Эрүүл амьдрал|(2013-09-19 10:33)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Аль болох тод өнгийн жимс ногоог сонгоорой

Амьдралын зөв хэвшилд
Алхам алхмаарТөрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн юм. Тэдгээр нь илчлэг багатай, хүний бие махбодод чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч /антиоксидант/, эслэгийг агуулсан байдаг. Тийм учраас жимс, ногоог өдөр бүр хүнсэндээ хэрэглэж занших нь чухал. Эдгээрийг өдөрт дор хаяж 5 нэгж хэрэглэнэ. Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн юм

Жимс, ногоонд агуулагддаг үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт бодис зарим төрлийн хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ач тустай. Зарим төрлийн хүнсний ногоог түүхийгээр идэх нь илүү тустай байдаг тул тэдгээрийг сайтар угааж, ариутган, жижиглэж хэрчилгүй, аль болох бүтнээр нь хэрэглэх хэрэгтэй.

Өдөр бүр өнгө алагласан жимс, хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй

Учир нь гүн өнгөтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь аминдэм, үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт эрдэс бодисыг их хэмжээгээр агуулсан байдаг ба өнгөнөөсөө хамааран янз бүрийн ашиг тусыг өгдөг. Жишээ нь:

Тод ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоо:

Эдгээрт кальц, магни, төмөр, кали, цайр зэрэг элементээс гадна А, С, Е, К аминдэм ихээр агуулагддаг учир хүний биеийн цусан хангамж, амьсгалын системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Иймд салатны навч, цэцэгт байцаа, хятад байцаа, чинжүү гэх мэт ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй.

Чихэрлэг хүнсний ногоо:

Ийм ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой. Чихэрлэг ногоонд эрдэнэшиш, лууван, манжин, улаан манжин зэрэг орно.

Жимс, жимсгэнэ:

Төрөл бүрийн жимс, жимсгэнэ нь эрүүл хоолны дэглэм барихад амин чухал үүрэгтэй. Жимсний агууламжинд эслэг, аминдэм, үл исэлдүүлэгч их хэмжээтэй байдаг учраас хавдраас сэргийлдэг. Манайд ургадаг нэрс, үхрийн нүд, аньс зэрэг нь С, РР, В бүлгийн аминдэмээр баялаг тул чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэхээс гадна дархлааг сайжруулах ач тустай тул боломжийн хэмжээнд нөөцлөн авч хэрэглэж заншаарай. Мөн импортоор нийлүүлэгддэг алим, жүрж, усан үзэм, улаан болон хар чавга, гадил, хан боргоцой зэрэг жимсийг аль ч улиралд худалдан авч хэрэглэх боломжтой.

Чацаргана:

Энэ жимсийг аминдэмийн зоорь, нөөцлүүр гэдэг. Чацаргана С аминдэм, каротин, Е аминдэм, фолийн хүчил, В1, В2, Р аминдэмийг агуулдаг бөгөөд үр жимснийх нь 9 хүртэл хувьд нь биологийн үнэт чанартай тос агуулагддаг. Мөн төмөр, бор, цахиур, титан, магни зэрэг 15 төрлийн эрдсийг агуулдаг. Бодисын солилцоог эрчимжүүлэх, бие махбодыг чийрэгжүүлэх, үрэвслийн эсрэг гэх мэт олон зориулалтаар чацарганыг уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд ашиглаж иржээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + = 3