын булчингийн агшилтын үед ховдол деполяризацид орсноос бичигдэх ба энэхүү бүрдэлийн Q шүд (үргэлжлэх хугацаа 0,03 сек, далайц нь 2 мм буюу R шүдний далайцын 1/4-тэй тэнцүү байдаг) нь ховдол хоорондын таславчийн орой хэсэг сэрэлд орсноос, R шүд (үргэлжлэх хугацаа 0,04 сек, далайц мөчдийн холболтонд 20 мм-ээс, харин цээжний холболтонд 25 мм-ээс ихгүй байх) ньховдлын орой хэсэг болон гадаргуугийн деполяризаци, S шүд (үргэлжлэх хугацаа 0,06 сек, далайц 20мм-ээс бага байх) нь  ховдолын суурь хэсэг сэрэлд орсныг илэрхийлдэг.
•    Т шүд (үргэлжлэх хугацаа 0,10-0,25 сек, далайц – мөчдийн холболтонд 3-6 мм, max-8 мм; цээжний холболтонд 6-7 мм, зарим үед 10-18 мм өндөр) нь ховдол сулрах үед буюу ховдлын булчингийн ширхэгийн мембраны реполяризацийн үед бичигдэнэ.
•    PQ болон ST хэсэг нь зүрхний булчингийн аль ч хэсэгт цэнэгийн ялгаа байхгүй болсон тохиолдолд PQ (үргэлжлэх хугацаа 0,12-0,20 сек), буюу ST (үргэлжлэх хугацаа 0,06 сек) хэсэг  цахилгаан саармаг шугам дээр бичигдэнэ.
•    Т-Р хэсэг нь зүрхний тайван байх үеийг заах бөгөөд энэ үед зүрх идэвхгүй байдлаар цусаар дүүрэх үе юм.
ЗЦБ-т үнэлгээ өгөх:
Зүрхний автомат тогтолцооны сэрэл хаанаас үүсч байгааг, зүрхний хэмнэл, давтамж, зүрхний булчингийн агшилтын далайц, зүрхний цахилгаан тэнхлэг буюу зүрх цээжний хөндийд ямар байрлалтай байгааг, дамжуулалтын тогтолцооны байдал, зүрхний булчингийн томрол байгаа эсэх, зүрхний шигдээс болсон эсэх, булчингийн цусан хангамжийн байдал зэрэг гол үзүүлэлтүүдийг үнэлдэг.
–    Хэм алдалт: Синусын зангилаанаас үүсч буй сэрлийн давтамж алдагдахыг синусын аритми, синусын брадикарди, эсвэл синусын тахикарди гэнэ.
–    Зүрхний булчингийн зузаарал: Гипертрофи гэсэн ойлголтонд зүрх хэмжээгээрээ томрохыг хэлэх боловч үнэн чанартаа зүрхний булчингийн жин нэмэгдэх, булчингийн ширхэгийн тоо олшрох, цуллаг байдал ихсэхийг хэлдэг. Зүрхний булчингийн томорсон хэсгийн цахилгаан идэвхжил ихэсдэгээс, тэр хэсгээр сэрлийн импульсийн дамжуулалт удааширдгаас, томорсон зүрхэнд зүрхний булчингийн цусан хангамжын дутагдал, тэжээлийн алдагдал, хатуурал, бодисын солилцооны алдагдал зэрэг өөрчлөлт дангаараа болон хавсарч тохиолддогоос ЗЦБ-т гол өөрчлөлт гардаг.
–     Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал:
Зүрхний булчингийн тодорхой хэсэгт цусан хангамж түр хугацаагаар дутагдсанаас тэр хэсэгт гипокси үүсэж, үүнээс үүдэн бодисын солилцооны түр зуурын алдагдалд хүргэхийг миокардын ишеми гэнэ. Зүрхний булчингийн цусан хангамж дутагдлын архаг хэлбэрийн үед ЗЦБ-т RS-T сигмент болон Т шүдний өөрчлөлт илэрнэ. Зүрхний булчингийн цусан хангамж дутагдал аль хэсэгт байгаа нь цээжний холболтуудад илүү тод бичигддэг.
Зүрхний булчинд цусан хангамж хурцаар дутагдан зүрхний булчинд үхжил үүсэн эргэшгүй өөрчлөлтөнд орохыг зүрхний шигдээс гэдэг. Энэхүү үхжил болсон хэсэг деполяризацад орохгүй учир тухайн хэсэг газарт ямар ч сэрэл дамжихгүй учир эмгэг Q шүд илэрч R шүд намсана. Шигдээсийн байрлал, гүн, талбайн гэмтэл зэргээс хамаарч Q шүдний илрэл харилцан адилгүй байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



6 + = 12